Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00567

 

Ж.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шийдвэр

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 223/МА2018/00028 дугаар магадлалтай

Ж.Гийн нэхэмжлэлтэй,

Т-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1993 оноос 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Зуун мод сумын Т газрын хогийн цэгийн сахиулаар тасралтгүй ажилласан. ...Трын дарга Шаравнямбуу нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаас үндэслэлгүй халж түүнээс хойш өнөөдрийг хүртэл 3 сар 15 хоног ажилгүй хохироож байгаа, нэг сард 415 496 төгрөгийн цалинтай тул 1 454 236 төгрөг гаргуулах, мөн Т газрын хогийн сахиулын ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлт гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх заалтаар байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэгдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд шилжүүлж болно гэснийг үндэслэн нэхэмжлэгчийг цалин бууруулалгүй өөр ажилд томилсон.

Тус байгууллага улсын төсвөөс 482 сая төгрөгийн санхүүжилтийг авч, хог хаягдлын хураамж 68.2 сая төгрөгийн орлого оруулснаар жилийн санхүүжилт бүрддэг.

Энэ орлогыг оруулахад хогийн сахиул хамт үүрэг гүйцэтгэх ёстой. Шударга үнэн, зөв харьцаатай, шаардлага өндөр, боловсролтой байхыг шаардана. Хог тээвэрлэж ирсэн машины гэрээг шалгаж, хүчин төгөлдөр гэрээ эсэх, хоног хугацааг уншиж шалгах боломжгүй тохиолдолд бэлэн мөнгөний баримтаар хураамжийг авах шаардлага гардаг. Энэ нь 2 талдаа санхүүгийн баримт болно гэсэн үг. Манай байгууллага хогийн цэгт 1 м.куб хогийг 5900, хово хогийг 118 000 төгрөгөөр хураамж авч хогийг хогийн цэгт буулгаж, түрж булж тэгшилдэг. Үүнд асар их хариуцлага ажлыг цаг ашиглалт сайн байхыг шаарддаг. Нэг машин хог мэдэгдэлгүй буулгаснаар байгууллагад ямар их алдагдал гарах нь тодорхой. Сахиулаар ажиллаж байх хугацаандаа Ж.Г нь нэг ч төгрөгийн орлого оруулаагүй. Энд ихээхэн ашиглалт хэлбэр харагддаг. 118 000 төгрөгийн хураамж авах ёстой машинаас 20 000 төгрөг манай хогийн сахиул авсан гэдэг.

Байгууллагын жолооч нарын рэйсийг цаг минутаар бүртгэж ачсан ачаа, ахуйн хог, барилгын хог, бууц, аюултай хогийг ялгаж заасан хуудсанд гарын үсэг зурах ёстой. Өглөө бүр санхүүд мэдээлэл өгч дараа өдрийн шатахуунаа хуваарилдаг. Ж.Г ажлын талбарт байхгүй гарын үсэг байхгүй гэсэн замын хуудас ирдэг. Жолооч нар өөрийн ажлаа мэдэж дундуур ачих рейсийн тоог нэмэх асуудал их гардаг. Ж.Гийг ажилд авах боломжгүй байгаа шалтгаан нь:

1. Зөвшөөрөгдсөн 18 га-г 31.5 га болгон тэлж байгаль орчинд асар хор хөнөөл учруулсан.

2. Иргэдээс бэлэн мөнгө баримтгүй авсан зэрэг гомдол байнга гардаг.

3. Бичиг үсэг мэдэхгүй учир харилцагч байгууллагад баримтын шаардлага хангадаггүй гэжээ.

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Боржигон овогт Жамсрангийн Г /РД:НС64100275/-ийг Тарт хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 454 236 төгрөгийг хариуцагч Траас гаргуулан нэхэмжлэгч Ж.Гт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ж.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг хийж, баталгаажуулахыг Тарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 38 217 төгрөгийг Траас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж,

Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 223/МА2018/00028 дугаар магадлалаар: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 151/ШШ2018/01023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38 220 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 223/МА2018/01023 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1 454 236 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэн зөв бодитой дүгнэлт хийгээгүй. Ж.Гийг өөр ажилд шилжүүлсэн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар ажлын зайлшгүй шаардлагаа өөр ажилд шилжүүлсэн байх ёстой 45 хоногийн хугацаатай байхад байгууллагын дарга хууль зөрчин өөрийн санаачлагаар сахилгын зөрчил болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч үүнийг зөвшөөрөөгүй, өөр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан нь хууль зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг нь ажилтныг тур хугацаагаар ажиллуулах зохицуулалт бөгөөд ажлын байрыг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

Тус байгууллагын 2018.06.04-ний өдрийн Б/21 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй хуурамч нотлох баримт гарган иргэний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.12, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 3.8, 6.1, 6.2.1, 6.3.2, 6.4 дэх заалтуудыг үндэслэн гаргасан. Энэ нотлох баримтуудаар тогтоогдоогүй юм.

Ажлын цаг баримталдаггүй, ажил тасалсан гэх нь хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн нөхцлийг хүнд гэж тодорхойлсон хэдий ч ажлын цагийг 7 хоногт 40 цагаар тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасныг зөрчсөн.

Ж.Гийн ажилласан цагийн бүртгэх үүрэг бүхий нарийн бичгийн дарга бүртгээгүй, ня-бо хуурамч цаг бүртгэн ажил тасалсан гэж ажлаас халсан.

Сахилгын шийтгэл давтан үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй. 2018.02.05-ны өдрийн А/04 тоот тушаалаар шинэчлэн баталсан хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн мөрдүүлэхийг зөрчсөн.

Иймд Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 223/МА2018/01023 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 151/ШШ2018/01023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Г нь Тарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Ж.Гийг Тарт хогийн цэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт  1 454 236 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх зохих ажиллагааг хийгээгүй, ямар нотлох баримт шийдвэрийн үндэслэл болгосон нь тодорхойгүй...” гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.Г нь Трын даргын 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №33 дугаартай тушаалаар 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын их хогийн цэгийн сахиулаар ажиллаж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тушаалаар түүнийг Хогийн цэгийн ачигчаар шилжүүлэн ажиллуулсан, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны Б/16 тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/21 тушаалаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хогийн ачигчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, хэрэг шүүхэд хянагдах явцад буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Тын хогийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгоно гэж өөрчилсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл ажилтан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, эсхүл сахиулын ажлаас буруу чөлөөлсөн үндэслэлээр сахиулын ажилд тогтоолгох шаардлага гаргасан, алин болох нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 223/МА2018/00028 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД