| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0897/З |
| Дугаар | 544 |
| Огноо | 2019-09-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 544
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Х к ХХК
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ж.Ц нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Х******* ХХК-ийн ерөнхий захирал Ч.Г шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо:
“...Манай компани Х*******ээс эвлэрэх санал тавьсны дагуу 2017 онд биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг нөхөн гаргаж тооцоо нийлж 15.000.000 төгрөгийг төлөхөөр 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан.
Шийтгэлийн хуудсаар биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг 102.871.878,39 төгрөгөөр тогтоосон нь хэт зөрүүтэй, хохирлын дүнг тооцохдоо нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй, зөвхөн тухайн үед Х*******ээр өгсөн мэдээнд үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д ”Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заагаагүй байсан. Харин Зөрчлийн тухай хуулийг батлахдаа уг хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д энэхүү үйлдлийг шинээр зөрчилд тооцон шийтгэл оногдуулахаар заасан.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“...Гомдол гаргагч Х к ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжих шаардлагыг зөрчсөн бол...” гэж заасныг зөрчсөн тул ******* дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулж, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар улсад учруулсан хохирол, торгуулийг оногдуулж, тус шийтгэлийн хуудсыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус компанийн өмгөөлөгч Б.Ж******* гардуулж, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг уг шийтгэлийн хуудсаар даалгасан болно.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд нэр бүхий таван аж ахуйн нэгж, “Х*******” ХХК, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас мэдүүлэг, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас тус тус холбогдох баримт бичгүүдийг авсан.
Х к ХХК нь шийтгэл ногдуулснаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр “Х*******” ХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулж, биржээр арилжаалаагүй бараа, түүхий эдийн шимтгэлийг биржид нөхөн төлсөн нь Хорооны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд эрх бүхий албан тушаалтны ногдуулсан шийтгэлийн хуудсыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд Х к ХХК-иас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х к ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
Гомдол гаргагчаас “... Шийтгэлийн хуудсаар биржээр арилжаалаагүй барааны шимтгэлийн дүнг 102.871.878,39 төгрөгөөр тогтоосон нь хэт зөрүүтэй, хохирлын дүнг тооцохдоо нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй, зөвхөн тухайн үед Х*******ээр өгсөн мэдээнд үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.” гэж,
Хариуцагчаас “...Гомдол гаргагч нь шийтгэл ногдуулснаас хойш буюу 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Х******* ХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулж, биржээр арилжаалаагүй бараа, түүхий эдийн шимтгэлийг биржид нөхөн төлсөн нь Хорооны буруутай үйл ажиллагаа биш бөгөөд эрх бүхий албан тушаалтны ногдуулсан шийтгэлийн хуудсыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.” гэж маргажээ.
2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Х******* ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн гомдлоор зөрчлийн хэрэг нээсэн тухай, мөн Гаалийн ерөнхий газраас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Монгол улсын хилээр гарсан малын гаралтай хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн судалгаанаас улсад 323.2 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн үндэслэлийг дурдаж Х к ХХК-д шийтгэл ногдуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х******* ХХК Х к ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4.6-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна.” гэснийг зөрчиж, 2017 онд Биржийн арилжаанд оруулалгүй экспортод гаргасан ноолуурыг нөхөн арилжаанд оруулж, биржийн арилжааны шимтгэлийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 2018 онд арилжаанд орсон бараа, түүхий эдийн арилжааны шимтгэлийг 2018 оны 5 дугаар сарын сарын 31-ны өдрийн дотор төлж дуусахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02-1/1878 дугаар албан бичигт “... Биржийн тодорхойлолт нь мэдүүлэгчээс шаардах баримт бичигт хамаарахгүй тул гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардахгүй.”, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Засгийн газрын хэрэгт эрхлэх газарт хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02/304 дүгээр албан бичгээр “... Х******* нь 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эд арилжих тусгай зөвшөөрлөө авсан, өөрөөр хэлбэл 2013-2017 онд явуулсан үйл ажиллагаа нь тодорхой бус байна.”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн ХЭГ/754 дүгээр албан бичгээр “... Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын саналыг судалж, ... Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, ноос ноолуур угаах үйлдвэрүүдтэй хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулах арга хэмжээ авах”-г Санхүүгийн зохицуулах хороонд даалгажээ.
Мөн Х******* ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр албан бичгээр “Тус биржээс гаргасан гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос шалгаж, Х к ХХК-иас 1022,871,878,39 төгрөг гаргуулахаар шийтгэлийн хуудас гарсан.
... Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үндэсний хөгжлийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Х*******, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцон, Эвлэрлийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Уг гэрээг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн... Иймд дээрх асуудлыг дахин нягтлан шалгаж, аж ахуйн нэгжүүдтэй Эвлэрлийн гэрээний дагуу хамтран ажиллах боломжоор хангана уу.” гэсэн хүсэлт хүргүүлжээ.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд Х к ХХК-ийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхийн тулд зөрчилд хамаарах хугацааг тогтоож, тухайн хугацааны зөрчилд холбогдох нотлох баримтыг цуглуулж, бодит байдалд дүгнэлт хийж зөрчлийг тогтоох шаардлагатай тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН