Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0039

 

Б.Аын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Аын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Х.Б нарт газар өмчлүүлсэн заалтын Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Х.Бд 360 м.кв, И.Дид 375 м.кв, Д.Бд 375 м.кв газрыг эзэмших эрх олгожээ. Дээрх нэр бүхий 3 иргэний газарт 4 айл амины орон сууц барьсан тул И.Д, И.Д, Х.Б, Д.Б нарт Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжаар иргэдийн газрыг нэгтгэн 1125 м.кв газрыг хамтран эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар эзэмшил газрыг 4 хуваан иргэн Х.Б 235.06 м.кв газрыг өмчилж авсан. Ингэхдээ И.Дийн эзэмшил газрын орц, гарцыг хаасан байх тул иргэд хоорондоо тохирон шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв тохиролцвол манай зүгээс өмчлөлийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Х.Б нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 360 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. олгожээ. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 565 дугаар захирамжаар И.Д, И.Д, Д.Б нартай хамтран 1125 м.кв газрыг хамтран эзэмшсэн ба 2005 онд эзэмшил газраа 4 хуваан тус тусдаа кадастрын зураг хийлгэн, хуулийн дагуу өмчилж авсан. Нэхэмжлэгч нь Д.Хаш-Эрдэнээс үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан авахдаа худалдан авч байгаа эд хөрөнгөө одоо байгаа байрлалыг харж, тодорхой мэдэн, зөвшөөрөн авсан атлаа одоо энэ харилцааны оролцогч бус Х.Бгийн хууль ёсны эрхэд халдан, үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 20, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Б.Аын Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Х.Б нарт газар өмчлүүлсэн заалтын Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дугаар 611 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар

1. Нэхэмжлэгч Б.А нь ... 2015.05.01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2-р хороо Цэргийн хотхон 1 гудамж 2г тоотод байршилтай 18645312660251 нэгж талбарын дугаартай 190.85 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 180 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015.05.01-нд Д.Хаш-Эрдэнээс хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдан авах гэрээ тус тус байгуулж авсан. Худалдаж авахдаа уг байшингийн зүүн ба баруун талын харалдаа газрууд нь манай өмчилсөн газар гэж ойлгож наймаа хийсэн юм.

 

Гэтэл тухайн газарт ах, дүү садан төрлүүд хамтдаа анх газрыг нь томоор аваад 2а, 26, 2в, 2г гэсэн 4-н айлын байшин барьж тус тусдаа үл хөдлөх гэрчилгээ болон газрыг өмчилж авсан юм билээ. Тэгээд надад худалдсан Д.Хаш-Эрдэнэ, Даваадорж нар бодохдоо анзааралгүй орон сууцны харалдаа зүүн, баруун газруудад манай газар гэж ойлгож яваад 10 гаран жил болсон гэж надад хэлсэн.

Надад зарсаны дараа кадастрын зураг хартал 2г тоот 180 м.кв үл хөдлөх байшин буюу манай байшин нь гэрээсээ явган хүн гарах гарцгүй, гражнаас автомашин гарах газаргүйгээр байшингын баруун талын газрыг хажуугийн хөрш айл буюу 2в тоотод Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дугаар захирамжаар Хгийн Бд өмчлүүлсэн байна...

 

Миний хувьд хөрш айлууд болон орон сууц худалдаж авсан хүмүүстэйгээ шүүхэд гомдол гаргах хүсэлгүй эвтэй байхыг хүсэж байна, нэгэнт үл хөдлөх хөрөнгө, байшин граж барьсан байхад энэ газрыг анхнаасаа буруу өмчилсөн, айлын орц, гарц хааж буруу өмчилсөн байгууллага албан тушаалтан алдаагаа нэн даруй залруулж өгөхийг хүсч БЗД-ийн Өмч газрын харилцааны алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өргөдөл гарган хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариуг албан бичгээр өгсөн.

Одоо манай гэр бүл гэртээ амьдрахад бидний эрх хаалттай ба хүний эрх ноцтой зөрчигдөж байна.

Кадастарын зургаас харахад манайх гэр рүүгээ тэнгэр дээрээс нисээд орохоос л өөр аргагүй байна. Энэ баригдсан 4-н айлын залгаа байшин нь Амины орон сууц /таун хаус/ мэт гадуураа нэгдсэн том хашаатай боловч газрын болон өмчлөлийн албан ёсны бичиг баримтаар бол гэр хорооллын хашаа байшингын зориулалттай юм билээ.

Одоогоор айлын газар дээгүүр дамжиж автомашинаа гражид хийгээд мөн айлуудын газар дээгүүр дамжин өнгөрч гэртээ орж байгаа боловч хууль зүйн дагуу албан ёсны гарцтай байж сэтгэл санаа тайван амьдрана, хэзээ нэгэн өдөр өөрийн газартаа тухайн 4-н айл тусгаарлаж хашаа барьлаа гэхэд хүний газраар дамжихаас аргагүй болох байдал үүснэ.

Иймд манай орон сууц, гражны харалдаа 55 м.кв газрын кадастрын зурганд өөрчлөлт оруулж, нийтийн ашиглалтын замд хүрэх автомашины гаражийн орох гарах гарц, явган хүний гарц нээх нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд:

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 74 тоот Захирамжийн ... Х.Б нарт газар өмчлүүлсэн заалтын Х.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

 

2. Өмчийн харилцааны газрын 2015.07.30-ны өдрийн 4/4927 тоот Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбарт

... Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 2 дугаар хороонд иргэн Д овогтой Болормаад 375м.кв, Х овогтой Бд 360 м.кв, И овогтой Дид 375 м.кв газрыг тус тус эзэмших эрх олгожээ.

Дээрхи нэр бүхий 3 иргэний эзэмшил газарт 4 айл амины орон сууц барьсан тул иргэн И.Д, И.Д, Х.Б, Д.Б нарт нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 565 дугаар Захирамжаар 1125 м.кв газрыг хамтран эзэмшүүлсэн байна.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар тус эзэмшил газрыг 4 хуваан тус тус өмчилсөн бөгөөд иргэн Х.Б 235.6 м.кв газрыг өмчилж авсан байна...

 

Гэтэл Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт ... нэхэмжлэгч Б.А нь нийтээр орж гарах зориулалт бүхий нэг хаалга, хашаатай, цогц 4 айлын амины орон сууцны 180 м.кв бүхий 1 айлын сууцыг худалдан авахдаа тухайн үл хөдлөх хөрөнгө болон газрын хил зааг, хэмжээ, байршлыг кадастрын зураг болон нүдээр үзэж мэдсэн байх боломжтойгоос гадна нэгэнт эрхийн доголдолтой... гэсэн нь Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, иргэн И.Д, И.Д, Х.Б, Д.Б нарт 2005 оны 74 дүгээр захирамжаар тус тус эзэмшил газрыг 4 хуваан тус тус өмчилсөн /Өмчийн харилцааны газраас ирүүлсэн захирамжийн хуулбарууд хавтаст хэрэгт авагдсан/ 4 иргэн тус бүрийн өмчлөлийн газар болох нь нотлогдож байхад нийтээр орж гарах зориулалт бүхий нэг хаалга, хашаатай цогц 4 айлын амины орон сууц гэж ташаа тайлбарлаж үндэслэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно... гэтэл 2005 оны 74 дүгээр Захирамж нэхэмжлэгч Б.Аын хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа гадагш чиглэсэн захирамж. Нэхэмжлэгч Б.Аын Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөөр байхад шүүх дараахи хууль тогтоомжийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.1.2-т зааснаар Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан Захиргааны акттай холбоотой маргааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.2-т заасан газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж газар эзэмшигч. ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 2 дугаар зүйл 3.1.1-д зааснаар... "Кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил, зааг, талбайн эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг хэлнэ...,

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааспаар Кадастрын зураглалтай холбогдсон маргааныг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана. 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар Газрын кадастрын маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг үл зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана... гэж заасан зэрэг хуулийн заалтуудыг нэг мөр хэрэглээгүй тул гомдол гаргаж байна.

Уг хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 1997 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Бд 360 м.кв, И.Дид 375 м.кв, Д.Бд 375 м.кв газрыг тус тус эзэмшүүлжээ.

Эдгээр иргэд тухайн газар дээрээ нийлэн амины орон сууц барьж, хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар захирамжаар иргэдийн газрыг нэгтгэн 1125 м.кв газрыг Х.Б, И.Д, Д.Б, И.Д нарт амины орон сууцны зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

Улмаар эзэмшил газраа өмчлөх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар эзэмшил газрыг 4 хуваан иргэн И.Дид 625.34 м.кв, Д.Бд 215.90 м.кв, Х.Бд 235.06 м.кв, И.Дид 190.85 м.кв газрыг тус тус өмчүүлсэн байна.

Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд И.Д нь тухайн газрыг эзэмшиж болон өмчилж байх хугацаандаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа газрын орц, гарцны талаар ямар нэгэн байдлаар маргаж байгаагүй байна.

 

2009 оны 02 дугаар сарын 11-ний өдөр И.Д нь хүү Д.Хаш-Эрдэнэдээ өөрийн өмчлөлийн 180 мкв талбай бүхий 2 давхар хувийн орон сууц, 190.85 м.кв газар эзэмших эрхээ гэрээний үндсэн дээр шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.А нь Д.Хаш-Эрдэнээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу дээрх 180 м.кв үл хөдлөх хөрөнгийг 45.000.000 төгрөгөөр, Газар худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 190,85 м.кв газрыг 5,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан байна. Ийнхүү Б.А 2015 онд дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон атлаа Х.Бд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 74 дүгээр захирамжаар газар өмчлүүлсэн нь түүний өмчлөлийн газрын орц, гарцыг хааж, нэвтрэх боломжгүй болгож байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг гаргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороон, Цэргийн хотхон, 1 дүгээр гудамж, 2-г хаяг бүхий 190,85 м.кв газрын байршил, хэмжээ, эрх зүйн байдлын талаар тохиролцон өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр Д.Хаш-Эрдэнэтэй Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд түүний нэхэмжлэлд дурдсанчлан маргаан бүхий газрын буруу ойлголттой байсан гэсэн нь хууль ёсны дагуу газрыг эзэмших, өмчлөх эрхийг олж авсан Х.Бгийн 235,06 м.кв газрын өмчлөх эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжийн Х.Бд холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үедээ төөрөгдсөн, үүний улмаас хохирсон гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР