Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 509

 

 

 

 

 

 

 

 

 

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/01334 тоот дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын гаргасан нэхэмжлэлтэй, Хариуцагч “Мэдрэхүйн Мэлмий” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 99 427 800 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Алдарбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх, Б.Магалжав

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Халхгол сумын нутагт орших Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн “Дөрвөн их хаан /Махранз/-ыг бүтээх ажлын орон нутгийн төсвийн-12/02/ дугаар бүхий тендерийг шаардлага, стандарт, технологийн дагуу гүйцэтгээгүй, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн барилгын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн баталгаат хугацаанд тус 4 бурхан нурж, ашиглах боломжгүй болсон тул Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн “Дөрвөн их хаан /Махранз/ бурхныг сэргээн засварлах ажил гүйцэтгэх орон нутгийн төсвийн-12/02-2014 дугаар бүхий гэрээг харилцан тохиролцон, зөвшилцөж байгуулсан боловч тус гэрээний 2.4 заасан хугацаанд “Мэдрэхүйн мэлмий" ХХК сэргээн засварлах үйл ажиллагааг хийж хүлээлгэн өгөөгүй учир тус гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн “Дөрвөн их хаан /Махранз/” бурхныг бүтээх ажлын гэрээний анхны үнэ 99 427 800 төгрөгийг “Мэдрэхүйн мэлмий” ХХК-иас гаргуулах тухай юм. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших түүх соёлын үл хөдлөх дурсгал болох “Их бурхант” цогцолборын үүдэн хэсгийн “Дөрвөн их хаан махранз" бурхныг шинээр бүтээх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах орон нутгийн төсвийн-12/02/дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтын дагуу шаардлага ханган “Хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын иргэний хууль, барилгын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиалагч гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тогтоох зорилгоор “Мэдрэхүйн мэлмий” ХХК-ийн захирал Г.Алдартбаяртай орон нутгийн төсвийн-12/02/ дугаар бүхий “Их бурхант” цогцолборын үүдэн хэсгийн дөрвөн их хаан /махранз/ бурхныг бүтээх ажлын гэрээ”-г байгуулсан.

Гэтэл тус гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас дээрх гэрээний 4.3 дахь хэсэгт заасан “Дөрвөн их хаан /Махранз/” бурхныг бүтээх ажлын баталгаат хугацаа дуусаагүй байхад 4 махранз нурж, дахин сэргээн засварлах шаардлагатай болсон. Иймд аймгийн Засаг даргын зүгээс орон нутгийн төсвийн 12/02/дугаар бүхий “Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн дөрвөн их хааны /махранз/ бурхан бүтээх ажлын гэрээ’-ний 3.4 “Дөрвөн их хааны махранз” бурхныг бүтээх ажлын баталгаат хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг гүйцэтгэгч өөрийн зардлаар арилгах үүрэггэй” гэсэн заалтын дагуу орон нутгийн төсвийн 12/02-2014 дугаар бүхий Дөрвөн их хаан /махранз/ бурхныг сэргээн засварлах ажил гүйцэтгэх гэрээний 3.2, 5.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн анхны гэрээний үнэ 99 427 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2012 онд Дорнод аймгийн ЗДТГ-аас зарласан ... дугаартай 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгарч Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Монгол түмний их шүтээн Жигважаджов Жанрайсиг бурханы цогцолборын сэргээн засварлалтын ажлын хүрээний үүдэн хэсэгт байрлах 4 Махранз бурхадыг бүтээн байгуулсан. Гэвч эдгээр бурхадын зарим нь жилийн дотор унаж хугаран дахин хийж бүтээхэд хүргэсэн нь дараах шалтгаантай гэж үзэж байна. Үүнд: Уг ажлын тендерийн даалгаврыг Монгол улсын Ерөнхий сайдын 2012 оны 11 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн /дарга нь тэр үеийн БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр/ дэргэдэх Эрдмийн Зөвлөлөөс /дарга нь одоогийн УИХ- ын гишүүн Б.Ундармаа/ баталсан. Эрдмийн зөвлөлөөс тус бурхадын эх зургийг гаргахыг бурханч лам Г.Пүрэвбатад, техникийн нөхцөл даалгаврыг боловсруулж Аймгийн комисст хүргүүлэхийг БСШУЯ-ны Соёлын өвийн төвд тус тус даалгаснаар эдгээр нь батлагдаж, манай компани уг даалгавраар технологийн дагуу ажлыг гүйцэтгэсэн. Тухайн даалгаварт заасан хэмжээ болон бусад үзүүлэлтийг ягштал баримтлан ажиллаж бүтээн байгуулсан боловч бурхад унасан нь доорх шалтгаантай. Учир нь 3 метр гаруй өндөр, 1 метр гаруй өргөн, 30-40 см зузаантай бүтээцийг голд нь ямар нэгэн төмөр бэхэлгээгүй, түүнчлэн уг том бурхан нь суурьтайгаа 40x40 см хэсгээр холбогдсон байгаа ба энэ тухайн газрын хэвлий, хур тунадас, салхины чиглэл, эрч хүчийг тооцоолоогүй алдаатай болсон.

Тухайн цогцолборыг анх байгуулсан чулууны найрлага ба технологи нь байхгүй учир Монгол улсын түүхэнд анх удаагаа чулуун найрлагат хийц, бүтээлийг боловсруулахад алдаа гарсан эсэхийг мэдэхгүйгээр хийсэн, ингэхдээ тухайн үеийн хамгийн байж болохуйц орц найрлагаар найруулж, бэхжүүлэгч бодис ашиглан хэвэнд цутгах явцад хугацаа ихээхэн алдаж сэрүүний улиралд суурилуулсан. Манай компанийн хувьд монгол түмний их шүтээний цогцолборыг сэргээн засварлах үйл хэрэгт оролцсон нь томоохон бахархал бөгөөд энэ утгаараа бид алдаагаа илрүүлэн засаж. дахин бүтээх ёстой гэсэн чин эрмэлзлэлээр хандаж байна. Манай компани нь өөрсдийн эхлүүлсэн үйл хэргийг улам батжуулж Их шүтээний 4 Махранз бурханыг 2016-2017 онд дахин урлаж байрлуулах болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д хэсэгт зааснаар хариуцагч “Мэдрэхүйн Мэлмий ХХК-иас 99 427 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Мэдрэхүйн Мэлмий” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 655 089 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Алдарбаяр давж заалдах гомдолдоо: “Хурлын товыг мэдэгдээгүй хуралдсан, хариуцагчийн хуралд биечлэн оролцох, хуульд зааснаар мэтгэлцэх үнэн зөв шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлээгүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргаж өмгөөлөгч авсан байтал түүнийг мөн оролцох боломж олгоогүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж хүчээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, “Дөрвөн их Хаан Махранз” бурхныг бүтээхэд зарцуулсан 99 427 800 төгрөгийг 100 хувь бүгдийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд, нотлох баримтад нийцээгүй хууль бус шийдвэр болсон.

            Дээрх 4 бурхны 2 нь нурж 2 нь одоо байгаа. Гэтэл 100 хувь гарсан бүх зардлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга шийдвэр болоогүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй болно.

            Иймд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2016.12.19-ний өдрийн 01334 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүгийн гүйцэтгэлд төлсөн 99 427 800 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 99 427 800 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй, гэрээнээс татгалзаж байна уу эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргаж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч тал “Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн дөрвөн их хааныг бүтээх ажлын гэрээ” гэх баримтуудыг өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгээр баталгаажуулан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүхэд эхээр, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг нь хэргийн оролцогчид хамаарахгүй. /хх 9-14/ Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Талууд гэрээний үндсэн дээр ямар үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгэх газар, цаг хугацаа, гэрээг хэрхэн цуцлахаар тохиролцсон үйл баримт хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг нотолсон баримтын хуулиар тавигдах шаардлагыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй. Түүнчлэн сэргээн засварлагдсан 4 бурханы хэд нь нурсан, хэд нь хэвийн байдалтай байгаа нь тодорхойгүй, зохигчид энэ талаар маргадаг тул уг үйл баримтыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар маргааны үйл баримтыг тогтоох, шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/01334 тоот дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655 089 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

 

                                     ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                   

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН