Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

2022   01  13                                      2022/ШЦТ/09

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0009/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Г.Урантуяа,

Улсын яллагч                                               Б.Н,

Шүүгдэгч                                                        Ч.Э нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н-ээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Ч.Э-д холбогдох 2139000000321 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг E111*27`29.9, N48*58`47,8 солбицлын цэг буюу “Эрээн толгой” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 10 ширхэг 1,9 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж,  байгаль экологид 320.444 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 дүгээр тал/,

 

2. Хохирогч Ц.Б-ийн “...Миний бие Онон-Балж байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчаар 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Миний хариуцсан Онон-Балж байгалийн цогцолбор газрын “А” хэсэг болох “Эрээн толгой” гэх Улсын тусгай хамгаалалтын газраас мод бэлтгэсэн гэх гомдолд тус байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцох нь зүйтэй гэж үзэн Онон-Балж тусгай хамгаалалтын газрын даргын А/34 тоот тушаалаар томилогдсон. Тухайн үед  сумын төв дээр ажилтай байсан тул мэдээгүй байгаад дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25- 26 дугаар тал/, 

 

3. Гэрч Х.Батболдын “...Би 2016 оноос хойш Онон Балжийн БЦГ-ын захиргаанд  өнөөг хүртэл ажиллаж байна. Би тухайн хэрэг болох үед сумынхаа экологийн байцаагчтай хяналт, шалгалтын ажиллагаа хийж байтал манай Онон-Балжийн тусгай хамгаалалтын газар болох “Эрээн толгой”-н бэлээр явж байтал модон дотроос хөрөөний дуу гарч байсан. Тэгээд экологийн байцаагчтай хоёулаа очиж үзтэл машин дээр хэсэг мод аччихсан нэг хүн хөрөөгөөр мод хөрөөдчихсөн байж байсан. ...Тухайн газар нь “Эрээн толгой” буюу улсын тусгай хамгаалалтын газартаа ордог. Манай GPS-ээр сольбилцолын цэгийг тогтооход N48*58`47,8, E111*27`29.9 гэх солбицол гарч байсан. Тэндээс зүүн урд тийшээгээ яваад Асгат гэх нуруу байдаг, асгатын баруун тал нь Улсын тусгай хамгаалалттай газар зүүн тал нь Дадал сумын нутаг дэвсгэр гэж заагладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 33- 34 дүгээр тал /,

 

4. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШД-404 дугаартай “89-82 УБК улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг 5.908.071,12 төгрөг, JB swis бичиглэлтэй  хөрөөг 162.000 төгрөг”-өөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/

 

5. “Биндэр-Ой” сумын дундын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан “ ...Нийт бэлтгэсэн модны хэмжээ 1.9 м3, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 320.444 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/,

 

6. Эд хөрөнгө битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 58-61 дүгээр тал/,

 

7. Яллагдагчаар Ч.Э-ийн өгсөн: ”...Энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ түлээний мод бэлтгэх зорилгоор гэрээсээ ертөнцийн зүгээр хойд зүгт байх “Эрээн толгой” гэх ууланд гарч... 10 ширхэг шинэс модыг өөрийнхөө хувийн эзэмшлийн ногоон өнгийн их биетэй, хар өнгийн эд ангитай, моторт хөрөөгөөр хөрөөдөж унагаад байхад Дадал сумын экологийн байцаагч Эрдэнэдалай, байгаль орчны байцаагч Батболд нар ирж тухайн газрыг улсын тусгай хамгаалалттай газар, мод бэлтгэж болохгүй талаар хэлсэн. Тэгээд намайг сумын төв рүү авч явж миний бэлтгэсэн 10 ширхэг модыг хурааж авсан... Би гэртээ түлээний мод бэлтгэх зорилгоор мод бэлтгэсэн... Би мод бэлтгэх албан ёсны зөвшөөрөл бол аваагүй... Би хууль бусаар мод бэлтгэснээ зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 22-нд Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг E111*27`29.9, N48*58`47,8 солбицлын цэг буюу “Эрээн толгой” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар шинэс мод бэлтгэж,  байгаль экологид 320.444 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 дүгээр тал/,

Хохирогч Ц.Б-ийн “...Миний хариуцсан Онон-Балж байгалийн цогцолбор газрын “А” хэсэг болох “Эрээн толгой” гэх Улсын тусгай хамгаалалтын газраас мод бэлтгэсэн гэх гомдолд тус байгууллагыг төлөөлж хохирогчоор оролцох нь зүйтэй гэж үзэн. Онон-Балж тусгай хамгаалалтын газрын даргын А/34 тоот тушаалаар томилогдсон. Тухайн үед  сумын төв дээр ажилтай байсан тул мэдээгүй байгаад дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25- 26 дугаар тал/, 

Гэрч Х.Батболдын “...Би тухайн хэрэг болох үед сумынхаа экологийн байцаагчтай хяналт, шалгалтын ажиллагаа хийж байтал манай Онон-Балжийн тусгай хамгаалалттай газар болох “Эрээн толгой”-н бэлээр явж байтал модон дотроос хөрөөний дуу гарч байсан. Тэгээд экологийн байцаагчтай хоёулаа очиж үзтэл машин дээр хэсэг мод аччихсан нэг хүн хөрөөгөөр мод хөрөөдчихсөн байж байсан. ...Тухайн газар нь “Эрээн толгой” буюу улсын тусгай хамгаалалттай газарт ордог. Манай GPS-ээр солбицлын цэгийг тогтооход N48*58`47,8, E111*27`29.9 гэх солбицол гарч байсан. Тэндээс зүүн урд тийшээгээ яваад Асгат гэх нуруу байдаг, асгатын баруун тал нь Улсын тусгай хамгаалалттай газар зүүн тал нь Дадал сумын нутаг дэвсгэр гэж заагладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 33- 34 дүгээр тал /,

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШД-404 дугаартай “89-82 УБК улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийг 5.908.071,12 төгрөг, JB swis бичиглэлтэй  хөрөөг 162.000 төгрөг”-өөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар тал/

“Биндэр-Ой” сумын дундын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан “ ...Нийт бэлтгэсэн модны хэмжээ 1.9 м3, ойн санд учруулсан хохиролын хэмжээ 320.444 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/,

Яллагдагчаар Ч.Э-ийн өгсөн: ”...Энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ түлээний мод бэлтгэх зорилгоор гэрээсээ ертөнцийн зүгээр хойд зүгт байх “Эрээн толгой” гэх ууланд гарч... 10 ширхэг шинэс модыг өөрийнхөө хувийн эзэмшлийн ногоон өнгийн их биетэй, хар өнгийн эд ангитай, моторт хөрөөгөөр хөрөөдөж унагаад байхад Дадал сумын экологийн байцаагч Эрдэнэдалай, байгаль орчны байцаагч Батболд нар ирж тухайн газрыг улсын тусгай хамгаалалттай газар, мод бэлтгэж болохгүй талаар хэлсэн. Тэгээд намайг сумын төв рүү авч явж миний бэлтгэсэн 10 ширхэг модыг хурааж авсан... Би гэртээ түлээний мод бэлтгэх зорилгоор мод бэлтгэсэн... Би мод бэлтгэх албан ёсны зөвшөөрөл бол аваагүй... Би хууль бусаар мод бэлтгэснээ зөвшөөрч байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг байна. 

Иймд шүүгдэгч Ч.Э-г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар багийн нутаг E111*27`29.9, N48*58`47,8 солбицлын цэг буюу “Эрээн толгой” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 10 ширхэг 1,9 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж,  байгаль экологид 320.444 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б-ийн  мэдүүлэг, гэрч Эрдэнэхүүгийн мэдүүлэг, гэрч Батболдын мэдүүлэг, Биндэр-Ой” сумын дундын ойн ангийн мэргэжилтний дүгнэлт, Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Хохирлын хувьд  байгаль экологид 320.444 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэйгээр нэмэгдүүлж төлсөн байдаг. гэв

Шүүгдэгч: Энэ талаар журмыг би сайн мэдэж байсан бол ийм үйлдэл гаргахгүй байсан. Тусгай хамгаалалтай газарт өргөдөл бичиж авах ёстой гэдгийг сайн ойлгосон. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-г зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалтын газар нутгийн ойд мод бэлтгэсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ц.Б-ийн мэдүүлэг, гэрч Х.Батболдын “...Би тухайн хэрэг болох үед сумынхаа экологийн байцаагчтай хяналт, шалгалтын ажиллагаа хийж байтал манай Онон-Балжийн тусгай хамгаалалттай газар болох “Эрээн толгой”-н бэлээр явж байтал модон дотроос хөрөөний дуу гарч байсан. Тэгээд экологийн байцаагчтай хоёулаа очиж үзтэл машин дээр хэсэг мод аччихсан нэг хүн хөрөөгөөр мод хөрөөдчихсөн байж байсан. ...Тухайн газар нь “Эрээн толгой” буюу улсын тусгай хамгаалалттай газарт ордог...” гэх мэдүүлэг /хх-ийн 33- 34 дүгээр тал /,

“Биндэр-Ой” сумын дундын ойн ангийн мэргэжилтний 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасан “ ...Нийт бэлтгэсэн модны хэмжээ 1.9 м3, ойн санд учруулсан хохиролын хэмжээ 320.444 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/,

Яллагдагчаар Ч.Э-ийн өгсөн: ”...Энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ түлээний мод бэлтгэх зорилгоор гэрээсээ ертөнцийн зүгээр хойд зүгт байх “Эрээн толгой” гэх ууланд гарч... 10 ширхэг шинэс модыг ...хөрөөдөж унагаад байхад Дадал сумын экологийн байцаагч Эрдэнэдалай, байгаль орчны байцаагч Батболд нар ирж тухайн газрыг улсын тусгай хамгаалалттай газар, мод бэлтгэж болохгүй талаар хэлсэн... Би мод бэлтгэх албан ёсны зөвшөөрөл бол аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон болно. 

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан  зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй  гэж заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 320.444 төгрөгийн  хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ойн ангид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 961.332 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөрийн баримт  /хх-ийн 100 тал/ болон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баярмагнайд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... хохирлоо төлсөн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд дараах дүгнэлтийг гаргав:

Улсын яллагч: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ч.Э нь өмнө Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэг, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл эдэлж байсан. Шүүгдэгч Ч.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдал зэргийг харгалзан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас Хэнтий аймгийн Дадал сумын ойн ангид 320.444 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ойн ангид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 961.332 төгрөгийг төлж барагдуулсан байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн их биетэй, шар өнгийн тагтай, хар өнгийн эд ангитай бинзен моторт хөрөөг хураан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу улсын орлого болгуулах, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгт битүүмжилсэн 10-22 сантиметрийн диаметртэй 1.50-1.80 метрийн урттай 10 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 89-82 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. гэв

Шүүгдэгч: Би 2 настай нялх хүүхэдтэй тэрийгээ дааруулахгүй гээд үүднээс гэрийнхээ ард талаас мод бэлтгэсэн. Манай гэр бүл удаан хугацааны дараа хүүхэдтэй болсон, энэ байдлыг минь харгалзан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд хорих  ял шийтгэл оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.900.000 төгрөг болон 162.000 төгрөгийн үнэлгээ бүхий  цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 1,9 м3  шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н-ийн “эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Э-г зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар шүүгдэгч Ч.Э-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан  1 /нэг/  жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5.900.000 төгрөг болон 162.000 төгрөгийн үнэлгээ бүхий  цахилгаан хөрөө, хууль бусаар бэлтгэсэн 1,9 м3  шинэс модыг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н-ийн “эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ