| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 102/2017/02432/и |
| Дугаар | 1627 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 1627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Засгийн газрын Автобаазын байранд байрлах “УБТТС” ХХК-ийн хүсэлттэй,
Лхагвасүрэн овогтой Дүгэррагчааг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, шүүх хуралдааны нарын бичгийн дарга З.Баярцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Ундармаа шүүхэд өгсөн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08-р сарын 27-ний өдөр “УБТТС” ХХК болон Л.Дүгэррагчаа нарын хооронд Амтомашины санхүүгийн түрээсийн ТТ-14-360 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 14-24 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлснөөр автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй нийт 2.283.755 төгрөгийн өртэй байна. Л.Дүгэррагчаа тухайн үед Баянгол дүүрэг 4-р хороо 301-р байрны 144 тоотод оршин суудаг гэсэн хаягийн дагуу “УБТТС” ХХК нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарагсан боловч Л.Дүгэррагчаа нь тус хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05-р сарын 08-ны өдрийн Дугаар 102/Ш32017/06425 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд хариуцагч Л.Дүгэррагчааг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тодорхой болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Дүгэррагчааг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ТТ-14-360 тоот Авто машины санхүүгийн түрээсийн гэрээнээс үзэхэд Л.Дүгэррагчаа нь “УБТТС” ХХК –тай гэрээний үүрэгтэй холбоотой харилцаанд орсон гэж үзэх үндэслэлтэй байх тул уг гэрээний үүрэг шаардсан “УБТТС” ХХК-ны нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй байна.
“УБТТС” ХХК нь Л.Дүгэррагчаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар хариуцагчийн оршин суугаа хаяг болох иргэний үнэмлэхний Завхан аймаг, Тосонцэнгэл, 4-р баг, Рашаант хаягаар харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн эрэн сурвалжлах үндэслэлийг тодорхойлж, эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасан.
Хариуцагч Л.Дүгэррагчаагчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нотлогдохгүй, эрэн сурвалжилах үндэслэл тодорхойлогдохгүй байна.
Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Дүгэррагчаа нь Завхан аймаг, Тосонцэнгэл, 4-р баг, Рашаант хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа нөхцөл тогтоогдохгүй, хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Ундармаа хуульд заасан харъяаллын дагуу Л.Дүгэррагчаагчааг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэсгүй, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Л.Дүгэррагчааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ