Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 427

 

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2017 оны 7 сарын 10 өдөр       Дугаар 156/ШШ2017/00427            Хэнтий аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00304/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа  би,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Д-40 дүгээр байрны 16 тоотод оршин суух Өлзийбатын Энхтуул /МД:85031660/-ын нэхэмжлэлтэй

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 5а-12 тоотод оршин суух, Бат-Эрдэнийн Ууганбаатар /РД: ЛН891019144/-т  холбогдох, 

 "400 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Энхтуул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 

“Миний бие Ө.Энхтуул нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний Б.Ууганбаатарт хүүхдийн 2 давхар орыг 650 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 400 000 төгрөгийг тэр өдөр өөрийн нөхөр Б.Баярсайханы данснаас Б.Ууганбаатарын дансанд шилжүүлсэн. Орыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны үеэр бэлэн болгож өгөхөөр тохиролцсон боловч өдийг хүртэл ороо хийж өгөөгүй бөгөөд урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан нэхэхэд өнөө маргааш өгнө гэсээр өдийг хүрлээ. 

Иймд Б.Ууганбаатараас урьдчилгаанд өгсөн 400 000 төгрөгийг гаргуулж  хохиролгүй болгож өгнө үү” /хх 1/ гэжээ. 

 

Хариуцагч Б.Ууганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Ө.Энхтуулын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 400 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 6 өдөр бүрэн төлж барагдуулсан болно. Төлбөр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгөв. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй” /хх 13/” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Энхтуул нь хариуцагч Б.Ууганбаатараас "400 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Б.Ууганбаатар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Энхтуулын нэхэмжилсэн 400 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 6 өдөр төлсөн болох нь ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх 14/ нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч Б.Ууганбаатарт холбогдох, Ө.Энхтуулын нэхэмжлэлтэй, “400 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч Ө.Энхтуулын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13 250 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 6 625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6 625 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ууганбаатараас 6 625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Энхтуулд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 

 

ШҮҮГЧ                                  Э.АРИУНАА