| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00166/И |
| Дугаар | 428 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 428
2017 оны 07 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00428 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00166/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Ширхэнцэг СББХК гудамж, 4 дүгээр байрны 95 тоотод оршин суух, Боржигин овогт Лувсанбалдангийн Чулуунцэцэг /РД:МЗ59022261/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт суманд оршин суух, Их Хиад овогт Дугарсэдэдийн Чимгээ (РД:СЧ59121201)-д холбогдох
“өмгөөллийн хөлс 907 400 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Чулуунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмгөөлөгч Дугарсэдийн Чимгээ нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж үйлчилгээний хөлсөнд 1 000 000 (нэг сая) төгрөг авсан атлаа эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй юм. Д.Чимгээ нь удаа дараа шаардуулан байж 2016 оны 01 дүгээр сарын 26-нд 200 000(хоёр зуун мянган) төгрөгийг өгөөд үлдэгдлийг өнөөг хүртэл өгөхгүй биднийг чирэгдүүлсээр байна. Ийнхүү миний дүү Л.Гансүхийг ядарч явахад нь санхүүгийн давхар дарамтанд оруулж хохироосон тул үлдэгдэл 800 000 төгрөг, бусад холбогдох бодит зардал 107 400 төгрөг, нийт 907 400 төгрөгийг Д.Чимгээгээс гаргуулж бидний хохирлыг барагдуулж өгнө үү өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Л.Чулуунцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмгөөлөгч Д.Чимгээгийн гаргасан тайлбартай танилцлаа. Д.Чимгээ нь 600 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр тайлбар гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв. /хх-ийн 32х/
Хариуцагч Д.Чимгээ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмгөөлөгч Д.Чимгээ би Гансүхийн эгчийнх нь хүсэлтээр (Чулуунцэцэг) хүн амины хэрэгт холбогдоод одоо мөрдөнд байна гэсний дагуу хуульзүйн туслалцаа үзүүлж ажиллах болсон. Урьдчилгаанд 2016 оны 1 сард 200 000 төгрөг төлсөн. Хүсэлтийн дагуу дүү Гансүхтэй уулзаж хэргийн материалтай танилцаж тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагчид 7 заалт бүхий хүсэлт бичиж өгсөн. Ингээд Гансүхийг бусдын батлан даалтанд гаргаж өгөх хүсэлт гаргаж цагдан хорих шийдвэрийг цуцлаж бусдын батлан даалтанд гаргуулсан хэргийг түдгэлзүүлээд орхисон үүнээс хойш хэд хэдэн удаа хэргийг асуухад сэргээгдээгүй байгаа гэж байсан. Миний хувьд 2016 оны дунд үе хүртэл ажлаа хийж байсан зарим үед өвдөж хэвтэх үеүүд байсан. Гэхдээ хуучин хэргүүд дээрээ орж явсан. Хэргийг сэргээснийг мэдээгүй ба өөрсдөө ч нэг ч удаа надтай дахин харилцахгүй байж байгаад гэнэт бид мөнгөө авна туслалцаа үзүүлээгүй гэж Хуульчдын холбоонд гомдол гаргасан байсан. Одоо миний хувьд 200 000 төгрөг өгсөн үүнээс мөн ямар ч байсан тухайн үед Гансүхийн талаар хөөцөлдөж хэргийн материалтай танилцаж хүсэлт гаргасан тухайн үед цаг зав гаргаж хөөцөлдөж тухай бүрд нь эгчид хэлж байсан. Гэтэл хийсэн ажлыг маань үгүйсгэж эрүүл мэндийн байдал хүнд нөхцөлд байхад гүтгэж худал үнэн ярьж янз бүрээр араншин гаргаж байсан болно. Өөрийн хийсэн явсан хөлсөнд 200 000 төгрөгийг тооцно. Үлдэгдэл 600 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 30х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Чулуунцэцэг нь хариуцагч Д.Чимгээд холбогдуулан өмгөөллийн хөлс 907 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л. Гансүх нь хариуцагч Д.Чимгээтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болох нь 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 3х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 30х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Чулуунцэцэг болон хариуцагч Д. Чимгээ нар нь 600 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д. Чимгээ нь 600 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Л.Чулуунцэцэг нь 600 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор хүлээн авахаар харилцан тохиролцсон тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Л.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Чимгээд холбогдох “өмгөөллийн хөлс 907 400 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь 600 000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26 328 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Чимгээгээс 13 164 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР