Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0083/э |
Дугаар | 102 |
Огноо | 2016-08-15 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Болормаа,
Улсын яллагч Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ, Н.Намсрайжав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бат-Эрдэнэ, Н.Намсрайжав нарт холбогдох эрүүгийн 201625011015 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Задгайд оршин суух, улсаас авсан шагналгүй, 1985 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн в-д зааснаар 6 жилийн хорих ялаар, 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 10 жилийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 251 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 06 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, 2002 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, Эмч овогт Нохойжавын Намсрайжав /Регистрийн дугаар: У070021715/,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчины мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 56-14 тоотод оршин суух,
улсаас авсан шагналгүй, Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1992 оны 09 сарын 23-ны өдрийн 195 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 445 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 504 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Тариачин овогт Жамбаагийн Бат-Эрдэнэ /Регистрийн дугаар: ЧВ72052471/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10-145в тоотод оршин суух иргэн А.Ганхавхын гэрт нэвтэрч, 52 инчийн шарп маркийн ЛСД зурагт, гэрийн хоом театр, ухаалаг будаа агшаагч, миксер бутлагч, зэс домбо, цахилгаан махны машин гэх мэт 14 нэр төрлийн эд зүйлийг хулгайлж, бага бус хэмжээний буюу 2.810.000 /хоёр сая найман зуун арван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 13-ны шөнө нохойгоо алдсан. Тэгээд өглөө босоод хартал гудамжинд охин нохой маань гинжээ чирчихсэн явж байсан. 14-ний орой эднийд очсон. тэгээд хоёулаа автобусаар Хонхор оръё гээд Хонхор ортол том дуутай нохой байсан. Хашааг нь даваад орсон чинь хүн байхгүй миний нохой биш байхаар нь цонх нь онгорхой байсан, тэгээд надад эм тарианы мөнгө хэрэгтэй байсан, дээрээс нь нохойгоо алдчихсан, ороод юмыг нвщь авсан. Тэгээд бид хоёр такси барьсан, тэгээд мөнгө чинь бага байна гэхээр нь Амгалан дээр өөр такси бариад тэгсэн нөгөө таксины жолооч цагдаад мэдэгдсэн байна лээ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Намсрайжав мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ж.Бат-Эрдэнэ манайд ирээд нохойгоо алдчихлаа Хонхор руу хоёулаа ханиндаа яваад ирье гэж хэлэхээр нь бид хоёр Хонхор явсан. Тэгээд тэрүүгээр баахан хайж яваад том дуутай нохой хуцаад байхаар нь Ж.Бат-Эрдэнэ энэ нохойг үзээдхье гэж хэлээд хашаа даваад орсон. Нилээд удсанаа хүрч ирээд
юм аваарай гэхээр нь автал эхлээд зурагт өгсөн, тэгээд араас нь юмнууд өгсөн. Би тэр үед нь манай хүн хулгай хийчихлээ гэж бодоод авсан юмнуудаа вагон замын тэнд нуучихаад зам дээрээс настай хүнийг гуйж такси арьсан. Тэгээд мөнгөн дээрээс болж маргаад Амгалан дээрээс муудалцаад, дахиад өөр нэг такси бариад тэр жолооч маань цагдаад хэлээд баригдсан. Бид хоёрын дунд хулгай хийнэ гэсэн тохироо байгаагүй. Нийт хохиролд 760.000 төгрөг төлсөн гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.2-3/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх.4-7/,
Мөрдөн байцаалтад хохирогч А.Ганхавхын: “Би ноднин намар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Булгачны 10-145В, Г тоотод хашааны газар авч, байшин бариад зусланд гарсан юм. Энэ оны 1 сараа хойш эзгүй байсан бөгөөд хагас бүтэн сайн өдөр тэндээ очиж хонодог байсан. Саяны цагаан сараар тэндээ очиж, 7 хоносон. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хотод машинаа угаалгаад байж байтал 14 цагийн үед Чингэлтэйн цагдаагаас залгаж, танайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хашаа байшинтай юу гэхээр нь тиймээ гэсэн чинь танайд хулгай орсон байна. хүрээд ирэх үү гэсэн юм. Ингээд би хол баыйсан болохоор эхнэр Энхжаргалыгаа явуулсан. Тэгээд Чингэлтэй дүүрэг орж, ахмад Ганбаттай уулзахад Баянзүрх дүүрэг рүү шилжүүллээ гэсэн тул очиж уулзсан. Манай гэрээс 52 инчийн шарп маркийн ЛСД зурагг, гэрийн хоом театр ухаалаг будаа агшаагч, миксер бутлагч ком, зэс домбо, гуулин царын хамт, цахилгаан махны машин, 50 метр урттай уртасгагч кабель, дунд гарын орчин цагийн мөнгөн аяга, хамба хилэн ягаан орны бүтээлэг, буйдангийн ширмэл бүтээлэг, ээмэг бөгжний сав, монетон гинж кулон, бөгжний хослол, багажны ком алдсан. Мөн модон сиийлбэртэй заан хөлийг нь хугалсан байсан. Үнэт эдлэлийн сав 2-ыг гадаа газар хаячихсан байсан гэсэн, Гуулин цараа гэртээ очиж хайхад таазанд тулсан өндөр хөргөгчин дээр байсан байна. Солонгос монетны гинж нь тасраад кулоныг нь эхнэр урд нь хаячихсан юм байна лээ. Гинж нь уг нь байсан юм шиг байна лээ. Гэхдээ хохирлоо бүрэн төлүүлж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй болсон тул шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх.17-19/,
Гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх.21/,
Эд зүйлийн үнэлгээ /хх.22/,
Н.Намсрайжавыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-40/,
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны засаг дарын тодохойлолт /хх.47/ зэрэг болно.
Эдгээр нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.
Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10-145в тоотод оршин суух иргэн А.Ганхавхын гэрт нэвтэрч, 52 инчийн шарп маркийн ЛСД зурагт, гэрийн хоом театр, ухаалаг будаа агшаагч, миксер бутлагч, цахилгаан махны машин гэх мэт 12 нэр төрлийн эд зүйлийг хулгайлж, бага бус хэмжээний буюу 2.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.2-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх.4-7/, мөрдөн байцаалтад хохирогч А.Ганхавхын өгсөн мэдүүлэг /хх.17-19/, хохирлын үнэлгээ /хх.22/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэнд Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нарыг 14 нэр төрлийн нийт 2.810.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэж тэмдэглэсэн боловч зэс домбо гуулин царын хамт /шинэ үеийн/ 250.000 төгрөгийн үнэтэй, монетон гинж кулон бөгжний хамт 300.000 төгрөгийн үнэтэй, нийт 550.000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хулгайд алдаагүй, гэрт нь байсан тухай хохирогч мэдүүлсэн байх тул улсын яллагч энэ талаар яллахаас татгалзсан учир дээрх эд зүйлсийн тоо ширхэг, үнийг хохирлоос хасч тооцсон болно.
Шүүгдэгч Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тэдгээрт зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдийн гүйцэтгэсэн үүрэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгч нар нь хэдийгээр удаа дараа ял шийтгүүлж байсан боловч, энэ гэмт хэргийг үйлдэх үед урьд ял шийтгүүлсэн хэрэгт ялтайд тооцогдох хугацаа нь өнгөрсөн байх тул анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдүүдийн ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдгээрийг нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Ялтан Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нар нь 2016 оны 03 дугаар сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тус бүр цагдан хоригдсон 3 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, ялтан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжтлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эмч овогт Нохойжавын Намсрайжав, Тариачин овогт Жамбаагийн Бат-Эрдэнэ нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил /6/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Намсрайжавыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жил /6/ сарын жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Намсрайжавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Ганхавх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжтлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жил /6/ сарын жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.Намсрайжавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг
дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Намсрайжав, Ж.Бат-Эрдэнэ нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР