Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 67

 

Ч.Н-, Э.Т- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

Прокурор                                         О.Доржмаа

Шүүгдэгч                                          Э.Т-

                                                         Ч.Н-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Р.Лхамсүрэн

                                                        Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч-гийн Н-, Э-ын Т- нарт холбогдох эрүүгийн 1718001850009 тоот 2 хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Ч-гийн Н-, РД: **********

2. Монгол улсын иргэн, урьд:

Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т аснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах двартай, Б- овгийн Э-ын Т- /**********/.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ч.Н-, Э.Т- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнсчдийн 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй Э.Б-, Г.Г- нарт хүч хэрэглэхээр заналхийлж Г.Г-ийн бугуйнд байсан утас, Э.Б-ийн “Самсунг Нөт-1” маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 222 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б- овогт Ч-гийн Н-, Б- овогт Э-ын Т- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, илээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч Ч.Н-, Э.Т- нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Т-ад 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, Ч-гийн Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т-ад            оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял,

-Ч.Н-ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-, Э.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгтус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:

“...Дархан Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.28-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Ч.Н-, Э.Т- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнсчдийн 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй Э.Б-, Г.Г-нарт хүч хэрэглэхээр заналхийлж Г.Г-ийн бугуйнд байсан утас, Э.Б-ийн “Самсунг Нөүт-1” маркийн гар утас зэргийг хууль бус аргаар авсан гэжээ. Гэтэл Ч.Н- нь хохирогч Г.Г-аас “Самсунг нөүт” утсыг авахдаа халаасыг нь дарж үзээд гар утсаа гаргаад ир, дуу сонсоод өгье гэж хэлээд гаргуулж аваад дуу сонсож байгаад гэнэт босоод зугтаачихсан. Утас аваад зугтаачихлаа гээд орилсон чинь Э.Б-, Э.Т-  хоёр хойноос нь хөөж очоод авч ирсэн гэх мэдүүлэг хх-21-22 дугаар хуудаст авагдсан. Ч.Н- шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “Г.Г-ийн гар утсыг авахдаа Э.Т-тай бүлэглэсэн зүйлгүй” гэж хэлсэн. Халдлагын объект тус тусдаа байгаагаас гадна хүч хэрэглэн айлган сүрдүүлээгүй. Дууг нь сонсоод өгье гэж хэлээд аваад бие засахаар явах үед зугтлаа гэж ойлгосон хүмүүс араас нь очиж гар утсыг авч хохирогч Г.Г-т өгсөн. Ч.Н- нь тухайн үед үгээр айлган сүрдүүлээгүй. Олон жил шоронгоор явсан, ална гэдэг үгийг Э.Т- хэлж байсан. Хохирогч Г.Г- мэдүүлэгтээ “тэр ах үхэх гээд байгаа юм уу, пизда минь гаргаад ир” гээд сүрдүүлээд гэх мэдүүлгийг үндэслэн айлган сүрдүүлсэн гэж үзсэн нь өрөөсгөл учир дутагдалтай байна. Гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцсон, гүйцэтгэх үүргээ хуваарилсан бол бүлэглэсэн гэж үздэг. Халдлагын объект тус тусдаа байсан байхад үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэж Ч.Н-ийг хамжигчаар оролцсон гэж дүгнэж болохгүй. Тэгээд ч насанд хүрээгүй хохирогч нар ямар нэг эсэргүүцэлгүйгээр өөрийн эд зүйлийг шүүүгдэгч нарт өгсөн байна. Иймд Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгэсэнд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох бугуйн гар устыг өөрсдөө өгөөгүй, цагдаагийн албан хаагч авч хүлээлгэн өгсөн нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл бугуйн цагийг хохирогчийн гарнаас тайлж авах үйлдэлд Ч.Н- оролцоогүй байтал хамтатган хүндрүүлж байгаад гомдолтой байна. Эд зүйлийн үнэлгээгээр гар утсыг нэгтгэн нийтдээ 95.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ. Гэтэл Ч.Н-ийн авсан гар утасны үнэ өөр юм. Гар утасны үнийг 95.000 төгрөг гэж үзсэн нь ойлгомжгүй. Ч.Н- нь оршин суух тодорхой хаягтай, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг байтал архины хамааралтай, тэнэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр 2018.02.13-ны өдрөөс 4 сар гаруй хугацаанд цагдан хорьсон нь хууль бус гэж үзэж байна. Ч.Н- нь эрүүлжүүлэгдсэн болон архины эмчилгээнд орж байгаагүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд Ч.Н-ийг биечлэн оролцуулж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Урьд нь Ч.Н-ийг архинаас хамааралтай, тодорхой хаяг байхгүй, тэнэмэл гэсэн үндэслэлээр 4 сарын хугацаагаар хорьсон байсан. Өөрийн биеэр ялыг хангалттай эдэлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг гэж үзэж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгч Э.Т-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

 “Өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн давж заалдах гомдлоос дараах 2 зүйлийг дэмжиж оролцож байна. Бүлэглэж гэмт хэрэгт оролцоогүй, гар утсыг цагдаагийн байгууллагын ажилтан хураан авсан тул нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т- тайлбар мэдүүлэгтээ:

“Байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н- тайлбар мэдүүлэгтээ:

“Байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар дүгнэлтэндээ:

“...Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байж “айлган сүрдүүлээгүй, гал өгөөч, архинаас хийчих л гэж хэлсэн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч нар нь 15 настай бөгөөд шүүгдэгч нар нь үг, үйлдлээрээ хохирогчийг заналхийлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Ч.Н-, Э.Т- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүнсчдийн 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй Э.Б-, Г.Г-нарт хүч хэрэглэхээр заналхийлж Г.Г-ийн бугуйнд байсан утас, Э.Б-ийн “Самсунг Нөт-1” маркийн гар утас зэргийг дээрэмдэж нийт 95,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Т-ад 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 -т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн давж заалдах гомдолд дурдсан: “...Ч.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар ял шийтгэсэнд гомдолтой байна..” гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээрх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Н-, Э.Т- нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Б-, Г.Г-нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Капитал зууч ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Ч.Н-, Э.Т- нарын үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Н-ийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдах гомдолдоо “Халдлагын объект тус тусдаа байсан байхад үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэж Ч.Н-ийг хамжигчаар оролцсон гэж дүгнэж болохгүй. Тэгээд ч насанд хүрээгүй хохирогч нар ямар нэг эсэргүүцэлгүйгээр өөрийн эд зүйлийг шүүүгдэгч нарт өгсөн” гэсэн үндэслэл гаргаж байгаа боловч насанд хүрээгүй хохирогч  Э.Б-ийн “..Бид хоёрыг ална шүү гээд зодохоор айлгаад байсан. Энэ хавийнхан андахгүй гэх зэргээр сүрдүүлж байсан....” гэх, насанд хүрээгүй хохирогч Г.Г-ийн “...Ч.Н- миний халаасыг дарж үзчихээд утас байна шүү дээ гаргаад ир, дуу сонсоод өгье гэсэн. Болохгүй утас байгаа юмаа гэсэн чинь тэр ах “үхэх гээд байна уу, пизда минь, гаргаад ир гээд байхад чинь гээд сүрдүүлээд байсан” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                             Б.МАНЛАЙБААТАР