Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 545

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: И к ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0055505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Ж.Ц нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч И к ХХК-ийн захирал Ж.Б шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо:

“...Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г манай компанийг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.

Манай компани Х а а бээр арилжаалагдаагүй ноолуур огт экспортлоогүй бөгөөд энэхүү шийтгэлийн хуудас үндэслэлгүй, хариуцагч гомдол, мэдээллийг хуулийн дагуу шалгаж тогтоосонгүй. Шийтгэлийн хуудсаар 33,016,013 төгрөгийн нөхөн төлбөр, 3,000,000 төгрөгийн торгууль тавьж, нийт 36,016,013 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Улсын байцаагч шийтгэлийн хуудсандаа Х а а б ХХК-ийн гомдлоор шалгасан, зөрчил гаргасан нь Гаалийн ерөнхий газрын лавлагаа, Х а а бийн мэдээлэл зэргээр тогтоогдож байна гэж дурдсан бөгөөд энэ талаар бид огт мэдээгүй, биднээс тодорхой чиглэлээр тайлбар, тодруулга авалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийтгэл ногдуулах гол шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл манай компанийн экспортод гаргасан ноолуурын аль хэсэгт нь зөрчил илэрсэн, ямар хугацаанд хамаарах тухай бид огт мэдээгүй байна.

Иймд энэхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү. Шийтгэлийн хуудсанд гомдол гаргах тухай дурдсаны дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.” гэв.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Г шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“...Гомдол гаргагч И к ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа түүхий эдийг экспортлохдоо биржэээр арилжих шаардлагыг зөрчсөн бол...” гэж заасныг зөрчсөн тул 1801000005 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулж, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0055505 дугаартай шийтгэлийн хуудсаар улсад учруулсан хохирол, торгуулийг оногдуулж, тус шийтгэлийн хуудсыг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхийг уг шийтгэлийн хуудсаар даалгасан болно.

Х а а б ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 48 тоот албан бичгээр Х а а бээр арилжаагүй бараа, түүхий эдийг улсын хилээр экспортод гаргасан И к ХХК болон нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгж нь улсад 323,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх гомдлыг Хороонд ирүүлсэн.

Уг гомдлыг Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй гэж үзэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан шалгагч, улсын байцаагч Ж.Ц 1801000005 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд нэр бүхий таван аж ахуйн нэгж, Х а а б ХХК, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас мэдүүлэг, Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас тус тус холбогдох баримт бичгүүдийг авсан.

И к ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 14 удаагийн үйлдлээр 299,366.20 кг ноолуурыг улсын хилээр экспортод гаргахдаа 2 удаагийн үйлдлээр 97,453.70 кг ноолуурыг Х а а бээр арилжаалаагүй тул Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг дараах нотлох баримтуудаар нотолж тогтоосон. Үүнд:

1. И к ХХК-ийн нягтлан бодогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгт тус компани нийт 12 удаа биржийн арилжаанд орсон ба үүнээс 4 дүгээр сард 2 удаа, 5 дугаар сард 4 удаа, 6 дугаар сард 6 удаа тус тус орсон, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 299,366.20 кг ноолуурыг биржээр арилжаалж экспортод гаргасан гэж мэдүүлсэн боловч, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээнд тус компани нийт 14 удаагийн үйлдлээр ноолуур экспортод гаргасан ба сүүлийн 2 удаагийн үйлдэл болох 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нийт 48,692.7 кг, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 48,811.00 кг нийт 97,453.70 кг ямааны угаасан ноолуурыг экспортод гаргахдаа Х а а бийн арилжаанд орсон гэх баримт нотолгоо гаргаж өгөөгүй. 2017 оны 7 дугаар сард биржийн арилжаанд орсон гэдгээ мэдүүлэгт дурдаагүй болно.

2. Хороонд ирүүлсэн Х а а б ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 48 тоот албан бичгийн хавсралт 2-т 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд биржээр арилжигдаагүй бараа, түүхий эдийг гаалийн бүрдүүлэлт хийж экспортолсон компанийн жагсаалтад И к ХХК нь 97,453.70 кг ямааны угаасан ноолуур экспортод гаргасан гэж дурдсан.

3. Гаалийн ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 03-2/3801 дугаартай албан бичигт 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж ноос, ноолуур экспортолсон компаниудын жагсаалтад И к ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр 201,912.5 кг, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр 97,453.70 кг ямааны угаасан ноолуур экспортод гаргасан талаар дурдсан.

4. Х а а б ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд ирүүлсэн 222 тоот албан бичгийн хамт тус биржийн дотоод аудитын хэлтсээс гаргасан хавсралтад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд  Х а а бээр арилжаалаагүй гаалийн бүрдүүлэлт хийж ноос, ноолуурыг экспортолсон компаниудын жагсаалтад И к ХХК нь 97,453.70 кг буюу 33,016,013.40 төгрөгийн хохирол учруулсан гэж дурдсан байна.

5. И к ХХК-ийн нягтлан бодогч О.Д нь ямааны ноолуурыг Х а а бээр арилжаалж экспортод гаргасан, Х а а б ХХК-тай ямар нэгэн тооцоогүй талаар нотлох баримт бичгийг Х а а бээс авчирч өгнө гэж мэдэгдэж байсан боловч зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд нотлох баримт бичгийг авчирч өгөөгүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч И к ХХК-аас 6 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И к ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0055505 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Гомдол гаргагчаас “...Манай компани Х а а бээр арилжаалагдаагүй ноолуур огт экспортлоогүй бөгөөд энэхүү шийтгэлийн хуудас үндэслэлгүй, хариуцагч гомдол, мэдээллийг хуулийн дагуу шалгаж тогтоосонгүй. Шийтгэлийн хуудсаар 33,016,013 төгрөгийн нөхөн төлбөр, 3,000,000 төгрөгийн торгууль тавьж, нийт 36,016,013 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Гаалийн ерөнхий газрын лавлагаа, Х а а бийн мэдээлэл зэргээр тогтоогдсон гэж дурдсан бөгөөд энэ талаар бид огт мэдээгүй, биднээс тайлбар, тодруулга авалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийтгэл ногдуулах гол шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл манай компанийн экспортод гаргасан ноолуурын аль хэсэгт нь зөрчил илэрсэн, ямар хугацаанд хамаарах тухай бид огт мэдээгүй байна. Тиймээс хариуцагч Улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэсэн талаарх баримт гаргуулж, тайлбар авсны үндсэн дээр гомдлын шаардлагын үндэслэлээ бүр илүү тодруулах боломж бидэнд байна.” гэж,

Хариуцагчаас Х а а б ХХК-ийн ирүүлсэн жагсаалтад  97,453.70 кг ямааны угаасан ноолуур экспортод гаргасан, Гаалийн ерөнхий газраас гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж ноос, ноолуур экспортолсон компаниудын жагсаалтад 201,912.5 кг, 97,453.70 кг ямааны угаасан ноолуур экспортод гаргасан талаар дурдсан, И к ХХК-иас “Х а а б ХХК-тай ямар нэгэн тооцоогүй талаар нотлох баримтаа авчирч өгнө.“ гэж мэдэгдэж байсан боловч зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд нотлох баримт бичгийг авчирч өгөөгүй.” гэж тайлбарлажээ.

Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч 2018 оны 2 дугаар сарын 23-ний өдрийн 1801000005 дугаар Зөрчлийн хэргийг нээж, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0055505 дугаар шийтгэлийн хуудсаар И к ХХК-д  36.016.013,40 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Зөрчил гаргагч хуульд заасан хугацаанд нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Нотлох баримтаа гаргаж ирүүлсний дагуу шийтгэлийн хуудсыг эргэж хянах боломжтой.” гэв.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х а а б ХХК нь зөрчил гаргасан гэх аж ахуйн нэгжүүдтэй 2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4.6-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна.” гэснийг зөрчиж 2017 нд Биржийн арилжаанд оруулалгүй экспортод гаргасан ноолуурыг нөхөн арилжаанд оруулж, биржийн арилжааны шимтгэлийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 2018 онд арилжаанд орсон бараа, түүхий эдийн арилжааны шимтгэлийг 2018 оны 5 дугаар сарын сарын 31-ны өдрийн дотор төлж дуусахаар харилцан тохиролцсон байна.

Мөн Х а а б ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр албан бичгээр “Тус биржээс гаргасан гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос шалгасан. ... Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Үндэсний хөгжлийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Х а а б, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцон, Эвлэрлийн гэрээ байгуулан хамтран ажиллахаар болсон. Уг гэрээг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн... иймд дээрх асуудлыг дахин нягтлан шалгаж, аж ахуйн нэгжүүдтэй эвлэрлийн гэрээний дагуу хамтран ажиллах боломжоор хангана уу.” гэсэн хүсэлт хүргүүлснийг зөрчил шалган шийдвэрлэхэд харгалзан үзээгүй байна.

Иймд “зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд зөрчил гаргагчаас холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй боловч эдгээр нотлох баримтыг гаргаж ирүүлбэл дахин шалган тогтоох боломжтой.” гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авч, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0055504 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, зөрчилд шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг тогтоож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.6 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын Хянан шалгагч, Улсын байцаагч Ш.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0055505 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол гаргагчаас төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН