Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2016/0028

 

Ж.Гын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Д.С, Д.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэрт хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Гын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар захирамж, тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэжээ.

 

Хариуцагч Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартааМөн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас өөр ямар ч байгууллага түдгэлзүүлж өөрчлөх эрхгүй юм. Хурал нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрсдийн бүрэн эрхийнхээ хүрээнд, олонхын саналаар шийдвэр гаргана гэж хуульчилж өгсөн байдаг. Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирсэн боловч 3 төлөөлөгч Г.У, М.М, Д.Ж нарыг хуралд оролцуулах боломжгүй гээд 27 төлөөлөгчөөр ирц танилцуулсныг Ардын намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ мэдэгдсэн. Г.У, М.М, Д.Ж нар нь төрийн албанаас гарах хүсэлтээ аймгийн Засаг дарга О.А гаргаж өгсөн байсан. Хуралдаанд оролцсон төлөөлөгчийн олонхи буюу 53.3 хувийн саналаар хагас жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хуралд тайлагнаагүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг олонхи болж өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахаар болсоны улмаас сумын Засаг дарга Ж.Гыг огцруулсан шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь хуулийн дагуу гарсан бөгөөд хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолд тухайн Засаг дарга Ж.Г нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлахдаа тусгаагүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж энэ тогтоол гарсан байна. Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэл болгож аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар Ж.Гыг огцруулах шийдвэрийг баталгаажуулсан байна. гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Есөнбулаг сумын Засаг дарга М.Д миний бие Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д сум дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50 хувиас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасны дагуу Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07/01 дугаар тогтоолоор томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/101 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргаар томилогдон ажилласан гэжээ.

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 тоот захирамж, Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Гыг тус аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга болон Алтай хотын захирагчийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Гын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 11.600.820 төгрөгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ж.Гад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ илтэд нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

1.Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөпчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны 05 дугаар тогтоолоор сумын Засаг дарга Ж.Гыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи буюу 53.3 хувийн саналаар хагас жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хуралд тайлагнаагүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж огцруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

Сонгуулийн үр дүнд олонхи нь мөрийн хөтөлбөрөө тодорхой бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор засаглах эрхийг бүрдүүлдэг.

Энэ нь тодорхой бүрэн эрхийн хугацаанд захирагддаг учир энэ хугацаанд мөрийн хөтөлберөө хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байгаа улс төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг энэ зарчмын үүднээс Есөнбулаг сумын Засаг даргын хагас жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх талаар Төлөөлөгчид асуудал хэлэлцүүлэхээр санал оруулсан хэдий боловч. Тухайн үеийн хурлын дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г, 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.11 дэх заалтуудыг зөрчиж, хүлээж аваагүй тул тухайн хурлаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу Хурлын Төлөөлөгчид хуралд оролцох, асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй. Гэсэн заалтын дагуу Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Есөнбулаг сумын засаг дарга Ж.Гакбатыг огцруулсаныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т "Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана", 32.3-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсзх асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар огцруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Анхан шатны шүүхээс хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгдөөгүй асуудал хэлэлцсэн, уг асуудлаа өөр нам болох Монгол ардын намын Тэргүүлэгч, төлөөлөгч нарыг оайлцуулахгүйгээр тэдгээрийн бүрэн эрхийг хурлын төлөөлөгч нарын хүрээнд бусад нийтлэг байдлаар хэрэгжүүлээгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоол нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн буруу байна.

Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааны дэгийн дагуу "Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэмэлт асуудал хэлэлцэж болно" гэж заасан нь сумын Засаг даргыг огцруулах асуудлыг оруулж ирүүлэн шийдвэрлэсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь буруу, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д заасныдагуу "Хуралдааныхаа дэгийг хурал өөрөө тогтоосон" нь хууль зөрчөөгүй. гэжээ.

ХЯНАВАЛ

Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Удирдлагын үндсэн зарчим гэсэн 8 дугаар зүйлийн 8.1-д ... үйл ажиллагаандаа ... хууль дээдлэх зарчим баримтална гэж тус тус заажээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй боловч дээрх эрхээ хууль дээдлэх зарчим-ын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргаж байгаа захиргааны акт нь агуулга болон хэлбэрийн төдийгүй процессын хувьд алдаагүй гарч байх естой.

Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс дүгнэхэд нэхэмжлэгч талаас өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч талаас өөрийн татгалзлыг хагас жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хуралд тайлагнаагүй, чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж маргажээ. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Г нь Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11 тоот шийдвэрээр үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоогдон ажиллаж байхад нь түүнийг мөн оны 06 сарын 27-ны өдөр огцруулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарсанаас хойш 1 сар 14 хоногийн дараа чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж буруутгаж огцруулсан байна. Гэтэл түүний чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэх нөхцөл байдал нь урьд нь түүнийг хууль бусаар огцруулсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нараас шалтгаалжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар өөрсдийн хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдлыг нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгож байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

Оролцвол зохих оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд: Шүүх 2014 оны 07 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан байх бөгөөд 1 жил 2 сарын дараа тодруулбал, 2015 ны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд анхан шатны шүүх хуралдаан 6 удаа хойшилж байснаас гадна Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2 удаа хойшилж, нийтдээ 10 удаа шүүх хуралдаан болж 10 дахь удаагийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ бүх хугацаанд шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж байжээ. Иймд давж заалдах гомдлын дээрх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Мөн хариуцагч талаас давж заалдах гомдлоо тайлбарлахдаа Хагас жилийн тайлангаа хуралд тайлагнаагүй, үүнтэй холбоотой нотлох баримыг цуглуулаагүй гэж тайлбарлаж, улмаар дээрх нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт өгөх шаардлагатай тул дахин хэлцэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, тухайлбал 2015 оны 06 сарын 27-ны өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Ж.Г нь хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа хуралд тайлагнаагүй нь тогтоогдож байна. Үүнийг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй байна. Иймд нэгэнт талуудын маргаагүй, угаасаа хуралд тайлагнаагүй хагас жилийн ажлын тайлантай холбогдох нотлох баримтыг цуглуулахаар хэргийн анхан шатны шүүхэд дахин буцаах үндэслэлгүй, нөгөө талаар тухайн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Засаг даргын тайланг хэлэлцэх асуудал тусгагдаагүй болох нь тогтоогдсоныг дурьдах нь зүйтэй.

Гуравдагч этгээдээс хариуцагчийг зөв тодорхойлоогүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Ууганбаатар хариуцагч байх боломжгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байна. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлага бүхий байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь тухайн байгууллагаа төлөөлөх бүрэн эрхтэй. Иймд энэ тохиолдолд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хариуцагчаар татан оролцуулсан нь буруу биш байна. Мөн 2014 ны 06 сарын 27-ны өдрийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг даргалсан, өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн өдрийн хуралдааныг даргалж явуулаад дууссан, одоо бол иргэн Насан-г энэ хэргийн хариуцагчаар оролцуулаагүй байна хэмээн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч давж заалдах гомдолд энэ үндэслэлийг дурьдаагүй боловч Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/93 тоот захирамжийн талаар үнэлэлт өгөөгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 сарын 02-ны өдрийн Б/93 тоот захирамж нь мөн аймгийн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 тоот тогтоолыг үндэслэн гарчээ. Гэтэл аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэл болсон 06 тоот тогтоол нь хууль зөрчиж гарсаны улмаас хүчингүй болж буй тул түүнийг үнэслэн гарсан аймгийн Засаг даргын Б/93 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-д зааснаар гэснийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР