| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00358/И |
| Дугаар | 430 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 430
2017 оны 07 сарын 16 өдөр Дугаар 156/ШШ2017/00430 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00358/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1-36 тоотод оршин суух, Бэх овогт Энх-Амгалангийн Ганцэцэг /РД:СА83010905/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 34-02 тоотод оршин суух, Маа агь гүн овогт Энхжаргалын Ууганхишиг (РД:СЭ82010369)-т холбогдох
“худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 900 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ганцэцэг, хариуцагч Э.Ууганхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ууганхишиг гэх эмэгтэй 3 500 000 төгрөг өгөөч 7 тооны адуу оронд нь өгье гэхээр нь зөвшөөрч өөрийн ХААН банк дахь харилцах данснаас бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийж эхлээд 2 000 000 төгрөг, дараа нь 1 500 000 төгрөг аваад нийт 3 500 000 төгрөгийг Ууганхишигт бэлнээр өгсөн. Орой нь 7 адуугаа авахаар хөдөө хамт явсан боловч адуу байхгүй гээд намайг 2 өдөр хүлээлгэж ажлыг минь алдагдуулж тугалтай үнээ өгөх болсон. Ингээд үнээнээс өөр өгөх юм байхгүй гэхээр нь 3 үнээ, тугалтай бярууг нь Хэнтий аймгийн төвд авчруулж орон нутгийн ханшаар хүнд өгч худалдаад 2 700 000 төгрөг би авсан. Одоо үлдсэн 800 000 мянган төгрөг болон адуу махлуулна гэж бойчдыг дагуулж явсан хөлс, хүнс, бензин түлшний зардалд 100 000 төгрөгийн хохирлыг, нийт 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Б.Ууганхишиг нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Э.Ганцэцэгээс 3 500 000 төгрөг зээлсэн нь үнэн. Энэ мөнгийг зээлэхдээ 6 тооны адуу өгөхөөр тохирч тэр оройгоо 6 адуугаа өгөхөөр тохирч Ганцэцэг манай хөдөө гэрлүү очсон. Адуу авахаар очихдоо Ганцэцэг нь өөр айлд мал ажиллахаар яваад орой 5 цагийн үед ирцгээсэн. Адуу туранхай байна гэж ярилцаж байгаад үхэр авч өгөлцөхөөр тохиролцоод оройдоо буцсан. Би маргааш өглөө нь хээлтэй буюу 3 үнээ 3 бяруугаа ачаад Ганцэцэгийн ээжийнд малчдын хороонд буулгасан. Ганцэцэг урьд орой нь манайд байхдаа тугалах үнээгээ 1 000 000 төгрөг, нэг бярууг 200 000 төгрөгт бодож, нийт 3 600000 төгрөгөнд авахаар тохироод явсан. Би маргааш нь гэрт нь ачиж авчирч өгсөн. Миний хувьд хүнээс мөнгө авчихсан болохоор тугалах үнээ бяруугаа маш хямд үнээр өгсөн 200 000 төгрөгийн охин бяруу хаана ч байхгүй. Гэрт нь үхрээ хүргэж өгөөд Ганцэцэгтэй уулзаад 3 500 000 төгрөгөнд чинь 3 үнээ (тугалах) 3 бяруу өглөө илүү 100 000 төгрөгөө авья гэхэд манайхруу явсан түлш бинзений мөнгөндөө суутгаж авна гээд загнаад өгөөгүй. Нөгөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Ганцэцэг манайд ирээд дахиж нэмж 900 000 төгрөг өг гэж хэлсэн. Би тэгэхэд нь нэмж өгөхгүй 3 тугалах үнээ, 3 бяруу чиний надад зээлүүлсэн 3 500 000 төгрөгийг хангалттай төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгсэн Ганцэцэг уурлаж загнаад элдвээр хэлж манай хашаанд байсан манай нөхрийн 33-65 ХЭҮ улсын дугаартай супер портер маркийн авто машиныг маань 900 000 мянган төгрөгөө өгөөд аваарай гээд шууд хашаанаас чирээд бидний зөвшөөрөлгүй авч явсан. Одоо болтол бид нар машинаа авч чадахгүй хөдөө гадаа явж чадахгүй Ганцэцэгт барьцаалагдаад байж байна. Ганцэцэг нь бидний өмч болох нь автомашиныг барьцаалан авч явах ямар ч эрх байхгүй. Миний зүгээс 900 000 төгрөгийг өгөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ. /хх-ийн 12х/
Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Ганцэцэг нь хариуцагч Б.Ууганхишигт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Ганцэцэг, хариуцагч Б.Ууганхишиг нар нь шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн бөгөөд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Э.Ганцэцэг миний бие 900 000 төгрөг нэхэмжилснээс 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Ууганхишигээс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 700 000 төгрөгийг хүлээн авч, уг мөнгийг хүлээн авсны дараа 33-65 ХЭҮ улсын дугаартай авто машиныг нь буцаан өгөхөөр, хариуцагч Б.Ууганхишиг миний бие Э.Ганцэцэгт 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 700 000 төгрөгийг төлж барагдуулж, 33-65 ХЭҮ улсын дугаартай авто машинаа буцаан авахаар тус тус харилцан тохиролцлоо гэжээ.
Ийнхүү шүүх хуралдааны явцад зохигчид нь эвлэрэн хэлэлцэж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ууганхшигт холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэнд 900 000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь 700 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг 2017.07.31-ний өдрийн дотор өгч авахаар харилцан тохиролцож эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгч Э.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ууганхишигээс 13 075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР