| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0265/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/271 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/271
2021 03 15 2021/ШЦТ/271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогч Д.Баярцэцэг,
шүүгдэгч Ж.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000000066 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 40 дүгээр гудамжны 84 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Чингүүнжав овогт Жумдаандоржийн Бямбасүрэн (РД:ЕП75062803).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Ж.Бямбасүрэн: “Би Баярцэцэгтэй сүүлийн 2 жил гаруй хугацаанд найзын харилцаатай байсан. Баярцэцэг бусдад намайг танилцуулахдаа “манай найз” гэж танилцуулдаг. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өглөө би Ууганбаярын гэрт ороход Ууганбаяр самарт яваад ирсэн байсан. Тэгээд бид нар юм ярьж суусан. Намайг Ууганбаярын гэрт ороход Баярцэцэг орон дээрээ нүцгэн, Ууганбаяр хувцастай шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед Ууганбаяр нэлээн халамцуу байсан. Тэгээд Ууганбаяр надад “би танай найзыг чинь зодоогүй шүү, танай найз 2 өдөр хагас айлд архи уугаад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд Баярцэцэгийг тухайн үед харахад Баярцэцэгийн гар түлэгдсэн, үс нь сэгсийсэн, нүүр нь улайгаад хавдаж, хөл, гар нь шалбарсан, хоёр гарын булчин тус бүрд нь 4, 4 хурууны мөр гарсан байсныг Ууганбаяр, Баярцэцэг нарт харуулсан. Баярцэцэг “шартаж үхлээ” гэж хэлэхэд нь Ууганбаяр урд дэлгүүрээс 2 пиво авч ирсэн. Тэгээд Ууганбаярыг дэлгүүр явсан хойно Баярцэцэг “найз нь хэд дэх өдөр гэрээсээ гарсан бэ” гээд надаас асуусан. Би 2020 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдөр тэднийд орж хайруулын тавгийг нь гуйж авах үед Баярцэцэг гэртээ байсан. Тэгээд Баярцэцэг рүү нэг хүн утсаар залгаад байсан. Би “нөгөө хүүхэн чинь үү” гэж асуухад “тийм” гэж хэлсэн. Тэгээд Ууганбаярынх нүүрс, түлээгүй гэр орон нь хүйтэн байхаар нь би орой 19 цаг өнгөрөөгөөд хоолоо хийчхээд “хүйтэн гэр байгаа юм чинь Баярцэцэгийг дуудчих” гээд Баярцэцэгийг дуудсан. Тэгээд Баярцэцэг манайд ирээд “сэтгэл, санаа тавгүй байна Ууганаа яваад өглөө” гээд Баярцэцэг бид 2 дэлгүүр ороод Баярцэцэг зээлээр 4 пиво авсан. Би дэлгүүрээс 2 зайрмаг авсан. Тэгээд 2 пиво уугаад Баярцэцэгийг “танайх түлээ, нүүрсгүй юм чинь манайд унтчих” гэтэл “үгүй ээ найз нь гэртээ харьж унтана” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө “Баярцэцэгийг гэрт нь хүргээд өг” гэж хэлээд явуулсан. Нөхөр гэртээ ирэхгүй болохоор нь би Баярцэцэгийн гэрт очсон. Гэтэл Баярцэцэг манай нөхөртэй заваараад хэвтэж байсан. Тэгээд би нөхрөө нэг цохиод орон дээрээс түлхэж унагаасан. Баярцэцэг надаас уучлалт гуйсан. Тэгэхээр нь би “чи миний найз, чи намайг ингээд байхдаа яадаг юм бэ” гээд би Баярцэцэгийн үснээс нь зулгааж, 2-3 удаа алгадсан нь үнэн. Түүнээс өмнөх гэмтэл нь айлд 2 өдөр хагастай архи уух үед үүссэн байсан. Баярцэцэг нөхөртэйгөө асуудалтай байх үед нь би гэр орон, үр хүүхдийг нь хардаг байсан. Баярцэцэг манайд орж ирээд нөхрийгөө цагдаад дуудаж өгдөг. Баярцэцэгийн нөхөр нь түүнийг зоддог. Би Баярцэцэгийг өмгөөлж, хамгаалдаг. Би аргаа барахдаа нөхрийг нь 2, 3 удаа загнаж байсан. Мөн олон удаа цагдаа дуудаж Ууганбаярыг цагдаад өгч байсан. Баярцэцэг манай гэрт орж ирдэг. Биднийг найзын харилцаатай гэдгийг Баярцэцэгийн дүү нар мэддэг тул “миний эгчийн амийг аварлаа, танд баярлалаа” гэж хэлдэг. Би Баярцэцэгийг үсдээд 2-3 удаа алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин би Баярцэцэгийн түлэгдсэн, зодуулсан бүх гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хохирогч Д.Баярцэцэг: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өглөө манай нөхөр урд дэлгүүрээс банш, сүү аваад банштай цай хийгээд “ханиа босоорой, банштай цай болсон” гэж хэлсэн. Би босоод аягаа авах гээд байж байтал Баярцэцэг дам хаалга чимээгүй онгойлгоод “за юу байцгаана” гээд ороод ирсэн. Би Бямбасүрэнг орж ирэхээр нь босоод хувцсаа өмссөн. Би дрожоо мөлхөж угааж байгаад хойшлохдоо биеэ түлсэн. Тэгээд түлэгдээд цочоод босохдоо гэдэсний зүүн хэсэгтээ түлэгдсэн. Ууганбаяр би хөдөө яваад ирсэн гээд Бямбасүрэнг пиво уух уу гэхэд нь би “манай найз ороод ирсэн байхад яах вэ дээ хөгшөөн” гээд пиво авсан. Тэгээд манай 20.000 төгрөг гаргаад дахиад пиво авах уу гэхэд Бямбасүрэн найз нь 20.000 төгрөгийг чинь авч яваад пиво аваад ирье гэхдээ найз нь 20.000 төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Би “хэрэв чи ганцаараа уугаад байвал нөхөр чинь уурлана шүү дээ, Цэдэвээг дуудчихаач” гэтэл “яах вэ Цэдэвээг дуудахгүй, би л байхад болно” гэж хэлсэн. Гэтэл Бямбасүрэнгийн хүүхэд нь манай гэрийн хаалгыг нүдээд “ээжийг аав дуудаж байна” гэж хэлсэн. Цэдэвээ над руу “Бямбасүрэн орой ирээд ямар нэгэн юм болбол та 2-ыг цагдаад өгнө шүү” гэж мессеж бичсэн. Яагаад худал цаг зохиож яриад байгаа юм. Дэлгүүр хаахад хэдхэн минут дутуу байхад бид хоёр дэлгүүр орсон. Бямбасүрэн шөнийн 03 цагт манай гэрт орж ирсэн. Би гэртээ унтаж байхад Баярцэцэг намайг сэрээгээгүй бол надад гарч явах шаардлага байхгүй. Баярцэцэг намайг унтаж байхад босгож алгадаагүй. Намайг буруу хараад хэвтэж байхад миний үснээс зулгаагаад дэрэн дээр миний толгойг сэгсэрсэн болохоос намайг босгоогүй. Би тэр үед ухаан орсон. Надаас хүмүүс “та залуу хүн байж, хөгшин хүнтэй, та цал буурал өвгөнөөр” гэж асууж байна. Би хариуд нь “нэг мэдэхэд манай гэрт ороод ирсэн байсан, эгч нь сайн мэдэхгүй байна” гэж хэлдэг. Бямбасүрэн худал мэдүүлж байна. Цэдэвсүрэн, Бямбасүрэн нар миний гэр оронд намайг дээрэлхсэн. Би нэрээ олж авмаар байна. Бямбасүрэн миний хүүхдийг заналхийлсэн. Би худал хэлэхэд дургүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, оролцогчдоос шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Иргэн Д.Баярцэцэгээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1, 3 дугаар тал),
- Хохирогч Д.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө...Бямбасүрэнгийн гэрт орчхоод өөрийнхөө гэр рүү ороод унтчихсан байсан. Нэг мэдэхэд Бямбасүрэнгийн нөхөр Цэдээ манай гэрт ороод ирчихсэн намайг оролдож байсан. Гэтэл түүний эхнэр Бямбасүрэн манай гэрт орж ирээд намайг үсдэж нүүр, ам руу цохисон. Миний нүүр, амнаас цус гарсан. Бямбасүрэн намайг гэрээс үсдэж чирч гаргаад хашааны хаалга хүртэл чирсэн. Би арай гэж мултраад хөл нүцгэн гэр рүүгээ гүйж орсон. Тэгтэл араас орж ирээд “чи манай нөхөртэй заваарсан” гэж орилоод дахиж зодсон. Нэг мэдэхэд миний баруун гарын тохойны дээхэн талаас цус гарч байсан...би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
- Гэрч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Баярцэцэг бид хоёр гэртээ байж байхад 09 цагийн үед хөрш айлын Бямбасүрэн орж ирээд...2,5 литрийн хоёр ширхэг пиво аваад бид гурав хувааж уусан. Бямбасүрэнгийн нөхөр орж ирээд хамт уусан...15 цагийн үед би ажил руугаа явах гээд гарахад манай эхнэр гэртээ унтаад үлдсэн. Тэгээд ажлаа хийж байхад 23 цагийн үед Бямбасүрэн над руу залгаад “танай эхнэр чинь манай нөхөртэй унтаж хэвтлээ, эхнэрийнхээ бөгсийг захирч чадахгүй” гэж ярьсан. Тэгэхэд би ажил дээрээ хонож байсан. Дахиж шөнө 03 цагийн үед Бямбасүрэн залгаад “би эхнэрийг чинь зодчихсон, дахиж орж зодох болно” гэж ярьж байсан. Тэгээд ажил дээрээ байж байхад өглөө 09 цагийн үед эхнэр такси бариад нүд нь хөхөрсөн, үсдүүлсэн бололтой үс нь ширэлдчихсэн сэгсийсэн байдалтай уйлчихсан ирэхээр нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
- Гэрч С.Цэдэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...би Баярцэцэгийг дагуулаад гэр рүү нь орсон. Тэгэхэд Баярцэцэг орныхоо урд очоод өмсөж байсан цамцнаасаа бусдыг нь тайлж шидээд орон дээр хэвтэхээр нь би хөнжил нөмрүүлэх гэхэд Баярцэцэг миний гараас татаж суулгаад намайг эхэлж үнсэхээр нь би хариу үнсэлцэж тэврэлдээд байж байхад манай эхнэр орж ирээд намайг хойш нь татаж унагаагаад намайг хоёр, гурван удаа цохиод Баярцэцэгийг орон дээр байхад нь үснээс татаж босгож ирээд, үсдээд нүүр рүү нь хоёр, гурван удаа алгадахад Баярцэцэг “найзыгаа уучлаарай гээд” уйлаад сууж байхад нь манай эхнэр Ууганбаяр руу залгаж “танай эхнэр, Цэдэвээ энэ хоёр үнсэлцээд байж байхад нь би барилаа” гээд ярьж байгаад намайг дагуулаад гэрээс нь гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 394 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт зүүн зулайн хуйханд 3х2см талбайд үс халцарсан, 5х1,5см талбайд үс шингэрсэн, үс ширэлдсэн, хуйх улайсан, дарахад хөндүүр, эмзэглэлтэй, хамрын нуруу хавдсан, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан, хүрэн өнгийн цус хуралттай, хамрын нурууны зүүн талд дарахад эмзэглэлтэй, баруун нүдний алимны салстад 8-10 цагт улаан өнгийн цус хуралттай, баруун тохойн үений доод хэсэгт 1,8х0,3см зах ирмэг нийлэхгүй, улаан өнгийн, ирмэг нь тэгшдүү ангайсан, улайсан шархтай, баруун бугалганы гадна хэсэгт 10х7см, дотор хэсэгт 8,5х7см, шууны гадна хэсэгт 12х8см хөх хүрэн өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 9х3см шар хүрэн өнгийн цус хуралттай, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 9х3см шар хүрэн өнгийн зузаан тав тогтсон түлэнхийн шархтай, доод хэсэгт 6х7см хөх хүрэн өнгийн цус хуралттай, баруун гарын сарвууны дунд, ядам, чигчий хурууны 3 дугаар үеүдэд жижиг хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай, баруун гуяны гадна 15х8см хөх хүрэн өнгийн цус хуралт, зураасан жижиг зулгаралтуудтай, дотор талд 6х3см хөх хүрэн өнгийн цус хуралт, голдоо 5х0,2см хүрэн өнгийн зулгаралттай, баруун өвдөгний үенд 2х1.5см, зүүн өвдөгний үенд 3х1.5см талбайд жижиг тав тогтсон зулгаралтуудтай, зүүн шилбэний гадна 4х5.5см, баруун шилбэний гадна 5.5см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, баруун ташааны гадна хэсэгт 4х3см хүрэн өнгийн тав тогтсон түлэнхийн шархтай”
1. Д.Баярцэцэгийн биед зулайн хуйхны үс халцрал, шингэрэл, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун шууны шарх, 2 булгалга, баруун шуу, баруун гуя, 2 шилбэний цус хуралт, баруун сарвуу, 2 өвдөгний зулгарал, зүүн бугалга, баруун ташааны түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй, халуун хэмийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.
6. Учирсан баруун сарвуу, 2 өвдөгний үений зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
- Хохирлын баримт (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
- Шүүгдэгч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...манай нөхөр Д.Баярцэцэгийг гэр рүү нь хүргэж өгөхөөр 22 цагийн үед гарсан. Нөхөр гэртээ орж ирэхгүй удаад байхаар нь Д.Баярцэцэгийн гэрт орсон чинь Д.Баярцэцэг нүцгэн, тэр хоёр хоорондоо үнсэлцэж, заваараад байж байхаар нь би нөхрийгөө хойш нь татаж унагаасан. Д.Баярцэцэг орон дээрээ суугаад надаас уучлалт гуйгаад байхаар нь би үсдэж аваад нүүр рүү нь хоёр, гурван удаа алгадаад, зүүсэн байсан нүдний шилийг нь гараараа хагалаад, нөхрөө аваад гарсан. Намайг гэрийн гадаа байж байхад Д.Баярцэцэг нүцгэн гарч ирээд хашаан дотроо унаж, тусч надаас уучлалт гуйгаад байхаар нь би хаячхаад гэр рүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
- Шүүгдэгч Ж.Бямбасүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дугаар тал),
Улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн: Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, өр төлбөргүй тухай тодорхойлолт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Ж.Бямбасүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Бямбасүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Ж.Бямбасүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 4-11 тоотод иргэн Д.Баярцэцэгийг “миний нөхөртэй үнсэлцэж, заваарлаа” гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар үснээс нь зулгаах, нүүрэн тус газарт алгадах, цохих зэргээр зодон, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Д.Баярцэцэгийн “...Ж.Бямбасүрэн манай гэрт орж ирээд намайг үсдэж нүүр, ам руу цохисон...намайг гэрээс үсдэж чирч гаргаад хашааны хаалга хүртэл чирсэн...” гэх мэдүүлэг (хх-7),
- гэрч С.Ууганбаярын “...23 цагийн үед Ж.Бямбасүрэн над руу утсаар залгаад “танай эхнэр чинь манай нөхөртэй унтаж хэвтлээ, эхнэрийнхээ бөгсийг захирч чадахгүй” гэж ярьсан. Тэгэхэд дахиж шөнө 03 цагийн үед залгаад “би эхнэрийг чинь зодчихсон, дахиж орж зодох болно” гэж ярьж байсан...09 цагийн үед манай эхнэр такси бариад нүд нь хөхөрсөн, үсдүүлсэн бололтой үс нь ширэлдчихсэн сэгсийсэн байдалтай уйлчихсан ирсэн...” гэх мэдүүлэг (хх-11),
- гэрч С.Цэдэвсүрэнгийн “...Д.Баярцэцэг миний гараас татаж суулгаад намайг эхэлж үнсэхээр нь би хариу үнсэлцэж тэврэлдээд байж байхад манай эхнэр орж ирээд намайг хойш нь татаж унагаагаад...Д.Баярцэцэгийг орон дээр байхад нь үснээс татаж босгож ирээд, үсдээд, нүүр рүү нь хоёр, гурван удаа алгадсан...Ууганбаяр руу залгаж “танай эхнэр Цэдэвээ энэ хоёр үнсэлцээд байж байхад нь би барилаа” гээд ярьж байгаад намайг дагуулаад гэрээс нь гарсан...” гэх мэдүүлэг (хх-13),
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 394 дугаартай “Д.Баярцэцэгийн биед зулайн хуйхны үс халцрал, шингэрэл, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун шууны шарх, 2 өвдөгний зулгаралт, зүүн бугалга, баруун ташааны түлэнхийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй, халуун хэмийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх15-16),
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-22-23) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.Бямбасүрэн нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр иргэн Д.Баярцэцэгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Харин прокуророос Ж.Бямбасүрэнг “...зүүн бугалга, баруун ташааны түлэнхийн шарх...” гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлтэд тусгаж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “...зүүн бугалга, баруун ташааны түлэнхийн шархыг би гэрээ цэвэрлэж байхдаа зуухандаа түлчихсэн. Бямбасүрэн уг гэмтлийг надад учруулаагүй...” гэх мэдүүлгийг өгсөн тул Шүүх хохирогч Д.Баярцэцэгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд заагдсан “зулайн хуйхны үс халцрал, шингэрэл, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун шууны шарх, 2 өвдөгний зулгаралт” бүхий гэмтлийг шүүгдэгч Ж.Бямбасүрэн нь үсдэх, цохих, чирэх зэрэг үйлдлийн улмаас хөнгөн хохирол учруулсан гэж зөвтгөн шийдвэрлэв.
Энэ нь гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн, хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Бямбасүрэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Бямбасүрэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч Д.Баярцэцэг нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой 72.000 төгрөг /хх-50/, эд хөрөнгөд учирсан хохиролд “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай тайлан, дүгнэлт (хх43-44)-ээр “ойрын харааны шилний үнэ 80.000 төгрөг”, эд зүйлийн үнэлгээ гаргуулсан төлбөр 12.000 төгрөг, нийт 164.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулаагүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Бямбасүрэнг хохирогч Д.Баярцэцэгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 164.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Д.Баярцэцэгт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Ж.Бямбасүрэн нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-38) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалт “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бусдын эрүүл мэндэд халдсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /баримтаар хохирогчид 164.000 төгрөгийн хохирол учирснаас төлж барагдуулсан зүйлгүй/, шүүгдэгчийн хувийн байдал /нөхөр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бямбасүрэнг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн хувьд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй /6, 11 нас/, хүүхдээ тэжээн тэтгэх, асрах үүрэгт сөрөг нөлөө үзүүлэхгүй, түүний зан, чанарт үр дүнтэй нөлөөлөл үзүүлж, засрал хүмүүжлийг олох боломжтой гэж үзсэн тул Шүүхээс “торгох ял” оногдуулсан болно.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2108000000066 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингүүнжав овогт Жумдаандоржийн Бямбасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.Бямбасүрэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 (нэг зуун хорин) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бямбасүрэнгээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 164.000 (нэг зуун жаран дөрвөн мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баярцэцэгт олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Эрүүгийн 2108000000066 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Бямбасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бямбасүрэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР