| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0134/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгч М.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буриад овогт Мөнхбатын *******өд холбогдох эрүүгийн 2131002320171 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.******* нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар баг, 4-21 тоотод баз хүргэн *******той хамт согтууруулах ундааны зүйл ууж байхдаа “хадам аавыг эмнэлэгт сахиж хөл дээр нь босгосон” гэх шалтгаанаас болж хоорондоо маргалдаж улмаар М.******* нь хоол аягалдаг шанагаар *******ын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, зүүн тохойд цус хуралт, дух, зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид эмчилгээний зардалд 450,000 төгрөг бэлнээр төлсөн. Хоолны халбагаар цохьсон нь үнэн, гараараа нүүрэн хэсэгт нь 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч *******ын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Шаамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Бүүрэг сайхан“ ХХК-д 2017 оноос эхлэн блок цохидог ажил хийж байна. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад манай гэрт *******, манай эхнэр Гантуяа бид 3 хамт архи уусан юм. Тэгээд бид архиа ууж байтал ******* бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл ******* бид 2 барилцаж ноцолдоод намайг орон дээр унагааж, хоолны том төмөр халбагаар миний нүүр лүү олон удаа цохисон. Хэдэн удаа миний нүүр лүү цохисоныг би санахгүй байгаа бөгөөд би архи их уусан байсан. Тэгээд би “Шаамар” сумын эмнэлэг орж үзүүлтэл миний хөмсөг задарсан байсан. Манай эхнэр Гантуяа, *******ийн эхнэр, манай 2 хүүхэд, *******ийн 2 хүүхэд, манай хадам аав Шинэзаа нарын хамт байсан. Гэхдээ *******, манай эхнэр Гантуяа бид 3 тусдаа жижиг өрөөндөө архи уусан. Хадам эцэг Шинэзаа 2021 оны 03 дугаар сард харвалт өгч хэвтэрт орсон юм. Тэгээд би хадам аавыг миний хүчинд хөл дээрээ боссон гэсэн утгатай зүйл ярихад ******* уурлаж бид 2 маргалдсан. Би *******, Гантуяа 2-оос их архи уусан тул их согтсон байсан. Би *******ийг цохиж зодсон зүйл байхгүй. ******* бага зэрэг архи уусан тул их согтоогүй байсан. ...2 нүд хөхөрч хавдсан. Зүүн талын хөмсөгний орчим 3-н оёдол тавьсан. Толгой эргэж өвдөж байгаа бөгөөд бусдаар миний биед гэмтэл шарх байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Оюунтуяа, түүний нөхөр ******* хоёр Дархан-Уул аймгийн Дархан суманд амьдардаг бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Оюунтуяа, ******* хоёр 2 хүүхдийнхээ хамт Шаамар суманд манай гэрт ирсэн. Манай гэрийнхэн ам бүлээрээ гэртээ байсан. Ингээд бид нар цай, хоол идчихээд 19 цаг өнгөрч байхад манай нөхөр Болд болон хүргэн *******, дүү Оюунтуяа бид нар шар айраг ууж эхэлсэн. 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” гэх нэртэй шар айрагнаас 5-6 савыг уусан санагдаад байна. Бид нар жижиг өрөөнд сууж байсан ба оройн 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байхад *******, Болд хоёр хоорондоо маргалдаад байсан. Манай аав Шинэзаа нь өнгөрсөн хавар гурван сард тал цус харваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тэр үед нь манай нөхөр аавыг хоёр сарын хугацаатай эмнэлэгт сахисан юм. Хадам аавыгаа сахиж хөл дээр нь босгосон гэсэн утгатай зүйл ярьсны улмаас ******* уурлаад тэр хоёр маргалдсан юм. Би гал тогооны өрөөнд хоол хийж байхад тэр хоёр зодолдох шиг чимээ гарахаар нь би жижиг өрөө рүү яваад ороход ******* манай нөхрийг орон дээр дараад гартаа барьсан хоол аягалдаг жижиг халбаган шанагаар нүүр рүү нь цохиж байхаар нь би очоод тэр хоёрыг салгахад Болдын зүүн талын хөмсөгний дээд талаас нь цус гарч, нүүр нь тэр чигтээ цус болсон байсан. Цус гараад тогтохгүй байхаар нь манай охин эмнэлэг дуудсан. Сумын эмч ирээд Болдыг авч яваад Эрүүл мэндийн төв орж шарханд нь оёдол тавьсан. Тэр өдрөө цагдаад өргөдөл өгье гэхээр Болдын бие нь өвдөөд цагдаа руу явж чадаагүй. Тэгээд өчигдөр өөрийн биеэр цагдаагийн газарт ирж өргөдлөө өгсөн. ******* манай нөхрийг зодсоны улмаас хөмсөгний дээд талд нь язарч оёдол тавиулсан. Мөн хоёр нүд нь хавдаж хөхөрсөн. ******* нь одоогоос гурван жилийн өмнө миний төрсөн дүүтэй суусан. Тэрээр Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” уурхайд ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан. Одоо хийсэн ажилгүй байх. Түүний хувийн зан байдал гэвэл жаахан омогтой ууртай гэмээр хүүхэд байгаа юм. Архи дарс уучихаараа жаахан агсан, омголон зантай. Манай нөхөр Болд нь мөн архи дарс уучихаараа жаахан овилгогүй зантай. Түүнээс биш эрүүл саруул үедээ бол төлөв томоотой хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19 цаг өнгөрч байхад нөхөр ******* хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг Шаамар суманд аавындаа ирсэн. Аав нь хүргэн Болд, охин Гантуяа, зээ охин Номинтуул нарын хамт амьдардаг. Тэднийхэн гэртээ бүгдээрээ байсан. Болд ах тухайн үед нилээн согтуу байсан ба орон дээр унтаж байсан. Бид нар цай, хоол идсэний дараа ******* бид хоёр авч ирсэн нэг сав 2.5 литрийн “Сэнгүр” шар айргаа гаргаж задлаад *******, Гантуяа бид гурав хувааж уугаад талдаа орж байхад Болд ах сэргээд босоод ирсэн. Бид нарыг ирэхээс 2-3 хоногийн өмнө Болд ахын ээж, хоёр дүү нь ирээд буцсан гэсэн. Тэгээд Болд ах ******* бид хоёрт хандаж “Та хоёр манайхныг тоохгүй байна” гээд жаахан агсраад байсан. Тэгсэн чинь аав Болдод хандаж “Дуугүй бай чи, энэ хоёр чамд ямар хамаа байна аа” гэсэн чинь Болд ах аавын урдаас “Шээс, баасыг чинь би зөөгөөд хөл дээр чинь босгосон шүү” гээд аав руу орилоод байхаар нь ******* уурлаад Болд ахыг ор руу түлхээд нүүр рүү нь цохиход тэр *******ийг үгээр идээд байсан чинь ******* хоол аягалдаг төмөр жижиг шанага аваад Болд ахын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход духны орчим язраад цус урсаад байсан. Тэгээд сумын эрүүл мэндийн төвд дуудлага өгөхөд эмч ирж үзээд Болд ахыг авч яваад оёдол тавьж боолт хийж өгсөн. М.******* бид хоёр хамтран амьдраад 7 жилийн хугацаа болж байна. Ааш зангийн хувьд жаахан түргэн ууртайгаас өөрөөр буруу араншингүй. ******* эрүүлдээ бол төлөв даруу, дуу шуу багатай, хүний үгээр хүн байгаа юм. Архи дарс уучихаараа үг нь олшироод хүнтэй хэрүүл маргаан хийгээд үгээр идээд байдаг зантай...гэх мэдүүлэг[4],
5.Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....******* нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр нэг хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Болд төмөр Ерөө” гол уурхайд ажиллаж байгаад гарсан. Түүнээс хойш эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Түүний хувийн зан байдал гэвэл даруу төлөв залуу юм. Надтай уулзах үедээ мэндтэй устай, ахаа гэж хүндлээд л явдаг...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч *******ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. ******* нь Хүдэр суманд ээж, аавынхаа ажилд туслахаас гадна заримдаа самарт явах зэрэг ажил төрөл хийж гэр бүлээ авч явдаг. Түүний хувийн зан байдал гэвэл даруу төлөв, үг дуу цөөтэй хүн. Заримдаа найз, нөхдийн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үе байдаг. Архи дарс уусан үедээ агсан, согтуу тавьдаг ямар нэг зангүй...” гэх мэдүүлэг[6],
7.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 304 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ын биед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, тархи доргилт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, зүүн тохойд цус хуралт, дух, зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч М.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...******* ах тухайн үед хадам аавыгаа өөрийнхөө хүчинд хөл дээр нь босгосон гээд агсам тавиад байхаар нь уур хүрээд түүнийг зодчихсон юм. Түүнээс биш бид хоёрын дунд өмнө ямар нэг хэрүүл маргаантай асуудал байгаагүй...” гэх мэдүүлэг[8],
9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[9], 10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон *******ын зүгээс шүүгдэгч М.*******өөс хохирол төлбөрт 450,000 төгрөг бэлнээр авсан, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хоолны жижиг шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Буриад овогт Мөнхбатын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хоолны жижиг шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6.Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ