Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч *******,

шүүгдэгч Б.*******, А.*******,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч А.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн 2131001930135 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Цагаан эрэг 2 дугаар хэсэг, 013 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Шарнууд овогт Аюушсүрэнгийн ******* /РД:МЮ03251414/;

2. Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МУҮИС-ийн 1-р курсын оюутан, ам бүл 3, эх, эгчийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Баянхааны 2 дугаар хэсгийн станцын 10 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, Боржигон овогт Батхуягын ******* /РД:МЮ03251534/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэж 2021 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт байрлах “Telmen shop” нэртэй иргэн *******гийн гар утасны дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, бэлэн 210,000 төгрөг, Айфоне 12 про загварын гар утас 1 ширхэг, Айфоне 11 минни про загварын гар утас 1 ширхэг, Айфоне Икс Эс загварын гар утас 2 ширхэг, Айфоне Икс загварын гар утас 1 ширхэг, Айфоне 8 плас загварын гар утас 1 ширхэг, Айфоне 7 загварын гар утас 1 ширхэг, гар утас цэнэглэгч 3 ширхэг, 3 салаа USB утас 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 10,910,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.*******, Б.******* нар нь бүлэглэж 2021 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 1 дүгээр хэсгийн нутаг дэвсгэрт байрлах “Telmen shop” нэртэй иргэн *******гийн гар утасны дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, бэлэн 210,000 төгрөг, Айфоне 12 про загварын гар утас 1 ширхэг, Айфоне 11 минни про загварын гар утас 1 ширхэг, Айфоне Икс Эс загварын гар утас 2 ширхэг, Айфоне Икс загварын гар утас 1 ширхэг, Айфоне 8 плас загварын гар утас 1 ширхэг, Айфоне 7 загварын гар утас 1 ширхэг, гар утас цэнэглэгч 3 ширхэг, 3 салаа USB утас 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 10,910,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.*******, Б.******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн өгсөн: “...Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг[1],

 2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бид хоёр байрандаа байж байгаад орой нь шинэ захын урд байдаг гар утасны лангуунаас утас хулгайлсан. Тэгээд утсаа авсныхаа дараа байрандаа очоод Хишигбаяр, Тамираа хоёроор Дархан руу хүргүүлсэн. Дарханд очоод буудалд ороод байж байсан чинь 2 цагдаа орж ирсэн. Тэгээд Сэлэнгэд буцаж ирсэн. ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 06 цаг 47 минутанд найз залгаад “дэлгүүрийн чинь цонх онгорхой байна” гэсэн. Ингээд гэрээсээ гарч явахдаа цагдаад “манай дэлгүүрт хулгай орсон бололтой цонх нь онгорхой байна” гэх дуудлага өгсөн. Би Сэлэнгэ аймгийн Олон улсын худалдааны төвийн замын урд байрлах “Тэлмэн” нэртэй гар утасны дэлгүүр ажиллуулдаг юм. Ингээд дэлгүүр дээрээ очиход цонх нь хагарсан байдалтай дотроос нь гар утаснууд алга болсон байдалтай байсан. Цагдаа нарыг үзлэг хийгээд дуусахаар нь дэлгүүрт байсан эд зүйлээ шалгахад 8 ширхэг iphone маркийн гар утас /iphone-12 рго-1 ширхэг, iphone-11 mini pro-1 ширхэг, iphone xs-2 ширхэг, iphone энгийн Х-2 ширхэг, iphone-8 plus-1 ширхэг, iphone -7 1 ширхэг/, бэлнээр 210.000 төгрөг, iphone гар утасны цэнэглэгч 3 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг[3],

4. Иргэний нэхэмжлэгч *******ын 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”Тоонот хүрээ” ломбардыг өглөө 10 цагийн орчим нээсэн. 11 цагийн орчим хар саарал юүдэнтэй цамцтай 18 орчим насны 1 залуу, саарал цамцтай 1 залуугийн хамт утас ломбарданд тавихаар орж ирсэн. Тухайн хүүхдүүдийг танихгүй, өмнө нь харж байгаагүй. Манай ломбарданд iphone xs 2 ширхэгийг гаргаж ирсэн ба xs маркийн гар утсыг 600,000 төгрөг, x маркийн утсыг 500,000 төгрөгөөр болтол дахин iphone 7 маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэгийг гаргаж, нийт 3 утсыг 1,300,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай 8% хүүтэй тавьсан. Ломбарднаас эд зүйлийг 1,404,000 төгрөг болсон юм. Байгууллагад учирсан 1,404,000 төгрөгийн хохирлыг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ын 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд найз Тамираа дуудаад студи оръё гэсэн. Гэтэл студийн ах амралтын өдөр тул завгүй байна гэртээ амарна гэсэн тул Тамираагийн хамтаар гадуур таксинд явсан. Бид хоёр Тамираагийн 49-94 СЭҮ улсын дугаартай Приус-20 маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй явсан. 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 02 цаг өнгөрч байх үед ******* над руу залгаад “Андаа Дархан орох унаа байна уу? мөнгө төгрөгийг нь хамаагүй хийгээд өгье” гэсэн тул Тамираа бид хоёр ярилцаж байгаад Дархан руу таксинд явахаар болсон. Сэлэнгээс *******, ******* нарыг Сүхбаатарын сумын шар байрны 5 дугаар байрнаас авсан. Ингээд Сэлэнгээс 03 цаг өнгөрөөгөөд гарч Дарханд 04 цаг өнгөрөөгөөд очсон. Дарханы “Rоуаl” нэртэй буудалд *******, ******* нарыг хүргэж өгсөн. Тэр хоёроос таксины мөнгө гэж 100.000 төгрөг авсан. Буудал руу *******, ******* нарын хамтаар орох үед Сүхбаатар сумын шинэ захын урд байрлах гар утасны дэлгүүрээс хулгай хийсэн талаараа хэлсэн. Тухайн гар утасны дэлгүүрээс 7-8 ширхэг iphone маркийн гар утас хулгайлсан байсан. Хулгайлсан гар утаснаасаа iphone xs маркийн 1 ширхэг гар утсыг надад бэлэглэсэн. Тамираа болохоор гадаа машиндаа сууж байсан би буудлаас гараад Тамираагийн хамтаар шууд Сэлэнгэ рүү явсан. ******* ээжийнхээ хамтаар амьдардаг. Огцом ууртай бусдаар бол гайгүй. ******* хөдөлмөрч, даруухан голдуу эмээгийндээ амьдардаг. ******* урд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. ******* зодооноор тэнсэн авч байсан гэж өөрөө надад хэлж байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь миний бага хүү байгаа юм. Тэрээр энэ оны 06 дугаар сард Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийг суралцан төгссөн. Энэ жилийн тухайд элсэлтийн Ерөнхий шалгалт хойшилсон тул хүү ******* гэрээсээ тусдаа байж “найзуудынхаа хамт шалгалтдаа бэлдэнэ” гээд Сүхбаатар сумын 6 дугаар баг Шар байранд нэг өрөө байр түрээсэлсэн. Түрээсийн мөнгийг нь би өгсөн. Аль байрны хэдэн тоотыг түрээслэн хэн хэний хамт хичээлээ бэлдэж байсан талаар нь би мэдээгүй...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч У*******ын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ******* 16 цагийн үед гэртээ ганцаараа ирж цай, хоолоо идчихээд 18 цаг өнгөрч байхад түрээсийн байр руугаа явсан. Тэрнээс хойш түүнтэй холбоо бариагүй бөгөөд маргааш орой нь над руу цагдаагийн газраас залгаад дуудсан. Цагдаагийн газарт ирснээр болсон хэргийн талаар мэдсэн. Манай хүү ******* гээд хүүхэдтэй найзалж нөхөрлөөд яваад байдаг талаар бол мэддэг байсан ба сүүлд хэрэг асуудал болсны дараа түүний аав, ээж нь сайн таньдаг хүмүүс байж таарсан. Түүнийг ямар шалтгааны улмаас ийм гэмт хэрэг үйлдэх болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний хувьд түүний шаардлагатай хэрэгцээг нь боломжийнхоо хэрээр хангадаг байсан гэж бодож байна. Миний том охин одоо Чех улсад амьдардаг. Энд ******* бид хоёр хоёулахнаа байдаг. Миний хүүгийн хувийн зан байдал гэвэл их өөдрөг сэтгэлгээтэй, хүнд их тусархуу, хүнд үгүй гэж хэлээд байдаггүй хүүхэд байгаа юм. Ийм хэрэг хийчихнэ гэж огт санасангүй...” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.******* нь манай том хүү байгаа юм. Гурвуулаа хүү бөгөөд түүний доод талын дүү нь өөрөөс нь нэгээр дүү, харин манай хамгийн бага одоо зургаан настай. Болсон зүйлийн талаар ярихад А.******* нь энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бөгөөд тэрийн болгон гэрээс гараад тэнээд байдаггүй байсан ба 2021 оны 07 дугаар сарын 7,8-ны үед ******* гэртээ ирж хоноогүй бөгөөд би түүний утас руу залгахаар холбогдох боломжгүй байсан. Би тэр үед ажил ихтэй байсан тул араас нь явж чадаагүй. Ямартай ч 3-4 хоног гэртээ ирээгүй. Тэгсэн 2021 оны 07 дугаар сарын 12-ны орой над руу нэг дугаараас утасдахаар нь автал “цагдаагаас ярьж байна, цагдаагийн газарт хүрээд ир” гэснээр эхнэр бид хоёр цагдаагийн газарт ирж *******ийг хулгайн хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Тэрийн болгон гэрээс гараад байдаггүй, боломжийн хүмүүжилтэй хүүхэд тул ийм хэрэг хийчихнэ гэж огт санасангүй. Түүнийг ямар учраас ийм хэрэг үйлдсэн талаар мэдэхгүй байна. Би маш их гайхаж байна. Эхнэр бид хоёрын хувьд хоёул ажил төрөл хийдэг. Гурван хүүхдийнхээ хэрэгцээг боломжийнхоо хэрээр хангадаг гэж бодож байна. А.******* нь даруу төлөв хүүхэд байгаа юм. Сургуулийн багш, сурагч нартаа нэр хүнд сайтай. Тэрээр сургуулиа төгсөх хүртлээ ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Мөн гэрээс гараад тэнээд байдаггүй байсан ба гэнэт л саяхан гэртээ ирэлгүй хэд хоносон. Найз нөхдөдөө уруу татагдаад ийм хэрэг үйлдэх болсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч *******ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....*******, А.******* нарыг танина. Найз нөхдийн харилцаа хамааралтай. Энэ оны 06 дугаар сараас эхлэн найзалж нөхөрлөж байгаа. Б.******* нь ээж, эмээгийнхээ хамт амьдардаг. Ээж нь дулааны цахилгаан станцад ажилладаг гэсэн. Яг ямар албан тушаал хашдаг талаар нь сайн мэдэхгүй байна. Хувийн зан байдал гэвэл нийтэч олонтойгоо зантай. Гадуур тэнээд болох, болохгүй зүйл хийгээд яваад байдаггүй. Мөн А.******* нийтэч, хамт олонч хүүхэд байгаа юм. Найзалж нөхөрлөж байгаа хугацаанд энэ хоёр залууг буруу зүйл хийж байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг[9],

10.Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №ТХҮ321/1502 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: Дээр дурьдагдсан эд зуйлсийн нийт бодит үнэ цэнийг 10,930,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...гэх дүгнэлт[10],

11.Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед гэрийнхэнтэйгээ жаахан таарамж муутай байсан ба 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс хойш Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутагт Шарын 5 дугаар байранд 1 өрөө байр түрээслэн ганцаараа амьдарч байсан. Хэрэг гарахаас 3-4 хоногийн өмнөөс би багын найз *******ийн хамт дээрх түрээсийн байрандаа хамт байсан ба ойр зуурын хэрэгцээний мөнгө олдохгүй байсан тул бид хоёр хулгай хийхээр хоорондоо ярилцсан. Гэхдээ урьдаас “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн урд талын гар утасны дэлгүүрээс хулгай хийнэ гэж ярилцаж, тохиролцсон зүйл бол байгаагүй. 2021 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бид хоёр гэрээс гараад явж байхдаа тухайн дэлгүүрээс гар утас эд зүйл хулгай хийхээр болж ярилцаж тохироод очсон юм. Бид нар хулгайлсан гар утас, цэнэглэгч зэргээ бүрэн бүтэн эзэнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг[11],

12.Шүүгдэгч А.*******ийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би *******тай багаасаа одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа. ******* нь 2021 оны 06 дугаар сараас эхлэн Сүхбаатар сумын 6 дугаар баг Шар байранд нэг өрөө байр түрээслэн ганцаараа хэсэг хугацаанд амьдарсан. Би заримдаа түрээсийн байранд нь очдог байсан. Хэрэг хийхээсээ өмнө би *******ын түрээсийн байранд очиж түүнтэй хамт гурав хоног амьдарсан. Цуг байхад бид хоёрт ойр зуурын мөнгөний хэрэг гараад байсан ба бид хоёр ямар нэг дэлгүүр рүү нууцаар орж эд зүйл хулгайлахаар ярилцсан. Гэхдээ тэр дэлгүүр рүү тэдний өдөр орно гэж нарийн төлөвлөж ярилцаагүй. 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой бид хоёр түрээсийн байрандаа байж байгаад шөнийн 02 цаг болж байхад гарч “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн урд талын гар утасны дэлгүүр рүү очиж хулгай хийхээр ярьж тохироод явган явсаар очсон. Бид хоёр цонхны хамгаалалт төмрийг нь татаж мулталж аваад цонхыг нь чулуугаар хагалаад би дотогш орж шилэн лангуу руу нь асаагуурын гэрэл тусгаад харахад олон тооны гар утас байсан. Би дандаа Айфоне загварын гар утаснуудыг болон гурван ширхэг гар утасны цэнэглэгч, usb залгуур зэрэг зүйлийг авч тухайн үед үүрч явсан хар өнгийн үүргэвчиндээ хийгээд дэлгүүрээс гарсан. Тухайн үед ******* гадаа хүн харж байсан. Бид хоёр эргэж яваад шар байрнуудын тэнд явж байхдаа Түвшинбаяр гэх найз руугаа утасдаад Дархан-Уул аймаг руу хүргээд өгчихөөр такси байгаа эсэх талаар асуухад тэр Тамираа гээд найзтайгаа хамт гадуур таксинд явж байна гээд удалгүй ирсэн. Тэгээд Тамираа, Түвшинбаяр нараар Дархан-Уул аймаг руу хүргүүлээд Тамираад 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг[12], 13.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13], 14.Шинжээчийн дүгнэлт[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд[16] зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.*******, Б.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд тусгайлан хамгаалсан орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” нөхцөл байдал бол тогтоогдож байна. Шүүгдэгч А.*******ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тус хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй...” гэсэн ялын саналыг гаргасан.[17]

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч нарын хувьд “амар хялбар аргаар мөнгө олъё” гэсэн гэнэн томоогүй зангаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэлж болохоор байна. Мөн шүүгдэгч А.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас, 1 сар, 26 хоногтой, шүүгдэгч Б.*******ын хувьд 18 нас, 1 сар, 25 хоногтой Ерөнхий боловсролын сургуулийг бүрэн төгсөөгүй элсэлтийн шалгалтай өгч амжаагүй байсан. Мөн бүтэн 12 сарыг дуусгаж байж 1 нас нэмэгдсэн гэж үздэг. Тиймээс дөнгөж 18 насанд хүрсэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан тул дээрх зүйл ангийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч А.*******ийн хувьд ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн гишүүн сая цэрэг татлагын зарлан ирж цэрэгт тэнцсэн. Шүүх хуралтай байсан учраас цэргийн албандаа явж чадаагүй “араас өөрийнхөө зардлаар ирээрэй” гэж хэлсэн байсан. Шүүгдэгч Б.*******ын хувьд ам бүл 3, эгч ээжийн хамт амьдардаг, аав нь 2008 онд өвчний улмаас нас барсан. Ээж Хишигсүрэн нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн гишүүн мөн Б.*******ын хувьд дөнгөж 1 дүгээр дамжааны оюутан хичээлээсээ чөлөө аваад ирж оролцож байгаа аль нь хамт олонтойгоо нийтэч, сайн харилцаатай байдаг. Сургуульд суралцаж байх хугацаандаа аль нь элдэв хэл аманд орооцолдож байгаагүй. Эцэг эхийн хувьд анхаарал халамж сайн тавьж байхаа илэрхийлсэн. Шүүгдэгч нарын зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахиж гэмт хэрэг үйлдэхгүй талаараа мөн шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Иймд шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, эд хөрөнгийг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгдөг. Шүүгдэгч нарын зүгээс чин санаасаа гэмшиж байгаа мөн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эдлэх ялыг 2 дахин багасгаж”, энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “оногдуулсан ялыг нэмж, албадлагын арга хэмжээ авах”, мөн энэ хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасан заалтыг хэрэглэж өгөхийг хүсэж байна. Монгол улсын ирээдүй болсон хоёр сайхан залуугийн итгэлийн галыг битгий мөхөөсэй гэж хүсэж байна” гэсэн санал, өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.[18]

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас 2 дахь эрүүгийн хариуцлагын саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг байдаг. Шүүгдэгч нарын хувийн байдал нь 18 насанд хүрсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн эрх зүйн бүрэн чадамжтай юм. Шүүгдэгч нарын биеэ авч яваа байдал, нийгмийн хөгжил, нийгэм дэх байр суурь, ерөнхий боловсролын сургуулийг төгссөн их дээд сургуульд элсэж орсон, нэг нь цэргийн албанд тэнцсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхэд шүүгдэгч нар нь өсөлт бойжилтын хувьд хэвийн бүрэн хэмжээнд хөгжсөн хүмүүс юм. Тэгэхээр 18-21 насанд хүрээгүй өсвөр насны шүүгдэгчид оногдуулах журам нь “хөгжлийн хувьд хоцрогдсон” тийм хүмүүс дээр хэрэглэж болохоор хуульчилсан заалт юм. Тийм учраас эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс дээр тухайн зүйл ангийг хэрэглэх нь өөрөө буруу юм. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийх нь хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгаа нөхөн төлсөн, өөрсдийнхөө үйлдэл чин санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд улсын яллагчаас татгалзах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуульд илүү оновчтой гэж улсын яллагчийн зүгээс бодож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэхэд татгалзах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 бүлэгт заасан өсвөр насны шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг бол хэрэглэх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч 2 дахь санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувьд багш, эцэг эхийн хамтарсан хяналтаас гараагүй хүүхдүүд юм. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зүйл заалтыг хэрэглэхэд болохгүй зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эцэг, эхийн хараа хяналтаас гараагүй бие даан шийдвэр гаргах чадваргүй төлөвших буюу өсвөр насандаа явж байгаа хүүхдүүд юм. Насанд хүрээгүй шүүгдэгч нарыг хорих байгууллагад хорих нь буруу юм. Шийтгэхээсээ хамгаалах онцгой шаардлага байгааг эрхэм шүүгч, улсын яллагч нар анхаарч харахыг хүсэж байна” гэсэн санал, дүгнэлтийг хийсэн[19]

Шүүх шүүгдэгч А.*******тод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн шүүгдэгч А.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.

Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүссэн. Шүүх шүүгдэгч А.*******, Б.******* нарын хувьд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэл байгаа эсэхийг судлан үзэхэд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэг[20].

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх

1-рт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж;

  • Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас, 1 сар, 26 хоногтой,
  • Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас, 1 сар, 25 хоногтой байсан байна. Иймд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрсэн байна.

2-рт: “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж;

  • 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтонд хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 нас хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохино[21].

Шүүгдэгч А.******* нь оюун санаа, сэтгэхүй, бие бялдар, эрүүл мэндийн хувьд эрүүл тул цэргийн албанд тэнцсэн, шүүгдэгч Б.******* нь оюун санаа, сэтгэхүй, бие бялдар, биеэ авч яваа байдлын хувьд нийгэмд төлөвшсөн иргэн болсон, Ерөнхий боловсролын шалгалтаа амжилттай өгч, улмаар МУҮИС-д элсэн орсон зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч нар нь оюун санаа, сэтгэхүйн хөгжил, өсөлт бойжилтын хувьд хэвийн бүрэн хэмжээнд хөгжсөн иргэн болох нь тодорхойлогдож байна.

Иймд эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн хүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.

Иймд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарт 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус бүр оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шарнууд овогт Аюушсүрэнгийн *******ийг шүүгдэгч Боржигон овогт Батхуягын *******тай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд  нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Боржигон овогт Батхуягын *******ыг шүүгдэгч Шарнууд овогт Аюушсүрэнгийн *******той бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд  нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарт 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус бүр оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Б.******* нарт оногдуулсан 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Шүүгдэгч А.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ