Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борнууд овогт Арилдийгийн Энхбаярт холбогдох эрүүгийн 2131000000191 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 8 дугаар гудамжны 801 тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Борнууд овогт Арилдийгийн Энхбаяр /РД:МХ89120111/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг 8 дугаар гудамжны 801 тоот хашааны гадна иргэн *******тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, 8 дугаар гудамжны 801 тоот хашааны гадна иргэн *******тэй харилцан зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1.Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын шөнийн цэнгээний газарт эхнэр Алтантуяа, найз Батсайхан нарын хамт бага зэрэг согтууруулах ундааны зүйл уучихаад бүжиглээд байж байсан. Тухайн үед манай хүргэн Цээнээ гэх нэртэй залуу, Баяраа 2 пиво уугаад хажуу талын ширээнд сууж байсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед баарнаас гарах гэж байтал Үжээ гэх эмэгтэй, танихгүй хүүхэнтэй хамт гаднаас орж ирсэн ба нөхөр Баяраагаа аваад гараад явсан. Тэгээд эхнэр Алтантуяаг найз Батсайханаар хүргүүлээд гэрт нь оруулж өгчихөөд би хүргэн Цээнээг авахаар буцаж очтол Баяраа, Цээнээ, Үжээ, танихгүй эмэгтэй 4 баарны гадна байхаар нь би очоод Цээнээг авч машиных нь түлхүүрийг аваад хүргэж өгөх гэхэд Цээнээ өөрөө машинаа бариад явсан. Тэгтэл Баяраа надад “нэг том пиво байгаа, манай гэрт очиж ууя” гэхээр нь Баярааг дагаад гэр лүү нь очтол гэрийнхээ гадаа Баяраа эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгээд би машин сууж байтал чанга чимээ гарахаар нь би “чи эхнэрээ цохичихож байгаа юм уу” гэж асуухад “цохиогүй, түлхээд унагаасан” гэж хэлсэн. Тэгээд Баярааг машиндаа суухаар нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ?” гээд ёс бусаар хараагаад миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж, намайг “машинаас буу, чамайг ална” гэж хэлээд буугаад уруул хэсэгт гараараа 1 удаа цохиод, зүүн нүд рүү гараараа 2 удаа, дагз хэсэгт гараараа 4-5 удаа цохисон. Тухайн үед эхнэр нь бид 2-г салгах гээд чадаагүй бөгөөд цуг явж байсан эмэгтэй над руу мөн адил дайрч, миний нүүр хэсгийг маажсан. Тэгээд хэсэг холдоод байж байтал Баяраа дахин над руу дайраад цохихоор нь би Баяраагийн шанаа хэсэгт 1 удаа цохитол ухаан алдаад унасан. Унахаар нь би толгой хэсэгт өшиглөтөл Баяраагийн толгой хагарчихсан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр ******* 21 цагт гэрээсээ гараад гэрийн ард талд байрлах “АМУ” нэртэй баар луу орсон. Тэгэхээр нь би 21 цаг 30 минутын алдад эгч Цэндмаагийн хамт “АМУ” баар луу орсон. Тэгтэл манай нөхөр *******, Цэрэннадмид нар нэг ширээнд Амартүвшин болон эхнэр Туяа /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ Батсайхан түүний эхнэр Батчимэг нар хажуу талын ширээнд сууж байсан. Би ороод нөхөр *******ыг “юу хийж байгаа юм гэр лүүгээ явъя” гэж хэлээд зүүн хацар хэсэгт нь 1 удаа гараараа алгадаад гадагш нөхрийгөө аваад гараад явсан. Тэгээд баарны хажуу талд байрлах халуун усны гадна очоод байж байтал Амартүвшин ирээд манай гэр лүү цуг явсан. Гэрийн гадаа очоод машинаас буутал манай нөхөр “Амартүвшинтэй дахин нэг пиво ууна” гэхээр нь би “уулгахгүй” гэж хэлээд байж байтал. Машин дотор Амартүвшин, манай нөхөр Энхбаяр нар маргалдсан ба машин дотор Амартүвшин нь манай нөхрийн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл манай нөхөр Энхбаяр нь машинаас буугаад Амартүвшингийн нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд дахин тэр хоёр барьцалдаж автал Амартүвшин нь манай нөхрийг газар унагаад толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Энхбаяр ухаан алдаж унахаар нь би сандраад “хүн байна уу” гэж орилсон. Удалгүй манай нөхөр ухаан орсон бөгөөд би Амартүвшинг хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******гийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэртээ нөхөр *******гийн хамт байж байхад 19 цагийн үед Батсайхан эхнэр Атарчимэгийн хамт гаднаас орж ирээд нөхөр бид хоёрыг гэртээ урьсан. Бид хоёр Батсайхан, Атарчимэгтэй хамт тэдний гэрт очоод 1 шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи хувааж уучихаад бааранд суух санаатай очсон. Тэгтэл Цэрэннадмид сууж байсан ба хэсэг хугацааны дараа Энхбаяр орж ирээд Цэрэннадмидийн сууж байсан ширээнд суусан. Удалгүй гаднаас Энхбаярын эхнэр Бүжинлхам гаднаас орж ирээд Энхбаярыг бааранд “архи ууж суулаа” гэж уурлаад нүүр хэсэгт нь 1 удаа гараараа алгадаад баарнаас аваад гарсан араас нь бид дөрөв (Батсайхан, Амартүвшин, Атарчимэг, Алтантуяа) гараад Батсайхан эхнэр Атартуяагийн хамт Амартүвшин бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Намайг гэртээ орсны дараа манай нөхөр Амартүвшин баар луу явж Цэрэннадмидыг авахаар явсан. Би гэртээ ороод унтаж байхад шөнийн 2-3 цагийн алдад /цагийн сайн мэдэхгүй/ гаднаас Амартүвшин, Батсайхан нар орж ирсэн. Тухайн үед Амартүвшингийн нүд нь хавдсан, уруул нь сэтэрсэн, хувцас хунар нь цус нөж болсон байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад Энхбаярт зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэр Атарчимэгийн хамт 19 цагийн үед Амартүвшингийн гэрт очоод Амар түвшинг эхнэртэй нь гэртээ уриад манай гэр лүү бид нар явсан. Очоод 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи бид дөрөв хувааж уугаад 1 цаг бааранд суухаад гараад “АМУ” нэртэй бааранд очсон. Бааранд очиход Цэрэннадмид сууж байсан бөгөөд Энхбаяр хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд Цэрэннадмидтай хамт нэг ширээнд суусан. Тэгээд Энхбаяр босоод баарны текэн дээр очихоор нь би дагаж очтол Энхбаяр миний гэдэс рүү цохиод авахаар нь би жоохон согтуу байсан болоод ч тэр үү бага зэрэг уурлаад бид хоёр гадагшаа гарсан. Гараад учраа олсон бөгөөд текний хажууд намайг “хөөе сайн уу” гэж хэлээд миний гэдэс хэсэг рүү хүрснийг би согтуудаа буруу ойлгосон байсан. Бид хоёр учраа олоод буцаад баар луу орсон бөгөөд баар луу ороод байж байхад Энхбаярын эхнэр нь орж ирээд Энхбаярыг бааранд орж “пиво уулаа” гэсэн үг өгүүлэмжтэй зүйл хэлээд нүүр лүү нь алгадсан. Тэгээд Энхбаярыг аваад гарсан мөн бид дөрөв /Амартүвшин, Туяа, Атарчимэг/ гараад Атарчимэг бид хоёр Амартүвшинг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгөөд гэр лүү харьсан. Тэгтэл шөнийн 2 цагийн алдад Амартүвшин манай гэрт хүнд зодуулсан байдалтай орж ирээд “Энхбаяр намайг зодчихлоо” гэж хэлээд орж ирэхээр нь би машиндаа суулгаад гэрт нь аваачиж өгсөн. Амартүвшин нь зарим үед түргэн ууртай, түргэн зантай сайн зан чанар нь гэвэл ажилч хичээнгүй, хөдөлмөрч, хүнд тустай, хүн амьтантай хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, эхнэр, 4 хүүхдийн хамт Цагааннуур суманд амьдардаг. Одоо сургуулийн жижүүрийн ажил хийдэг..." гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөр Батсайханы хамт тэр өдрийн 19 цагийн орчим Амартүвшингийн гэрт очоод тэдний гэр бүлийг гэртээ уриад бид 4 “Соёрхол” нэртэй 0,5 литрийн архи хувааж ууж дуусгаад, бааранд хэсэг суух зорилгоор “АМУ” нэртэй бааранд орсон. Тэнд хэсэг сууж байгаад баарнаас гараад Амартүвшинг эхнэрийнх нь хамт хүргэж өгөөд нөхөр бид 2 харьж амарсан...” гэх мэдүүлэг[6],

7. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 367 дугаар “...*******гийн биед уруул язарсан шархтай, 4 ширхэг шүд бага зэргийн хөдөлгөөн орсон, зүүн зовхи, хацар шанаа, эрүүнд улаан хүрэн зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[7],

8. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 375 дугаар “...*******ын биед толгойн орой хэсэгт хуйханд няцарсан шарх, зовхинд цус хуралт, нүдний салстад цус харвалтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[8],

9. Шүүгдэгч *******ын 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Амартүвшин бид 2 архи уугаад 2-лаа согтсон байсан. Архи дахиж уух, уухгүй гэдэг асуудлаас л болж маргалдсан юм. Амартүвшин бид 2 нэгнийгээ эртнээс мэднэ урд өмнө бид 2 маргалдаж байгаагүй, бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо маргалдаж зодолдсон байна...” гэх мэдүүлэг[9],

10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11], 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[12], 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[14], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчтой эвлэрэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борнууд овогт Арилдийгийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борнууд овогт Арилдийгийн Энхбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ