| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2016/00341/И |
| Дугаар | 438 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 438
2017 оны 7 дугаар сарын 19 өдөр Дугаар156/ШШ2017/438 Хэнтий аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2016/00341/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, Норовлинд оршин суух Нарангэрэлийн Пүрэвхүү /РД: СЮ-79020814/-д холбогдох,
“90 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нанжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Н.Пүрэвхүү нь 2014 оны 05 дугаар сарын 24 өдөр манай компанитай 1099596 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэг жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Н.Пүрэвхүү нь 1099596 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй нэг болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 60 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Н.Пүрэвхүүтэй байгуулсан 1099596 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30 000 төгрөг, нийт 90 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. /хх 1/
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нанжидмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Жи мобайл ХХК-ын зүгээс Н.Пүрэвхүүд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.Пүрэвхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, төлбөр төлсөн баримтаа ирүүлсэн тул манай байгууллагын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Н.Пүрэвхүүгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жи мобайл ХХК нь хариуцагч Н.Пүрэвхүүгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Жи мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 106.5-д зааснаар хариуцагч Н.Пүрэвхүүгээс 2 275 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг зохигчдод мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.АРИУНАА