Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2015/0448/З |
Дугаар | 221/МА2016/0018 |
Огноо | 2015-12-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2016/0018
"Х М г" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "Х М г" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Х201504061046, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Х201504061061 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлүүдийг хүлээн авч, бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг бүртгэхийг даалгуулах гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхайн сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь захиргааны акт болно. Иймд нэхэмжлэгч компаниас гаргасан Х201504061046, Х201504061061 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй ажиллагааг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д тус тус заасныг баримтлан Хөхмонгол групп ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ...2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Х201504061046, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Х201504061061 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлүүдийг бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүй, мөн бидний нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй дүгнэлт хийж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан "нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн, талуудын гаргасан тайлбар, баримтаас хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн" болох нь шүүхийн шийдвэрт дүгнэсэн дараах хэсгүүдээс харагдаж байна.
Манай компани нь 2015.04.09-ний өдөр Х201504061046 дугаарт гаргасан өргөдөл мөн 2015.04.10-ны өдөр Х201504061061 дугаарт гаргасан өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байтал шүүхээс ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 104 дүгээр уртрагийн баруун хэсэгт олгосон ажлын тайлан, 104 дүгээр уртрагийн зүүн хэсэгт олгох бэлтгэл ажлын танилцуулгыг Засгийн газрын 2015.06.29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд 104 дүгээр уртрагийн зүүн хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгон, хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад даалгаснаас үзэхэд ийнхүү баруун, зүүн хэсэгт хуваан хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж буй зохион байгуулалтын арга хэмжээг буруутгах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь бид Ашигт малтмалын газраас VNP төхөөрөмж болон өргөдлийн дугаар олгох бүртгэлийн системд нэвтрэх эрхийн төлбөр болон үйлчилгээний төлбөрөө төлөн өргөдлийн дугаар авсан маягтад заасан хугацаанд нь гаргасан өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь "Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн аваагүй тухай тодорхойлолт" гэсэн бичиг хийж өгч бидний гаргасан өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүй нь хууль бус байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх ажиллагааг бүрэн гүйцэтгэлгүйгээр татгалзсан нь хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан үүргээ биелүүлэлгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь өргөдлийг хүлээн авч, бүртгэхтэй холбоотой процессыг зөрчсөн гэж маргасан.
Гэтэл шүүхээс нэхэмжлэл гаргаснаас дараах буюу 2015.06.29-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон өргөдлийг бүртгэн хүлээн авсаны дараах ажиллагааны талаар дүгнэлт өгч байгаа нь нэхэмжлэлийг шаардлагад хамааралгүй байна. Мөн шүүхээс "... уртрагийн 104 дүгээр градусаас зүүн хэсгийн талбайд ""Х М г"" ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх нь тухай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар түрүүлж өргөдөл гарган шийдвэрлүүлэх тэгш боломжийг хязгаарлах юм" гэж буруу дүгнэсэн гэж үзэж байна. Дээр дурьдсанчлан энэхүү маргаан нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой маргаан биш бөгөөд гагцхүү багагүй хэмжээний зардал гаргаж, үйлчилгээний хураамж төлсний хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үйлчилгээгээ авч хуульд заасан хариуг авахыг хүссэн юм.
Мөн шүүх "... Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь заалтуудаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан байх бөгөөд энэхүү тохиолдолд хүсэлтэд дурдсан талбайд зураг зүйн шүүлт хийх, хуулийн дагуу хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шалтгаан, үндэслэлийг заах, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэх зэрэг ажиллагаа хийгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл, хуульд нийцүүлэн өргөдлийг шийдвэрлэх зохицуулалтад хамаарахгүй байх тул өргөдлийг хүлээн аваагүй хариуцагчийг үйлдлийг хууль бус гэж үзэхгүй болно" гэсэн нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2014.07.28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг бүхэлд нь тогтоосон. Энэхүү тогтоолыг үндэслэн Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаал гарч талбайн солбилцлыг бүхэлд нь бүртгэж, тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан. Иймд сонирхогч этгээдээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх нээгдсэн.
Шүүхийн "...хуульд нийцүүлэн өргөдлийг шийдвэрлэх зохицуулалтад хамаарахгүй байх тул ..." гэх дүгнэлтийн үндэслэл болох Засгийн газрын хуралдаанаас хуульд заасан журмын дагуу гаргасан шийдвэр буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт /104 дүгээр уртрагаар зааглан/ олгох талаар төрийн захиргааны эрх бүхий байгууллага /Засгийн газар/-аас ямар нэг шийдвэр гаргаагүй байхад сонирхогч этгээдээс холбогдох төрийн захиргааны байгууллага хандан өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласан дүгнэлт хийж хуулийн буруу тайлбарласан байна гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 29-ний өдрийн 605 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Хөхмонгол групп ХХК-ийн гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Х201504061046, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х201504061061 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг бүртгэхийг даалгах гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон, түүнчлэн Уул, уурхайн сайд нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах бүрэн эрх хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Засгийн газрын дээрх 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун тал буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр хүргүүлсэн тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын тухай холбогдох танилцуулгаар тогтоогдож байна.
Гэтэл "Х М г" ХХК нь дээрх талбайд бус, харин тухайн үед өргөдөл хүлээн авч эхлээгүй байсан зүүн хэсэгт өргөдлөө гаргасан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1-д шаардлага хангасан өргөдлийг хүлээн авч он, сар, өдөр, цаг минутыг тэмдэглэх, тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд өгсөн өргөдөлд тусгай тэмдэглэл хийх, түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэх шүүлт хийх зэрэг үйл ажиллагааг захиргааны байгууллага явуулахаар заажээ. Үүнээс үзвэл тусгай зөвшөөрлийг олгох эсэхийг шийдвэрлэхэд шаардлага хангасан өргөдлийн бүртгэгдсэн хугацаа онцгой ач холбогдолтой байна.
Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас олгож эхлээгүй байгаа талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байх тул уг өргөдлийг дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүртгэдэг дэвтэрт бүртгэж, хуульд заасан ажиллагаа хийх өргөдөл гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэйгээр, шударгаар оролцох ёстой тул Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан харилцаа нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүсэхээргүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ... энэхүү маргаан нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахтай холбогдсон маргаан биш бөгөөд гагцхүү багагүй хэмжээний зардал гаргаж, үйлчилгээний хөлс төлсний хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үйлчилгээгээ авч хуульд заасан хариуцагч авахыг хүссэн юм гэсэн үндэслэлийг дурьдаж байгаа боловч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэснээр эрх үүсэх тул зөвхөн өргөдлөө хариу аваад дуусгавар болох, хойшид хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж гаргасан эсэх талаар маргаан үүсэхгүй гэж дүгнэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Хөхмонгол групп ХХК-ийн дээрх талбайд түрүүлж өгсөн өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг зөрчөөгүй, харин ч 104 дүгээр уртрагийн баруун хэсгийн 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авах талаар нийтэд мэдээлсэн атлаа уртрагийн 104 дүгээр градусаас зүүн хэсгийн талбайд Хөхмонгол групп ХХК-ийн гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх нь тусгай зөвшөөрөл хүсэгч бусад этгээдүүдийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар түрүүлж өргөдөл гарган шийдвэрлүүлэх тэгш боломжийг хязгаарлах юм гэсэн дүгнэлт зөв байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР