Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0028

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

улсын яллагч Н.Бадам,

дэг сахиулагч П.Отгонбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201618010054 дугаар нэг хавтас хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  оногдуулан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн МЛ- дугаартай, Тэмээчин овгийн *******.

     Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн иргэн *******ын цоожтой өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хурган арьсан дотортой дээл тус бүр 1 ширхэг, 3 хүний майхан 1 ширхэг, дуран 1 ширхэг, хулаан сав 1 ширхэг, эмээл 1 ширхэг, тогоо 1 ширхэг, метрийн гялгар уут 7 метр, DVD тоглуулагч 1 ширхэг, аяга 10 ширхэг, тэжээлийн буудай 2 шуудай зэрэг эд зүйл хулгайлан нийт 1.452.500 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-17-18/,
  2. Гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-20/,
  3. Гэрч О.Саранжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-22/,
  4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/,
  5. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-11/,
  6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/,
  7. Сэлэнгэ аймгийн Сант сумын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн  №13 тоот акт /хх-9/,
  8. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-15/,
  9. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-24, 25, 26/,
  10. Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-33-36/,
  11. Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-32/,
  12. Шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хохирогч *******ын хохирлын мөнгө хүлээн авсан талаарх хүсэлт  /хх-56/,
  13. Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч ******* нь  2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22.00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багт байрлах иргэн *******ын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй үстэй дээл, эмэгтэй хурган дотортой дээл, ди ви ди тоглуулагч, майхан, дуран, халуун сав, 7 метр гялгар уут, эмээл, тогоо, 10 ширхэг аяга, 2 уут гахайн будаа зэрэг 1.452.500 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...2013 оны 03 дугаар сарын 20-ны өглөө сумын төвд байдаг гэртээ 11 цагийн үед ирсэн. Үүдний амбаарын нэг банз салчихсан дотор хаалга онгорхой байсан. Тэгээд байшин руугаа ороод харахад хамаг юмыг бусниулчихсан, эмх замбараагүй болчихсон байсан. Тэгэхээр нь хулгай орсон юм байна гэж бодоод алга болсон юм юу байна гээд эд зүйлээ бүртгэсэн чинь манай нөхөр бид хоёрын үстэй дээл, 3 хүний майхан, DVD тоглуулагч, эмээл, тогоо, гялгар уут, цайны халуун сав, гахайндаа өгсөн байсан 2 шуудай будаа зэрэг эд зүйлс алга болсон байсан. Тэр өдрөө хаалга үүдийг сайтар бэхлэж хоноод маргааш ирж шалгаад 2 нүдний дуран, шаазан аяганууд бас алга болсныг мэдсэн. Тэгээд цагдаад хандсан юм..., ...Цагдаагаас надад эд зүйлс болох гадаргүй 2 дээлний дотор, халуун сав нэг ширхэг, аяга 2 ширхэг, сд тоглуулагч нэг ширхэг, гэрийн бүрээс хийхээр гялгар уут, дуран /2 нүдний/ нэг ширхэг, майхан нэг ширхэг зэргийг хүлээж авсан. Харин монгол бүрэн тоногтой эмээл нэг ширхэг, 8 ширхэг аяга, шуудай будаа 1 ширхэг, тогоо зэргийг хүлээлгэж өгөөгүй. Хохирлын мөнгө гэж надад 421.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнд нь эмээлний 300.000 төгрөг, тогоо 20.000 төгрөг, шуудай будаа 1 ширхэг 15.000 төгрөг, хурган дотортой дээлний гадарга өнгөний мөнгө 80.000 төгрөг, 8 ширхэг аяганы мөнгө гээд 6000 төгрөг өгсөн. Нийт 421.000 төгрөг болж байгаа. Би нөхрийнхөө дээлний дотрыг хүлээж авсан боловч буцаагаад *******т өгсөн. Яагаад гэхээр манай нөхөр бөхийн цолтой бөх учраас буцааж өгсөн. Бөх хүний дээл бүс, малгай зэрэгт нь хийморь нь явдаг гэж үздэг. Тэгсэн ******* манай нөхрийн дээлний дотрыг гутлынхаа хайрцагт нуугаад гадрыг нь гадаа хогон дундаа хийсэн байсан. Эр хүний хийморь явдаг зүйлийг авахгүй гэдгээ хэлсэн. Харин минийх бол яах вэ би хэд төрсөн эмэгтэй хүн бузартана гэж юу байхав дээ эр хүний дээл хувцсыг арай тэгж болохгүй би авахгүй гэдгээ хэлээд хулгай хийсэн *******т буцаагаад өгсөн. Одоо нөхрийнхөө дээлний мөнгө гэж 500.000 төгрөг нэхэмжилж байна. Манай нөхрийн дээл сэгсүүрэн дотортой давуун дээл байсан зах зээлийн үнээс үнэлж мөнгөө нэхэмжилж байгаа. Яагаад гэхээр *******ийн амьдралыг харвад тийм ч сайхан амьдралтай хүмүүс биш учраас би боломжийг нь харж байгаад 500.000 төгрөг гэж хэлж байгаа. Энийг ч гэсэн ******* хүлээн зөвшөөрөөд мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын дундуур өгөхөөр надтай ярьж тохирсон байгаа. Бидний дунд одоо өр авлага байхгүй. Бид нар хоорондоо ярьж тохирсон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-29/,

гэрч Ж.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой бүрэнхий болж байсан гэхээр 18 цаг өнгөрч байхад манай гадаа нэг хүн орилоод байхаар нь гараад харахад ******* манай хашааны гадаа ирчихсэн байсан. Тэгээд надад “та гахайн будаа авахгүй юм уу надад 1 шуудай хогийн тэжээлийн будаа байна мөнгө хэрэг болоод байна. Тэрийгээ зарах гэсэн юм, та 10.000 төгрөгөөр авчих” гэхээр нь би авъя тэгэхдээ одоо мөнгө байхгүй юм чинь маргааш өглөө л болъё гэж хэлээд гэртээ байж байхад удаагүй ******* нэг шар шуудайтай амыг нь дээр боогоод 40 орчим кг жинтэй будаа манай гэрийн амбаарт өөрөө оруулж тавиад “өглөө мөнгөө авъя” гэж хэлээд манайхаас явсан. Тэгээд дараа нь өдөр нь буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн өглөө *******ийн гэрт нь очоод 10.000 төгрөг өгсөн. Би гэрийнх нь гадаа дуудаад гараад ирэхээр нь мөнгийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-34/,

гэрч О.Саранжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхад манай нөхөр гадаа гараад хэсэг байж байгаад орж ирэхдээ цагаан өнгийн халуун сав бариад ороод ирэхээр нь “юун халуун сав бэ” гэхэд “Энхбат ахынхаар ороход сая өглөө” гэж хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа байх 2 аяга, DVD тоглуулагч барьж орж ирээд Наранхүү эгч өглөө гэсэн. Тэгэхээр айл юм өглөө гээд тухайн үед баярласан. Хэд хоногийн дараа манай баруун тал руу байдаг Баянжаргал эгч орж ирээд манайд хулгай орсон байна, цэргийн баярын үеэр л ахын чинь болон миний үстэй дээл алга болсон гэж хэлсэн. Би 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шуургатай байсан, гадна гялгар уут хийсээд байхаар нь гараад хараад манай модны түлээний цаанаа ард байх эд зүйл овоолдог газар нэг уут хийсээд байхаар нь юун гялгар уут билээ гээд очиж харахад, дотор нь майхан, 2 үстэй дээл, нэг дуран байхаар буцаагаад бүтээсэн. Манай нөхөр тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа ямаа самналтаас ирэхээр нь юу болсон гэж асуухад надад хэлэхгүй байсан. Тэгээд Баянжаргал эгч 2 үстэй дээл бусад эд зүйл алга болсон гэж хэлж байсан. Тэр зүйл манай гадна байгаа болохоор чи л хулгайлаа биз чамайг цагдаад хэллээ гээд гараад явсан. Тэгээд цагдаа руу явж байхдаа айгаад дээр нь өөрийн нөхрөө цагдаад хэлнэ гэхээр эвгүй санагдаад, хүүхдүүд маань нүдэнд харагдаад очиж хэлж чадаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

Үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний 13 тоот актанд: эрэгтэй үстэй дээл 250.000 төгрөг, эмэгтэй хурган дотортой дээл 500.000 төгрөг, DVD тоглуулагч 60.000 төгрөг, майхан 75.000 төгрөг, дуран 150.000 төгрөг, халуун сав 15.000 төгрөг, гялгар уут 3500 төгрөг, эмээл 300.000 төгрөг, тогоо 35.000 төгрөг, 10 ширхэг аяга 13000 төгрөг, гахайн будаа 2 шуудай 30.000 төгрөг нийт 1.452.500 төгрөгийн үнэтэй” гэжээ. /хх-31/,

шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд сумандаа гадуур хэсч архи уусан юм. Ингээд гэр рүүгээ 17 цагийн үед гэртээ харьж унтсан. Хэсэг унтаад 18 цагийн орчим архи уумаар санагдаад байхаар нь гэрээсээ гараад сумын төвийн дэлгүүрүүдээр явж архины зээл тавих гэхэд зээл өгөх дэлгүүр байхгүй байсан тул эргээд гэр лүүгээ явж байхад манай хойд талын гудамжинд байдаг Цэнгэл ахын хашаа нь баруун талаараа нурсан байсан. Тэгэхээр нь би хашаанд яваад ороход Цэнгэл ахын байшингийн үүдний амбаарынх нь пингийн банз унасан байхаар нь би тэр банз унасан хэсгээр дотогш харахад байшингийн хаалга нь онгорхой байсан. Үүднийх нь пингийн хаалга нь гадна талаасаа ил цоожтой байсан учир хүн ирээгүй юм байна гээд би пингийн банз унасан хэсгээр дотогш байшинд орсон. Байшинд ороход авдарных нь таг онгорхой байсан бөгөөд хайрцагт байсан эд зүйлийг гаргаад шалаар нэг тараасан байсан. Тэгэхээр нь тэдгээр зүйлийг бүгдийг нь хамж аваад байшингийн үүдний пингээр гадагш гаргасан. Гаргасан хойноо би архиндаа тасраад унтсан байсан бөгөөд нэг сэрэхэд харанхуй болсон байсан ба би хашаан дотор нь хашааных нь буланд хэвтээд унтчихсан байсан. Тэгж ухаан ороод би байшингаас гаргасан эд зүйлээ аваад гэр лүүгээ 2 тасалж зөөсөн. Манай гэр тэдний гудамжны урд талын баруун талд нь Цэнгэл ахынх манай хойд талын гудамжны зүүн үзүүрт нь байдаг бөгөөд би хулгайлсан зүйлүүдээ 2 хувааж таслаад гэрийнхээ хашаанд оруулаад манай гэрийн гадаа байх эрээн гялгар уутанд доогуур хийсэн. Ингээд би гэртээ ороод унтаад өгсөн. Маргааш нь босоод ямаа самнах халтуурын ажилд явсан. Би Цэнгэл ахынхаас хулгай хийсэн талаар эхнэртээ юу ч хэлээгүй. Үүнээс 2-3 хоногийн дараа эхнэрийг  байхгүй хойгуур эрэгтэй, эмэгтэй 2 үстэй дээлийн өнгийг нь салгаад үстэй доторыг нь хайрцагт хийгээд, гадна өнгийг нь шуудайнд хийгээд үүдний амбаарт тавьсан юм. Мөн DVD тоглуулагч, халуун сав, 10 ширхэг шаазан зэргийг гэртээ оруулаад тавьсан юм.  Үүнээс хойш би хөдөө ямаа самнах ажилд яваад ирэхэд манай эхнэр намайг хаанаас хулгай хийсэн юм гээд бөөн юм болсон. Тэгтэл намайг ямаа самнах ажилд явсан хойгуур салхи болоод, гадаа байгаа гялгар уут салхинд хийсээд, доор нь хийсэн байсан эд зүйл ил гарсан юм билээ. 2 нүдний дуран, савтай майхан, DVD тоглуулагч, хуйлаастай гялгар цаас, эрэгтэй эмэгтэй 2 хүний үстэй дээл, цайны халуун сав, 10 ширхэг шаазан аяга, 2 шуудай будаа, эмэгтэй хүний монгол эмээл, 20 л тогоо зэрэг зүйлийг авсан. 1 шуудай будааг Бамбарууш гэдэг хүнд 10.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн нэг будааг хашааны буланд тавьсан байсан нь алга болсон байсан. 2 нүдний дуран, савтай майхан, DVD тоглуулагч, хуйлаастай гялгар цаас, эрэгтэй эмэгтэй 2 хүний үстэй дээл, цайны халуун сав, 10 ширхэг шаазан аяга зэрэг зүйлийг нь эргүүлж өгсөн. Би эмээл тогооны үнэ гэж 420.000 төгрөг өгсөн. Баянжаргал эгч эрэгтэй хүний үстэй дээлийг нь авахгүй, мөнгөөр төлүүлж авна, тэр дээлээ 500.000 төгрөг гээд байгаа юм. Үүнийг төлөх дутуу байгаа. Энэ мөнгийг 8 сарын 20-ны өдөр өгөхөөр Баянжаргал эгчтэй тохирсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх- 25/,

шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянжаргалын байшинд ороод 1 эмээл, 1 тогоо, 2 үстэй дээл, 10 аяга, 1 халуун сав, 7 метр гялгар цаас, ди ви ди тоглуулагч, майхан, 2 уут будаа зэрэг эд зүйлийг авсан. Авсан зүйлээ гэрийнхээ гадаа тавьчихсан байснаа буцаагаад өгсөн. Тэгээд би үлдэгдэл хохирлоо бүгдийг нь төлж барагдуулаад ирсэн. Өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгт дурдсан хулгайн эд зүйлс зэрэг нь хохирогчийн мэдүүлэгт дурдсантай тохирч байгаа ба гэрчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч *******ийг  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч ******* “...Сэлэнгэ Сант сумын иргэн Бадарч овогтой Баянжаргал би Дэлгэрмаа овогтой Оргилбулагаас хохирлын мөнгө 921.000 төгрөг төлүүлж авсан. Иймд одоо надад гомдол санал байхгүй. Оргилбулагын уг байдлыг харж үзэж хуулийн хэрэгээс салгаж ялгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн-56/ ирүүлсэн тул хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

     Шүүгдэгч нь урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3/76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  оногдуулан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан ба *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хуульд заасан торгох, баривчлах, хорих ялуудаас хорих ялыг сонгож хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч *******ийн эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,  284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тэмээчин овгийн *******ийг орон байранд  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******т нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч *******т хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн тасагт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХБАЯР