Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 552

 

 

 

 

 

 

 

 

 

 “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/01397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Сэргэлэнд холбогдох,

Автомашины үнэ 50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: О.Гэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн төлөөлөгч О.Гэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Сэргэлэн нь манай банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч байсан иргэн Д.Баттөрийн зээлийн барьцаа болох УНЗ 00-30 дугаартай мерседес бенз эс 500 /Mercedes benz S-500/ маркийн автомашиныг худалдан авч, манай байгууллагад 50 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Д.Сэргэлэн нь уг машиныг 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авсан бөгөөд 2 сарын дотор буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд 50 000 000 төгрөгөө төлнө гэсэн ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Бид удаа дарааллан уулзаж, байнга төлбөр төлөхийг шаарддаг байсан ба Д.Сэргэлэн нь удахгүй төлөхийг амладаг байсан боловч өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй. Иймд Д.Сэргэлэнгээс 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие танил болох Д.Баттөрөөс 18 000 000 төгрөгийн авлагатай байсан бөгөөд уулзах бүрт дараа мөнгө орж ирэхээр барагдуулна гэж ярьдаг байсан. Нэг өдөр Д.Баттөрөөс авлагаа нэхэхэд боломжгүй байна гээд өөрийн унаж явсан Мерседес Бенз маркийн автомашинаа надад барьцаалсан, гэхдээ уг автомашинаа “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д давхар барьцаанд тавьсан байсан. Баттөрийн зээлийн үлдэгдэл 20 гаруй сая төгрөгийн зээлтэй байсан. 2014 оны 09 дүгээр сард Баттөр над дээр ирж мөнгийг чинь төлж чадахгүй, “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д машинаа алдах гээд байна чиний боломж байвал миний зээлийг төлж мөн өрөндөө суутгаад миний машиныг аваач гэж хүссэн. Би албан ёсоор зөвшөөрөөгүй ч Баттөрөөс мөнгөө хурдан авах арга энэ л байна гэж бодсон ч надаа мөнгө байгаагүй, тус ББСБ-аас худалдагдах боломжтой эсэх талаар асууж тайлбар авч байсан. Гэхдээ хэрвээ гэдэг нөхцлийг 2 талд аль алинд нь мэдэгдэж байсан, бүтэхгүй бол Баттөрөөс мөнгөө аваарай гэж, мөн “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл энэ сайхан сэтгэлийг маань өр төлбөртэй юм шиг ойлгож надаас нэхэмжилж байна. Иймд тус “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-д ямар ч зээлийн өр төлбөргүй. Уг иргэний хэрэгт хамааралгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

            Шүүх:. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Сэргэлэнгээс 50 000 000 төгрөг гаргуулах тухай “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Гэрэл давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйн улмаас гомдолтой байна. Хариуцагч Д.Сэргэлэн нь "Мөнгөн зоос кредит ББСБ" ХХК-ийн захирал О.Гэрэлээс тус байгууллагаас зээл авсан Д.Баттөрийн зээлийн барьцаа хөрөнгө болох Mercedes benz S-500 маркын УНЗ 00-30 дугаартай автомашиныг худалдан авсан тул түүнээс уг машины төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Д.Сэргэлэн нь уг машины үнэ болох 50 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн баталгааны баримтуудыг удаа дараа үйлдэж өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болж байгааг шүүх үнэлэх ёстой байсан.

Мөн Д.Сэргэлэн нь Mercedes benz S-500 маркын УНЕ 99-44 дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд аваад, хүмүүс Д.Баттөрийн машиныг унаад явж байна гэж яриад байна, би өөр дугаар авмаар байна гээд тус машины улсын дугаарыг нь УНЗ 00-30 болгон өөрчилж өгөхийг хүссэнийг нэхэмжлэгч тал хүлээн авч өөрчилж өгсөн байдаг. Эндээс үзэхэд Д.Сэргэлэн нь худалдан авсан эд хөрөнгийг хүлээн аваад өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж, машиныг өөрийн хэрэгцээнд унаж хэрэглээд бараг 2 жил хагас болж байна. Нэхэмжлэгч "Мөнгөн зоос кредит ББСБ" ХХК-ийн захирал О.Гэрэл нь барьцааны хөрөнгө болох, өндөр үнэтэй машиныг бусдын эзэмшил ашиглалтанд үнэ төлбөргүй удаан хугацаагаар ашиглуулах шаардлагагүй бөгөөд Д.Сэргэлэнгийн хүсэл зорилгын дагуу түүнд зээлээр худалдсан байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд үүссэн дээрх бодит байдалд холбогдох иргэний хуулийн заалтуудыг зөв хэрэглэж, нэхэмжлэгч талын зөрчигдсөн эрхийг сэргээх талаас нь үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна. Хэрвээ шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэж байгаа бол хариуцагчийн бусдын өмчлөлийн зүйлийг өөрийн эзэмшилд аваад ашиглаад төлбөрийг нь төлнөө гээд байгаа үүрэг хүлээсэн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК нь хариуцагч Д.Сэргэлэнд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, зээлийн төлбөргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

            Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг маргааны зүйл болох “Мерседес бенз эс 500” маркийн УНЕ 99-44 улсын дугаартай автомашины үнэ тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон энэ талаар талууд хэрхэн мэтгэлцсэн нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээнд, эсхүл зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авах замаар барьцааны зүйлийг чөлөөлүүлсэнтэй холбоотой аль нь болохыг, түүнчлэн маргаж буй автомашины өмчлөгч хэн байгааг нь тодруулах шаардлагатай.

 

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сэргэлэнгийн бичгээр гаргасан тайлбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаа холбоогүй байх тул талуудын тайлбарт дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг тодруулаагүйгээс давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2016/01397 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Мөнгөн зоос кредит ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ        

                                                                                                          

                                                                                                            Д.ЦОГТСАЙХАН