Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч *******, С.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэгмэдийн Батчулуун, Боржигон овогт Содномдоржийн ******* нарт холбогдох эрүүгийн 2131000000206 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн хаяг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг, Хонгорморьт 1 дүгээр хэсэг гудамж, 216 тоот, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 077 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Содномдоржийн ******* /МК76041404/;

2.Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Уран Сэлэнгэ” ХХК-д харуулаар ажилладаг, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний үнэмлэхийн хаяг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 1 дүгээр баг, Хонгорморьт 1 дүгээр хэсэг гудамж, 216 тоот, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 077 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэгмэдийн Батчулуун /МК72021317/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нөхөр *******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний зүүн далны дор хэсэгт хутгаар хутгалж, зүүн далны дор зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралтын бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эхнэр С.*******ийг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын алганд хутгаар хутгалж, зүүн алганд зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нөхөр *******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний зүүн далны дор хэсэгт хутгаар хутгалж, зүүн далны дор зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралтын бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө эхнэр С.*******тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний зүүн гарын алганд хутгаар хутгалж, зүүн алганд зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *******, С.*******  нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч С.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нөхөр Батчулуун миний толгойноос атгаж үсдэн, гараараа нүүр рүү цохиод хөл рүү өшиглөсөн. Мөн Батчулуун миний гарыг хутгаар зүссэн. Би нөхөртэйгээ хамт амьдраад 20 гаран жил болж байна. Бид 2 дундаасаа 4 хүүхэдтэй. Батчулуун нь архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ агсам тавьж, цохиж зоддог байсан. Надад одоогоор гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],

4.Хохирогч *******ы 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шаамар суманд “Уран Сэлэнгэ” ХХК-ны тоосгоны үйлдвэртээ ажиллаж байгаад амралтын өдөрт гэртээ очиж пийшин янзлах ажлаар ирсэн. Би өглөө гэртээ эхнэр С.*******ийн хамт пийшингээ янзлах ажлаа хийж байгаад Намжил эгчтэй утсаар яриад тоосго авахаар болоод машинтай гарч явсан. Намжил эгчийнд очоод хэдэн тоосго аваад гэр лүүгээ буцсан. Дараа нь гадна явж байхдаа Тунгалаг /Тунгалагсэлэнгэ/-тэй уулзаад гэртээ авч ирсэн. Би 15 цагт гэртээ очоод пийшингийн ажлаа хийж дуусгаад шавардахад бэлэн болгочихоод 17 цагийн үед эхнэр *******, Намжил эгч, Тунгалагсэлэнгэ нарын хамт хоол хийж идчихээд 0.75 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи хувааж ууж ууцгаасан. Эхнэр ******* маань гэрээс гарч нэг шил архи авч ирсэн юм шиг байна лээ. Би болохоор тухайн үед нэлээн их архи ууснаас болоод тасарсан юм шиг байна, юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд шалан дээр сууж байхад нуруунаас шингэн юм гараад байхаар нь гараараа арчаад үзсэн чинь цус байсан юм. Тэгээд би Намжил эгчээс “юу болоод байна, нуруу руу хэн хутгалчихваа” гэж асуухад Намжил эгч надад хандаж “намайг орон дээр унтаж байхад хүмүүс орилж хашхираад байхаар нь босоод ирлээ” гэж хэлж байсан. Тухайн үед манай эхнэр байгаагүй. Тэгээд Намжил эгч охин Баярцэцэг рүү ярьсан гэсэн. Би эмнэлэгт ирэхэд эхнэр шархаа боолгоод хэвтэж байсан. Би эхнэрээсээ хол ажилладаг. Сард 1-2 удаа ирдэг. Зуны цагт бараг ирдэггүй тул эхнэрээ бусадтай уулзаж учирч байгаа болов уу, залгах үед нь утсаа авахгүй байх зэргээс болж хий төсөөлөн харддаг.Тэгээд архи хэрэглэж согтуурсан үедээ эхнэртээ агсам согтуу тавиад ганц хоёр гар хүрчихдэг асуудал байдаг. Эхнэр маань надад агсам согтуу тавиад байдаггүй. Бид 2 хааяа хааяа бага зэрэг ам зөрдөг болохоос хэрэлдэж зодолдож байгаагүй. Миний даланд үл ялиг хутгаар зүсэгдсэн шархтай, 6 ширхэг оёдол тавиулсан, шарх аниулах тариа хийлгэж байна. Одоо надад өвдөж шаналах зүйл байхгүй, цаашид хагалгаа хийлгэх болон бусад эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед гэртээ байхад Намжил гэдэг хүн над руу утсаар залгаж “Батаа хутгалуулчихлаа, эмнэлэг рүү авч явья” гэсэн утгатай юм ярихаар нь таксигаар төрсөн ах Батчулууны гэр лүү явсан. Намайг очиход хашаан дотор цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн түргэн тусламж ирээд Батчулуун ахыг авч явсан. Манай төрсөн ах Батчулуун, бэр эгч ******* нар нь гэр бүл болоод 30 гаруй жил болж байгаа. Миний ажигласнаар хоорондоо эв найртай, бие биедээ халамжтай хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед гэртээ байхад над руу ******* утсаар залгаж манайд хүрээд ирээч гэхээр нь очсон. Тэдний гэрт Тунгаа, Отгоо, Батаа /Тунгалагсэлэнгэ, *******, Батчулуун/ 3 сууж байсан. ******* надад цуйван хийж өгөхөөр нь идээд дараа нь 0.75 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи задалж өгсөн. Бид нар 4-үүлээ уг архийг ууж дуусгасан. Тэгээд тэдний гэрийн пийшингийн шавар шороог янзалж цэвэрлэсэн. ******* оройн харуй бүрий болж байхад дахиад 1 шил архи авч ирсэн. Тэгээд 2 дахь шил архийг дуусахад Тунгаа гэр рүүгээ харьсан. ******* “дахиж нэмж 1 шил архи аваад ирье” гээд байхад нь би “битгий та 2 хоорондоо муудалцдаг шүү дээ” гэж хэлээд байхад тоогоогүй, би *******т хандаж “Отгоо хоёулаа Тунгаагийнд очиж хоноё, Батчулуун та 2 муудалцаад эхэлдэг шүү дээ гэж зөвлөсөн. ******* дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг авч ирсэн. Тэр сууж байхад Батаа Отгоо 2 хоорондоо үг сөрж хэрэлдэж байсан. Тэгэхээр нь би шилтэй архийг нь гадаа гаргаад хагалсан. Батаа, Отгоо 2 тийм ч ширүүн хэрэлдэлгүй “архи ууна, уухгүй” гэх мэт үг хэлээд сууж байхад нь миний нойр хүрээд орон дээр нь унтсан. Би “ёо ёо” гэх чимээнээр сэрэхэд Батчулуун орилчихсон, нуруунаас нь цус гарчихсан байсан. ******* хаалгаар гараад явсан байсан. Би Батчулуунаас юу болсон талаар асуухад “Оогий намайг хутгалчихлаа” гэж байсан. Тэгээд би *******ийн охин Баярцэцэг рүү утсаар залгаж болсон үйл явцыг хэлсэн. Би *******, ******* нартай Сүхбаатар сумын 1 дүгээр багт 1995 оноос хойш айл хөрш амьдарч байна. *******, ******* нар нь дундаасаа 4 хүүхэдтэй, одоо хоёулаа хамт амьдарч байна. Бага хүү нь Дарханд 5 дугаар ангид сурдаг, том хүү Улаанбаатар хотод ажилладаг, том охин нь Нэгдсэн эмнэлэгт ажилладаг Баярцэцэг гэдэг эмэгтэй байдаг, дунд охин нь Дарханд амьдардаг. Батчулуун нь үг дуу цөөтэй даруухан залуу байсан. ******* яриа хөөрөөтэй, элдэв муу араншингүй сайн эмэгтэй байгаа юм...” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч О.Тунгалагсэлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гудамжинд охиных руугаа явж байхад нэг машин сигнаалдахад нь эргээд харахад Батаа, Отгоо /Батчулуун, ******* нар / явж байхаар уулзаад “пийшингийн тоосго яаж өрөх гэж байгаа юм бол сонирхоё” гээд очсон. Тэгээд тэднийд сууж байтал Намжил ирсэн. Намжил ирсний дараа ******* хоол бэлдэж эхлээд хүлээж байх зуур “Хараа” 0.75 литрийн архи гаргаж ирээд задалсан. Бид 4-лээ архийг ууж дууссаны дараа ******* дэлгүүрээс 1 шил архи худалдаж авч ирсэн. Намайг тэдний гэрт байх хугацаанд *******, ******* 2 хэрэлдэж маргалдаагүй байсан. Тэр хоёрын ил харагдах нүүр толгойд ямар нэгэн шарх сорви байгаагүй. *******ээс өөрөөс болон бусад хүмүүсээс сонсоход Батчулуун эхнэр *******т агсам тавьж зодож байсан тохиолдол гарч байсан юм шиг байна лээ. Миний бодлоор Батчулуун, ******* нар нь мэнд устай, яриа хөөрөөтэй сайн хүмүүс гэж боддог...” гэх мэдүүлэг[7],

8.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ы биед далны дор зүсэгдсэн шархтай, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[8],

9.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “С.*******ийн биед зүүн алганд зүсэгдсэн шархтай, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[9],

10.Шүүгдэгч *******ы яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед согтуу байсан учраас өөрийн эхнэр С.*******ийг цохиж, зодсоныг мэдээгүй. Маргааш өглөө нь эрүүл болсон хойноо мэдсэн. Би өмнө нь *******тэй үг сөрөх асуудал болдог байсан. Түүнээс өөр зодож, цохисон асуудал байхгүй. Надад гомдол санал байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[10],

11.Шүүгдэгч С.******* яллагдагчаар өгсөн: “...Миний нөхөр ******* нь надад агсам согтуу тавиад цохиж, зодоод байхаар нь архины халуунд айгаад, уур хүрээд хутгаар зүссэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учраас энэ үйлдлийг хийсэн...” гэх мэдүүлэг[11], 12.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[12], 13.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[13], 14.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******, С.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү хэргийн шүүгдэгч нар хэн алиндаа хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэр бүлийн хүмүүс хоорондоо эвлэрсэн, цаашид гомдол саналгүй тул тэдгээр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******, С.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын биелэлтийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

Зорчих эрхийг хязгаарлах ял гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг хэлнэ[19].(Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1)

Шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Харин шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж тус тус шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *******, С.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэгмэдийн Батчулуун, шүүгдэгч Боржигон овогт Содномдоржийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

4. Шүүгдэгч С.*******т оногдуулсан 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

9. Шүүгдэгч *******, С.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ