Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 442

 

2017 оны 07 сарын 19 өдөр                     Дугаар 442                                  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00372/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч  Э.Ариунаа  даргалж  тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: “хадгаламж банк” ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “хариуцагч Г.Алтанхүүг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

   Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны

 зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна. 

  Иргэн Г.Алтанхүү нь “хадгаламж банк”-тай 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм...

  ....Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 6 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 047 765,75 төгрөг, зээлийн хүүнд 1 172 259,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30 790,30 төгрөг нийт 3 250 815,47 төгрөг төлсөн.

  Иймд иргэн Г.Алтанхүүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4 452 234,25 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 4 993 497,39 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 946 252,61  нийт 10 391 984,25 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө  үү” гэжээ. /хх-1,2/ 

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 

“... тус шүүхэд хянагдаж байгаа “хадгаламж банк” дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Алтанхүү нь нэхэмжлэгч байгууллагын заасан хаягт оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн засаг дарга Е.Наранцэцэгийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

    Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Г.Алтанхүүг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна” гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

    ҮНДЭСЛЭХ нь:  

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Алтанхүүгээс зээл, зээлийн хүү, алданги нийт 10 391 984,25 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Г.Алтанхүүг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-45/

Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд /хх 9/ “... ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж ... оролцоно” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Одыг нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэж үзлээ.       

Хадгаламж банктай Г.Алтанхүү нь 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5 дугаартай “ цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Г.Алтанхүү нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болно. 

Г.Алтанхүү нь оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас /хх-45/, түүний иргэний үнэмлэхний хуулбар /хх-24/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн засаг дарга Е.Наранцэцэгийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-40/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Алтанхүүг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар Ганболдын Алтанхүү /РД:СЭ-81101912/-г эрэн сурвалжилсугай. 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар хүсэлт гаргагч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас 70 200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтанхүүг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн байгууллагад даалгасугай. 

 4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Одод мэдэгдсүгэй.

 

 5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Э.АРИУНАА