Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбаа овогт Гомбын Энхбаярт холбогдох эрүүгийн 2131002840182 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 045 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Дамчаа овогт Гомбын Энхбаяр, РД:/МЭ79050116/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, 32 тоотод хадам эгч *******, эхнэр ******* нар нь хоорондоо маргалдаж байх үед *******т уурлан ширээн дээрээс гялгар ууттай үхрийн ястай махыг авч шидсэний улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, 32 тоотод хадам эгч *******, эхнэр ******* нар нь хоорондоо маргалдаж байх үед *******т уурлан ширээн дээрээс гялгар ууттай үхрийн ястай махыг авч шидсэний улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Тухайн үед манай хадам ээжийн 21 хоног болж байсан. Тэгээд эхнэр бид хоёр буяны ном уншуулаад өдөр 12 цагийн орчим өнгөрөөгөөд очсон. Тэгсэн чинь Отгонбаяр жаахан халамцуу байсан. Бид хоёрыг орж ирсэн чинь “та хоёр ямар их уддаг юм бэ? бид нар ардаа амьдралтай хүмүүс” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр тэр хоёр хэрэлдээд эхэлсэн. Отгонбаяр манай эхнэрийн толгойн тус газар сандлаар цохисон чинь манай эхнэр барилцаад авсан. Тэгээд хадам ах Батсайхан босож ирээд манай эхнэрийн гараас бариад авсан. Тэгсэн чинь манай эхнэрийг Отгонбаяр хоёр талд гарч гүйгээд өшиглөөд байсан. Би тэгээд эхнэрийнхээ гарыг тавиулах зорилгоор ширээн дээр байсан махыг санаатайгаар Батсайхан руу чиглүүлээд шидсэн. Тэгсэн чинь Отгонбаярыг оносон байсан. Би эхнэрээ яаж хүнд зодуулаад байх билээдээ гэж бодоод гарын тавиулах зорилгоор Батсайхан руу шидсэн. Тэгээд гэрээс гараад явсан. Яг Отгонбаярыг гэмтээнэ гэсэн бодолгүй байсан. Батсайханы гарын тавиулах зорилгоор мах шидсэн. Миний буруу байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би Сэлэнгэ аймгаас нөхөр болох ******* 2 хүүхдийн хамт “Тоёота Приус” 88-91 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 14 цагийн үед гараад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 15 цаг өнгөрч байхад ирсэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай хадам ээжийн буяны 21 хоног болох гээд ирсэн. Ирсэн өдрөө гэр орны цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 108-н зулынхаа голыг ороогоод өргөхөд бэлэн болчихоод байж байтал ******* энхэртэйгээ гэрт ороод ирэхээр нь “яасан орой ирдэг юм бэ? ганц өдөр эрт ирчихэд яадаг юм бэ?” гэж хэлэхэд *******ын эхнэр ******* над руу “чи манай ээжийг амьд байхад ингэхгүй яасан юм. ...чи манай ээжийг үхсэн гээд баярлаад байгаа биз дээ” гэж  хэлэхээр нь бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн юм. Тэгээд Билэгсайхан намайг өшиглөх гээд над руу дайрахаар нь урдаа байсан хөх өнгийн сандлыг аваад шидэхэд оноогүй, хажуугаар нь өнгөрөөд унасан. Манай нөхөр дүүгээ салгах гээд цаашаа түлхээд авах хооронд ******* нь миний толгойн хэсэгт үхрийн ястай мах авч шидэхэд толгой онож, цус их хэмжээгээр гарсан юм. Миний толгойд 2 оёдол тавьсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч *******ы 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас эхнэр *******ын хамт өөрийн ээжийнхээ буяны 21 хоногт ирсэн. Тэгээд манай төрсөн дүү *******, миний эхнэр ******* нар хоорондоо муудалцаад тэгээд би дүү *******аа “одоо болио, битгий хэрүүл хийгээд бай” гэж удаа дараа хэлээд *******, ******* нарын голд зогсоод салгаж байтал манай хүргэн ******* нь сандлаасаа босоод ширээн дээр байсан гялгар ууттай үхрийн мах аваад ойртож ирээд хоёр гараараа бариад шидэхдээ *******ын толгой руу шидэж улмаар *******ын толгойн орой хэсгээс цус их хэмжээгээр гарсан. Тэгээд би шургуулгаас хөвөн аваад *******ын толгой дээр дарж цусыг нь тогтоосон. Урьд өмнө хэрүүл маргаан хийдэггүй, төдийлөн нээх уулзалдаад байдаггүй, ******* нь ******* луу урдаа байсан цэнхэр өнгийн хуванцар сандлыг авч шидэхэд ******* нь гараараа хаагаад хуванцар сандал түлээний савны хажууд унасан.

-Ээжийн буяны ажлаар ирээд байж байтал манай эхнэр болох *******, ******* нар муудалцаад хоорондоо орилж хашгичаад дийлдэхгүй байхаар нь би салгах гээд тэр хоёрын дундуур ороод зогсож байтал *******ы нөхөр ******* нь ширээн дээр байсан үхрийн мах шидэхдээ *******ын толгойн тус газар луу шидсэн юм. ******* нь урд өдөр болох 2021 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр ирчихсэн байсан. Миний эхнэр болох ******* нь *******ыг гаднаас ороод ирэхэд нь “ямар орой ирдэг юм бэ?” гэж хэлснээс болж манай эхнэртэй муудалцаж эхэлсэн юм...” гэх мэдүүлэг[3],

4. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 353 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “*******ын биед толгойн оройн хэсгийн хуйханд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[4],

5.Шүүгдэгч *******ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Отгонбаяр, Билэгсайхан 2 зодолдож байхад нөхөр Батсайхан урдуур нь ороод дүү Билэгсайханы гарыг барьж байхад нь дургүй хүрээд салгах зорилгоор мах шидсэн. Би *******ын нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би таван толгойн уурхайд том оврын тэрэг барьдаг ажил эрхэлдэг. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[5],

6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[6], 7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү хэрэгт хохирогчоор тогтоогдсон *******ын зүгээс шүүгдэгч *******аас эмчилгээний зардалд 306,900 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 307,000 төгрөгийг төлсөнд үндэслэн шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дамчаа овогт Гомбын Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлсүгэй.

4.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

   

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ