| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00344/И |
| Дугаар | 443 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 443
2017 оны 07 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00443 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн 27-11 тоотод оршин суух Дашзэвэгийн Мөнхнаранд холбогдох,
Зээл, зээлийн хүүгийн 13 151 196,36 төгрөг гаргуулах тухай,
“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19 өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна.
Иргэн Д.Мөнхнаран нь “хадгаламж банк”-тай 2011 оны 11 сарын 20-ны өдөр ЦЗ-15 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7 500 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм ...
....Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2013 оны 6 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 1 770 737,01 төгрөг, зээлийн хүүнд 1 136 206,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24 807,03 төгрөг нийт 2 931 750,33 төгрөг төлсөн.
Иймд иргэн Д.Мөнхнарангаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5 729 262,99 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 6 242 981,67 төгрөг , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 178 951,70 нийт 13 151 196,36 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 1-3/
“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од шүүхэд гаргасан тайлбартаа:
“Тус шүүхэд хянагдаж байгаа “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Д.Мөнхнаранд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэрэв хариуцагч богино хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл болох 5 729 262,99 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зээлийн хүү 6 242 981,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 178 951,70 төгрөг нийт 7 421 933,37 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 5 729 262,99 төгрөгийг нэхэмжилж байна гэв.”
Хариуцагч Д.Мөнхнаран нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Хариуцагч Д.Мөнхнаран би нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 5 729 262,99 төгрөгийг богино хугацаанд барагдуулсан тохиодолд нэхэмжлэлийн шаардлага 7 421 933,37 төгрөгөөр багасгах саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв”.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Мөнхнаран “Зээл, зээлийн хүүгийн 13 151 196,36 төгрөг”-ийг шаардсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Д.Мөнхнаранд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь...”хариуцагчийг богино хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл болох 5 729 262,99 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү 6 242 981,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 178 951,70 төгрөг нийт 7 421 933,37 төгрөгөөр багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 5 729 262,99 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчээс олгосон /хх 5/ итгэмжлэлд “...ИХШХШТХ-ийн 25,26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдэлж...оролцоно” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Од нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй байна.
Хариуцагч Д.Мөнхнаран нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагаа 7 421 933,37 төгрөгөөр багасгаж 5 729 262,99 төгрөгийг нэхэмжилснийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагч Д.Мөнхнарангаас 5 729 262,99 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 106 618 төгрөгийн 50 хувь болох 53 309 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Д.Мөнхнаранд холбогдох, Зээл, зээлийн хүүгийн 5 729 262,99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 309 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА