Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/155

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч А.Баясгалан,

 шүүгдэгч *******,

 түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Монгол овогт Сандагийн Одгэрэлд холбогдох эрүүгийн 2031003730003 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, нөхөн сэргээлтийн компаний жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 14 дүгээр байр, 07  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Сандагийн Одгэрэл, РД:/МЕ72042811/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 24-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Ялбаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 24-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Ялбаг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *******д гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Тухайн үед Ялбаг гэх газар руу техник аваад явсан. Тэгэхэд зөвшөөрөл гараагүй байсан. Араас авчирч өгнө гээд намайг явуулсан. Тэгээд тухайн газарт очоод ухсан нүх дээр ховил гаргаад техникээ зогсоож байгаад засаж байхад цагдаа нар ирээд барьсан. Энэ үйлдэлдээ гэмшиж буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч *******гийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сумын засаг даргын захирамжаар Ерөө сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна. Би ******* гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Миний бие төрийг төлөөлж уг хэрэгт хохирогчоор оролцож байгаа тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг[2],

3. Иргэний нэхэмжлэгч *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр билүү 10-ны өдөр манай “Шарын гол” сумаас манай уурхайгаас ******* миний Хьюндай 300 LC маркийн экскаваторыг аваад явсан юм. Түрээсийн гэрээ гэх зүйл хийгээгүй. Түрээсийн мөнгийг нь ******* “одоо ямар ханштай байдаг юм, тэрүүгээр нь төлнө” гээд аваад явсан. Одгэрэл “ажил хийнэ” гэж авч яваад миний Хьюндай 300 LC маркийн экскаваторын явах эд ангийг эвдсэн мөн гол ус туулж байгаад ус оруулаад хөдөлгүүрийг гэмтээсэн гэж сонссон дээрх гэмтлүүдийг засварлуулан Хьюндай 300 LC маркийн экскаватораа авмаар байна” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч *******ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өөрийн найз Баярбатын хамт “Ялбагийн Цагаан тохой” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр загас барих гэж загасчдын отогт ирээд загас барих гээд тэр газраа 1 хоноод буцаж явж байхад хөл хорио гараад “ямар нэгэн техник, хүмүүсийг Улаанбаатар хот руу гаргахгүй” гэхээр нь тэр хавиар явж байгаад урд өмнө таньдаг Одгэрэл ахтай бид хоёр зам дээр таарсан. Ингээд бид хоёрыг “манай уурхай дээр очиж хоол унд ид” гээд бид хоёрыг өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр аваачаад амраасан. Ингээд бид хоёр энэ цагаас хойш гарч орж чадахгүй одоог болтол байж байна. Бид Одгэрэл бид хоёрын хооронд ямар нэгэн уул, уурхайн үйл ажиллагаа явуулах хамтран ажиллах, хөрөнгө мөнгө, санхүүгийн асуудал байхгүй, харин энэ уурхайн ямар үйл ажиллагаа явуулж байгааг би сайн мэдэхгүй ямар ч байсан Баярбат бид 2 загас жараахай эргүүлж яваад хөл хорионд орчихоод байж байсан. Одгэрэл гэдэг хүнийг сайн мэднэ, миний ахын найз гэж явдаг хүн байгаа юм. Түүнээс биш би уул уурхайн үйл ажиллагааг хамтран хийж байсан асуудал бол байхгүй. Миний харж байснаар бол уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газар нь очиход нэг экскаватор ажиллаж харагдсан. Тухайн газар ямар ч байсан гурваас, дөрвөн хүн л явж харагдсан. Шар өнгийн 1 экскаватор л харагдсан. Өөр ямар нэгэн техник хэрэгсэл байгаагүй ээ. Тэр алт угаах төхөөрөмж нь хуччихсан л байсан. Дараа нь” экскаватор эвдэрсэн засуулмаар байна, энэ хөл хорио эхэлсэн биш сэлбэг байхгүй” гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч *******ын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Зоригттой таараад бид хоёр хөдөө гарч загас жараахай эргүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн “Цагаан тохой” гэх газар луу Зоригтын машинтай хамт явсан. Тэгээд “Цагаан тохой” гэдэг газар дээр очоод тэндээ нэг хоноод буцах гэсэн чинь гэнэт хөл хорио тогтоож гадна дотноос ямар нэгэн хүн оруулж гаргахгүй болчихсон. Ингээд бид хоёр тэр хавиар явж байгаад Одгэрэл гэдэг урд өмнө таньдаг байсан ахтай таараад “ханиад томуу гарсан байсан, хөл хорио тогтоосон, миний уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа газар очиж хоол унд цай уу” гэхээр нь бид хоёр очоод одоог болтол байж байна. Тухайн үед “Ялбаг” гэдэг газарт ямар нэгэн таньж мэдэх айл байхгүй учраас энэ газарт хоног төөрүүлж байна. Би энэ хүнтэй ямар нэгэн санхүү, эд хөрөнгийн асуудал байхгүй, энэ хүн харин хөл хориотой байгаа учраас очиж хоол унд идэж уугаад хоно гэхээр нь одоог болтол “Ялбаг” гэдэг газраас гарч чадахгүй байна. Шар өнгийн Хюндай-3000 маркийн 1 экскаватор, нэг жижиг алт угаах төхөөрөмжийг хуччихсан байсан. Өөр техник тоног төхөөрөмж бол хараагүй. Шар өнгийн Хюндай-3000 маркийн 1 экскаватор ажиллаж харагдсан. Дараа нь Одгэрэл хүний түрээсийн экскаватор эвдэрсэн гээд ярьж байсан...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ы 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн байхаа хөл хорионы өмнө л ирсэн юм. Захирал Бямбасүрэн “экскаватороо аваад “Ялбаг” гэх газар луу яваад 10 хоног ажиллаад ир, хүн түрээсэлж байгаа юм” гэхээр нь би ирсэн юм. Хьюндай 300 LC маркийн экскаватортай Одгэрэл гэдэг хүний уурхайд ашигт малтмал алт олборлох ажлаар ирсэн. “Ялбаг” гэдэг газарт Ерөө голын цаад талд байсан уурхайд ирээд хоёроос гурван өдөр хөрс хуулалт хийж байгаад экскаваторын явах эд анги эвдрээд зогссон. Тэгээд ямар ч ажил байхгүй, хөл хорио тогтоосон гээд гэртээ ч харьж чадахгүй байж байна. Намайг очиход тухайн уурхайд ямар нэгэн техник хэрэгсэл байгаагүй, уурхайн үйл ажиллагаа дөнгөж эхлэх гэж л байсан бололтой байсан, хүмүүсийг нь сайн мэдэхгүй хоёр гурван хүн л харагдаж байсан. Уурхайг Одгэрэл ах өөрөө хариуцдаг байсан” гэх мэдүүлэг[6],

            7. Гэрч *******ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний жолоодож явсан “Хюндай” 500 маркийн экскаватор нь миний танил дүү Гансүхийн экскаватор байгаа юм. Би Бугант тосгоны “Капитал авто сервис” гэдэг компанид ажиллаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 20-ны орчимд ажлаас буусан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ хариад байж байтал танил дүү Гансүх над руу яриад “миний 1 эксковатор Ерөө сумын “Ялбаг” гэх газарт түрээсэнд гарсан юм. Тэгээд тэнд эвдэрсэн байгаа, та очоод засаж асаагаад байж байгаач, би тэгээд очиж авъя” гэхээр нь би зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд ирээд экскаваторыг засварлаж 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр асаасан юм. Тэр засаж янзлах хугацаандаа тэнд байдаг Өлзийбат гэдэг айлд ганц нэг удаа хоол идсэн. Тэгээд ер нь кабиндаа хонодог байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Ялбаг”-т доошоо дэлгүүр байдаг, мөн утас олж Гансүх рүү ярихаар экскаватортайгаа явж байтал замд нэг машин зогсож хар куртиктэй залуу бууж ирээд надтай уулзаад “энд нэг газарт хөрс хуулсан юм, шатахуун түлш, мөнгө өгье” гэхээр нь би зөвшөөрч голын цаана гараад хэсэг хөрс хуулсан газарт 6 цаг орчимд түрж шороо шидчихээд гарч ирж яваад цагдаатай таарсан юм.Тэр залуу гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн юм, хоол хүнсний мөнгөгүй, шатахуун түлш олъё л гэж бодсон юм...” гэх мэдүүлэг[7],

            8. Гэрч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Одгэрэлтэй найзлаад 4 жил болж байна. Одгэрэл нь зан байдлын хувьд найзархуу, хүнд их тусархуу, төлөв даруу ааш зантай, хувиараа газар тариалангийн ажил эрхэлдэг. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч *******гийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Одгэрэлийг таньдаг болоод 8 жил өнгөрч байна. Одгэрэл нь хувиараа газар тариалан эрхэлдэг. Хүнд тусархуу, өгөөмөр, цагаан цайлган, шударга хүн байгаа юм. Найзлах хугацаанд ямар нэгэн асуудал гарч, хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг[9],

10. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №18-05-038 дугаартай Шинжээчийн дүгнэлт хэсэгт: “*******ийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ургамлын санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал ( 456,837+ 3,243,600 +1,560,000) нийт 5,260,437 (Таван сая хоёр зуун жаран мянга дөрвөн зуун гучин долоо)-н төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна” гэх дүгнэлт[10],

11. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: “2009 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Robex” 300LC маркийн авто машины өнгө үзэмж техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 75,000,000 сая төгрөгийн үнэтэй болохыг болов” гэх тайлан[11],

12. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаартай Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/096 дугаартай шинжээчийн “...Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2019 онд орж ирсэн гэх “Hyundai Robex300 LC” маркийн экскаватор нь манай зах зээл дээр дунджаар 50,000,000 /тавин сая/ төгрөгийн үнэтэй байх боломжтой...” гэх дүгнэлт[12],

13. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаартай Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03/02 дугаартай шинжээчийн “...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт хийсэн хэмжилтээр шинээр эвдрэлд орсон талбай /дээр газрын тухайн үеийн зураг хавсаргасан болно/ байсан тул тухайн хэрэг дээр газрын хэвлий, хөрс, ургамлын нөмрөг, усан санд учруулсан хохирол тооцох боломжгүй байна...” гэх дүгнэлт[13],

14. Шүүгдэгч *******ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхөрлөлийн хүнтэй уулзах гээд очиход байхгүй байсан. Тэгээд буцах гээд явж байхад машин яваад байсан. Мөн уг газарт ухчихсан газар байсан. Тэгэхээр нь найз Бямбаагийн экскаватор авто машиныг гуйгаад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны дахин очоод 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уг авто машинтай ухчихсан байсан газрыг нь ухаж үзэх гэхэд ухах авто машин эвдэрчихсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 24-нд Сэлэнгэ аймгийн цагдаа нар ирэхэд нь авто машин эвдэрсэн байсан. Ухаж үзэж байсан газраа булаад эхэлсэн байсан, тэгээд цагдаа нар ухаж болохгүй гээд тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг[14], 15.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[15], 16.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[18], 19.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[19], 20.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас “хохирол, төлбөр төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авснаар 5 хоногийн дараа шүүгдэгч нь байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд төлсөн 5,260,437 /таван сая хоёр зуун жаран мянга дөрвөн зуун гучин долоо/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй. Гэвч байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг Ерөө сумын Төрийн банк, Төрийн сангийн 100-130-200-914 дугаартай дансанд Сэлэнгэ аймаг, Ерөө сумын татварын бус орлого гэсэн дансанд өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон дансанд биш буруу дансанд тушаасан байсныг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэж хуульчилсан байна.[22]

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд нөхөн төлсөн 5,260,437 /таван сая хоёр зуун жаран мянга дөрвөн зуун гучин долоо/-н төгрөгийг Ерөө сумын данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь хуульд  нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан.[23]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Робекс” 300ЛС маркийн 55-01 УР улсын дугаартай, экскаватор нь шүүгдэгч *******ийн өмчлөлийн экскаватор биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Дагва овогтой Бямбасүрэнд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 50,000,000 /тавин сая/-н төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн мэдүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдвал зохино. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Дөрөв. Бусад

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахыг хүссэн” хүсэлтийг шүүх хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/197 дугаартай Шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/096 дугаартай шинжээчийн “...Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2019 онд орж ирсэн гэх “Hyundai Robex300 LC” маркийн экскаватор нь манай зах зээл дээр дунджаар 50,000,000 /тавин сая/ төгрөгийн үнэтэй байх боломжтой...” гэх дүгнэлт[24] гаргуулах үнэлгээний хөлсийг шүүгдэгч төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******ээс эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх үнэлгээний хөлс болох 77,000 төгрөгийг гаргуулан, “Арвижих Эстимейт” ХХК-нд (Хаан банкны 5079032649 дугаартай данс) олгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Сандагийн Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овогт Сандагийн Одгэрэлд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая, дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч *******ээс эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх үнэлгээний хөлс болох 77,000 төгрөгийг гаргуулан, “Арвижих Эстимейт” ХХК-нд (Хаан банкны 5079032649 дугаартай данс) олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Хьюндай Робекс” 300ЛС маркийн маркийн 55-01 УР улсын дугаартай, экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Дагва овогтой Бямбасүрэнд буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 50,000,000 /тавин сая/-н төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан, Улсын төсөвт орлогод оруулсугай.

8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд нөхөн төлсөн 5,260,437 /таван сая хоёр зуун жаран мянга дөрвөн зуун гучин долоо/-н төгрөгийг Төрийн банк, Төрийн сангийн 100-130-200-914 дугаартай, Сэлэнгэ аймаг, Ерөө сумын татварын бус орлого гэсэн данснаас буцаан гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулсугай.

9. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ