| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00344/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 444
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017 оны 07 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00444 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00344/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг, Жаргалант, дэл 7 гудамжийн 3 тоотод оршин суух, Доржжамцын Отгонзаяад (РД:ЖК-70021517) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 210 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн дэд захирал Д.Басбиш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Отгонзаяа нь манай компанитай 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1089009 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч Д.Отгонзаяа нь 1089009 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140 000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймд Д.Отгонзаяатай байгуулсан 1089009 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 140 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 70 000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Д.Отгонзаяа нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Д.Отгонзаяа би “Жи Мобайл” ХХК-ийн компанийн шүүхэд гаргасан 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Тус 210 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт холбоотойгоор гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй болно гэжээ. (хх-ийн 20 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Д.Отгонзаяагаас "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 210 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Отгонзаяа нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага буюу "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 70 000 төгрөг, алданги 140 000 төгрөг, нийт 210 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.Отгонзаяад холбогдох, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөр 210 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 3 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д, хариуцагч Д.Отгонзаяагаас 3 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Отгонзаяа нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ