Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

 улсын яллагч А.Энхтуяа,

 шүүгдэгч *******,

 түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 2031002680128 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаяр, Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, Буурагчин 5-40  тоотод оршин суух, урьд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:МЕ87122017/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан газрын хэвлийд халдаж 12,284,495 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Мягмарын ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан газрын хэвлийд халдаж 12,284,495 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор буруу зүйл хийчихлээ. Хохирлын мөнгийг төлж барагдуулна. Тал мөнгийг нь олчихсон байгаа...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч *******гийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 31-нд сумын засаг дарга Б.Сэргэлэнгийн захирамжаар тус сумын засаг даргын орлогчоор томилогдон одоог хүртэл хугацаанд ажиллаж байна. Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу намайг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаартай засаг даргын шийдвэрээр энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгээр оруулахаар шийдвэрлэсэн тул мэдүүлэг өгч байна. Манай суманд учирсан экологи эдийн засгийн үнэлгээнд заасан хохирол төлбөрийг нөхөн төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэх саналтай байна...” гэх мэдүүлэг[2],

3.2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Говь-Эко ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт: ”...Эвдэрсэн нийт талбайн хэмжээ нь 1680м2 буюу 0,168га хэмжээтэй, ухашийн хоосон орон зайн эзэлхүүн 5009,7м3 бөгөөд угаасан шороо нь 4827,5м3 хэмжээтэй уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь нийт 12,284,495 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[3],

4.2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хос Итгэл Төгс ХХК-ний үнэлгээний тайлан хэсэгт:”...Daewoo -280 эксковатор 1992 онд үйлдвэрлэгдсэн, элэгдэл 50%, одоогийн үнэлгээ 15,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж 500,000 төгрөг, нийт үнэлгээний дүн 15,500,000 төгрөг болж байна...” гэх дүгнэлт[4],

5.Гэрч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******тай суугаад 15 жил амьдарч байна. 2-18 насны 3 хүүхэдтэй. Зан харилцааны хувьд дөлгөөн зантай, архи дарс уудаггүй, тамхи татна. Би ажилгүй болохоор нөхөр Ууганбаяр бас ажилгүй байж байгаад “Болд төмөр Ерөө гол” ХХК-д 1 жил конивер дээр ажиллаад өөр ажил олдохгүй болохоор ноднин өр тавиад 1 эксковатор хүнээс аваад амьдрахын эрхээр алт олборлохоор явсан юм. Тэгээд энэ хэрэгт холбогдсон. Одоо хот руу явах зардалгүй болохоор явж ч чадахгүй. Ерөө сумын 2 дугаар баг Харганад байгаа экскаватороо засахаар явсан юм. Тэрийг засаж зарахгүй бол өрөнд ороод амьдрах аргагүй болох гээд байна. Энэ 2 Ууганбаяраас цалин хөлс аваад Батдорж нь экскаватор бариад сарын 800,000 төгрөгийн цалинтай, Ариунболд нь туслах хийгээд 500,000 төгрөгийн цалин авдаг байсан юм. Тэгээд 1 сар ч хүрээгүй экскаваторных нь мотор нь эвдрээд арай гэж янзалж аваад байж байгаад баригдсан юм. Одоо Батдорж нь Заамарт хүний уурхайд ажиллаж байгаа гэсэн. Ариунболдыг хаана явааг мэдэхгүй байна. Бугантаас 2020 оны хавар Алтанбагана гэх хүнээс хуучин экскаватор 15 сая билүү төгрөгөөр бодож тал мөнгийг нь өгч худалдан аваад, хүний усан буу түр ашиглаж байгаад тэр хүн нь авлаа гээд авсан байх би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч *******ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* гэх хүнтэй тохирч сарын 600.000 төгрөгийн цалин авахаар ажилласан боловч шалгалт шүүлэг гээд ажиллаж чадаагүй. Сүүлд цалингаа ч авч чадаагүй юм. Би уг хүний экскаваторын оператор хийдэг байсан юм. Өөр ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Надтай цуг ******* гэх залуу хамт ажилладаг байсан ба ******* нь туслахаар ажилладаг байсан юм...” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч *******ын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* гэх хүнтэй тохирч сарын 500.000 төгрөгийн цалин авахаар ажилласан боловч экскаватор нь эвдрээд сайн ажиллахгүй, хажуугаар нь хяналт шалгалт ирээд ажиллаж чадаагүй. Экологийн цагдаа дээр шалгагдаад техник усан буугаа хураалгасан болохоор цалингаа ч авч чадаагүй юм. Би туслахын ажил хийдэг байсан юм. Өөр ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Надтай цуг ******* гэх залуу экскаваторчингоор ажилладаг байсан...” гэх мэдүүлэг[7],

8. Гэрч ******* 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 53-54 УБ улсын дугаартай SL280LC1115479 арлын дугаартай экскаватор маркийн тээврийн хэрэгслийг зарах зорилгоор 2020 оны 03 сарын орчимд “Үнэгүй.мн” сайтад зар тавьж улмаар 2020 оны 05 дугаар сард Ууганаа гэх хүн миний зарах экскаваторыг авахаар болж урьдчилгаа 20 сая төгрөг өгөөд үлдэгдэл 20 сая төгрөгийг бичиг баримтаа шилжүүлж авахдаа өгөхөөр тохиролцон зарсан юм. Удалгүй үлдсэн 19 сая төгрөгийг өгсөн. Одоо 1 сая төгрөг үлдсэн, ерөнхийдөө бичиг баримт шилжээгүй болохоос Ууганаагийн экскаватор болсон байгаа... ” гэх мэдүүлэг[8],

9. Шүүгдэгч *******ын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Мягмарын ам” буюу нутгийн иргэдийн нэрлэдэгээр “Харгана” гэх газар өөрийн хүнээс худалдан авсан 53-54УБ улсын дугаартай Daewoo SL-200 маркийн экскаватор, мөн өөр хүнээс худалдан авсан катаран алт угаах зориулалт бүхий усан буу зэргийг аваад Цэнгэлийн Батдоржийг 600,000 төгрөгөөр, Ариунболдын Ганболдыг 500,000 төгрөгөөр цалин олгоно гэж тохироод 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр очоод тэндээ ойролцоогоор 14 хоногийн хугацаанд 40 грамм алт угааж авсан. Уг үйл ажиллагааг хэн нэгэнтэй хамтарч хийгээгүй, би өөрөө зохион байгуулж гардан гуйцэтгэсэн. Надтай хамт очсон ******* ******* нар надтай хөлс тохироод ажиллахаар очсон хүмүүс. Уг үйл ажиллагаа зогссоны дараа 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны үед Улаанбаатар хотод Урт цагаанд байдаг гэх нэр хаягийг нь мэдэхгүй ченжид грамм тус бүрийг тооцож, 5,400,000 төгрөгөөр зараад Ерөө явсан. Би 53-54УБ улсын дугаартай Daewoo SL-200 маркийн экскаваторыг Бугантаас Алтанбагана гэдэг хүнээс худалдан авсан. Одоо бага зэрэг мөнгө дутуу учраас нэрээ шилжүүлж аваагүй байсан юм. Би байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулна” гэх мэдүүлэг[9],

10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь (төрийн төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт байгаль экологид учруулсан хохирлыг гаргуулж, Улсын орлогод оруулж өгөхийг хүсчээ.

Байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг

Нийт үнэ, төг

1

Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ

136,979 төгрөг,

2

Газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ

829,740 төгрөг,

3

Газрын хөрсөнд учруулсан хохирлын хэмжээ

1,332,060 төгрөг,

4

Ургамлын бүрхэвчинд учруулсан хохирлын хэмжээ

115,381 төгрөг,

5

Усан орчинд үзүүлсэн хохирлын хэмжээ

9,830,335 төгрөг,

6

Амьтны аймагт учруулсан хохирлын үнэлгээ

0

7

Агаар мандалд учруулсан хохирлын үнэлгээ

0

8

Нийт хохирлын хэмжээ

12,284,495 төгрөг

Хүснэгт1. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын дүн[17]

Шүүгдэгч *******ын ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 1,660,408 төгрөг, нийт 13,944,903 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд “хохирол, төлбөр төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авахыг хүссэн” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Шүүгчийн захирамж гарган, шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулсны дараа шүүгдэгч нь байгаль-экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хэлсэн тайлбартаа: “...4,500,000 төгрөгийг байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн. Үлдэгдэл мөнгөө нөхөн төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлж байгаа, шүүгдэгчид 3 төрлийн хурдан морь байгаа, моринуудынхаа зургийг дараад авчирсан байгаа, эдгээр моринуудаа зараад хохирол төлбөрөө төлж барагдуулна. Завсарлага авсан 5 хоногийн хугацаанд зарах гэсэн боловч худалдах, худалдан авах талууд үнийн тохиролцоонд хүрээгүй учраас зарж амжаагүй” гэжээ.[18]

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3, 49.6, 49.7 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас байгаль-экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 13,944,903 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 9,444,903 /есөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гурван/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” (тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн) болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******т эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзаж үзээд уг хэрэгт торгуулийн ял болон хорих ялын санкцтай. Улсын яллагчийн зүгээс хорих ялыг тохиромжтой гэж үзэж байна. Хорих ял нь 1-5 жилийн хугацаатай байдаг. Тиймээс шүүгдэгч *******т нэг жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, энэ хэргийн улмаас төлөгдөөгүй 9,444,903 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, олгуулах, шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт “Daewoo” маркийн SL200 загварын экскаваторыг хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг 2021 оны  08 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаартай прокурорын шийдвэрээр хязгаарласан байгаа, энэ тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Т.Алтанбаганы эзэмшилд шилжүүлж, түүний өр болох 15,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ болох 500,000 төгрөг, нийт 15,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, улсын төсөвт шилжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойн сан болон амьтан ургамал, ус газрын хэвлийд учруулсан хохирлыг нэмэгдүүлсэн байдлаар шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Үүнд: ургамлын аймагт учруулсан хохирол 115,381 төгрөгийг 5 дахин үржүүлэхэд 576,905 төгрөг, усны санд учруулсан хохирол 9,830,335 төгрөгийг 3 дахин үржүүлэхэд 29,491,005 төгрөг, мөн газрын хэвлийд учруулсан хохирол 1,332,060 төгрөгийг 3 дахин үржүүлэхэд 3,996,180 төгрөг, нийт 34,064,094 төгрөг болж байна. Эдгээр хохирлыг шүүгдэгч *******аас гаргуулж, Улсын төсөвт оруулах саналтай байна” гэсэн ялын саналыг гаргасан.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Одоо хохирол төлбөрийн асуудлыг шийдэх боломжгүй, хохирол төлбөрийн асуудлыг өмнөх шүүх хуралдаанаар шийдчихсэн учраас дахин хохирлыг асуудлыг нэмэх асуудал яригдахгүй. Хуульд бодит хохирлыг төл гэж заасан. Шүүх бид нарыг 13,000,000 гаруй төгрөгийг төл гэсэн, түүнээс 4,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Тиймээс одоо хохирол, төлбөрийг нэмэгдүүлэх боломжгүй. Хоёрдугаарт: Би энэ хэргийг шүүхийн шатанд ирснээс нь хойш өмгөөлөгчөөр оролцсон. Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрөө төлөх асуудалд өөрөө санаачилга гаргаж байгаа, мөн анх удаагаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа, шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал зэрэг шалтгаануудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж өгөөч гэсэн байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр ******* гэх хүн энэ хэрэгт холбогдуулан шалгахдаа тодорхой нэр бүхий албан тушаалтнууд энэ хэрэг дээр баахан мөнгөн төлбөр авсан асуудлууд яригддаг. Олон шалтгаан, нөхцлийн улмаас хохирол төлбөрөө бүрэн гүйцэд төлж барагдуулж чадахгүй нөхцөл байдал байгаа, шүүгдэгч өөрт байгаа 4 ширхэг морио зараад хохирол төлбөрөө төлж барагдуулах бүрэн боломжтой. Тиймээс хуульд зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэж өгөөч гэсэн байр суурьтай байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас 2 дахь ялын шүүмждээ: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгчийн хувьд гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирол төлбөрийн тал хувь буюу 4,500,000 төгрөгийг төлж орж ирсэн. Шууд учирсан үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэж ойлгож байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой тул улсын яллагчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Гэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 болон 5 дугаар зүйлд заасны дагуу Байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуульд заасны дагуу тооцдог. Үүний дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох нь үндэслэлтэй байна” гэж хуульд заасан дарааллын дагуу мэтгэлцсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2 дахь тайлбар, өмгөөллийн дүгнэлтдээ: “Ялын хувьд хэлэх зүйл байхгүй. Харин Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийг хэрэглэж байгаа асуудалд дээр шинжээчийн дүгнэлтээр бодит хохирлыг үржүүлээд ийм байх юм гэсэн агуулгаар гаргасан дүгнэлт гэж харж байгаа, түүнээс биш дүгнэлтээс халиад хохирол төлбөрийг авна гэсэн нь бодит учруулсан хохирлыг төлж барагдуулна гэх зарчимтайгаа зөрчигдөж байна. Тиймээс хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна:

1/ойн санд учруулсан хохирол;

2/амьтанд учруулсан хохирол;

3/ургамалд учруулсан хохирол;

4/усны нөөцөд учруулсан хохирол;

5/газарт учруулсан хохирол;

6/газрын хэвлийд учруулсан хохирол;

7/хөрсөнд учруулсан хохирол.

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилсан.

Гэтэл гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгч шүүгдэгчийн гэм буруу болон хохирол төлбөрийн талаарх шийдвэрийг гаргаж, хохирол төлбөр төлөх хуульд заасан 5 хоногийн завсарлага авсны дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойн сан болон амьтан ургамал, ус газрын хэвлийд учруулсан хохирлыг нэмэгдүүлсэн байдлаар шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Үүнд: ургамлын аймагт учруулсан хохирол 115,381 төгрөгийг 5 дахин үржүүлэхэд 576,905 төгрөг, усны санд учруулсан хохирол 9,830,335 төгрөгийг 3 дахин үржүүлэхэд 29,491,005 төгрөг, мөн газрын хэвлийд учруулсан хохирол 1,332,060 төгрөгийг 3 дахин үржүүлэхэд 3,996,180 төгрөг, нийт 34,064,094 төгрөг болж байна” гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байгаа төдийгүй байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллага гаргана гэж заасны дагуу гаргажээ.[19]

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно:

1/газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр

2/хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;

Мөн хуулийн 6 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна” гэж заасан нь эрх бүхий мэргэжлийн байгууллага гаргах талаар тодорхой хуульчилсан байна.

Харин улсын яллагч байгаль орчинд учруулсан хохирлыг өөрийн дураар нэмэгдүүлэх эрх бүхий субьект биш юм.

Шүүгдэгч О.Ууганбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдвал зохилтой.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхай овогт Оюунчимэгийн Ууганбаярт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

4. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжилсэн “Daewoo SL-200” маркийн 53-54 УБ улсын дугаартай экскаваторын шилжилт, хөдөлгөөн хийхийг хориглосон 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч *******д олгож, эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон техникийн үнэлгээ болох 15,000,000 төгрөг, алт угаах төхөөрөмжийн үнэ 500,000 төгрөг, нийт 15,500,000 /арван таван сая таван зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, улсын орлогод оруулсугай.

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.3, 49.6 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас байгаль-экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нийт 13,944,903 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 9,444,903 /есөн сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гурван/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

      

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ