| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/163 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/163
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Айраг овогт Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнэ холбогдох эрүүгийн 2131003200240 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, “Доной” 2-66 тоот хашааны гадна иргэн Д.Мөнх-Эрдэний зүүн хөлийн гуянд ахуйн хэрэглээний хутгаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, “Доной” 2-66 тоот хашааны гадна иргэн Д.Мөнх-Эрдэний зүүн хөлийн гуянд ахуйн хэрэглээний хутгаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний өгсөн: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугүй гэж маргахгүй. Хохирогчид 100,000 төгрөгийн эм, тариа аваачиж өгсөн. Тухайн үед юу болсноо санахгүй байна. Өш хонзон байхгүй, том сургамж боллоо, гэмшээд л байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Д.Мөнх-Эрдэний 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед Тулгаагийн хамт Зүүнбүрэн сумын бааранд очтол архи согтууруулах ундааны зүйл зарахгүй гэхээр нь буцаад явж байтал Мөнх-Эрдэнэ замд таараад манай гэрийн гадаа нэг том пиво уухаар очоод ууж дуусгаад Мөнх-Эрдэнийг гэрийнх нь гадаа Мөнх-Эрдэнэ “гэрээсээ тамхи аваад гараад ирье” гээд Тулгаагийн утсыг аваад хашаа руугаа орсон. Гэртээ орсон эсэхийг мэдэхгүй байна. Буцаж гарч ирээд надтай юу ч ярилгүй, миний зүүн хөлний гуя хэсэгт хутгалсан. Тэгээд Тулгаа хутгыг нь авч шидээд бид 2 машиндаа суугаад хөдөлсөн. Миний зүгээс гомдолтой байна...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч ******* 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн үед Жаргалант 1-р багт Баяртулга гэх найзындаа гэрт нь очиход Дагийгийн Мөнх-Эрдэнэ ах гэрт нь байсан. Тухайн үед би өнөөдөр миний төрсөн өдөр гэхэд ******* ах надад хандаж хоёулаа манайд очьё гээд гэрт нь очиход 05 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирээд хамт хувааж ууцгаасан. Тэгээд тамхи авахаар болж хамт “Идэр” хүнсний дэлгүүр явж байгаад Бүрэн зоог цайны газрын гадна зогсоод орох гэтэл цоожтой байхаар нь явах гээд машиндаа суухад Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнэ архи уусан их согтсон байдалтай ирээд миний машинд суучихсан. Тэгэхээр нь би гэрт нь хүргэж өгөхөөр болж гэрийнх нь гадна очоод машинд байсан 2,5 литрийн Боргио нэртэй пиво гаргаж ирээд 3-лаа хувааж ууцгаасан. Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнэ гэр лүүгээ “тамхи аваад ирье” гээд ороод гарч ирэхдээ “тамхи байхгүй байна, олсонгүй” гээд гарч ирсэн. Тэр үед Дагийгийн Мөнх-Эрдэнэ ах “манай гэрт тамхи байгаа” гээд гэрт нь очиж үлдсэн пиво ууж дуусгаад Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнийг хүргэж өгөхөөр хамт гэрийнх нь гадна очиход тэр 2 машинаас буугаад гэнэт зууралдаж маргалдаад унахаар нь би машинаасаа буухад Дагийгийн Мөнх-Эрдэнэ ах “наадах чинь намайг автёркаар хатгачихлаа, аваарай” гэхээр нь би салгаад авахад Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнэ цагаан өнгийн хужаа хутга гартаа барьсан байсан. Тэгэхээр нь би хутгыг гарнаас нь мулталж аваад гэрийнх нь хашааны урд хэсэг рүү шидчихсэн. Тэр үед Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнэ “Би наадхыг чинь заазуурдаж ална” гээд хашаа руугаа орохоор нь би Дагийгийн Мөнх- Эрдэнэ ахыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Би Дагийгийн Мөнх-Эрдэнэ ахтай мэндтэй устай гэрээр нь орж гараад явдаг. Зан байдлын талаар хүмүүстэй нийтэч, хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг байх тэрнээс өөр гэмгүй хүн байдаг. Харин Доржцэдэнгийн Мөнх-Эрдэнийг нэг нутгийн залуу гэдгээр нь мэднэ. Тэр өдөр өөрөө шууд миний машинд зөвшөөрөлгүй ирээд суучихсан. Найзалж нөхөрлөөд байдаггүй болохоор ямар зан ааштай хүн гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг хүүхдүүдийн хамт гэртээ очиход манай нөхөр, Тулгаа, Мөнх-Эрдэнэ нар байж байгаад гараад явсан. Тэгээд манай нөхөр шөнө ирсэн байсан. Маргааш өглөө нь босоод хартал хөл дээрээ гишгэж чадахгүй, цус гоожсон байдалтай, баруун гарын булчингийн доод хэсэгт хутгалуулсан, зүүн талын хөлийн өргөн гуянд хутганы шарх байсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Зүүнбүрэн сумын унаган хүүхэд байгаа юм. Дагийгийн Мөнх-Эрдэнэ гэх хүн манайхтай хөрш байсан гэж болно. Тэр үеэс таньж мэддэг юм. Энэ хоёр хүн хоорондоо ямар харилцаатай байдаг талаар мэдэх зүйл байхгүй байна. Тухайн хоёр хүн хоорондоо зодоон цохион хийж байсан талаар мэдэхгүй байна. Өчигдөр энэ талаар мэдсэн юм байна. Доржцэдэнгийн Мөнх-Эрдэний эхнэр Түмэндэмбэрэлээс мэдсэн. Манай найз ******* төлөв даруу бусадтай их нийтэч, хамт олонч, бусдад маш их тусархуу, үг дуу цөөтэй, огцом уур, хурц зан ааш араншан байхгүй залуу байгаа юм” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр өглөө 10,11 цагийн үед “хүнд хутгалуулсан хүн байна” гэж дуудлага өгөөд “хүн ирлээ” гэж сувилагч хэлээд араас нь Дагийгийн Мөнх-Эрдэний эхнэр Нарантуяа орж ирсэн юм. Би тухайн өдөр ганцаараа ажиллаж байсан маш их ачаалалтай байсан юм. Тэгээд би эхнэрт нь “ачаалал ихтэй байна дагуулаад ирэх боломж байна уу” гэж асуухад “ирэхгүй гээд үгэнд орохгүй байна” гэж хэлэхээр нь “чи аргалаад аваад ирээч” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд эхнэр нь гараад явсан юм. Ингээд ажилтай байж байгаад 13 цагийн үед Дагийгийн Мөнх-Эрдэний эхнэр Нарантуяа руу залгаад “Та хэд яасан бэ?, болохгүй бол би очих уу” гэхэд “бид нар гарч байна” гэж хэлээд утсаа салгасан юм. Ингээд хэсэг хугацааны дараа удалгүй Дагийгийн Мөнх-Эрдэнэ орж ирээд яаралтай тусламжийн өрөөнд орж ирэхэд нь үзлэг эхэлсэн. Тэгээд даралтыг үзэхэд хэвийн, зүүн хөлийн гуяны гадна талд 1,5 см, өргөн 0,5 см хэртэй нэвт зүсэгдсэн шарх мөн баруун гарын бугалганы дотор хэсэгт 1 см, өргөн 0,3 см зүсэгдсэн шархтай болсон байсан. Зүүн хөлийн зүсэгдсэн шархны ард хэсэгт эмзэглэлтэй байсан юм. Ингээд шархны гүнийг үздэг зоонд гэдэг төмөр багажаар үзэхэд шархны гүн 6 см орчим дээшээ доошоо холхиж байсан. Хутганы шарх, дээр нь удсан учраас 13А маягт бичиж өгөөд Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай үзүүл гэж явуулсан юм” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч *******ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз ******* гайгүй л архи дарс уугаад байдаггүй л залуу байгаа юм. Мөнх-Эрдэнэ хүнтэй ер нь муудалцаж хэрүүл маргаан зодоон цохион хийгээд байдаггүй л юм даа ийм зүйл болсонд нь гайхаад л байна” гэх мэдүүлэг[7],
8. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 409 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Д.Мөнх-Эрдэний биед баруун бугалга, зүүн гуянд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[8],
9. Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 134 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Дагийгийн Мөнх-Эрдэний өмсөж явсан гэх ногоон, шар, хар өнгө холилдсон хагас ханцуйтай цамц, хар өнгийн урт ханцуйтай цамц, мөрөвчтэй өмд, саарап өнгийн өмд зэрэг хувцас нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн ногоон, шар, хар өнгө холилдсон хагас ханцуйтай цамцанд 39x10 см хэсэг байхгүй, хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин зүсэгдэлт, хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин цооролт, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин ханзралт байна. Урт ханцуйтай цамцанд хатуу мохоо зүйлийн гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан хуучин гогдолт, хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ, хуучин зүсэгдэлтүүд байна. Мөрөвчтэй өмдөнд дулааны үйлчлэлээр гарсан хуучин цооролт байна, хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ хуучин, зүсэгдэлт байна. Саарал өнгийн өмдөнд зүсэгдэлт байна. Саарал өнгийн өмдөнд гарсан зүсэгдэлтийн утасны зах ирмэг хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул шинэ хуучин аль нь болохыг тогтоох боломжгүй.
Шинжилгээнд ирүүлсэн ногоон, шар, хар өнгө холилдсон хагас ханцуйтай цамцанд гарсан 13 мм хэмжээтэй хуучин зүсэгдэлт, мөрөвчтэй өмдөнд гарсан 15 мм, 25 мм хэмжээтэй шинэ, хуучин зүсэгдэлт, хар өнгийн урт ханцуйтай цамцанд гарсан 20x6 мм, 15x1 мм хэмжээтэй шинэ, хуучин зүсэгдэлт, саарал өнгийн өмдөнд гарсан 20x1 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт[9],
10.Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Цагцын нуга” гэх газарлуу ажлаар явсан. Ажлаа дуусаад тухайн газраа монгол архи ууж байж байгаад Зүүнбүрэн сумын төврүү ганцаараа орж ирсэн. Гэрлүүгээ харих замд манай найз Мөнхбаяр таараад надад машинаа өгчихөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрч гэртээ хүргүүлээд өөрөө үлдэх санаатай явж байгаад замдаа Дагийгийн Мөнх-Эрдэнэтэй таарсан. Тухайн үед Дагийгийн Мөнх-Эрдэнэ Тулга гэх залуугийн хамт машинтай явж байсан. Тэгээд би өмнө нь бага зэрэг нэрмэл уусан байсан учир пиво хамт уух уу гэж хэлхээр нь би найздаа машинаа өгөөд Дагийгийн Мөнх-Эрдэнэ, Тулга нарын хамт Дагийгийн Мөнх-Эрдэнийн гэрлүү явсан. Очоод 1 ширхэг Боргио нэртэй 2.5 литрийн савалгаатай пиво уусан би тухайн их согтсон байсан бөгөөд гэрлүү яаж явснаа санахгүй байна. Нэг сэртэл хашаандаа сууж байсан. Тэгээд маргааш өглөө нь эхнэр Түмэндэмбэрэлээс сонсоод Дагийгийн Мөнх-Эрдэний гэрлүү нь очсон, тухайн үед Тулга мөн адил байж байсан. Тэгээд надад юу болсон талаар хэлсэн. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Дагийгийн Мөнх-Эрдэнийг ямар нэгэн гомдол саналгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагагүй болгосон” гэх мэдүүлэг[10],
11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[13], 14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[14], 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 17.Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[18] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч ******* нь хохирогчид 100,000 төгрөгийн эм, тариа аваачиж өгсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон түүний хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, 23см урт, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй, 23см урт, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ