| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0155/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/171 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/171
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,
улсын яллагч А.Баясгалан,
хохирогч *******,
түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
шүүгдэгч *******,
түүний өмгөөлөгч М.Гансүх,
гэрч *******, ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Дөлгөөнд холбогдох эрүүгийн 2131001140136 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн 22 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Гонгорын хунх” ХХК-ний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн, борлуулалтын орлогыг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 20,878,070 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн 22 дугаар лангуунд үйл ажиллагаа явуулдаг “Гонгорын хунх” ХХК-ний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа, бүтээгдэхүүн, борлуулалтын орлогыг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 20,878,070 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ий өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Би анх 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажилласан. Анх намайг Давхарбаяр дагалдуулж ажиллуулдаг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр би анх удаа тооллого хийхэд Давхарбаяр ирж цуг тоололцсон. Маргааш нь ажил дээр ирэхэд Давхарбаяр бэлэн мөнгө тоолоогүй байна гэж хэлсэн. Тэгээд тооцоо нь гараагүй. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин тоолоод дахиад тооцоо нь гараагүй. Тооцоо нь яасан бэ? гэж асуухад бодож байгаа гэж хэлээд яваад байдаг байсан. Дахин 10 дугаар сарын 31-ний өдөр тоолсон. Тухайн үед тоолоод 14 хоногийн дотор тооцоо гарчихдаг гэж надад хэлж байсан. Тооцоо гарахгүй болохоор нь яасан бэ? гэж асуухад 10,000,000 төгрөгийн өр гараад байна гэхээр нь би яагаад надаас тийм их мөнгө дутаж байгаа юм болоо гэж асуухад мэдэхгүй байна, падаан бичигдээгүй юм болов уу? гэж хэлсэн. Тухайн үед зөндөө шалгаж үзсэн. Захирал ******* эгчид хэлээд цуг бодолцож үзсэн. Тэгээд 11 дүгээр сард ковидтой холбогдуулан хагас ажилласан. Бид нар Чандмань дэлгүүр дээр сууж байгаад тооцоогоо боддог байсан. 11 дүгээр сард 10,000,000 төгрөгийн өртэй гарсан гэж хэлсэн. Өртэй гарсны дараа Давхарбаяр худалдагч болоод би Давхарбаярын туслахаар ажилласан. Удалгүй ковид гараад дахин хаагдсан. Уянга эгчээр давхар тооцоогоо хянуулдаг байсан.
- Хөдөлмөрийн гэрээг ч гэсэн анх ажилд ороход хийгээгүй. Бүх зүйл ар араасаа болсон. ******* эгчээ та битгий ингэж байлдаа, надад аймар хэцүү байна. Би гарын үсгүүдээ дандаа дараа нь нөхөж бичдэг байсан. Би маш их айж байна. Та намайг боддоо, би жаахан охинтой. Та дараа нь мөнгө дутаад байна Чандмань дэлгүүр дээр хүрээд ир гэхээр нь би очоод яаана эгчээ би юу гэж бичих вэ? би үнэхээр мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгэхэд та надад дараа нь цагдаа, шүүхийн асуудалд тулбал намайг ингэж бичүүлсэн гэж хэлж байдалд оруулчих байх гэхээр нь би тэгэхгүй гэж хэлж байсан. Хөдөлмөрийн гэрээг би ажилд оронгуутаа хийж үзээгүй. Хоёр сарын дараа, дандаа юмны араас нь өмнөх он сартай зүйл дээр ирж гарын үсэг зуруулдаг байсан. Ажил дээр түмэн хүнтэй байдаг болохоор яг яс гар дээрээс нь бараа бүтээгдэхүүнээ авч чаддаггүй. Та тухайн үед намайг чи Үүрийнтуяад итгэдэггүй юм уу? гэж асууж байсан би Үүрийнтуяад итгэдэг болохоороо падаан дээрээ гарын үсгээ зурдаг байсан. Энэ бичиг баримтууд бүгд дараа нь гарын үсэг зурагдсан баримтууд, би тантай асуудал үүсгэхгүй, төлж өгнөө гэж байсан ч би төлж чадахгүй хойшлуулаад яваад байсан. Гэхдээ би анх ажилд орохдоо өөрийнхөө дансаар орлогынхоо мөнгийг авмааргүй байна. Учир нь манай нөхөр төмөр замд ажилдаг хажуугаар нь хувиараа юм хийдэг болохоор мөнгө орж гарах тохиолдол зөндөө байдаг. Тийм болохоор би байгууллагын дансаар мобайлаар авмаар байна гэж хэлж байсан. Тэгэхэд хэн ч надад карт авчирч өгөөгүй. Хоёр сарын дараа карттай болсон. Тэр карт нь мобайлын ч карт биш, зүгээр л орой орлогоо тушаадаг карт байсан. Эхний нэг сард тэр карт надад огт байгаагүй. Би дандаа АТМ ороод өөрийнхөө данснаас ******* эгчийн дансанд тушаадаг байсан. Тэгээд би сарын дараа карттай болсныг нь мэдээд та надаа карт өгөөгүй гэж хэлж байгаад карт авч байсан. Яагаад дандаа бүгдээрээ миний буруу байгаад байгаа юм бэ? би аваагүй гэж огт хэлээгүй. Би яагаад ийм их өрөнд орсноо мэдэхгүй байна, гэхдээ Билгээ ах та хоёр хэн нэгнийг нь өрөнд орчих вий дээ гээд араас дандаа явж байдгийг чинь би мэднэ. Тэгээд бараануудаа өөрсдөө авчирч өгөхдөө дандаа тоолж, тулгаж өгдөг. Та хоёрыг байхгүйд бусад ажилчид чинь тэгдэг үгүйг мэдэхгүй ш дээ тийм биз дээ? ******* эгчээ, бид нар дандаа нэг үеийнхэн болохоор Тэмүүжин ахаа нэг тамхи дутуу байна уу? гэж би хэзээ ч асуухгүй. ******* эгч өгөөд явуулж байгаа бас Үүрийнтуяа тоолж авсан юм чинь дутаагүй, бүрэн байх гэж бодоод авдаг...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын өгсөн: ““Гонгорын хунх” ХХК нь 2020 оны 08 дугаар сард Олон улсын худалдааны төвийн 22 дугаар павильон дээр худалдагч авна гэх зар тавьсны дагуу ******* нь ажиллах сонирхолтой байна гэсний дагуу ярилцлага хийж, анкет бөглүүлсний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл дагалдан хийлгүүлсэн. Тус компани захирлын 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот дугаартай тушаалын дагуу *******ийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн худалдагчаар томилж, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажил үүргийн хуваарийг танилцуулан нийт 31,584,786 төгрөгийн бараа материалыг тоолон хүлээлгэж өгсөн. ******* нь ажилд орсон өдрөөс эхлэн тухай бүр тооцоо хийж, анхан шатны бичиг баримтын дагуу хүлээж авсан бараа материалыг кассын машинд шивж оруулан, хянан шалгаж, тайлан хийх зааварчилгааг тухай бүр өгдөг байсан төдийгүй орой болгон кассын машинд шивж борлуулалтын орлогын бэлэн мөнгийг АТМ-д тушаалгүй баримтыг нь тайланд тусган баталгаажуулж ирсэн. Гэвч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажиллахдаа бараа бүтээгдэхүүний орлогоос удаа дараа дутагдуулан, хувьдаа ашиглаж, нийт 21,927,172 төгрөгийн хохирол компанид учруулсан. Энэ хугацаанд компани зүгээс *******ий нөхцөл байдал, ажлын туршлага, өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан үзээд өр төлбөрөө барагдуулах, алдаа дутагдлаа залруулах боломж өгч худалдагчаар хоёр удаа эргэн томилж, заалны туслах ажилчнаар сэлгэн ажиллуулах тушаал гаргаж, ажиллаа хийнгээ өр төлбөрөө барагдуулах хугацаа олгосон. Гэвч энэ боломжийг ******* нь ашиглаж чадаагүй, гаргасан алдаа дутагдлаа засаж компанийг хохиролгүй болгож, нэр цэвэр ажлаасаа гарна гэж удаа дараа тайлбар гаргаж, гэр бүлийнх нь баталж байсан ч хохирол төлбөрөө барагдуулахаар санаачилга гаргаагүй, харин хугацаа хожиж, өөрсдийнхөө заль мэхийг улам лавшруулж байсан нь нэгэнт ил болсон учраас арга буюу Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Дээрх асуудлаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Гал-Эрдэнэ нь гэмт хэрэгт холбогдох 21,927,172 төгрөгийг мөрдөн шалгах гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. Цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагаа “Мэдээлэл аудитын” ХХК, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Дотоод хэргийн сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А114141 тоотоор батлагдсан, эдийн засгийн шинжилгээ хийх журам, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А130 тоот тушаалаар батлагдсан эдийн засгийн шинжилгээнд тавигдах шаардлага, байгууллагын стандартын баримтын шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байсан. Уг дүгнэлтэд *******ийг 21,927,172 төгрөгийн хохирол учруулсан талаар дүгнэсэн байсан. Энэ асуудлыг шударга хандаж, компанид учруулсан хохирлыг маань барагдуулж өгнө гэдэгт итгэлтэй байна.
- Товчхон хариулбал ойлгомжгүй гэж бодож байна. Учир нь эд хариуцагчийн гэрээ нь дээр нэг бүрчлэн бараагаа тоолж, хүлээж авна гэж заасан байгаа, энэ бол эд хариуцагч хүний үүрэг юм. Хоёрт: Ажил үүргийн хуваарь дээр дахин барааны хугацаа болон ирсэн барааг тулгаж, хүлээж авах, барааг өдөр болгон кассын машинд шивэх гэж заасан байгаа, үүнийг хэрэгжүүлэхийн тулд эд хариуцагч дээр өдөр болгон манай нягтлан очиж байсан. *******өө энийг үгүйсгэхгүй байх, хөрөнгө барьж байгаа хүнийг битгий өрөнд орчоосой, дор бүр нь ажлаа хийж байгаасай, мөн байгууллагаас өгөөд байгаа чиг үүргийн дагуу ажлаа хийгээсэй гэж хүсээд байгаа юм. Энэ хүнийг аврах гээд байгаа юм. Захын олон түрээслэгч нар Билгээ бид хоёрыг бараа аваачиж өгдгийг мэднэ. Гуравдугаарт: 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооллого хийгээд 11,600,000 гаруй төгрөгийн дутагдал гарсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би *******өө рүү утасдаад тайлан яасан бэ? гэж асуухад нягтлан тайлан өгөөгүй байна гэж хэлэхээр нь чи яагаад нягтлангаас тайлангаа аваагүй байгаа юм бэ? аваачээ гэж хэлсэн. Тайлангаа удалгүй өгсөн. Намайг дуудаарай би яаж хийж байгаад тайлан хийж байгаа Чандмань дээр чинь яваад очно гэж хэлэхэд 11,600,050 төгрөг дутаад байна гэж хэлсэн. 3-4 хоног тооцоогоо бодож байгаад *******ий нөхөр гэртээ засвар хийж байна гэртээ ирж хоол хийж өгөөч гээд байхаар нь би өрөвдөөд явуулж байсан ч удаа байгаа, тооцоо бодож байхад нь би Чандмань дэлгүүр дээр очиход 11,600,000 төгрөг дутаад байна гэхээр нь би 0 дээр алдчихсан юм биш биздэ? эсхүл 0 мянгачлал дээр алдчихсан юм уу? гэж хэлж байсан. Тэгээд бид 3 сууж байгаад тооны машин дээр нэмж үзсэн. Тухайн үед *******өө зүгээр суугаад байхаар нь битгий зүгээр суу миний хүү ядаж баримт нь дээр байгаа дүнгүүдээ нэмээд сууж бай гэж хэлсэн. Ингээд сууж байхад *******ий нөхөр нь удаа дараа утасдаад байсан. Тэгэхээр нь би хэсэг баримтаа өгөөд *******ийг гэр лүү нь явуулсан. Энэ бол 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон асуудал. Би тухайн өдөр шөнийн 03 цаг хүртэл бодож суусан. Миний бодсоноор 11,600,000 төгрөг дутаад байсан” гэх мэдүүлэг
3.Хохирогч *******ын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэр бүлийн хувьд “Гонгорын хунх” гэсэн нэртэй утаат тамхи худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай юм. Би компанийн захирлын үүргийг гүйцэтгэдэг. Тамхины худалдаагаа Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн 1 дүгээр давхрын 22 дугаар павилон, Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг “Гурван мэргэд” зах зэрэг газруудад явуулдаг. 2020 оны 08 дугаар сард манай байгууллага худалдагч ажилд авах талаар зар тавьсан. Удалгүй надтай нэг охин утсаар яриад манайд худалдагчийн ажил хийх сонирхолтой байгаа талаараа хэлсэн. Ингээд би тэр охиныг өөртэйгээ уулзах талаар хэлсэн бөгөөд тэр охин манай лангуугаар ирж надтай уулзсанаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн манайд дагалдангаар ажилд орж тухайн үед худалдагчийн ажлыг түр хугацаанд хийж байсан. Давхарбаяр гэх залуугийн хамт 5 хоног ажилласан. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны орой манай байгууллагад албан ёсоор худалдагчаар ажиллахаар болж ажил хүлээлцсэн. Ажилд томилох тушаалыг бол 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан. Харин хөдөлмөрийн гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр байгуулсан. Түүнийг нэг сарын 800.000 төгрөгийн цалинтайгаар ажиллуулж эхэлсэн. Ажил хүлээлгэн өгөхдөө түүнд нийт 31.584.785 төгрөгийн утаат тамхи, хүнс, ахуйн бараа хүлээлгэн өгсөн. Ингээд ******* лангууны өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулан ажилласан. Түүнтэй ажил хүлээлцэхдээ миний өөрийн нэр дээрх Хаан банкны 5689058723 тоот данстай виза картыг хүлээлгэн өгсөн. Уг виза карт руу өдөр бүрийнхээ орлогын мөнгийг хийж уг картнаасаа мөн миний өөрийн эзэмшлийн 5689005237 тоот данс руу шилжүүлэн баримтыг нь авч байх талаар чиглэл өгсөн. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэснээс хойш орой бүр миний дээрх данс руу мөнгө шилжин ордог байсан. Түүнд ажил хүлээлгэн өгснөөс хойш 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр нягтлан бодогч Давхарбаяр Дөлгөөний хамт бараа бүтээгдэхүүн, орлогын мөнгөний тооллого хийсэн гэсэн. Тэр үед тооллого хийхдээ үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг тоолсноос өөрөөр орлогын мөнгө болон бас бус тооллогыг бүрэн тоолоогүй гэсэн тул би Давхарбаяр, Дөлгөөн нарыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тооллогыг бүрэн хийж танилцуулах талаар үүрэг өгсөн. Би Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг “Гурван мэргэд” зах дээр байрлах тамхины дэлгүүр дээрээ худалдагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэр болгон бараа бүтээгдэхүүний тооллогод оролцоод байдаггүй. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дөлгөөн, Давхарбаяр хоёр бараа бүтээгдэхүүний тооллого хийсэн. Тооллогын дүнг Давхарбаяр тооллого хийсэн өдрөөс хэд хоногийн дараа надад танилцуулсан. Давхарбаяр “Дөлгөөнөөс 11 сая гаран төгрөг дутаад байна” гэхээр нь би гайхаад “Та хоёр буруу зөрүү бодсон байж магадгүй. Хоёр сар хүрэхгүй хугацаанд ийм хэмжээний мөнгө дутна гэж байхгүй дээ. Та хоёр дахин нарийн сайн шалгаж тоол” гэж хэлсэн. Тэр хоёр тооллого хийсэн баримтууд дээрээ тулгалт хийх ажлыг 3-4 хоногийн хугацаатай хийсэн бөгөөд Давхарбаяр “Үзээд үзээд ийм л хэмжээний мөнгө дутаад байна. Буруу зөрүү бодсон зүйл байхгүй л байна даа” гэсэн тул би өөрөө Давхарбаяр, Дөлгөөн нарын хамт баримтуудад нь нэг бүрчлэн тулгалт хийж уртасгасан цагаар сууж ажилласан хэдий ч яахын аргагүй 11.659.473 төгрөгийн орлогын мөнгө дутсан нь тогтоогдсон. Дөлгөөн гэх хүүхдээс ямар учраас ийм хэмжээний мөнгө дутсан шалтгааны талаар удаа дараа тодруулахад “Би сайн мэдэхгүй байна” гээд байсан. Би байн байн шалгаагаад байсан чинь тэр “Бага багаар авч хэрэглээд байсан чинь ийм зүйл болчих шиг боллоо” гэж хэлсэн. Тухайн үед Дөлгөөн нөхөр Энхмөнхтэйгээ хамт хоёр өрөө байр авч засвар үйлчилгээ хийж байгаа гэсэн бөгөөд дутаасан мөнгийг байрныхаа засвар үйлчилгээнд түр аваад хэрэглэсэн байж магадгүй, эргүүлээд төлөөд барагдуулчих байх гэж бодоод хууль хяналтын байгууллагад мэдэгдээгүй. *******ийг тийм хэмжээний мөнгө дутаасан тул ажлыг нь авч 2020 оны 11 дүгээр сарын эхний арван хэд хоногийн бараа бүтээгдэхүүний тооллогыг дахин хийж үзэхэд 994.797 төгрөгийн орлогын мөнгө дутсан. Манай байгууллагын нягтлан бодогч Давхарбаяр Дөлгөөнтэй үе тэнгийн тул би түүнд “Чи Дөлгөөнтэй өөрөө ярилцаад ямар учраас орлогын мөнгө дутаагаад байгаа. Дутаасан мөнгөө төлж барагдуулах эсэх талаар нь асуу” гэсэн үүрэг өгсөн. Тэгсэн Дөлгөөн “Би мөнгө төгрөг дутаачихаад ажлаасаа гарахаар хэцүү байна. Намайг дахин нэг сар ажиллуулаач, би ажлаа хийж байгаад нэг сарын дараа нөхөртэйгээ хамт цуглуулж байсан хадгаламжийн мөнгөнөөсөө таны мөнгийг гаргаж өгөөд нэр цэвэр ажлаасаа гармаар байна” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд түүнийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулсан. Тухайн үед түүнд 22.092.513 төгрөгийн тамхи бараа материал хүлээлгэн өгсөн. Тэр үед Дөлгөөн ажлаа тарсаны дараа орлогын мөнгийг миний дээрх данс руу тушаадаг байсан. Өмнөх үеүдээс арай л бага хэмжээний мөнгө данс руу шилжүүлж байсан учраас би “Дөлгөөнөө орлогын мөнгө арай л бага байна даа” гэж асуухад тэр “Эгчээ Коронавирус гарсантай холбоотой борлуулалт муу байна шүү дээ” гэхээр нь би нээрээ л тийм байгаа юм байх гэж бодсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бараа материалд тооллого хийх байсан ба тухайн үед Давхарбаяр өөр ажилтай болчихсон ба Дөлгөөн өөрийн ээж Мөнхцэцэгийн хамт тооллого хийж болох эсэх талаар надаас асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд Дөлгөөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ээжийнхээ хамт бараа материалын тооллого хийсэн. Тэр өдрөө тооллогоо хийгээд дуусчихсан гэхээр нь би “тайлангаа надад өг” гэсэн чинь тэр тухайн үед тайлангаа гаргаж өгөхгүй явсаар байгаад 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тооллогын талаарх тайлангаа өгөхөөр нь бодож үзэхэд 4.949.105 төгрөгийн бараа бүтээгдэхүүний орлого дутсан байхаар нь түүнд хэлэлгүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шууд түүний ажлыг хүлээн авч үлдсэн бараа бүтээгдэхүүний тооллогыг хийхэд дахин 4.323.797 төгрөгийн орлогын мөнгө дутсан. Түүнээс ямар учраас дахин дахин их хэмжээний мөнгө дутаасан талаар асуухад бага багаар хэрэглэж байгаад дутаачихлаа гэж хэлсэн. Мөн би тооллогын тайлан болгоны ард талд нь Дөлгөөнөөр орлогын мөнгийг ямар учраас дутаасан талаар нь бичүүлэн авсан. Дөлгөөнийг ажлыг хүлээн авснаас хойш түүний нөхөр Энхмөнх нь надтай уулзаад “Тооцооны биш ажилтнаар томилж өгөөч эгчээ. Манай эхнэр тооцооны биш ажил хийгээд цалингаа 100 хувь суутгуулаад явчихья. Мөн би хүнээс мөнгө сураглаад байгаа. Удахгүй би хүнээс 10 сая төгрөг зээлэх санаатай. Тэр мөнгөө эхний ээлжинд өгчихье” гэхээр нь би Дөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс заалны ажилтнаас томилон ажиллуулж эхэлсэн. Тэрээр бараа бүтээгдэхүүн өрөх, цэвэрлэгээ үйлчилгээ хийх ажил хийж байгаад 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өвчтэй гээд ажилдаа ирэхээ больсон. Утсаар ярихад тэр “эмнэлэгт хэвтээд хагалгаанд орох гэж байна” гэхээр нь би “Эгч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалинтай чөлөө өгье. Түүнээс хойш чи листээ бичүүлж ирж өгөөрэй” гэж хэлсэн боловч түүнээс хойш Дөлгөөн яах гээд байгаа нь тодорхойгүй болсон. Дөлгөөнөөс дутаасан орлогын мөнгийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардахад удахгүй төлж барагдуулна гэж хэлээд яваад байсан. Тэрээр хадгаламжийн мөнгөнөөсөө төлж барагдуулна гэсэн хэдий ч сүүлдээ түүний хадгаламжинд нь мөнгө байгаагүй болсон. Мөн тэр өөрийгөө жирэмсэн гэхээр нь би яаран цагдаагийн байгууллагад хандаагүй” гэх мэдүүлэг[2],
4.Гэрч *******ын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гонгорын хунх” ХХК-д 2020 оны 06 дугаар сард худалдагчийн ажилд орж ажиллаж эхэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс тус байгууллагад нягтлан бодогчийн ажил хийж эхэлсэн. Жижиг байгууллага хүний нөөц багатай тул дангаараа нягтлан бодогч хийгээд байдаггүй бөгөөд худалдагч байхгүй үед худалдагчийн ажил үүрэг гүйцэтгэдэг байсан. Одоо бол нягтлан бодогчийн ажил хийхээ болиод худалдагчийн ажлыг дангаар нь хийж байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 02, 03-ны үед Дөлгөөн гэх ерөнхий боловсролын сургуулийн манай үеийн охин ажилд орохоор ирж тухайн өдрөө манай компаний “Сэлэнгэ” олон улсын худалдааны төвийн 22 дугаар лангууны худалдагчийн дагалдахаар ажилласан. Би тэр үед уг лангууны худалдагчийн ажил хийж байсан. Ингээд тэрээр намайг дагаж хэд хоног ажиллаад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр лангууны бараа, бүтээгдэхүүний тооллого хийж 09 дүгээр сарын 08-ны өдрөөс түүнийг 22 дугаар лангууны үндсэн худалдагчаар ажиллуулж эхэлсэн. Миний санаж байгаагаар 20 гаран сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн түүнд хүлээлгэн өгсөн. Яг хэдэн төгрөг байсныг нь нарийн сайн мэдэхгүй байна. Түүний ажил үүргийн хуваарь нь гэвэл иргэдтэй худалдаа наймаа хийх, бараа материалаа зуун хувь хариуцах, түгээлтээр ирсэн бараа материалд тулгалт хийж хүлээн авах, тулгаж авсан бараагаа кассын компьютер дээр шивж оруулах, өдөр тутмын орлогыг автомат тооцооны машинд хийж захирал Энхжаргалын дансанд шилжүүлэх, хугацаа нь дуусч байгаа барааг 14 хоногийн өмнө удирдлагад мэдэгдэх зэрэг юм. Бараа бүтээгдэхүүнээс гадна түүнд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайл зэрэг үүрэг телефон байгууллагуудын нэгж зэргийг хүлээлгэн өгч хариуцуулдаг. Бас кассын орлогын мөнгийг хийж Энхжаргал захирал руу шилжүүлэх Хаан банкны виза карт хариуцуулан өгөх байсан хэдий ч түүнийг ажилд орох үед уг карт алга болчихсон байсан тул 09 дүгээр сарын сүүлээр банкнаас шинээр захиалан өгсөн. Түүнийг ажилснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эхний тооллогыг хийсэн бөгөөд уг тооллогыг Дөлгөөн, туслах ажилтан бид гурав хийсэн. Тухайн үед туслах ажилтнаар Хишгээ эсвэл Үүрийнтуяа хоёрын аль нь байсныг санахгүй байна. Ямартай ч нэг нь байсан. Тооллогыг шөнийн 02-03 цагийн үед дууссан. Худалдагч лангууны бараа бүтээгдэхүүний тооллогын дүнг тооцож тайлан гаргаж өгөх ёстой бөгөөд тэр үед Дөлгөөн “Би амжихгүй байна. Чадахгүй байна” гээд байхаар нь би уг тооллогын дүнг нэгтгэж тайланг гаргаж өгөхөөр болж баримтуудыг авсан. Тооллогын тайлан, дүнг нэгтгэх гэтэл бид нар тооллого хийхдээ лангуунд байсан кассын бэлэн мөнгө, нэгжүүдийг тоолоогүй байсан. Тэгээд би Энхжаргал захиралд дутуу тоолсон талаараа мэдэгдэхэд захирал ажлын бус цагаар сууж ажиллах зөвшөөрлийг худалдааны төвөөс авч өгснөөр бид нар 2020 оны 10 дугаар сарын 15-ны орой дахин тооллого хийсэн. Дахин тооллого хийгээд баримтуудыг нь авч бусад ажлынхаа завсар зайгаар дүнг нь нэгтгэж бодоход 10 гаран сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүний дутагдал гарахаар нь би энэ талаар Дөлгөөнөөс тодруулахад тэрээр “Би мэдэхгүй. Над дээр яахаараа ийм аймаар өр дутагдал гардаг юм бэ?” гэж хэлсэн. Дутуу баримт, падаан үзэлгүй үлдээсэн байж магадгүй гэж баримтуудыг дахин нэг нягталж үзэхэд яахын аргагүй 10 гаран сая төгрөг дутсан хэвээр байхаар нь захирал Энхжаргалд мэдэгдсэн. Захирал “Юу гэж тэгэж ихээр дутдаг юм. Юм хумаа дутуу бодоод байгаа юм уу? Падаан үлдээгээд тоолсон юм биш биз. Тооны оронгийн алдаа гаргаад бичсэн биш биз дээ” гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин лангууны бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгөний тооллогын ажил эхэлсэн. Уг тооллогыг Дөлгөөн, Үүрийнтуяа нарын хамт хийсэн бөгөөд тооллого хийж дууссаны дараа дүнг нэгтгэж шалгахад 11 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний дутагдал хэвээр байсан. Энэ талаар мөн л захиралд хэлэхэд тэр “ Дөлгөөнөөр өөрөөр нь баримтуудыг нэг бүрчлэн шалгуул” гэхээр нь Дөлгөөнөөр баримт материалуудыг шалгуулж үзэхэд мөн л зөрсөн хэвээр байсан. Дараа нь захиралтай хамт бодож шалгаж үзэхэд яахын аргагүй дутаад байсан тул 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс түүний ажлыг би хүлээн авч ажилласан. Харин Дөлгөөнийг заалны туслах ажилтнаар ажиллуулан тооллогын баримтуудыг нэг' бүрчлэн дахин тулгаж үз, орой бүр орлого тушаахдаа алдсан байж магадгүй тул тушаасан орлого бүрээ баримттай нь тулга гээд Энхжаргал захирал дансны талаарх мэдээлэл ирдэг гар утсаа авч ирж Дөлгөөнд өгсөн. Мөн тухайн үед захирал надад “Дөлгөөн их хэмжээний орлогын дутагдалд оруулсан тул эцэг, эхэд нь хэлж мэдэгдээрэй” гэж хэлсэн. Би Дөлгөөний ар гэрийнхэнд мэдэгдэх гэхээр тэр “Би тусдаа амьдралтай хүн, би өөрөө биеэ даагаад дутагдалд оруулсан мөнгөө төлж барагдуулах болно. Миний хадгаламжинд 50 сая төгрөг байгаа. Банк нээгдэхээр хадгаламжнаасаа аваад өр төлбөрөө барагдуулах болно” гэж хэлсэн. Тэр үед Сэлэнгэ аймагт Коронавирус гараад банкнууд ажиллаагүй тул нээрээ л хадгаламжтай юм байх гэж бодсон. Би түүнээс банкнаас дансны хуулгаа аваад өгөөч шүүж үзмээр байна гэхээр тэр “Миний иргэний үнэмлэхний хугацаа дууссан. Иргэний үнэмлэх байхгүй бол банкнаас дансны лавлагаагаа авч чадахгүй” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Дөлгөөн надад “Намайг захиралд хэлж байгаад намайг дахин нэг сар ажиллуулаад өгөөч. Би нэр цэвэр гармаар байна” гэж гуйхаар нь би захиралд хэлсэн чинь “За яахав залуу хүүхэд юм чинь дахин нэг сар ажиллуулаад үзье” гэж хэлсэн. Түүний дараа би 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа явалгүй Сэлэнгэ аймагт эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хот руу яваад 2021 оны 02 дугаар сарын 01, 02-ны үед Сэлэнгэ аймагт ирсэн. Ирэхэд Дөлгөөн дахиад баахан өр дутагдал гаргачихсан байсан. Тэр үед захирал Дөлгөөний нөхөрт нь хэлж байгаад түүний Хаан банкны дансны хуулгыг нь авахуулсан байсан. Дансны хуулгаар нь орлого, зарлагын мэдээллийг нь харахад тэрээр мөрийтэй тоглоом их тоглодог гэмээр утга бүхий шилжүүлгүүдийг удаа дараа хийсэн байсан. Бас бус хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн байсан. Энхжаргал захирлын данснаас өөр бусад данс руу шилжүүлсэн мөнгөн дүн тус бүрийг нэмж тооцож үзэхэд 11 орчим сая төгрөг болж байсан. Би Дөлгөөнд ажлаа хүлээлгэж өгөхөд хорь дотор мянган төгрөгийн дутагдалтай байсан санагдаад байна. Их хэмжээний бараа бүтээгдэхүүнтэй харьцдаг учраас арваас хорин мянган төгрөгийн тооцооны дутагдал гардаг. Түүнээс асуухаар эхэндээ мэдэхгүй гээд байсан. Сүүлдээ дансны лавлагааг нь авч шалгахад хувьдаа хэрэглэсэн мөнгөн дүн ихтэй байсан. Байгууллагын орлогын мөнгийг хэрхсэн талаараа тийм ийм гэж хэлэлгүй мэдэхгүй гэдэг байсан” гэх мэдүүлэг[3],
5.Гэрч *******гийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би уг байгууллагын талаар мэднэ. Уг компани нь олон улсын худалдааны төвд тамхи, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг. Би уг байгууллагад 2020 оны 09 дүгээр сард туслах ажилтнаар орж ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын дундуур ажлаасаа гарчихсан. Өөрийн хүсэлтээр гарсан. Туслах ажилтан гэхээр бараа бүтээгдэхүүнийг өрж цэгцлэх, тоос шороог нь арчиж цэвэрлэх, лангууны орчмыг цэвэрлэх зэрэг юм. Худалдаа наймаанд бол оролцдоггүй байсан. Би *******ийг танина. Намайг ажиллаж байхад тэрээр “Сэлэнгэ” олон улсын Худалдааны төвийн 22 дугаар лангуунд худалдагч ажил эрхэлдэг байсан. Харин би тэр лангууны туслах ажилтнаар ажиллаж байсан. Намайг ажиллах хугацаанд сар бүрийн сүүлээр лангууны бараа материалын тооллого хийдэг байсан. Тооллогыг худалдагч *******, нягтлан бодогч Давхарбаяр нар гардан хийдэг бөгөөд би тоолоход туслаж тоолсон барааг нь бичиж өгдөг байсан. Тооллого бүрийн дүн ямар байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тоолж нэг бүрчлэн бичээд дараа нь бодчихдог юм шиг байсан. Нийт 4-5 удаа тооллого хийсэн байх гэж санаж байна. Би 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн 22 дугаар лангуунд туслах ажилтнаар орсон тэр үед ******* худалдагчаар ажиллаж байсан. Намайг анх ажилд орсноос хойш хугацаанд тэр лангууны орлогын мөнгийг дур мэдэн авч худалдааны төвийн 2 дугаар давхрын хувцасны лангуунуудаас хувцас их авч өмсдөг байсан. Заримдаа намайг “Платья үзээд ир, нөхөрт унтлаганы хувцас үзээд ир” гэж хэлж касснаас мөнгө авч өгч явуулахад нь би захисан хувцасыг нь авч ирж өгч байсан. Ер нь өдөр болгон шахуу тэр кассын орлогын мөнгөөр хувцас хунар, бараа материал, амттан зэрэг зүйл авдаг байсан. Мөн захын алт мөнгөн эдлэлийн лангуунаас монетон ээмэг авч байсныг нь санаж байна. Тухайн өдөр ажлын цаг дууссаны дараа худалдагч ******* кассын бэлэн мөнгөний орлогыг автомат тооцооны машинд тушаахаар явдаг бөгөөд тухайн үед нь би хамт явдаг юм. Тэгээд Дөлгөөн мөнгөө АТМ руу хийхэд зарим хуучирч муудсан мөнгийг нь АТМ хүлээн авдаггүй юм. Тэр мөнгийг Дөлгөөн өөрөө аваад гэртээ харьдаг. Тэгэж АТМ хүлээн авах боломжгүй мөнгийг эргүүлээд лангууны кассанд хийх ёстой байдаг ба миний мэдэхийн тийм мөнгийг Дөлгөөн эргүүлээд кассанд хийж байгаагүй. Дунджаар 50.000-60.000 төгрөг АТМ-д хүлээн авах боломжгүй байдаг. Бас тэр хүмүүст зээлээр бараа их өгдөг байсан. Худалдааны төвийн бусад лангууны хүмүүс лангуугаар ирээд ах нь, эгч нь гээд тамхи, ундаа зэрэг зүйл зээлээд авдаг байсан. Тэр болгоныг Дөлгөөн бичиж тэмдэглэдэггүй мартчихдаг тул би удаа дараа хүмүүст зээлсэн зүйлийг нь сануулж байсан. Бас түүний нөхөр Энхмөнх манай лангуугаар ирэх үедээ хамгийн үнэтэй “Кастер” гэх нэртэй тамхинаас боодлоор нь аваад явдаг байсан. 10 гаран хоноод нэг ирж тамхи авдаг байсан. Мөн заримдаа нөхрийнх нь, өөрийнх нь найзууд гэж залуучууд ирэхэд Дөлгөөн тамхи өгдөг байсан. Би ажилд ороод нэг сар гаран болсны дараа Энхжаргал захиралд Дөлгөөний үрэлгэн, дураараа лангууны бараа материал, орлогыг хэрэглээд байгаа талаар хэлсэн хэдий ч тэр намайг нэг их авч хэлэлцээгүй” гэх мэдүүлэг[4],
6.Гэрч *******гийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дөлгөөн 2020 онд Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн тамхины лангуунд худалдагчаар ажилласан бөгөөд ажлаасаа гарахад нь мөнгө төгрөг дутсан гэсэн. Хорь гаран сая төгрөг гэсэн. Ямар учраас дутсан зэрэг нарийн учрыг нь бол мэдэхгүй байна. ******* нөхөр хүүхдийнхээ хамт хадмындаа амьдардаг. Өнгөрсөн жилийн тухайд өвөөгийнхөө байранд тусдаа гарсан амьдарч байгаад саяханаас хадмындаа амьдарч байгаа. Түүний нөхөр Энхмөнх нь төмөр замд вагон үзэгч гээд ажил хийдэг. *******ий хувийн зан байдал гэвэл даруу төлөв зантай хүүхэд байгаа юм. Ээж, аав биднийхээ үгэнд боломжийн сайн ордог ер нь бол чих зөөлөнтэй хүүхэд гэж би хувьдаа боддог” гэх мэдүүлэг[5],
7.Гэрч *******ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 2 сар билүү 3 сар билүү тэр үед Гонгорын хунх ХХК-ийн нягтлан бодогч Давхарбаяр гээд хүүхэд “Танай охин Дөлгөөн манай байгууллагад ажиллаад 20 гаран сая төгрөгийн өрөнд орсон” гэсэн утгатай мессеж бичсэн байхаар нь би түүн рүү утасдаад юу болсон талаар тодруулаад түүнтэй уулзахаар болоход тэр Сэлэнгэ олон улсын худалдааны төвийн тамхины лангуун дээрээ байна гэхээр нь би яваад очиж уулзахад тэр “Дөлгөөн хорь гаран сая төгрөгийн өрөнд орсон” гэхээр нь би “Та нар өчнөөн тооллого хийсэн байж яагаад ийм хэмжээний өрөнд орчихдог юм бэ” гэхэд тэр “Эхний тооллого хийхэд 11 сая төгрөг дутсан, түүнээс хойш түүнийг дахин ажиллуулж байгаад дахин тооллого хийх болгонд их хэмжээний мөнгө дутсаар 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд ажиллахад нийт 20 гаран сая төгрөг дутсан” гэсэн зүйлийг хэлсэн. Би Давхарбаярт эхний тооллого хийж дууссаны дараа 11 сая төгрөг дутаасан байхад та нар ямар учраас түүнийг ажиллуулаад байдаг юм бэ. Эртхэн надад хэлэхэд яадаг юм” гэхэд тэр “Дөлгөөн өөрөө үргэлжлүүлээд ажиллая гээд гуйгаад байхаар нь ажиллуулсан” гээд байсан. Би Дөлгөөнөөгөөс ямар учраас гэрийнхэндээ мэдэгдэхгүй яваад байсан талаар асуухад тэр “Би тухайн үед та нараас айгаад байсан болохоор хэлж чадаагүй” гэсэн. Миний охины хувьд дараа төлөв, дуу шуу багатай хүүхэд байгаа юм. Ямар нэг хорт зуршилгүй. Дөлгөөн Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаад жилийн чөлөө авчихсан. Одоо Дөлгөөн нөхөр, хүүхдийнхээ хамт хадмындаа амьдардаг. Нөхөр Энхмөнх нь төмөр замд ажилладаг. Дөлгөөн “Гонгорын хунх” гээд компанид богино хугацаанд ажиллахдаа тийм их хэмжээний мөнгө дутаасан гэхээр би их гайхаж байна. Тэрээр ажиллах хугацаандаа мөнгө төгрөг их үрээд халгиж цалгиад яваад байсан зүйл байхгүй. Мөн гэр орноо тохижуулаад байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],
8.2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №21/01 Шинжээчийн Дүгнэлт хэсэгт: “...Дээрхи санхүүгийн баримтаас дүгнэхэд худалдагч Б.Дөлгөөн нь нийт 21,913,782 /Хорин нэгэн сая есөн зуун арван гурван мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийн барааны орлогыг компанийн дансанд эргэн тушаагаагүй болох нь санхүүгийн баримтуудаар нотлогдож байна. Энэ нь өдөр тутмын орлогыг компанид тушаахдаа дутуу тушаах замаар дутагдуулсан байна. Худалдагч Б.Дөлгөөн нь 2020 оны 09 сарын 07-ны өдөр тооллогоор 31,584,786 төгрөгийн бараа материалыг хүлээн авч 2020.09.08 - 2021.01.13 хүртэл ажиллах хугацаанд нийт 237,016,156 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг орлогод авч, 6,195,601 төгрөгийн бараа материалын буцаалт хийн 216,791,990 төгрөгийг байгууллагын дансанд тушааж 2021 оны 01 сарын 12-ны өдрийн тооллогоор 15,058,691 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тоологдон 21,913,782 төгрөгийн бараа бүтээгдэхүүний орлогын мөнгийг байгууллагын дансанд тушаалгүйгээр дутагдуулсан байна. Худалдагч Б.Дөлгөөний харилцах дансдын гүйлгээнүүдээс харахад Хаан банкны 5675521633 тоот данснаас 10,133,746 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан ба бооцоот тоглоом тоглож 2,038,000 төгрөгийн алданги хүлээсэн байна. Мөн Хаан банкны 5675521633 тоот данснаас Төрийн банкны 150000588405 тоот өөрийн дансанд 3,086,000 төгрөгийг шилжүүлж, хувийн хэрэгцээнд зарцуулсан байгаа зэргээс харахад санхүүгийн сахилга бат муутайгаас байгууллагын мөнгийг эргэн тушаахдаа дутуу тушаах замаар дутагдуулсан гэж дүгнэхэд хүргэж байна...” гэх дүгнэлт[7],
9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №95 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: Хариулт 1. “Мэдээлэл аудит” ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21/01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үед аудитад ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр “Гонгорын хунх” ХХК-ний худалдагч *******ий хариуцаж байсан бараа борлуулалтын тооцоог тулган шалгахад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний хооронд ажиллах хугацаанд нийт 237,016,156 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг орлогод авч, 6,161,601 төгрөгийн бараа материалын буцаалт хийж, 216,791,990 төгрөгийг байгууллагын харилцах дансанд тушааж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тооллогоор 15,058,691 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тоолж, хүлээлгэн өгч, 20,878,070 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Харин “Мэдээлэл аудит” ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 21,913,783 төгрөгийн дутагдлын дүнгээс 1,035,713 төгрөгийн зөрүү үүссэн нь тооцооллын зөрүү байна. Хариулт2: “Мэдээлэл аудит” ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21/01 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үед аудитад ирүүлсэн санхүүгийн нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй байна. Энэ нь шинжилгээнд ирүүлсэн “Гонгорын хунх” ХХК-ний худалдагч *******ий 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ны хооронд ажиллах хугацаанд гаргасан тайлан, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Хариулт 3: Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтын хүрээнд “Гонгорын хунх” ХХК-ний худалдагч *******ий хариуцаж байсан бараа борлуулалтын тооцоог тулган шалгахад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ны хооронд ажиллах хугацаанд нийт 237,016,156 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг орлогод авч, 6,161,601 төгрөгийн бараа материалын буцаалт хийж, 216,791,990 төгрөгийг байгууллагын харилцах дансанд тушааж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тооллогоор 15,058,691 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тоолж хүлээлгэн өгч, борлуулалтын орлогын үлдэгдэл болох 20,878,070 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан байна. Харин дутаах болсон шалтгаан нөхцөл, ямар аргаар завшсан зэрэг үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэх дүгнэлт[8], 10.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[9], 11.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[10], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[11],13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[12], 14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[14] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ий гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан Боржигон овогт Баяраагийн Дөлгөөнд холбогдох хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүх хуралдаанаар хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд хохирогч *******ын мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Мэдээлэл аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн дүгнэлт, Гонгорын хунх ХХК-ын захирлын тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд Олон улс худалдааны төвийн 22 дугаар лангуунд Гонгорын хунх ХХК-ны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон. Энэ хугацаанд байгууллагын бараа бүтээгдэхүүн борлуулсан орлогоос хувьдаа завшиж нийт 20,878,070 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон. Итгэмжлэн хариуцуулсан этгээд гэж аж ахуй нэгж байгууллагын өмчийн бүрэн бүтэн байдлыг хариуцахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог, хууль буюу гэрээнд зааснаар үүргийг хүлээлгэдэг. *******ий хувьд хөдөлмөрийн гэрээнд заасан иргэний харилцааны шинжтэй үүргээ хэлцлийн үндсэн дээрээс Гонгорын хунх ХХК-ын борлуулалтын орлогыг хариуцсан, хариуцаж байх хугацаандаа өөрийн хөрөнгө мэтээр захиран зарцуулсан. Энэ итгэлцлийн улмаас Гонгорын хунх ХХК-д 20,000,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэгдсэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас 20,878,070 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлын хэмжээгээр хохирлыг тогтоож өгнө үү? гэсэн саналтай байна” гэсэн гэм буруу болон хохирлын талаар санал, дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо. Улсын яллагчтай санал нэг байна. *******ий хийсэн гэм буруутай үйлдэл нь бусдын хөрөнгөд хохирол учруулж байгаа үйлдлийг нь эрх зүйн хувьд яаж зохицуулсан байдаг вэ? гэх талаар ганц үг хэлье. 1991 онд Монгол улсын ардчилсан үндсэн хуулийг баталсан. Уг хуулийн 5 дугаар зүйлд нийтийн болон хувийн өмчийг мөрдөгч хамгаална гэж хуулиар баталгаажуулчихсан. Мөн Эрүүгийн хуулиар хамгаалсан байгаа, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголтыг заагаад өгчихсөн. Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэхүй, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн талаар хуульчилж өгсөн. *******ий хийсэн үйлдэл нийгэмд аюултай юм гээд хуульчилчихсан. Гэвч *******өө болон өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаас харахад гэм буруугийн тал дээр маргахгүй байна. Тиймээс би энэ тал дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэж бодож байна. Хохирол төлбөрийн талаар маргаад байх шиг байна. Хохирол төлбөрийн асуудлаар бид мэргэжлийн хүмүүс биш учраас дүгнэлт хийж чадахгүй, аргаа бараад шинжээчийн дүгнэлтүүдийг удаа дараа гаргуулсан. Мэдээлэл аудит ХХК-ны дүгнэлтээр 21,913,728 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон. Гэтэл үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, би дахин дүгнэлт гаргуулна гээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж ахин давтан дүгнэлт гаргуулсан. Давтан дүгнэлтээр 20,878,070 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон. Тооцоо төлбөрийн асуудлаас болж 1,000,000 гаруй төгрөгийн алдаа гарсан байна гэж хэлсэн. Бид үүнд итгэж байгаа, учир нь 35 жил ажилласан шинжээч дүгнэлт гаргасан. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгч, прокурор, өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй гэж заасан. Манай талаас хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Гэвч зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ тодорхой гаргах хэрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх тогтооно гээд хуульчлаад өгчихсөн байгаа, шүүхийг шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хохирлыг гаргуулж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Мөн байцаан шийтгэх ажиллагааны зардал болон шинжээчийн дүгнэлт гаргуулахаар өгсөн төлбөр болох 748,000 төгрөг, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргуулсан 800,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэмж гаргуулж өгөөч гэсэн саналтай байна, бас анхны саналаа дэмжиж байна” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийсэн.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Манай талаас зүйлчлэлийн асуудалд маргахгүй байгаа, гэхдээ хохирлын хэмжээг энэ хуульд зааснаар тогтоосон уу? мөнгийг нь аваад идсэн байхыг үгүйсгэхгүй, *******ий хүүхэд нь их бага, анх ажил хөдөлмөр хийж байгаа нөхцөл байдлууд байгаа, гэхдээ бараа бүтээгдэхүүн дутсан асуудал хохирогчоос болж үүссэн гэж би харж байна. Бид нарт баримт алга, би ганцхан нотлох баримтыг шинжлэн судалсан. Учир нь Цагдаагийн байгууллага цагаатгах талын нотлох баримтыг шалгаж өгөөгүй. Надад байнга татгалзсан хариу өгсөн. Хуульд бодит нөхцөл байдлыг тогтоогоорой гэж заасан. Гэхдээ үүнийг мөрдөгч, прокурор нар хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй. Би шүүгдэгч *******ий дансны хуулгыг л иш татаж байгаа, яагаад *******ий дансны зарлага болон орлого нь зөрөөд байна вэ? шүүгдэгчийг мөрийтэй тоглосон байна гэж хэлж байна. ******* тоглож болно ш дээ, яагаад болохгүй гэж? Энэ хүний өөрийнх нь данс, регистрийн дугаар болон данс хоёр *******ий хувийнх нь зүйл, үүнд та нарын хэн нь ч халдах эрх байхгүй. Яагаад танар дансыг нь ил болгоод байгаа юм. Би гайхаж байна, мөн дансных нь зарлагад нь яагаад ач холбогдол өгөөд байгаа юм? хүүхдэдээ живх авсан ч энэ хүний дур, би нэг зүйлийг их гайхдаг юм, шүүгдэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажил олгогчийн зүгээс ажиллах нөхцөл бололцоогоор хангасан уу? Үүнд ач холбогдол хийх ёстой. 23,000,000 төгрөгийн орлого орсон байна гэж хэлж байна. Шүүгдэгчийн хувийнх нь дансанд өөрийнх нь хувийн орлого орж болно Д.Эрдэн-Оргил өмгөөлөгчөө, энэ гүйлгээг шалгаач гэж хэлж байгаа юм. Улсын яллагч шүүгдэгчийн данснаас 30,000 төгрөгийн гүйлгээ гарсан гэж хэлж байна. Энэ хүн тоглоом тоглоно уу? тоглохгүй байна уу? Энэ та нарт ямар хамаатай юм. Тамхинд төлөгдсөн орлого хэд байна? хувь хүнээс нь орсон орлого хэд байна? мөн хүүхдийнх нь орлого хэд байна? эдгээр зүйлүүдийг тодорхой шалгах хэрэгтэй. Сонсох дуртай хүн ямар хөгжмөө захиална гэдэг шиг ийм л нотлох баримтууд бүрдлээ. Би шүүхээс эдгээрийн учрыг олоод өгчих гэж удаа дараа хэлсэн. Ядаж л бүгдээрээ үндсэн хуулиар олгогдсон хүний халдашгүй эрх рүү халдахаа л больчих хэрэгтэй. Хэн ч үгүйсгэж чадсангүй. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатнаас эхлэн би өөрийнхөө хувийн дансанд авмааргүй байна, карт өгөөч, надад олон орлого олдог, миний хувийн данс руу мөнгө ороод байна гэж хэлж байсан. Хоёр хүн очоод бараа бүтээгдэхүүн өгдөг. Мөн дийлэнх олон хүмүүс бэлэн мөнгө ашиглахаа больсон, байнга мобайлддаг болсон. Шүүгдэгч ажлаа тараад байнга АТМ орж мөнгөө тушаадаг байсан. *******ий ажил 20 цаг гэж тардаг байх, тэгэхээр шүүгдэгчээс ийм их мөнгө нэхэх нь өрөөсгөл юм гэж маргалдаж байгаа, харин байгууллагынхаа данснаас картаа өгөөд тухайн картад нь мөнгө цуглараад, энэ мөнгийг нь ******* хувийнхаа хэрэглээнд зарцуулсан бол би маргахгүй. Надад маргалдаад байх ч хүсэл алга. Гэтэл ******* хувийнхаа данснаас мөрийтэй тоглосон байна гээд хэрэлдээд байх юм. Тэгвэл бүгдээрээ шүүгч юм уу прокурорын цалинг байгууллагатай холбочихъё, тэгээд байгууллагынх нь цалин орж байг, тэгээд хэн нэгэн нь зарцуулаад хувийнхаа данснаас мөнгө зарцууллаа гээд загнаад байя. Тийм учраас би энэ гурван хүсэлтийг гаргасан. Даанч үүнийг хангаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ хэрэг шийдэгдэх байх, гэхдээ цааш цаашдаа бодоорой. Яагаад энэ хэрэг дээр хэргийн газрын үзлэг хийгээгүй юм бэ? өнөөдөр бүгдээрээ нэг талдаа гарчихсан, нэгдмэл сонирхолтой хүмүүс байна. Энэ дэлгүүр ямар вэ? үнэхээр гүйлгээ хийх боломжтой юу? бүгд л Олон улсын худалдааны төвөөр явж байгаа, би эдний дэлгүүрийг хаалгаа цоожилчихоод бараагаа тоолж байна гэж нэг ч удаа хараагүй. Байнгын нэг хүн үүдэн дээр зогсож байдаг, мөн дан ганц тамхи зардаггүй, нэгж зэрэг олон зүйл зардаг. *******ий хуульд заасан эрхийг прокурорын газраас хаагаад байгаа учраас бид нар яллагдагчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Би Хүсэлт гаргаагүй байсан бол бид нар чадаагүй ш дээ гэж бодоод хэлж чадахгүй, даанч бид нар хүсэлтээ гаргачихсан. ******* гэх хүнийг сая гэрчээр асуухад үгүй, тэгээгүй гэж хариулж байна. Тэгвэл гэрчийн мэдүүлгийг яагаад бусад нотлох баримтаар шалгахгүй байгаа юм бэ? хохирогч *******ын хавтаст хэрэгт авчирч өгсөн баримтуудыг би хоёрхон зүйлээр үгүйсгэж байгаа, бид нар чадаж байгаа нь тэр байна. Нэгт *******ий хувийн дансны хувьд танар яаж ч маргалдаж чадахгүй, үүнд танар маргалдаж чадахгүй, би ганцхан энэ зүйлээр танарыг ялж байна. Би шүүгдэгчийн хэлсэн бүх зүйлийг үнэн гэж бодож байна. Бүх зүйлүүдийг араас нь хийсэн. *******ий нөхрийг гэрчээр асуусан. Би тухайн үед хуралтай байсан санагдаж байна. *******ын дэлгүүр дээр маш их бараа бүтээгдэхүүн дутдаг. *******ий ээж хүртэл 11,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь *******ий данснаас гарчихсан байна гэж хэлж байна. *******ийг цалингүйгээр тодорхой хугацаанд ажиллуулсан байна. Та нар цалинг нь өгсөн үү? энэ өрнөөсөө хассан уу? Би зүгээр энгийн шалгаж болох зүйлүүдийг хэлж байна. Дутаасан гэж гарын үсэг зуруулаад байгаа болохоос биш танар хөдөлмөрийн гэрээнд дурдсан зүйлүүдээ тулгаж үзсэн үү? Хоёрдугаарт: Дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Сүүлд худалдагчаас нь болиулж туслах болгосон. Мөн дахин худалдагчаар томилсон асуудалдаа хөдөлмөрийн байгуулсан уу? үүнд тайлбар хэл л дээ. Дахин ажилд ороход нь 7,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Энэ үед нь танар ахиад шүүгдэгчийн хувийнх нь дансыг ашигласан уу? гэх зүйлүүд байгаа, би өмөөрөөгүй шүү, зүгээр л шалгах ёстой байсан зүйлүүдийг хэлж байна. Шалгасан бол арай өөр өнцөг, арай өөр зүйл харагдах байсан байж магадгүй. Би эцэст нь нэг зүйлийг хүсэж байна. ******* нь олон жил дэлгүүр ажиллуулж байсан байна. Та шүүгдэгчтэй эвлэрээд төлбөр дээр тохиролцох боломжтой байсан. Та нарын гаргаж өгөн нотлох баримтыг бид нар хуурамч гэж маргалдаагүй, хүлээн зөвшөөрсөн, гэхдээ шүүгдэгч бүх зүйл араас нь явсан шүү гэвч би үүнийг хүлээн зөвшөөрье гэж хэлсэн. Тэр үйл баримтыг бид нар бодитой болсон үйл баримт гэж үзэж байгаа, тиймээс шүүх үүнийг тунгааж өгөөч гэж хүсэж байна. ******* хүртэл *******ийг 10 гаруй хоногийн хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан гэж хэлж байна. Энэ хугацаанд мөнгө дутсан уу? зэрэг зүйлүүдийг шалгаж үзэх хэрэгтэй. Эдгээр асуудал болгонд нь хууль зүйн дагуу тайлбар өгөх байх гэж харж байгаа” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийж, хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******* нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан 20,878,070 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс *******ий 2 сарын цалин болох 1,006,200 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй гэсэнд үндэслэн;
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 20,878,070 төгрөгнөөс 2 сарын цалин болох 1,006,200 төгрөгийг хасч тооцон, нийт 19,871,870 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч “Гонгорын хунх” ХХК-ны захирал *******д олгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад: “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал;” гэж[15] хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах шинжээчийн ажлын төлбөр 784,000 төгрөгийг “Мэдээлэл Аудит” ХХК-нд шүүгдэгч *******өөс гаргуулан олгох хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч урамшуулал авах эрхтэй” гэж;
3 дахь хэсэгт: “Албан үүргийнхээ хувиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй” гэж заажээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нь албан үүргийнхээ хувиар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч бөгөөд улсын яллагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжилгээний ажлын төлбөрийн гаргуулахаар санал гаргаж байгаа нь ойлгомжгүй юм.
Гэвч шинжилгээний ажлын төлбөрөө Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хуульд нийцүүлэн баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас өгсөн: “...Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн боловч өөрийн гэм буруугаа ухамсарлаж, ойлгоогүй нөхцөл байдал, мөн шүүх хуралдаанд хохирол нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй болохыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас бусдад 20,878,072 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэх саналтай байна. ...Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардал, Мэдээлэл аудит ХХК-ын шинжээчийн ажлын зардал 784,000 төгрөг, Мэдээлэл аудит ХХК-ын Хаан банк дахь 5675126016 тоотод дансанд шүүгдэгч *******өөс гаргуулж төлүүлэх саналтай байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн ажлын хөлс болох 800,000 төгрөгийг мөн адил шүүгдэгчээс гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төрийн сан дахь дансанд төлүүлэх..., эхний саналыг;
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг хэд хэдэн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага, оролцогч нар оролцоод дүгнэлтээ гаргаж процесс ажиллагаа явуулдаг. Энэ бол тоглоом нь ажиллагаа биш, хохирол төлье гэж завсарлага авчихаад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй орж ирчихээд одоо төлөхөө илэрхийлж байна гэж хэлээд сууж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх хуралдаан дээр ямар авир гаргаж байсныг нь бид нар сонсоод сууж байсан. Тухайн өдөр хохирогчийг загнаад зогсож байсан. Шүүх хуралдаанаар шүүгдэгчийг нэг талаас нь гэм зэм халдаахаас гадна өөрийнх нь гэм бурууг ойлгуулах, ухааруулах, хүмүүжүүлэх зорилготой явагдаж байгаа, гэтэл энэ зорилгод шүүгдэгч огт наалдахгүй байна. Одоо яах ёстой вэ? энэ хүнийг яаж хүмүүжүүлэх вэ? нийгмээс тусгаарлаж хорих ял заавал эдлүүлж байж шүүгдэгч *******ийг ухааруулах уу? би энийг л ярих гээд байна. 500,000 төгрөгийн цалинтай байж болно, амьдралд нь хүрэхгүй ч байж болно. Миний халаасанд 10,000 төгрөг байна. Завсарлага авсан 5 хоногийн хугацаанд энэ мөнгө л байлаа, энийг төлчихье гээд төлөөд ороод ирэх ёстой. Юуны төлөө бид нар 5 хоног завсарласан юм. Шүүгдэгчийг өөрийнхөө эрх зүйн байдлыг дээрдүүлээсэй гэж бодоод завсарлага авсан. Төрийн тусгай байгууллагын үйл ажиллагааг ингэж тоглоом болгож болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь гарцаагүй. Торгох ялтай, нийтэд тустай ажил хийлгэх ялтай. Торгох ял төлөх ямар чадвартай вэ? 10,000 төгрөгийн хохирол төлөөд орж ирж чадахгүй байгаа хүн, нийтэд тустай ажил хийх чадвар байгаа юу? тийм учраас улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болно гээд заачихсан. Өөрийнх нь хувийн байдлыг нь харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулъя гэх саналтай байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж болно гэж заасан. Тэгэхээр шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад шүүгдэгчээс гаргуулах хохирол хор уршиг, мөрдөн шалгах ажиллагааны зардал зэргийг гаргуулах өмнөх саналаа дэмжиж байна” гэсэн ялын хоёр дахь саналыг шүүхэд гаргасан.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Ял шийтгэл оногдуулж байгаатай холбогдуулан хэд хэдэн зүйл хэлье. ******* нь шүүх хуралдааны явцад гэм буруугаа хүлээгээгүй, хохирол төлөөгүй, хохирлыг бодитойгоор нөхөн төлөхөө илэрхийлэхгүй байна гэх зүйлүүд яриад байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, Нэгдүгээрт: Хохирогч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг хохирогч бүрдүүлсэн гэж үзэж байгаа, үүнийг шүүх шийтгэх тогтоолдоо дурьдах байх, би бол тодорхой асуудлуудыг тавьж байгаа, Хөдөлмөрийн хуулийн агуулгыг өөрсдөө маш бодитойгоор бүдүүлгээр зөрчдөг, хувийнх нь дансаар ажлаа хийлгэдэг гэх мэт олон шалтгаан байгаа, хохирлын хэмжээг 20,000,000 төгрөгөөр төлүүлье? гэж хэлж байна. Шүүгдэгчийн ажилласан 2 сарын цалинг 1,000,000 төгрөгөөр бодоод хасуулъя гэж хурал дээр тохирсон гэж би ойлгосон. Тэгэхээр 19,000,000 төгрөгийн асуудал яригдах байх, ковидийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх хүмүүст эдийн засгийн хувьд бэрхшээлтэй, хэцүү байгаа, энийг хэлэх нь илүүц биз, *******ий хохирол төлбөрөө нөхөн төлөх асуудал ийм байна. Дээрээс нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй биш, хүлээн зөвшөөрсөн. Бид нарын ганц маргаж байсан зүйл бол хохирлын хэмжээг бодитой тогтоогооч гэх агуулга дээр л маргасан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хүрээнд ч бай 7.1 дүгээр зүйлийн хүрээнд ч бай хуульд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийл гэж заасан. Бодитой гэх үг хуульд байхгүй. Харин тодорхой хэмжээний яаж хохирлоо төлөхөө тайлбарла гэж заасан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд хохирлоо яаж нөхөн төлөхөө илэрхийл гэж заасан. Нөгөөтэйгүүр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги хамаарч байгаа, энэ хоёрыг хэрэглэх боломж *******ий хувьд бүрэн байна. Гэхдээ хуульд шүүгдэгчид сонгох 3 төрлийн санкц байгаа, улсын яллагчийн хувьд хорих ялын сонгож байгаа юм байна. Хорих ялаас гадна торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял байгаа, зорчих эрхийг хязгаарлах ял тодорхой зохицуулалтад өрсөлдөж байгаа бол үүнд 6 сарын хугацаа байгаа, Өршөөл үзүүлэх тухай хуульд бол 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байна гэж заасан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч гэсэн байр суурьтай байна ..., гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг;
-Өнөөдөр би энэ шүүх хуралдаан дээр А.Баясгалан прокурорт хандаад нэг зүйл хэлчихмээр байна. Танд загнуулах гэж ******* орж ирээгүй шүү. Чи бол хүмүүжүүлдэг эрхтэй субъект биш, чи бол гэм буруутай эсэхийг л шийднэ. Хоолойны өнгө, байгаа байдал чинь надад огт таалагдахгүй байна. Нөгөөтэйгүүр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамдаа нийцэхгүй байна гэж би харж байна. Нэг зүйлийг би ойлгохгүй байна. Гэм буруугаа хүлээнэ гэдгийг яг юу гэж ойлгоод байна вэ? протокол дээр бичихдээ би гэм буруугаа хүлээж байна гэж бичихийг хэлж байна уу?эсхүл өөрийнхөө үйлдэл, биеийнхээ байгаа байдлыг хэлээд байна уу? хохирогчийг загнаад зогсож байсан гэж хэлж байна. Хохирогчийг загнаагүй аргаа барсан үг байсан. Би яагаад хохирогчийн буруутай үйлдэл байсан гэж хэлж байна гэвэл бүгд мэдэж байгаа би шүүхийг шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдсэн гэж харж байгаа, гэхдээ хууль ёсны зарчимд нийцсэн үү? эсэх дээр би тодорхой тайлбаруудыг аль хэдийн хэлчихсэн. Шүүгдэгч арга ядаад сонсохгүй болохоор нь бодит болсон нөхцөл байдлуудыг тайлбарласан. Хүн болгон өөр өөрийнхөөрөө хэв маяг гаргана. 5 хоног завсарлага авдаг зүйлийг хүмүүжүүлэх зорилготой гэж хараад байх шиг байна. Энэ 5 хоногийн завсарлага өгөх эсэх асуудлыг шүүх шийдэхгүй. Хуульд зааснаар бид нар эрхээ эдэлнэ. Түүнийгээ авна, энэ дотор боломжтой нөхцөл байдлаар төлөх эсэхээ шийднэ. Нөгөөтэйгүүр энэ хэрэгт холбогдсоноор шүүгдэгчийн хувийн эрх зүйн байдал ямар байдлаар дордсон бэ? гэх талаар би 7 дугаар багийн Засаг даргаас тодорхойлолт авч авчирсан. Бид нар бодитой илэрхийлнэ гэж энэнээс илүү яах юм. Дээрээс нь хүүхдийнх нь мөнгийг аваад гүйцээгээд өгье. Яг үнэндээ ямар байдлаар хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явсан бэ? гэх асуудлыг л ярьж байгаа юм. Би шүүхэд хэлсэн шийтгэх тогтоол дээр хохирогчийн буруутай үйл ажиллагааг дүгнээч ээ, ийм л агуулга байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бол хуульд зааснаар гарах ёстой асуудал. Гэхдээ Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн цалингаа авчхаад дахиад яагаад энийг аваад байгаа юм бэ? 800,000 төгрөг юуных нь зардал вэ? улсын төсөв бичиг цаасных нь зардлыг бүгдийн төлчихсөн. Дээрээс нь тэд нар өөрсдөө ажил хийснийхээ төлөө цалин авч байгаа, Мэдээлэл аудитыг бол зөвшөөрч болно. Учир нь хувийн компани, гэхдээ Мэдээлэл аудитын газар дүгнэлт гаргуулах хүсэлтийг манай талаас гаргаагүй хохирогч тал гаргасан. Бодитой гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг нь харуулахын тулд *******ийг босож зогсгож байгаад уйлуулъя. Тэгвэл хохирогчийн өмгөөлөгч, прокурор хоёр итгээрэй. Шүүх хуралдаан гэдэг хэн нь худлаа ярьж байна, хоолойны өнгө аяс нь ямар байна вэ? биеийн хэлэмж нь ямар байна вэ? ямар сайндаа шүүх хуралдааны тэмдэглэл бол шүүх хуралдааны толь мөн гэж хэлдэг. Энийг харуулах гэж шүүгчийн шийдвэр гаргахад нь 50 хувь байгаа дотоод итгэлд харуулахын тулд шүүгдэгч өөрийнхөө сэтгэл хөдлөлөө харуулж байгаа зүйл, хувийн байдлынх нь хувьд шүүгдэгч бага насны хүүхэдтэй. Гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа олсон ажил, цалин нь ийм зүйл байгаа, нөхөр нь хаяад алга болчихсон. Амьдрал ийм л байдаг. Энэ бол хэнд ч тохиолдож болзошгүй нөхцөл байдал юм. Хэдийгээр хүмүүс тэгш эрхтэй ч гэсэн энэ хүүхэд бол эмэгтэй, жендерийн тал дээр ч гэсэн анхаарч үзэж энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлээд шийдэж өгөөч гэсэн байр суурьтай байна” гэсэн өмгөөллийн хоёр дахь өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн 5 дугаар бүлэгт эрүүгийн хуулийн зорилго, төрлийг тодорхойлж өгсөн. Тиймээс Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн шийдэх байх гэж харж байгаа, хохирол төлбөрийн хувьд хохирлоо төлж барагдуулна гэдгээ бодитойгоор илэрхийлж чадахгүй байна гэж манай талаас үзэж байна. Цалин нь 500,000 төгрөг юм байна. Цалингийн зээлийг цалингийн 60 хувиас дээш олгодоггүй. 500,000 төгрөгийн 60 хувь нь 300,000 төгрөг орчим болж байна. Цалингийн зээлээ жилээр нь авлаа гэж бодоход 3,000,000 төгрөг болж байна. Үүнийгээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч бодитой илэрхийлчихлээ гэж хэлээд байгааг сайн ойлгохгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилгын нэг нь бол урьдчилан сэргийлэхэд оршдог. Энэ хүн одоо шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэндээ гэмшээд цаашид үнэхээр ийм зүйл хийж болохгүй юм байна гэж гэмшсэн ойлголт авах ёстой. Шүүх хуралдаан бол шударга ёсыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл хүмүүжлийн чиг үүргийг дагуулж байдаг. 5 хоног хохирлоо төлөхөөр завсарлага авсан атлаа төлөөгүй ороод ирлээ. Манай талаас хохирол төлбөрөө төлж барагдуулчихвал заавал эрх чөлөөг нь хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Аль хөнгөн санкцийн оногдуулахад манай талаас татгалзах зүйл байхгүй..., гэсэн эхний өмгөөллийн дүгнэлтийг;
-Шүүгдэгчийн өмгөөлөгчийн өөрийнх нь хурал дээр байгаа байдал үзүүлж байгаа сэтгэл хөдлөл, хүнээ өмөөрөөд огт өмгөөлөл явуулахгүй байна. Би өмнөх хуралдаан дээр болон энэ хуралдаан дээр зөндөө сонслоо. Хөдөлмөрийн гэрээ хөдөлмөрийн хууль зөрчсөн байна гээд хэлж байна. Би уул нь хэлэхгүй, хэлээ хазаад өнгөрье гэж бодсон юм. Гэхдээ би үнэхээр тэссэнгүй. Хөдөлмөрийн харилцаа явагдсан түүнийг нь цуцлаагүй. Шүүгдэгчийг бодоод гэрээг одоо хүртэл цуцлаагүй байгаа, гэтэл шүүгдэгч өөрөө алга болсон. Хөдөлмөрийн гэрээг цуцлаад хаячихсан байсан бол шүүгдэгчийн хувийн байдал одоогийнхоос ч дордчихсон байгаа, шүүгдэгч би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Би сонсоогүй өнгөрсөн байх гэж бодож байтал улсын яллагч хүртэл хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. 500,000 төгрөгийн цалинтай хүн 20,000,000 төгрөгийг хэдэн жил төлөх вэ? мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахад татгалзах зүйл байхгүй” гэсэн өмгөөллийн хоёр дахь өмгөөллийн дүгнэлтийг хуульд заасан дарааллын дагуу гаргаж, харилцан мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэсэн тул тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй.
Энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг хохирогч өөрөө бүрдүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэн нэгэн иргэний хувийн дансыг ашиглаж байгаа нь учир дутагдалтай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол
-хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
-эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
-эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
-эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж
хуульчилсан ба 4 төрлийн ялын санкцтай.
Иймд шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тайлбарлажээ.[16]
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Дөлгөөнд 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ий гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 20,878,070 төгрөгнөөс 2 сарын цалин болох 1,006,200 төгрөгийг хасч тооцон, нийт 19,871,870 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч “Гонгорын хунх” ХХК-ны захирал *******д олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******өөс шинжээчийн ажлын төлбөр 784,000 төгрөгийг “Мэдээлэл Аудит” ХХК-нд гаргуулан олгож, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ажлын төлбөрийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ