Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 448

 

2017 оны 07 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2017/00448 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00425/И

 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 6-4 тоотод оршин суух, Сайнбилэгийн Лхагвасүрэнд холбогдох, (РД: СЭ-84111416)

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50-310 тоотод оршин суух, Эхбаригчийн Одонцацрал, (РД:А-87051203)  Дэлгэрмаагийн Цэрэнбаатар нарын нэхэмжлэлтэй, “зээл 5 600 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ..С.Лхагвасүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр утсаар холбогдож 3 хоногийн хугацаатай, 5 600 000 төгрөг авсан. 2 сарын дараа утас руу нь залгахад огт авдаггүй, мессеж бичихэд хариу өгөхгүй болохоор нь өөрийн биеэр ирж уулзахад хөдөө явж аав, ээжээсээ мөнгө авч өгье гээд явсан боловч одоо болтол тус мөнгийг өгөхгүй байна. 

Иймд С.Лхагвасүрэнгээс зээл 5 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал) 

 

Хариуцагч С.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг 5 600 000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 13 тал) 

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нар нь хариуцагч С.Лхагвасүрэнгээс “зээл 5 600 000 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч С.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нарын  нэхэмжилсэн зээл 5 600 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч  С.Лхагвасүрэнд холбогдох, Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нарын “зээл 5 600 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104 550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 52 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52 250 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч С.Лхагвасүрэнгээс 52 250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Одонцацрал, Д.Цэрэнбаатар нарт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч С.Лхагвасүрэн нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ