Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 16

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Э                                                                          

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 9, аав, нөхөр, хүүхдийн хамт, Д аймгийн З сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт С.Б /РД: .../    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ч.Т-тэй маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Ч.Т-тэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2 удаа цохиж, толгойн тус газарт нь 1 удаа өшиглөн зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би түүнийг зодож цохьсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний гэрт орж ирчихээд унтаж байгаа хүүхдийг сэрээчих гээд муухай муухай бахираад байхаар нь уурандаа цохиж зодсон юм. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээж байна гэжээ. /хх-ийн 27/

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ч.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 26-ны орой 17 цагийн үед Соёмбо гудамжинд байдаг С.Б-ийн гэрт очсон, тухайн үед би халамцуухан согтуу байсан. С.Б бас согтуу байсан. С.Б намайг “хоолтой болохоороо ирдэггүй, хоолгүй болохоороо ирдэг” гээд загнасан. Би тэгэхээр нь “за яахав дээ хуурай дүүгээ гэж боддог шүү” гэсэн чинь над руу дайраад нүүрлүү цохиод, тэгээд гадаа гараад ирсэн чинь газар унагаагаад толгой нүүрлүү өшиглөсөн. Мөн гараараа 2 нүд рүү цохьсон. Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй. 2021 оны 12 сарын 27-ны өглөө гэрт нь очиход С.Б, түүний нөхөр О болон хүүхдүүд нь байсан. Би түүнд хандан “чи намайг зоддог нь яаж байгаа юм бэ” гэсэн чинь “хохь нь” гэсэн. Тэгээд гэртээ очоод байж байсан чинь С.Б намайг утсаар дуудаад “алив хүрээд ир нүүр ам чинь яачихсан юм бэ, хүрээд ир” гэхээр нь өөрийн хүү Э-ыг дагуулаад очсон. О, Б, М эгч нөхөртэйгээ, мөн Б тэр хэд 0,75 л Хараа уугаад дуусаж байсан. Тэгээд О, Б бид гурав үлдээд 0,75 л Хараа архи дахиж авч уусан. Бие өвдөөд байхаар нь харьсан. 2021 оны 12 сарын 28-ны өглөө босох гэсэн толгой өвдөөд босож чадахгүй хүү Э-аар эмнэлэг дуудуулж ирээд эмчилгээ хийлгэж байна. ...Би одоо гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 05-07, 43/

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 26-ны орой би гэртээ байсан. Манай охин Б, тэдний бага насны хүүхдүүд мөн манай найз О, Г бид хэд гэрт байсан. Надаас бусад нь архи, пиво уугаад сууж байсан. 18 цагийн үед Т гаднаас согтуу орж ирээд агсраад хараал хэлээд бахираад байсан. Б “битгий бахираад бай” гээд уурлаад  сүүлдээ маргалдаад Б нь Т-ийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиод тэд үсдэлцээд гэрээс гарсан. Тэгээд гараад зодолдоод  байхаар нь араас нь гарсан чинь тэд газар уначихсан бие биенийхээ үснээс нь зулгаачихсан байж байхаар нь салгаад буцаад гэрт оруулаад ирсэн. Т-ийн хамар амнаас нь цус гарчихсан нүүр ам нь битүү хавдар болчихсон байсан. Тэгээд цагдаа ирээд Т-ийг аваад явсан. Т анх орж ирэхдээ зүгээр орж ирсэн, гэмтэл, шарх байаагүй гэжээ. /хх-ийн 11/

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 26-ны өдөр Б-ийн гэрт байсан, гаднаас Т орж ирээд халамцуухан байсан тэгээд чанга бахираад байсан чинь Б уурлаад “хүүхэд сэрээчихлээ” гээд энэ асуудлаас болж тэл хоорондоо хэрэлдээд байсан. Би тухайн үед бие засах гээд гэрээс түр гарсан. Гэрийн гадаа байхад гэрийн хаалга онгойгоод тэд зууралаад гараад ирсэн. Би зөрөөд гэрлүү орсон. Тэд хэн нь хэнийгээ яг хэрхэн яаж цохиж зодсон болохыг би сайн хараагүй гэжээ. /хх-ийн 28-29/  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/

Шинжээчийн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 04/035 дугаартай дүгнэлт: 1.Ч.Т-ийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Ч.Т-ийн биед хоёр нүдний доод зовхи, хамрын нуруу хэсгээр, эрүүний доод хэсэг, уруулын дээд доод хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 18-19/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 22-24/

Замын-Үүд сумын 3-р багийн ажлын албаны тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-33/

Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх хайлтын систем /хх-ийн 40/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 42-43/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 44/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/10 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 47-49/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод иргэн Ч.Т-тэй маргалдан зодож, түүний хоёр нүдний доод зовхи, хамрын нуруу хэсгээр, эрүүний доод хэсэг, уруулын дээд доод хэсгээр цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Ч.Т /хх-ийн 05-07/, гэрч С.Ц /хх-ийн 11/, гэрч Н.Г /хх-ийн 28-29/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 04/035 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирлын хувьд:

Хохирогч Ч.Т нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Б-ийг энэ хэрэгт бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ сарын хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б