Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 451

 

2017 оны 07 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2017/00451 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00406/И

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

 Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, Чимэдрэгзэнгийн Оюунбилэгт холбогдох, (РД: СЭ-81052170)

 Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, “Ишгэн толгой” гэдэг газар нутагладаг, Амарсайханы Хэрлэнчимэгийн нэхэмжлэлтэй, (РД: СТ-59110503) “Бусдад учруулсан гэм хорын хохирлын 800 000 төгрөг, дутагдуулсан малын үнэ      1 600 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Хэрлэнчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Ч.Оюунбилэг нь А.Хэрлэнчимэг надтай мал маллах аман гэрээ байгуулж 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож намайг машинтай явж байхад хажуунаас мөргөж эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол учруулсан. Мөн тоолж хүлээж авсан малнаас 5 нас гүйцсэн хонь, 10 нас гүйцсэн ямааг дутаасан. Дээрх гаргасан дутагдлыг нь төлж барагдуулах тухай амаар болон бичгээр удаа дараа нэхэхэд намайг олон нийтийн өмнө зүй бусаар хэлж, доромжилж заналхийлсэн. Өөрийнхөө дутаасан малыг хүлээн зөвшөөрч төлөх баталгаа бичиж өгсөн юм.

Иймд Ч.Оюунбилэгээс мөргүүлсэн машины эвдрэлийн зардал 800 000 төгрөг, дутаасан малын үнэ 1 600 000 төгрөг, нийт 2 400 00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1

 тал) 

Хариуцагч Ч.Оюунбилэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би А.Хэрлэнчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Уг 2 400 000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй. Өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 21 тал) 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Нэхэмжлэгч  А.Хэрлэнчимэг нь хариуцагч  Ч.Оюунбилэгээс “бусдад учруулсан гэм хорын хохирлын 800 000 төгрөг, дутагдуулсан малын үнэ 1 600 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ч.Оюунбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч А.Хэрлэнчимэгийн нэхэмжилсэн бусдад учруулсан гэм хорын хохирлын 800 000 төгрөг, дутагдуулсан малын үнэ 1 600 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч  Ч.Оюунбилэгт холбогдох, А.Хэрлэнчимэгийн “бусдад учруулсан гэм хорын хохирлын 800 000 төгрөг, дутагдуулсан малын үнэ 1 600 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч  А.Хэрлэнчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 53 350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 26 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26 675 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ч.Оюунбилэгээс 26 675  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Хэрлэнчимэгт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Оюунбилэг нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.   

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ