Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 452

 

    2017 оны 07 сарын 28 өдөр Шүүхийн шийдвэр

Дугаар 156/ШШ2017/00452                 Хэнтий аймаг

           

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00324/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ”А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, С-29 дүгээр байрны 29 тоотод оршин суух, Гомбын Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Төрийн банкны Хэнтий салбарт холбогдох, 

"2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах захирлын тушаалыг хүчингүй болгуулж, суутгасан цалинг буцаан гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сүнжидмаа, түүний өмгөөлгч Б.Болортунгалаг, хариуцагч С.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг, гэрч П.Ариунболд, Б.Бүдхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Н.Энхзул нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Сүнжидмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Г.Сүнжидмаа би Төрийн банкны Хэнтий салбарын харьяа Хурх тооцооны төвийн захирлаар ажилладаг. Төрийн банкны Хэнтий салбарын захирал С.Мөнхжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн салбарын захирлын 73 тоот тушаалаар надад үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Миний бие Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй байхад үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан тул уг тушаалыг хүчингүй болгож суутгасан цалинг буцаан олгуулж өгнө үү гэжээ. 

-Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтад ажилтныг гүйцэтгэх захирал, орлогч захирал болон шууд удирдлагын санаачлагаар илүү цагаар долоо хоногийн амралтын болон нийтээр амрах өдрүүдэд ажиллуулсан тохиолдолд нөхөж амруулах, эсхүл илүү цагаар ажиллуулсан хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасны дагуу тооцон олгоно.

-Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.4 дэх заалтад ажлын бус цаг амралтын өдрүүдэд амрах, жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх

Үндсэн хуулийн 16.10 дахь заалтад аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах хэлмэгдүүлэхийг хориглоно. Амралтын өдөр сургалт зохион байгуулах шууд удирдлагын шийдвэр байхгүй, нөхөж амраах, эсвэл илүү цагийн хөлс олгох талаар тодорхой зүйл байхгүй. Миний бие 4 дүгээр сарын 16-ны өдөр даралт ихсээд бие өвдсөн. Нэгдэх өдөр эмчид үзүүлж 17, 18-ны өдрүүдэд акттай байсан. (акт хавсаргав). 04 дүгээр сарын 16-ны өдрийн сургалтад олон ажилтан сургалт тасалсан байхад зөвхөн намайг ялгаварлан гадуурхаж арга хэмжээ авсан. 

Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.2 дахь заалтад өөртөө болон бусдад өндөр шаардлага тавих гэж бичигдсэн байна. Манай тооцооны төвтэй газрын захирал танилцахаа очиход Мөнхжаргал захирал надад хэлээгүй ахлах теллер Оюунболдод хэлсэн. Тооцооны төвийн захирал миний бие ажлаа танилцуулах ёстой. Үүнээс үүдэж би надад хэлэхгүй яасан юм бэ гэж асуухад Отгоо захирал нэг теллерийг аваад яв гэсэн юмаа гэсэн. Би хариуд нь чамд ер нь өөрийн гэсэн толгой байдаг юм уу гэж хэлсэн. Энэ үйл явц банкны байранд биш гадаа болсон. Энд хэлсэн хэдэн үгийг хэл амаар доромжилсон гэж үзэхгүй байна. Бодит зүйлийг хэлж шаардлага тавьсан. 

Хүлээн авалт дуусаад гадагшаа гарч байхдаа хувцас өлгөдөг үүдний хэсэгт Мөнхжаргал захирал Төв банкны хүмүүстэй зогсож байхад нь би очиж “Ганчимэг та хоёрыг Шуудан банкнаас яаж халагдсаныг чинь мэднэ шүү гэж хэлэхэд би ч гэсэн чамайг мэднэ, чи нутгаасаа хөөгдөж ирчихээд энд худалдагч хийж байсан биз дээ гэж хашгирсан. Ийм л үгээр бие биеэ дайрсан үзэгдэл болсон. Намайг үг хэлээр доромжилсон гэж байгаа бол Мөнхжаргал захирал ч намайг доромжилсон. Салбарын захирал хүний хувьд надтай уулзаж асуудал шийдэх талаас бодоогүй гэж хэлэх байна. Сургалтын дундуур архи уух ажил зохион байгуулсан нь буруу байсан. Би архи нэхээгүй, нүүрийг нь маажаагүй, нүүр маажсан бол тодорхойлох эмчийн магадлагаа байхгүй байна. Газрын захирал Я.Отгонжаргал нь намайг салбарын захирлаас буулгасан хүн тул аль болох намайг буруутгах талаас хурлын тэмдэглэлд бичжээ. 

Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-дахь заалтад гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр орон нутгийн салбарын захирлаас бусад ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заагдсан байна. Салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцээгүй, тушаалд захирлын зөвлөлийн хурлын шийдвэр байхгүй. 

Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас хавсралт 8-ыг танилцуулж гарын үсэг зуруулна гэж байна. Салбарын захирал арга хэмжээ авах талаар танилцуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан банкны нэр хүндийг гутаах, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох зэргээр ажлын байранд ямар нэгэн маргаан болоогүй гэж бичжээ. (хх-ийн 72-73 тал)

Хариуцагч Төрийн банкны Хэнтий салбарын захирал С.Мөнхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Сүнжидмаагийн гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт “Төрийн банкны ажилтан нь Төрийн банкны ажилтан нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм зэрэг төрийн банкны дотоодод мөрдөгдөж буй актыг судлан танилцаж, чанд сахин мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй гэж, 

Төрийн банкны Сургалтын журмын 3 дугаар зүйлд “... хүндэтгэн үзэх шалтгаан болон ажлын зайлшгүй шаардлагаар сургалт, семинараас чөлөө авах тохиолдолд шууд удирдлагад мэдэгдсэн байх ба албан ёсоор чөлөө аваагүй бол ажилтныг ажил тасалсанд тооцон Хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээ авна” гэж 

Хурх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод “Банкны нийт ажилтны дунд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцох үүрэгтэй” гэж,

Г.Сүнжидмаатай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар гэрээний 6.2.1-д “банкны дотоодод мөрдөгдөж буй дүрэм, журам, зааврыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй” гэж тус тус заасан. 

Төрийн банкны сургалтын журамд заасны дагуу банкны Төв салбарын удирдлагын баг бүрэлдэхүүн 2017 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт “Төрийн банкны бүх ажилтнуудын сургалт”-ыг зохион байгуулсан. Уг сургалтын хоёр дахь өдрийн буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн сургалтанд Г.Сүнжидмаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тасалсан.

2. Сургалтын эхний өдөр 4 дүгээр 15-ны үдээс хойших сургалтын дундуур газрын захирал Я.Отгонжаргал, салбарын захирал С.Мөнхжаргал нар Хурх тооцооны төвийн тохижилтыг үзэж танилцахаа явахад банкны үүдэнд Сүнжидмаа өөрийг нь хамт авсангүй гэж уурлаж, салбарын захирал С.Мөнхжаргал руу дайрч давшилж хэл амаар доромжилсон. 

3. Сургалтын хөтөлбөрийн дагуу хамт олны оройн зоогийн үеэр Сүнжидмаа нь салбарын захирлаас архи нэхэж, элдвээр хашгичин хэл амаар доромжилж олон хүний өмнө нүүр рүү маажиж 2 шарх үүсгэсэн. 

Хурх тооцооны төвийн захирал Г.Сүнжидмаагийн гаргасан эдгээр үйлдлүүд нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд заасан ажилтны хориглох зүйлд хамаарч, мөн журмын 5.28-д “Дараах зөрчлийг “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.28.25-д “Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргасан” гэсэн заалт, Г.Сүнжидмаатай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар гэрээний 7.4.22-д “Ажлыг байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, банкны нэр хүндийг гутаах” 7.4.26-д “Банкны нэр хүнд имиджийг гутаах зан авир, үйлдэл гаргах” зэрэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно гэж заалтуудад хамаарч байгаа юм. 

Дээрх зүй бус үйлдлүүдийг гаргаж Төрийн банкны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох дүрэм журмуудын хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “Банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулна” гэсний дагуу Хөдөлмөрийн дотоод журмын 13.5.2-т заасныг баримтлан “Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар, 20 хүртэл хувиар бууруулах гэснийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан. 

Төрийн банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндэслэлээр гарсан хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. (хх-ийн 35-36 тал) 

Нэхэмжлэгч Г.Сүнжидмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие банкны салбарт 30 гаруй жил, Хэнтий аймагт Төрийн банк байгуулагдсан цагаас эхлээд “Төрийн банк”-ны салбарын захирлаар 6 жил ажилласан юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс Хурх тооцооны төвийн захирлаар захирлаар ажиллаж байна. Нам улс төрийн шугамаар намайг ажлаа өг гэж байнга шахуу дарамталдаг байсан. Шинэ захирал маань ажлаа хүлээж авснаасаа хойш намайг болон манай тооцооны төвийн ажилтнуудыг сургалт семинарт хамруулаагүй. Захирлыг Улаанбаатар хот руу сургалтанд явсан гэж дуулж байсан ч сургалт хийхдээ манай хамт олонг дуудаагүй. Байгууллагын дарга хүн ажилтан албан хаагчдадаа мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байх ёстой. 2017 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Орон нутгийн банкны газрын захирал Отгонжаргал, орон нутгийн 3 мэргэжилтэн Хэнтий аймгийн Төрийн банкны салбарт сургалт зохион байгуулсан. Уг сургалтад би 15-ны өдөр нь суугаад орой нь хүлээн авалттай байсан тул бага зэрэг архи уусан юм. Мөнхжаргал захиралтай үг сөрсөн. Үүнээс болоод миний бие өвдсөн тул маргааш 16-ны сургалтад нь суугаагүй юм. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эмчид үзүүлж акт авсан. Би ажлаа өгөөд сэтгэл санаа тавгүй, стресстэй байсан. Үүнээс болоод Мөнхжаргал захиралд согтоод хэдэн үг хэлсэн. Мэдээж ажлаа авсан хүн, ажил өгсөн хүн хоёр гэдэг бол сэтгэл санааны хувьд маш их зөрүүтэй байгаагаас болж маргаан гарах болсон. Отгонжаргал захирал над руу яриад танд арга хэмжээ авна гэсэн. Би албан тушаал буурсан жирийн нэг ажилтан, арга хэмжээ авах бол салбарын захиралдаа ав, би сахилгын шийтгэлийг чинь хүлээн зөвшөөрөхгүй гээд утсаа тасалсан. Тухайн өдрийн сургалтын надаас гадна нилээн хэдэн хүн тасалсан нь ирцийн бүртгэлээс харагддаг. Ганцхан надад арга хэмжээ авсан. 5 дугаар сарын 12-нд сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүлээн аваад ямар ч үндэслэлгүй тушаал байна гэж хувьдаа дүгнэсэн. Би 6 жил уг байгууллагад удирдах албан тушаал хашиж байсны хувьд уг тушаалын үг үсэг, заалт бүрийг нэг бүрчлэн мэдэж байсны учраас үндэслэлгүй байна гэсэн. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар бууруулах, хоёрдугаарт “Төрийн банкны” хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3 гэсэн заалтыг тушаалд тэмдэглэсэн байгаа. Уг заалт нь гүйцэтгэх захирал эрхээ шилжүүлснээр орон нутгийн салбарын захирлаар бусад асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын зөвлөлийн тушаалаар баталгаажуулна гэж заасан байдаг. Салбарын захирлын зөвлөл хуралдаагүй. Би үүнийг үндэслээд уг тушаал дээр дүгнэлт хийсэн. Үүнээс гадна “Төрийн банк”-ны хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.25 гэсэн заалтыг үндэслэсэн байсан. Уг заалтад банкны нэр хүнд имиджийг гутаасан авир үйлдэл гаргасан бол гэдэг. Би хоёр удаа үг хэлсэн. Нэг нь сургалтын өдөр манай тооцооны төвтэй танилцах талаар манай ажилтан Оюунболдод л хэлсэн байсан. Би уг тооцооны төвийг удирдаж буй хүний хувьд асуусан асуултад нь хариулах ёстой гэж бодоод очиж танилцуулсан. Банкны гадаа Мөнхжаргал захиралд намайг аваад явахгүй яасан юм бэ гэж хэлэхэд Отгонжаргал захирал нэг теллерийг нь аваад яв гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би өөрийн гэсэн толгойтой бай гэж хэлсэн. Хоёр дахь хэлсэн үг нь 15-ны оройны хүлээн авалтад би архи уусан. Хүлээн авалт дуусаад яг гарах гэж байхад Мөнхжаргал захирал төв банкны хүмүүстэй зогсож байхаар нь чамайг шуудан банкнаас яаж халагдсан гэдгийг чинь мэднэ шүү гэж хэлсэн. Архи уусан халсан байсан учраас аяархан хэлээгүй байх. Би ер нь чанга дуутай хатуу ширүүн зантай хүн. Тэгэхэд намайг хүн аваад гарсан. Сахилгын шийтгэл ногдуулан тушаалд банкны нэр хүндийг гутаасан гэж энэ хоёр үйлдлийг хэлж байгаа болов уу. Би банкны талаар үг яриа гаргаагүй, хоёр хувь хүний хооронд болсон яриа. Би ямар нэгэн хараалын үгээр доромжлоогүй. Хэрэв би банкны нэр хүндийг гутааж ажиллаж бол манай тооцооны төв 20 байгууллагаас 2 дугаар байрт шалгарахгүй л байсан. 

Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-дахь заалтанд гүйцэтгэх захирал  эрхээ шилжүүлснээр орон нутгийн салбарын захирлаас бусад ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна гэж заагдсан байна. Салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцээгүй, тушаалд захирлын зөвлөлийн хурлын шийдвэр байхгүй. 

Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтад ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас хавсралт 8-ыг танилцуулж гарын үсэг зуруулна гэж байна. Салбарын захирал арга хэмжээ авах талаар танилцуулаагүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд заасан банкны нэр хүндийг гутаах, ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох зэргээр ажлын байранд ямар нэгэн маргаан болоогүй. 

Төрийн банкны Хэнтий салбарын сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, суутгасан хоёр сарын 20 хувийн цалин 600,000 төгрөг, цалингаа 20 хувиар хасуулаагүй бол урамшууллын 300,000 төгрөг авах байсан. Нийт 900,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч С.Мөнхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 15, 16-ны өдрүүдэд Хэнтий салбарын бүх ажилчдыг хамруулсан сургалт болсон. 15-ны орой хүлээн авалтанд Орон нутгийн банкны газрын захирал Отгонжаргал болон бусад мэргэжилтнүүдийн дэргэд Сүнжидмаа захирал зохисгүй үйлдэл гаргасан. 16-ны өдрийн сургалтад удирдлагууд өчигдрийн болсон зүйлийн талаар Сүнжидмаа захирлыг дууд гэсэн. Ингээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүнжидмаа захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д банкны дотоод дүрэм журмыг заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн бүх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод албаны нийт ажилчдын дунд зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцоно гэж заасан байдаг. Мөн бүх тооцооны төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод албаны нийт ажилчдын дунд зохион байгуулсан арга хэмжээнд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол заавал оролцоно гэж заасан байдаг. Мөн төрийн банкны сургалтын журам гэж байдаг. Уг журамд албан ёсны сургалт, семинараас зайлшгүй тохиолдолд чөлөө авах бол шууд удирдлагад мэдэгдсэн байх ёстой гэж заасан байдаг ба албан ёсоор чөлөө аваагүй бол ажилтныг ажил тасалсан гэж тооцож хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ авна гэсний дагуу сахилгын арга хэмжээ авсан. Мөн үүнээс гадна Сүнжидмаагийн ярьсан 15-ны орой  хүлээн авалтад банкны нэр хүндийг гутаасан үйлдэл болсон. Гэхдээ энэ талаар огт дурдаагүй, үндэслэл болгоогүй. Албанаас зохион байгуулсан сургалтад ирээгүй, удирдлагад мэдэгдээгүй чөлөө аваагүй учраас арга хэмжээ авсан. Тооцооны төвийн захирлууд нь зээлийн мэргэжилтэн гэж явдаг учраас уг сургалтандаа суусан нь дээр байх гэж үзээд тооцооны төв үзэхээ явахдаа уг тооцооны төвийн нэг теллерийг авч үзээд ирье гэсэн. Орон нутгаар томилолттой яваа банкны удирдлагуудын ажлын удирдамжид зам дагуух юм уу аймагт ойрхон тооцооны төвүүдийн тохижилт үйлчилгээг үзэж танилцах чиглэлтэй байсан учраас Хурх тооцооны төвийг үзье гэсэн. Сургалттай байсан учраас ахлах теллерт түлхүүр байсан учраас явсан. Тэгээд салбарын байранд ирэхэд үүдэнд намайг загнаад хэлчихэд яагаад болдоггүй юм, чамд өөрийн гэсэн толгой байна уу гэх янз бүрийн юм ярьсан. Би юм хэлээгүй. Хүмүүсийн дэргэд олон юм яриад хэрүүл маргаан болоод яахав гэж бодсон. Энэ нь хөдөлмөрийн дотоод журмын 5.28.25 гэсэн заалтыг зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

Гэрч Б.Бүдхоролын шүүх хуралдаанд өгсөн: ... Би 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сургалтад суугаагүй. Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш нь 16-ны өдрийн сургалтад суусан. Тэр өдөр Г.Сүнжидмаа захирал ирээгүй. Сургалтын эхний өдрийн орой сургалтын хөтөлбөрт багтсан хүлээн авалт болсон. Тэр үед Сүнжидмаа захиралд агсам тавьсан гэсэн. ... Сүнжидмаа нь Мөнжаргалын удирдлагад ажиллах ёстой. Тавьсан шаардлагыг нь эсэргүүцдэг гэсэн мэдүүлэг 

Гэрч П.Ариунболдын шүүх хуралдаанд өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орон нутгийн салбарын захирал нь Мөнхжаргал салбарын захиралтай хамт Хурх тооцооны товыг очиж үзсэн гэсэн. Тэгэхэд Сүнжидмаа захирал очоогүй юм байна лээ. Тэднийг очоод ирэхэд нь Сүнжидмаа захирал Мөнхжаргалыг загнаад банк руу орж байсан. Яг юу гэж загнасан талаар би мэдэхгүй. Би гадаа нилээн зайтай байсан. Би хоёр өдрийн сургалтын ирцийг бүртгэсэн. ...2017 оны 04 дүгээр сарын 15-ны хүлээн авалтад би байсан. Би өөрөө архи уусан болохоор тод санахгүй байна. ... Г.Сүнжидмаа захирал ажлаа өгсөндөө гомдож юм санаж явдаг юм шиг санагдсан. Байнга хэрүүл маргаан үүсгээд байдаг. Хоорондоо таарамжгүй харилцаатай гэсэн мэдүүлэг

         Шүүх хуралдаанд хавтаст хэргээс шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

    Нэхэмжлэгч Г.Сүнжидмаа нь Төрийн банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, суутгалын цалин, урамшууллыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь манай байгууллага нь хуульзүйн үндэслэлтэй тушаал гаргасан гэж маргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Төрийн банкны Хэнтий салбарын харъяа “Хурх” тосгоны тооцооны төвийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах бөгөөд хөдөлмөрийн эрхийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг тул уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт: ...шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутамд хянан шийдвэрлэнэ...., 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт: ... сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухайн ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгчийн цалингийн хувь бууруулах тушаалыг хүчингүй болгож, суутгалын цалин урамшууллыг гаргуулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

 

Ажил олгогч Төрийн банкны Хэнтий салбарын захирал С.Мөнхжаргал нь ажилтан Г.Сүнжидмааг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай тушаал гаргаж үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулсан болох нь Төрийн банкны Хэнтий салбарын захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал (хх-ийн 5 тал), нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 1-2, 35-36, 72-73 тал) 

Нэхэмжлэгч нь Төрийн банкны Хэнтийн салбарын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд  гомдлоо гаргасан гэж үзэв. 

 

Хариуцагч(ажил олгогч) нь нэхэмжлэгч (ажилтан) Г.Сүнжидмааг Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.1-д “Төрийн банкны ажилтан Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм зэрэг төрийн банкны дотоодод мөрдөгдөж буй актыг судлан танилцаж, чанд сахин мөрдөж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй, төрийн банкны сургалтын журмын 3 дугаар зүйлд... хүндэтгэн үзэх шалтгаан болон зайлшгүй шаардлагаар сургалт, семинараас чөлөө авах тохиолдолд шууд удирдлагад мэдэгдсэн байх ба албан ёсоор чөлөө аваагүй бол ажилтныг ажил тасалсанд тооцож, хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээ авна, Г.Сүнжидмаатай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай гэрээний 62.1-д ... банкны дотоодод мөрдөгдөж буй дүрэм журам, зааврыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй гэж тус тус заасан заалтуудыг зөрчсөн доорх зөрчлүүд гаргасан юм. 

 

1. Төрийн банкны сургалтын журамд заасны дагуу төв банкны салбарын удирдлагын баг бүрэлдэхүүн 2017 оны 04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт бүх ажилтнуудын сургалтыг зохион байгуулсан. Уг хоёр өдрийн сургалтад Г.Сүнжидмаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тасалсан,

2. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойших сургалтын дундуур захирал Я.Отгонжаргал, салбарын захирал С.Мөнхжаргал нар “Хурх” тооцооны төвийн тохижилтыг үзэж танилцахаа явахад банкны үүдэнд Г.Сүнжидмаа нь өөрийг нь хамт авч явсангүй гэж уурлаж, салбарын захирал С.Мөнхжаргал руу дайрч давшилж хэл амаар доромжилсон, 

3. Сургалтын хөтөлбөрийн дагуу хамт олны оройн зоогийн үеэр Г.Сүнжидмаа нь салбарын захирлаас архи нэхэж, элдвээр хашгирч хэл амаар доромжилж олон хүний өмнө нүүр рүү маажсан тул түүний үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ. 

Харин нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: ... хариуцагч салбарын захирал нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа намайг ямар зөрчил гаргасан талаар огт бичээгүй мөртлөө (гаргасан зөрчил байхгүй) тушаалын 2 дахь заалтад цаашид дээрх зөрчил дутагдлыг давтаж гаргахгүй байх... гэж бичсэн нь ойлгомжгүй, би 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр даралт ихдээд бие өвдсөн, тэр өдөр бүтэн сайн буюу амралтын өдөр байсан, 1 дэх өдөр эмчид үзүүлж 17, 18-ны өдөр акттай байсан, манай тооцооны төвтэй, газрын захирал танилцахаа очиход Мөнхжаргал захирал надад хэлээгүй...Би захирлаас асуухад Отгоо захирал нэг теллерийг аваад яв гэсэн юм... Би хариуд нь чамд өөрийн толгой байдаг юм уу гэж хэлсэн... Энэ үйл явц банкны байранд биш гадаа болсон. Энэ хэлсэн үг хэл амаар доромжилсон гэж үзэхгүй байна. Мөн хүлээн авалт дуусаад гарч байхад хувцас өлгөдөг үүдний хэсэгт Мөнхжаргал захирал зогсож байхад би очиж Ганчимэг та хоёрыг “Шуудан” банкнаас яаж халагдсаныг чинь мэднэ шүү гэж хэлэхэд Мөнхжаргал захирал хариуд нь би ч гэсэн чамайг мэднэ, чи нутгаасаа хөөгдөж ирчихээд энд худалдагч хийж байсан биздээ гэж хашгирсан... Сургалтын дундуур архи уух ажил зохион байгуулсан нь буруу байсан. 

Би архи нэхээгүй, нүүрийг нь маажаагүй, эмчийн магадлагаа байхгүй, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3-т зааснаар миний зөрчлийн талаар салбарын захирлын зөвлөлөөр хэлэлцээгүй, хурлын шийдвэр байхгүй. 

Тухайн өдрийн сургалтыг ганцхан би таслаагүй, нилээн хэдэн хүн тасалсан нь ирцийн бүртгэлээс харагддаг. Ганцхан надад арга хэмжээ авсан байсан. Иймд Төрийн банкны Хэнтий салбарын сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хүчингүй болгож, суутгасан цалин 600 000 төгрөг, 7 дугаар сарын урамшуулал цалин 300 000 төгрөг, нийт 900 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Төрийн банкны Хэнтий салбарын захирал С.Мөнхжаргал нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.28, 8 дугар зүйлийн 8.2.1, 12 дугаар зүйлийн 12.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, орон нутгийн банкны газрын саналыг тус тус үндэслэн Хэнтий салбарын харяа “Хурх” тооцооны төвийн захирал Г.Сүнжидмаад сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

1. Төрийн банкны Хэнтий салбарын захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Г.Сүнжидмааг ямар ямар зөрчил гаргасан талаар огт бичээгүй, тушаалыг эс зөвшөөрвөл хаана, хэд хоногийн дотор гомдол гаргах талаар дурьдаагүй, ойлгомжгүй байна. 

Өөрөөр хэлвэл 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан: Захиргааны актын агуулга, ойлгомжтой байна, 40 дүгээр зүйлийн 40.2.2-д заасан: захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг, эхийн нэр...холбоо барих мэдээллийг бичих, 40.2.3-д заасан: захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг заах, 40.2.5-д заасан: захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэв. (хх-ийн 3 тал)

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Төрйин банкны Хэнтий салбарын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

2. Хариуцагч тал нь нэхэмжлэгч Г.Сүнжидмааг Хөдөлмөрийн дотоод журмын 05 дугаар зүйлийн 5.16.3-д заасныг баримтлан сахилгын шийтгэл ногдуулсан гэж шүүх хуралдаанд тайлбар өгсөн боловч салбарын захирлын зөвлөл уг асуудлыг шийдвэрлэсэн нотлох баримт байхгүй, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой хуулийн төслийн эрхзүйн үндэслэлийг хуулийн газраар хянуулсан баримтаа шүүхэд өгөөгүй, 5 дугаар зүйлийн 5.28.25-д заасан нэхэмжлэгч нь банкны нэр хүнд, имиджийг гутаах зан үйлдэл яаж гаргасныг нотолж чадаагүй, гэрчүүд шүүх хуралдаанд энэ талаар гэрчлээгүй, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, банкны нэр хүндийг гутаах, шударга бус, хууран мэхлэх үйлдэл хэрхэн үйлдэл гаргасныг нотлоогүй өөрөөр хэлвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан: “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. 

Хариуцагч тал нь орон нутгийн банкны газрын захирал Я.Отгонжаргал, зээлийн хэлтэс, бүсийн менежер Ц.Сэнгэбаатар, Бүсийн менежер Г.Насан-Урт, харилцагчийн үйлчилгээ мэдээллийн албаны мэргэжилтэн А.Содномпэлжээ нарын Хэнтий салбарын захирлын зөвлөлтэй уулзаж ярилцсан хурлын протокол ирүүлсэн байна. (хх-ийн 40-41 тал) 

Хурлын протоколд нэхэмжлэгч Г.Сүнжидмаагийн талаар ярилцсан боловч асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. 

Мөн хурал эхэлсэн цаг, дууссан цаг бичигдээгүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, 131.1.3-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасан... шийтгэлийн хэлбэр нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон эсэхийг хариуцагч тал шүүхэд нотлоогүй гэж шүүх үзэв. 

Иймд хариуцагч Төрийн банкны Хэнтий салбараас нэхэмжлэгч Г.Сүнжидмаад сахилгын арга хэмжээ авсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, хоёр сарын суутгасан цалин 600,000 төгрөг, долдугаар сарын урамшуулал цалин 300,000 төгрөг нийт 900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хуульзүйн үндэслэлтэй байна. (хх-ийн 34 тал)

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгох, хариуцагч Төрийн банкны Хэнтий салбараас 26,150 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдэв. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Төрийн банкны салбарт холбогдох, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, суутгалын цалин 600,000 төгрөг, урамшууллын 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч Г.Сүнжидмаад олгосугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж буцаан олгох, хариуцагч Төрийн банкны Хэнтий салбараас 26,150 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай. . 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ЦЭРЭНДУЛАМ