Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0030

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

дэг сахиулагч П.Отгонбаяр,

шүүгдэгч Д.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.Батцэцэгт холбогдох 201618010069 дугаар эрүүгийн нэг хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Эрүүл мэндийн төвд тогооч ажилтай,  ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар баг, 4-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистерийн МК- дугаартай, Бөөчүүд овгийн Дагвадоржийн Батцэцэг.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Д.Батцэцэг нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Н.Оюунчимэгийн эзэмшлийн 96-71 УНЗ улсын дугаартай Киа Вонго маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг хагалж, санаатайгаар эвдэлж гэмтээн 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-11/,
  2. Гэрч Б.Сүрэнжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-12/,
  3. Гэрч Л.Эрдэнэболорын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-13/,
  4. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын №49 тоот акт /хх-23/
  5. Шүүгдэгч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-19, 21/
  6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7/,
  7. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/,
  8. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын багийн Засаг даргын тодорхойлолтууд /хх-34-35/,
  9. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн лавлагаа /хх-36/,
  10. Хохирогч Н.Оюунчимэгийн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-42/,
  11. Шүүгдэгч Д.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Д.Батцэцэг нь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Н.Оюунчимэгийн эзэмшлийн 96-71 УНЗ улсын дугаартай, Киа Вонго маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг баруун гараараа хоёр удаа цохисоны улмаас хагалж, бусдын 90000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

хохирогч Н.Оюунчимэгийн мөрдөн байцаалт өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг болж байхад манай ажлын газрын залуу Эрдэнэболор над руу өөрийн утсаар залгаад миний машин асахгүй байнаа та ирээд асаагаад өгөөч гэсэн. Эрдэнэболор, түүний эхнэр Сүрэнжав нар нь машиндаа байхаар нь машиныг нь өөрийн эзэмшлийн 96-71 УНЗ улсын дугаартай Бонго жи2 гэх тээврийн хэрэгслээрээ чирээд хашаанд нь аваачиж өгсөн. Тэгсэн Эрдэнэболор бид хоёрыг голын эрэг рүү хүргээд өг гэхээр нь би хүргэж өгчихөөд буцаад явах гэхэд Сүрэнжав надад “хоёулаа яваад пиво авчихаад ирье би дэлгүүрээс пиво авах гэсэн юм” гэж хэлэхээр нь бид хоёр сумын төв рүү орж ирээд 2 литрийн пиво аваад буцаад явж байхад шатахуун түгээх станцийн хажуугаар явж байхад Тогоонцэрэн зам дээр согтуу гараа өргөхөөр нь бид хоёр машиндаа суулгаад голын эрэг дээр очоод 30 минут болов уу үгүй юу Тогоонцэрэнгийн эхнэр Батцэцэг  согтуу ирээд үгийн зөрүүгүй та нар намайг согтуу авгай гэдэг юм байна лээ, та нар хүртэл идэж уудаг юм байна шүү дээ гэснээ миний машины цонхыг зүүн  гараараа хоёр удаа цохиж урд салхины шилийг баруун дунд хэсэгт нь 2 том дугариг хэлбэртэй олон жижиг цууралт үүсгэж хагалсан. Чи ажилчидтайгаа ингээд явдаг юм байна шүү дээ чиний машины цонхыг хагалчихлаа чаддаг юм бол төлүүлээд аваарай гэж хэлсэн. Өөр бас орилж чарлаад нийт дунд нь чарлаад “та нар намайг архи уудаг гэж ярьдаг биз дээ” гэж орилж хашиграад уурлаад байсан. Би тухайн үед ажлын газрын хүндээ л тус болох гэж явсан. Тэрнээс тэд нартай нийлж архи уугаагүй. Намайг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгийг манай ажлын газрын хүмүүс хэлэх байх..., ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжилсэн 90.000 төгрөг буюу машиныхаа шилийг янзлуулж бүтэн болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-11/

гэрч Б.Сүрэнжавын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр машинаа хөдлөхөө больсон болохоор Н.Оюунчимэг эгчийг дуудаад машинаа чирүүлж гэртээ аваачсан. Тэгээд гэртээ жаахан юм уух гэсэн чинь хүүхдүүд аашлаад байхаар нь нөхрийн хамт гол руу Н.Оюунчимэг эгчээр хүргүүлсэн. Тэнд очоод уух юмгүй байхаар нь 2 пиво аваад явж байхад колонкийн хажууд Д.Тогоонцэрэн зогсож байгаад гараа даллахаар нь Н.Оюунчимэг зогсоод Д.Тогоонцэрэнг машиндаа суулгаад  аваад явсан. Тухайн үед Тогоонцэрэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид нар голын ойролцоо польны үзүүрт очоод эхний пивоо задлаад нэг тойруулаад байж байтал Д.Тогоонцэрэнгийн эхнэр нь ирээд нөхрөө шууд өшиглөөд шууд Н.Оюунчимэгийн үснээс нь зулгаах гэсэн үү, самардах гэсэн үү дайрсан. Тэр үед би өөрийн нөхрийн хамт болиулаад машин руу холдуулахад Д.Батцэцэг гүйж очоод 96-71УНЗ улсын дугаартай машиных нь цонхыг 2 цохиод хагалсан. Тэгээд би машины чинь цонхыг хагалчихлаа, чаддаг юм бол төлүүлээрэй гээд явсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

гэрч Л.Эрдэнэболорын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим машинаа хөдлөхөө больсон болохоор Н.Оюунчимэг эгчийг дуудаад машинаа чирүүлж гэртээ аваачсан. Тэгээд гэртээ жаахан юм уух гэсэн чинь хүүхдүүд аашлаад байхаар нь эхнэрийн хамт Н.Оюунчимэг эгчээр хүргүүлсэн. Тэнд очоод уух юмгүй байсан. Хэсэг байж байгаад ирэхдээ Б.Сүрэнжавын ангийн хүүхэд болох Д.Тогоонцэрэнг дагуулаад ирсэн. Д.Тогоонцэрэн ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Бид авчирсан пивоо уугаад байж байсан чинь Д.Тогоонцэрэнгийн эхнэр Д.Батцэцэг ирээд өөрийн нөхөр болох Тогоонцэрэнг цохиод байхар нь би болиулаад салгаад байж байхад орилж байгаад дарга Н.Оюунчимэгийн 96-71 УНЗ улсын дугаартай машины цонхыг 2 удаа цохиод хагалсан. Тэгээд ирсэн мотоцикльдоо суугаад яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

шүүгдэгч Д.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрлүүгээ явж байхад Оогийн тааралдаад Оогий надад танай нөхрийг Сүрэнжав, Оюунчимэг нар аваад явчихлаа гэж хэлсэн. Би гэр лүүгээ харьж явахад Оогийгийн нөхөр Цэнгэл явж байхаар нь манай нөхөр хөдөө явчихлаа, хайх хэрэгтэй байна надтай хамт хайлцаад өгөөч гэж хэлээд дагуулаад явсан .Тэгээд би явсан гэх зүг рүү нь хайгаад явахад олдоогүй. Харин Нямка гэх залуу машинтайгаа зогсож байхаар нь Цэнгэлийн  машинаас буугаад Нямка гэх залуугийн машинтай яваад дахиад хайж эхэлсэн. Тэгээд олдохгүй болохоор нь Орхонтуул сумын төв рүү явж байгаад Орхонтуул сумын хороолол гэх сумын захад буугаад Батаа гэх айлд очиход Батаагийнд хүүхэд Билгүүн нь байсан бөгөөд Билгүүнээс ахыгаа харав уу гэхэд “урд пойлны үзүүрт ажлын хүмүүстэйгээ байсан” гэхээр нь би эгчийн дүү тэгвэл эгчтэйгээ хамт яваад өгөөч гэж гуйгаад аваад явсан. Билгүүний ард сундлаад нөхрийнхөө байгаа газар очоод манай нөхөр ажлын газрын Эрдэнэболор, түүний эхнэр Сүрэнжав, манай нөхөр Тогоонцэрэн, Н.Оюунчимэг нар пиво уугаад сууж байхаар нь очоод өөрийн нөхөр Тогоонцэрэнгийн нуруу руу өшиглөөд эргээд харахаар нь алагдсан. Тэгсэн намайг Эрдэнэболор, эхнэр хоёр нь боль гээд гарнаас бариад хөдөлгөхгүй байсан. Миний уур их хүрч байсан хөдөлгөхгүй байхаар нь хажууд байсан машины цонхыг баруун гараараа 2 удаа цохиж 2 дугариг хэлбэрийн хагаралт үүссэн. Би Н.Оюунчимэгт хандаж чи ажилчиддаа уруу татах архи уугаад би чиний цонхыг хагалсан, чи чаддаг юм бол төлүүлээрэй гэж хэлээд буцаад явсан ..” гэсэн мэдүүлэг /хх-38/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 49 дугаар актанд: Бонго Жи-2 маркийн автомашины урд салхины шил 90.000 төгрөг гэсэн комиссын гишүүдийн дүгнэлт /хх-ийн 21/,

Шүүгдэгч Д.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:  2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би ажлаасаа тараад явж байгаад Оогий гэх эмэгтэйгээс нөхрөө асуутал танай нөхрийг Оюунчимэг урагшаа аваад явчихлаа гэхээр нь араас нь очсон чинь пиво уугаад сууж байсан. Тэгээд би нөхрөө алгадаад уур хүрсэн тул Оюунчимэгийн машины цонхыг нь хагалсан. Энэ хүний машины шилийг хагалсан нь миний буруу. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний бага хүүхэд 4 настай. Оюунчимэгээс болж манай гэр бүлд байнгын хэрүүл болдог. Оюунчимэг нь манай нөхөртэй олон жил явалдаж байгаа гэж сонссон. Би өөрийн нүдээрээ хараагүй тул ухамсартай хүмүүс өөрөө болих байх гэсэндээ тэвчээд явж байсан. Би Оюунчимэгээс уучлал гуйсан. Түүний машины шилийг хагалсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч Д.Батцэцэгийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж,  90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Батцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Н.Оюунчимэгт 90.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Н.Оюунчимэгийн мэдүүлэг, прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Батцэцэгт ял шийтгэл оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн  55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9-д зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,  хуульд заасан торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Д.Батцэцэг нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-30/

         Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Батцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                               

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөөчүүд овогт Давгадоржийн Батцэцэгийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Д.Батцэцэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52  дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батцэцэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батцэцэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж,  мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн тасагт даалгасугай.

5.  Шүүгдэгч Д.Батцэцэг цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Н.Оюунчимэг нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Батцэцэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАЯР