| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2018/0619/З |
| Дугаар | 606 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 606
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М
Холбогдогч: Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.О
Прокурорын дүгнэлт: “Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Мг 25.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М, хариуцагч Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.М шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.О нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т шалгагч ажилтай Г.Мг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.О нь “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т шалгагч ажилтай Г.Мг Ч-28 чиглэлийн 3-078 гарааш дугаартай автобусанд шалгагчаар ажиллаж байхдаа зорчигч бэлэн мөнгөөр үйлчлүүлж байхад хяналт тавиагүй,“Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ"-ний 4.2.12-т заасан “зорчигчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих” заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Гэтэл “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-ний 4.2 дахь хэсэгт тээвэрлэгч талын үүргийг заасан байх ба 4.2.12 дахь хэсэгт “ зорчигчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих” гэж заасан нь жолооч нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч цахим төлбөрийн карт уншуулж байгаа эсэхэд хяналт тавих зохицуулалт байхад шалгагч Г.Мг дээрх үүргийг биелүүлээгүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Г.М нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ч-28 чиглэлийн 3-078 гарааш дугаартай автобусанд шалгагчаар ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхуй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ...” гэж заасан Г.М албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа жолоочид шаардлага тавиагүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах асуудал биш юм.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Мг 25.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.
Миний хувьд хяналтын ажлыг аваад сар гаруй хугацаа өнгөрч байна. Нийтийн тээврийг өмнө нь олон прокурор хянаж байсан. Жолоочид хууль ёсны шаардлага тавиагүй улмаас Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.9-д зааснаар 25,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан. Миний хувьд жолоочид оногдуулсан шийтгэл хууль зүйн хувьд үндэслэлтэй юм байна. Яагаад гэвэл жолооч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Гэрээний заалтаар зорчигч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэх талаар жолооч хяналт тавина гэсэн заалт байдаг. Тэгэхээр энэ бол жолоочид хамаа бүхий заалт юм. Иймд жолоочид хамаа бүхий заалтыг үндэслээд шалгагчид шийтгэл оногдуулаад байгаа нь зөв юм уу? буруу юу? гэдэг асуудал байна. Шалгагчтай холбоотой асуудлыг холбогдуулаад зөрчлийн арга хэмжээ авагдсан бол өөр байх байсан. Удирдлага болгон авсан гэрээний заалт нь үндэслэлгүй байна гэж хоёр агуулгатай зүйл бичсэн. Нөгөө талаар төрийн үйлчилгээний албан тушаалтан биш байж болно. Хэрэв төрийн үйлчилгээний албан тушаалтан байсан бол зөрчлийн хэргийг нээгээд нотлох баримт бүрдсэн байсан бол холбогдох шийтгэлийг оногдуулаад явсан бол ямар нэгэн маргах асуудал байхгүй байсан. Төрийн үйлчилгээний албан хаагч мөн байсан талаар нотолсон зүйл байхгүй гэдгийг шүүхэд ирсэн баримтаас мэдлээ.” гэв.
Хариуцагч Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...миний гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын шалгагч ажилтай Г.Мг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу 25000 төгрөгөөр торгосон боловч Хяналтын прокурор тус шүүхэд миний гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Хүчингүй болгуулах үндэслэл нь шалгагч Г.М нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “Төрийн үйлчилгээний албан хаагч” гэж дүгнэлтдээ дурджээ. Гэтэл “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төсвийн байгууллага биш юм. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн үйлчилгээний албан хаагчийг тодорхойлж өгсөн. “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь улсын төсвөөс санхүүждэггүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхойлсноор
аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр
өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог бөгөөд улсын төсвөөс санхүүждэггүй гэж тодорхойлсон байна. Мөн шалгагч Г.Мгийн ажлын байрны тодорхойлолтын 4.3-т “албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэдээс бэлэн мөнгө гар дээр хураахыг хориглоно”, ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд жолоочид хяналт тавих зэрэг үүрэгтэйгээр шугамд ажиллаж байгаа ажилтан юм.
Иймд улсын байцаагчийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл
оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
Зөрчлийн тухай хууль анх гарахдаа гүйцэд сайн гараагүй. Авто тээвэртэй холбоотой бүхий л зөрчилд авто тээврийн байцаагч арга хэмжээ авдаг. Биднийг прокурортой уулзуулдаггүй. Хуулийн хүрээнд бичихгүй өөрийнхөө бодлоор бичдэг зүйл байсан. Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т ачаа, зорчигчийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх гэж заасан. Гэтэл үүнийг Зөрчлийн тухай хуулинд тусад нь салгаж аваад өндөр шийтгэлээр шийтгэхээр заагдсан. Стандарт гэдэг бол нийтээр дагаж мөрдөх заавар журам юм. Үүнийг гэрээний дагуу арга хэмжээ аваарай гэсэн заалт байгаа. Нэг заалтыг 3 өөр төрлөөр тайлбарлах арга хэмжээ авч байна. Гэрээнд зөвхөн бэлэн мөнгөтэй холбоотой ганцхан заалт байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Нийтийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Мг 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар” шийдвэрлэжээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нийтийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.О 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т шалгагч ажилтай Г.Мг “зорчигчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавиагүй” гэсэн үндэслэлээр 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Уг шийтгэлийн хуудсыг Нийслэлийн прокурорын газраас хянаад“…Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээнд “зорчигчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих” гэж заасан нь жолооч нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа зорчигч цахим төлбөрийн карт уншуулж байгаа эсэхэд хяналт тавих зохицуулалт байхад шалгагчийг дээрх үүргийг биелүүлээгүй ... мөн шалгагч нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд албан үүргээ гүйцэтгэх явцад жолоочид шаардлага тавиагүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах асуудал биш тус торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.” гэж үзэн хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1-19/18 тоот “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ”-ний 4.2-т “Тээвэрлэгч тал дараах үүрэгтэй”, 4.2.12-т “Зорчигчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих” гэж, Нийтийн тээврийн хэрэгслийн шалгагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтын Б.2-т “...жолоочид хяналт тавин ажиллах” үүрэгтэй, Б.4.3-т “... ажил үүргээ гүйцэтгэж байхдаа иргэдээс бэлэн мөнгө гар дээр хураах, хураахыг завдахыг хатуу хориглоно” гэж тус тус заасан байна.
Дээрх гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод зааснаар шалгагч нь нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй жолооч, зорчигчдод хяналт тавих үүрэгтэй байна.
Гэтэл Нийслэлийн прокурорын газрын дүгнэлтэд дээр дурдсан зорчигчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн картаа уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих эрх хэмжээг шалгагчийн бус зөвхөн жолоочийн үүрэг гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн прокурорын дүгнэлтэд “шалгагч нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд албан үүргээ гүйцэтгэх явцад жолоочид шаардлага тавиагүй нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах асуудал биш” гэж дурджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ”, гэж заасан. Харин Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ нь энэ ангилалд хамаарахгүй бөгөөд, Нийтийн тээврийн хэрэгслийн шалгагч нь төрийн үйлчилгээний албан хаагч биш байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Нийтийн тээврийн хэрэгслийн шалгагч Г.М нь тус шүүхэд “...дээрх шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр торгууль оногдуулсан 25,000 төгрөгийг төлж, барагдуулсан. Иймд уг шийтгэлийн хуудастай маргахгүй учраас гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй” гэх тайлбарыг бичгээр гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь заалтыг удирдлага болгон Нийтийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Г.Мг 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нийслэлийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН