Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 553

 

 

 

 

 

 

 

 

 

“ММ Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/01343 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ММ Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Чинболдод холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 96 310 970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Х.Чинболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Баярсайхан, Э.Амарболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч "MM Финанс ББСБ" ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Х.Чинболдод 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №15013 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 65 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргмйн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34 а байрны 9 тоот, 3 өрөө 67 м.кв талбайтай Ү-2205048077 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч түүний хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээг дахин 6 сараар сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч Х.Чинболд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээ бүрэн төлөөгүй байна. Зээлдэгч Х.Чинболд энэ хугацаанд үндсэн зээлээс 95 778 төгрөг, хүү 20 409 592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 118 470 төгрөг, нийт 21 623 840 төгрөг төлсөн. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 64 875 363 төгрөг, зээлийн хүү 29 304 524 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 131 083 төгрөг, нийт 96 310 970 төгрөгийг төлөөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Чинболд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгэзр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Чинболдоос 96 310 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "MM Финанс ББСБ" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 751 440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 111 935 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 639 505 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.        

Хариуцагч Х.Чинболд давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн хангалттай үндэслэлгүй гэж үзэж байна. Зөвхөн үндсэн зээлийн төлбөрийг төлөх ёстой гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтуудыг болон нэхэмжлэгч талын тайлбарыг нотолгоо болгон баримталсан бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зайлшгүй шалтгаанаар өөрчлөгдөж байсан, шинээр томилогдсон төлөөлөгч нөхцөл байдалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүй хэт нэг талын эрх ашгийг хамгаалж, мэтгэлзэх эрхийг хангаагүй болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 60 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 36 310 970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ММ Финанс ББСБ” ХХК нь хариуцагч Х.Чинболдод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 496 312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 96 310 970 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х.Чинболд нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Талууд хоорондоо 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр №15013 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж хариуцагч нь 65 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт жамсранжавын гудамж, 34А байрны 9 тоотод байрлах, 67 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан, зохигчид 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг мөн өдрөөс 6 сараар сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд, кассын орлогын ордер, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдсон, дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 5-10, 11, 12, 13, 33, 34/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг хугацаанд нь төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

 

            Шүүх нэхэмжлэгч “ММ Финанс ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж зээлдэгчийн төлсөн 4 035 140 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан нь хуульд нийцээгүй гэж үзсэн нь зөв боловч зээлдэгчийн төлбөл зохих зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 96 310 970 төгрөгөөс илүү гарч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхөд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж, мөн өдөр түүнд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. /хх 56-58 /

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/01343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Чинболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Чинболд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН