Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0016

 

"С-Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-О, Ю.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 724 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу "С-Д" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, Ц.Ж нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 244176 тоот актыг хүчингүй болгуулах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... "С-Д" ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын мөрдөн байцаах газар, Татварын ерөнхий газрын албан бичигт үндэслэн гаргасан тасгийн даргын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж 24/13/1118 тоот актаар 31149,8 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. Татварын маргаан таслах зөвлөлөөс 107582,6 мянган төгрөгийн зөрчлийн төлбөрийг төлүүлэхээр тогтоол гарсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 107,582.6 мянган төгрөгийн үнийн дүнтэй мэдээллийг шалгахад "Д н с" ХХК-аас 2012 оны 12 дугаар сарын 0012359045 дугаартай падаанаар 56805,0 мянган төгрөгийн, Цэцэгт рашаан ХХК-аас 2012 оны 12 дугаар сарын 0012358981 дугаартай падаанаар 50,777.6 мянган төгрөгийн бараа материалын үнэ бүхий хий бичилттэй падаан бичүүлэн авч, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь НӨАТтХ-ийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөн. гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 724 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан "С-Д" ХХК-иас гаргасан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 244176 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, Ц.Ж нар нь Улсын Мөрдөн Байцаах Газраас ирүүлсэн шийдвэр, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн "Хяналт шалгалт хийх удирдамж", Хяналт шалгалт хийх тухай тасгийн даргын олгосон 24/13/0922 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтаар 2011 оны 7 дугаар сарын 006061755 тоот 'Эм Ти Ар Эй" ХХК-ийн хий бичилттэй падаанаар тухайн сарын НӨАТ тайланд 55.454.5 мянган төгрөгийг, 08 дугаар сард 009005665 тоот хий бичилттэй падаанаар 47,090.9 мянган төгрөгийг хасагдуулан тухайн сарын НӨАТ тайланд тусгасан, 2012 оны 12 сарын 012258981 тоот "Цэцэгт рашаан" ХХК-ийн хий бичилттэй падаанаар 50,777.6 мянган төгрөгийг, ""Д н с"" ХХК-ийн 0012359045 тоот хий бичилттэй падаанаар 56,805.0 төгрөгийн хасагдуулгыг 2012 оны 12 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3-д, ''бараанд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан албан татварын хасалт хийх..."; 14 дүгээр зүйлийн 3-д "худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй..." гэж заасныг зөрчсөн гэж үзэн 201 1 оны 102,545.4 мянган төгрөгийн хий бичилттэй падаанаар хасагдуулга хийсэн зөрчилд 10.254.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 3.076.4 мянган төгрөгийн торгууль, 2.771.3 мянган төгрөгийн алданги, 2012 оны 107,582.6 мянган төгрөгийн хий бичилттэй падаанаар хасагдуулга хийсэн зөрчилд 10.758.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,227.5 мянган төгрөгийн торгууль, 1.061.8 мянган төгрөгийн алданги ногдуулах; нийт 210.128.0 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 21,012.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 6.303.9 мянган төгрөгийн торгууль. 3,833.1 мянган төгрөгийн алданги нийт 31,149.8 мянган төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон.

 

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан ""С-Д"" ХХК-ийн гомдлын дагуу хуралдан, "Татвар төлөгч 201 1 оны 07-р сард 006061755 тоот "Э Т А Э" ХХК-ийн хий бичилттэй падаанаар тухайн сарын НӨАТ тайланд 55.454.5 мянган төгрөгийг, 08 дугаар сард 009005665 тоот хий бичилттэй падаанаар 4 7.090.9 мянган төгрөгийг хасагдуулан тухайн сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан 2011 оны "Э Т А Э" ХХК-тай холбоотой дээрх 2 падаантай холбоотой зөрчлийг 2012 оны 9 дүгээр сард тус компанийн 2011 оны ногдуулалт, төлөлтийн байдалд тус дүүргийн татварын улсын байцаагч Н.Б, А.Б нар хяналт шалгалт хийж 155.363.5 мянган төгрөгийн зөрчилд дүгнэлт бичиж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн дүнд орсон бөгөөд хариуцлага давхардсан гэж үзэж "Э Т А Э" ХХК-тай холбогдох 102.545.4 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 10.254.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 3.076.4 мянган төгрөгийн торгууль. 2.771.2 мянган төгрөгийн алданги. Нийт 16,102.2 мянган төгрөгийн төлбөр татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нь үндэслэлгүй байна." гэж үзэн, "Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг тус тус үндэслэн татварын улсын байцаагчийн 244176 тоот актаар 210.128.0 мянган төгрөгийн зөрчилд 31.149.8 мянган төгрөгийн татвар ногдуулсанаас 102,545.4 төгрөгийн зөрчилд ногдуулсан 10,254.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 3.076.4 мянган төгрөгийн торгууль, 2,771,3 мянган төгрөгийн алданги нийт 16,102.2 мянган төгрөгийн төлбөрийг хасч, 107,582.6 мянган төгрөгийн зөрчилд 10.758.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 3,227.5 мянган төгрөгийн торгууль, 1,061.8 мянган төгрөгийн алданги. нийт 15,047.6 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр..." тогтоосон.

 

Мөн ""С-Д" ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 34 тоот тогтоолоор Нийслэлийн татварын газрын 2014 оны 11 сарын 07-ны өдрийн 189 тоот тогтоолыг хэвээр баталсан.

""С-Д"" ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 724 дугаар шийдвэрээр ""С-Д" ХХК-аас гаргасан "Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 244176 дугаар актыг хүчингүй болгуулах тухай'' нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай." гэсэн шийдвэр гарсан.

 

Бид уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 89 дүгээр тогтоолд заасан "...нийт 107.582.6 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 10.758.3 мянган төгрөгний нөхөн татвар. 3.227.5 мянган төгрөгийн торгууль, 1,061.8 мянган төгрөгийн алданги нийт 15,047.8 мянган төгрөгийн төлбөрийг..." төлүүлэхээр шийдвэрлэсний 10.758.3 мянган төгрөгийн нөхөн татварыг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд 3.227.5 мянган төгрөгийн торгууль. 1,061.8 мянган төгрөгийн алданги нийт 4.289.3 мянган төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "...НӨАТ-ын хуурамч падааныг энгийн нүдээр хараад ялгах боломжгүй, бид зөвхөн худалдан авалтынхаа дүнд холбогдох НӨАТ-ын падааныг авч тайландаа тусгасан ... тул нөхөн татвар, торгууль алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй" гэж тодорхойлон маргасан байна.

 

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх тайлбар нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс "С-Д" ХХК нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь холбогдох нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүйн дээр "Д н с" ХХК болон Цэцэгт рашаан ХХК-ийн 012258981, 0012359045 дугаар бүхий падаанууд нь ямар нэгэн бараа материал ажил үйлчилгээний бэлтгэн нийлүүлэлт, худалдан авалт хийгдээгүй, хий бичилттэй хуурамч падаанууд болох нь тус компаниудын эрх бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тогтоогдсон нь нийтэд илэрхий үйл баримт ба дээрхи падаануудаар бэлтгэн нийлүүлэгч компаниудаас "С-Д" ХХК-д бодитоор бараа материал нийлүүлэгдээгүй байхад НӨАТ-ын тайландаа суутган тусгаж тайлагнасан нь хууль бус гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх холбогдох хуулийг, тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн "14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй" гэж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д "дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний алданги ногдуулна, 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан-бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх", мөн зүйлийн 74.2-т ''татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна", 74.3-т "энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна" гэж тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байх тул татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 244176 тоот актаар төлбөрөөс 3.227.500 төгрөгийн торгууль, 1.061.800 төгрөгийн алданги нийт 4.289.300 төгрөгийг багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 724 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 244176 тоот актын 3.227.500 төгрөгийн торгууль, 1.061.800 төгрөгийн алдангийг багасгасугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР