Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0348

 

Ц.Сүхбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Ц.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэндамба, Б.Баярсайхан нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Ц.Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Ц.Сүхбаатар миний бие нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ар бургалтайд үр тарианы 100 га, төмс, хүнсний ногооны 20 га, жимс, жимсгэний зориулалтаар 10 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авч зохих журмын дагуу гэрээ байгуулан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж ирсэн юм. Энэхүү газрыг эзэмших, ашиглах хугацаандаа тус газарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм. 2013 оны 06 дугаар сарын 22-нд ХААШУ-ны доктор профессор Ж.Ганболд багштай газар дээрээ очиж мэргэжлийн зөвлөгөө авсан. 2013 оны 07 дугаар сард уринш хийж газраа хагалж 8 дугаар сард нь давтан уринш хийж зэрлэгийн хор цацсан. 2014 онд "Хөгжил агро Консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж “Органик ферм” төсөл хөтөлбөр боловсруулах, судалгааны ажил хийгдсэн юм. 2015 оны 07 дугаар сард уринш хийж газраа хагалж, 10 дугаар сард давтан уринш хийсэн. Ц.Сүхбаатар миний бие тус газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд хийсэн ажлын талаарх тайлангаа сумын захиргаанд тухай бүрт нь утсаар мэдэгдэж байсан юм. Тухайн газрыг эзэмших, ашиглах хугацаандаа гэрээг зөрчсөн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлж байсан юм.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжинд заахдаа “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг зөрчсөн иргэн Ц.Сүхбаатарын Ар бургалтайд байрлах үр тарианы 100 га, төмс, хүнсний ногооны 20 га, жимс, жимсгэний 10 га, нийт 130 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрыг сумын мэдэлд шилжүүлсүгэй. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Ц.Сүхбаатар миний биед газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дүгээр захирамж болон 0210301, 0210302, 0210303 дугаартай эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосугай” гэж хууль бус захирамж гаргаж Ц.Сүхбаатар миний эрх ашгийг ноцтой хохироосонд би маш их гомдолтой байна.

Сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаар захирамжийн хуулбарыг Ц.Сүхбаатар миний бие 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг даргын Тамгын газарт очиж бичиг хэргээс авсан болно. Миний эзэмшлийн газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг сумын захиргааны зүгээс надад огт мэдэгдээгүй бөгөөд хуульд заасны дагуу захирамж гарсныг газар эзэмшигчид заавал мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гарсныг сумын бичиг хэргээс аваад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд хандсан юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад 48 дугаартай захирамж гаргаж, дээд шатны албан тушаалтанд эхэлж гомдлоо гаргана уу гэж нэхэмжлэлийг буцаасан юм. Иймд Ц.Сүхбаатар би 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан билээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргаас одоог хүртэл миний гомдлын талаар хариу ирүүлээгүй тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Ц.Сүхбаатар миний бие өөрийн эзэмшил газраа байнга ашиглаж ирсэн бөгөөд захирамжинд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй зөрчил огт гаргаж байгаагүй юм. Сумын захиргааны зүгээс Ц.Сүхбаатар миний биед газраа ашиглаагүй байна гэж огт мэдэгдээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан талаараа тухай бүрт нь сумын захиргаанд утсаар мэдэгддэг байсан юм. Ц.Сүхбаатар миний бие нь 2008 оноос 2012 он хүртэл “Эрх” ХХК-тай хамтарч 2012 оноос одоог хүртэл дангаар тухайн газар /2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2015 онуудад/ тасралтгүй үйл ажиллагаа явуулсан тухай түүхтэй. Нотлох баримтыг фото зургаар хавсаргав.

Иймд миний биед олгосон Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум, Ар бургалтайд байрлах үр тарианы 100 га, төмс хүнсний ногооны 20 га, жимс, жимсгэний 10 га, нийт 130 га газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дүгээр захирамж, 0210301, 0210302, 0210303 тоот эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хорооны 18-28 тоотод оршин суух Цэгмэд овогтой Сүхбаатар нь тус сумын Бургалтайн 2 дугаар багийн нутаг Ар бургалтайд төмс хүнсний ногооны зориулалтаар 50 га, үр тарианы зориулалтаар 100 га газар эзэмшиж байсан “Эрх” ХХК /Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяалалтай, захирал нь Б.Амаржаргал/-ийн нийт 150 га газрын 130 га-г 2012 оны 02 сарын 09-ний өдрийн А/14 тоот захирамжаар эзэмших эрхийг нь шилжүүлэн авсан байна. Ц.Сүхбаатарт газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх үедээ 100 га үр тарианы, 20 га төмс хүнс ногооны, 10 га жимс, жимсгэний зориулалтаар гэж захирамжинд заасан байдаг.

Иргэн Ц.Сүхбаатарын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Ц.Сүхбаатар нь гэрээнд заасан газар эзэмшигчийн эрх үүргийг биелүүлнэ гэж гэрээ байгуулсан боловч дараах үүргээ биелүүлээгүй болно. а. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш буюу 4 жил дараалан ашиглаагүй болно. б. Ц.Сүхбаатар нь тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн, тайлангаа тухай бүрт мэдээллэж байсан гэдэг нь худлаа бөгөөд Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.1-д заасан тариалангийн газраа бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг 2 хүртэл жил ашиглаагүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. в. Тариалангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2.4-д заасан тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад жил бүр гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. г. Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2.5-д заасан тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн болон атаршсан газар, хураасан ургацын талаарх мэдээг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг даргад мэдээллэнэ гэсэн заалтын дагуу Баруунбүрэн сумын ХАА-н тасгаас нэгтгэн гаргаж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлдэг 2012-2015 оны ургац хураалтын эцсийн мэдээнд иргэн Ц.Сүхбаатар нь газар дээрээ үйл ажиллагаа явуулсан тухай мэдээ, тоо баримт байхгүй байна.

2. Ц.Сүхбаатар нь газар эзэмших эрхээ иргэний нэрээр авсан боловч газрын төлбөрөө 2812681 регистрийн дугаартай “Газар Ай Пи инвест” ХХК-аар төлж байсан нь мөн хууль зөрчсөн гэж үзэж байна.

3. Газар эзэмших гэрээнд заасны дагуу газар эзэмшигч нь жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор газар эзэмших гэрээг дүгнүүлнэ гэсэн заалтыг зөрчиж нэг ч удаа гэрээгээ дүгнүүлээгүй болно.

4. Иргэн Ц.Сүхбаатарыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын Засаг дарга надтай уулзахаар ирэхэд нь сумын газрын даамал Ө.Энхтулга Засаг даргын албан өрөөнд сумын Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэх хуудсыг гардуулж өгөхөд уншиж танилцаад гарын үсгээ зурахаас татгалзаж хүлээн аваагүй учраас сумын газрын даамал Ө.Энхтулга 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шуудангаар сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 тоот захирамжийг хаягийн дагуу явуулсан болно. Иймд Газрын тухай болон Тариалангийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж иргэн Ц.Сүхбаатарын 130 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрыг татаж сумын мэдэлд шилжүүлсэн тухай шийдвэр гаргасан болно” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаар захирамжийн Ц.Сүхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Сүхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Ц.Сүхбаатар би энэ гомдлыг гаргаж байна. Тус шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй байх зарчмыг баримтлаагүй зөвхөн хариуцагч талаас шүүхэд гаргасан баримтыг л үндэслэл болгосон, захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй гэж хуульд заасан байхад энэ үүргээ шүүх биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Гомдол гаргаж байгаа учир нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа эзэмшиж байсан тариалангийн газартаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан тухайгаа дэлгэрэнгүй тодорхой бичсэн байгаа билээ. Тариалангийн газар дээрээ 2013 оны 08 дугаар сард уринш хийсэн, 2014 онд "Органик ферм" төсөл хөтөлбөр боловсруулах судалгааны ажил хийсэн билээ. Ц.Сүхбаатар би эзэмшсэн газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаа явуулж байгаагүй явдал огт байхгүй юм. Дээр дурдсан ажлууд бодитойгоор хийгдсэнийг тухайн ажлыг хийхэд оролцсон гэрчүүд шүүхэд үнэн зөвөөр тайлбар өгсөн юм. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн энэ нотлох баримтуудын талаар нэг ч үг үсэг оруулаагүй, огт дурдаагүй, тус нотлох баримтуудыг шүүх юу гэж үзэж дүгнэж байгаагаа заагаагүй атлаа хариуцагч талаас гаргаж өгсөн ургацын тайлан мэдээгээ Ц.Сүхбаатар өгдөггүй байсан гэдэг баримтуудыг болохоор бүгдийг нь нэг бүрчлэн тодорхой бичиж үндэслэх хэсэгтээ оруулж шийдвэрээ гаргасан байна. Энэ нь шүүх хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй байх зарчмыг зөрчиж зөвхөн хариуцагч талын баримтыг үнэлж нэхэмжлэгч талын баримтыг огт үнэлж үзээгүй явдал юм.

Хариуцагч талаас Тариалангийн тухай хуулинд зааснаар ургацын мэдээ өгдөггүй байсан гэдэг үндэслэлгүй баримтууд өгсөн нь миний газар эзэмших эрхийг шууд цуцлах хуулийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Ц.Сүхбаатар би эзэмшсэн газар дээрээ үйл ажиллагаа явуулж байхдаа сумын удирдлага болон газрын албанд мэдэгдэж хэлдэг байсан билээ. Хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлгүй юм. Учир нь тус гэрчүүд нь сумын захиргаанд ажил эрхэлдэг, энэ хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд нотлох баримт цуглуулах бүрдүүлэх үүргийг шүүх бүрдүүлнэ гэж заасан байхад тус шүүх энэ үүргийг биелүүлээгүй юм. Нэхэмжлэгч талаас эзэмшсэн тариалангийн газар дээрээ уринш хийсэн, төсөл хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажил хийсэн, холбогдох зардлууд гаргасан гэж тайлбарлаад нотлох баримтаа өгөөд байхад эдгээр нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэхийн тулд шүүхийн байгууллага нотлох баримтыг нягтлан шалгах ажиллагаа явуулах үүрэгтэй байсныг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Тухайлбал, тариалангийн талбай дээрээ Ц.Сүхбаатар нь төсөл хэрэгжүүлэх судалгаа шинжилгээ хийлгэсэн нь үнэн эсэх талаар мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарыг томилон дүгнэлт гаргуулж шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Хэрэв мэргэжлийн шинжээч нар дүгнэлт гаргасан бол бодит үнэнийг тогтоох байсан билээ. Ц.Сүхбаатар би "Органик ферм" төсөл хэрэгжүүлсэн нь тухайн аймаг сумандаа болон ард иргэдэд их сайн үр дүн өгөх бүтээлч ажил юм.

Сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан гэх А/133 тоот захирамж нь чухам хэзээ гарсан нь тодорхой биш байгаа юм. Учир нь сумын газрын даамлын утсаар өгсөн мэссэж захидлыг би шүүхэд нотлох баримт болгон өгсөн билээ. Тус мэссэжийг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр явуулсан байдаг бөгөөд тус мэссэжинд бичихдээ “Захирамж батлагдан гараагүй байна” гэж бичсэн байдаг юм. Эндээс дүгнэж үзэхэд тус захирамж гарсан гэх үеэс хойш 23 хоногийн дараа газрын даамлаас ирсэн мэссэжинд тухайн захирамж батлагдан гараагүй, хүчин төгөлдөр болоогүй байсныг нотлон харуулж байна. Шүүх тус захирамж чухам хэзээ гарсан, газрын даамлын мэссэж бодитой үнэн эсэхэд шалгалт хийж ажиллагаа явуулж болох байтал мөн л ямар ч ажиллагаа хийгээгүй юм. Хэрвээ нотлох баримтыг зөв үнэлсэн бол Засаг даргын захирамжийг тус өдрөө гараагүй, зөрчилтэй захирамж гэдэг нь газрын даамлын мэссэжээр нотлогдож байгааг анхаарч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэнэ” гэж заасан байна. Гэтэл Засаг дарга эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл огт тогтоогдоогүй байхад миний газар эзэмших эрхийг шууд цуцалсанд гомдолтой байна. Манай тариалангийн газар дээр биднийг үйл ажиллагаа явуулж байхад сумын захиргаа газрын албанаас манай талбай дээр нэг ч удаа ирж үзээгүй, танилцаагүй атлаа биднийг газар дээрээ үйл ажиллагаа 2 жил дараалан явуулаагүй гэж хийсвэрээр тогтоох ямар ч үндэслэлгүй юм. Манай тариалангийн газар дээр ирж үзээгүй, бодит байдалтай биечлэн очиж танилцаагүй байж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж захирамж гаргасан нь огт үндэслэлгүй юм. Мөн газрын даамлын мэдэгдэл нь захирамж гарсан эсэх нь тодорхойгүй, хэзээ ямар үндэслэлээр захирамж гарсан нь мэдэгдэхгүй энэ талаар дурдаагүй, захирамжаа ч явуулаагүй тийм үндэслэлгүй мэдэгдэл байсан юм.

Сумын Засаг дарга миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40.1 гэсэн заалтыг баримталсан байна. Гэтэл Газрын тухай хуулийн 40.1 гэсэн заалтыг уншиж үзэхэд олон заалтууд байна. Тухайлбал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зэрэг заалтууд байна. Энэ заалтуудыг би зөрчөөгүй шүү дээ. Гэтэл энэ заалтууд нь Засаг даргын захирамжинд заасан 40.1 гэсэн заалтанд хамрагдаж байна.

Иймд Засаг даргын баримталсан хуулийн заалт нь бодит байдалтай нийцэхгүй, утга агуулгын хувьд зөрчилтэй, ойлгомжгүй, захирамж байна гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ заахдаа Газрын тухай хуулийн 40.1.6 гэсэн заалтыг бичиж оруулсан байна. Сумын Засаг дарга эахирамжиндаа Газрын тухай хуулийн 40.1.6 гэсэн заалт бичээгүй байхад шүүх тус заалтыг зааж шийдвэртээ оруулсныг би үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан байна. Хэрвээ энэ хуулийн заалтаар газар эзэмших гэрээг жил бүр дүгнээд явсан бол ийм маргаан гарахгүй байх байсан билээ. Иргэн би эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулж байгаагаа газрын албанд мэдэгдэж хэлдэг байсан юм. Гэтэл сумын захиргааны газрын алба гэрээг дүгнэх үүргээ биелүүлээгүй байгаа нь тодорхой харагдаж байхад шүүх шийдвэртээ заахдаа зөвхөн Ц.Сүхбаатар намайг гэрээгээ дүгнүүлж байгаагүй байна гэж заасан нь иргэн намайг л буруутгасан алагчилж үзсэн, хүний эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иргэн би зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж үнэн зөвийг олж өгнө гэж итгэж явсан билээ. Гэтэл шүүх дээр дурдсанаар хуульд нийцэхгүй дүгнэлт хийж үндэслэлгүй шийдвэр гаргасанд их гомдолтой байна. Миний гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/133 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн эзэмшил газрыг 2 буюу түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээг зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Сүхбаатарын тус сумын Ар бургалтайд байрлах нийт 130 га газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар дээрх маргаан бүхий актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Энэхүү газрыг эзэмших хугацаандаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж, төлбөрийг хугацаанд нь төлж байсан. 2013, 2015 онд уринш хийсэн бөгөөд хийсэн ажлын талаарх тайлангаа тухай бүрт утсаар мэдэгдэж байсан” гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/14 дүгээр захирамжаар, үр тарианы зориулалтаар 100 га, төмс, хүнсний ногооны зориулалтаар 20 га, жимс, жимсгэний зориулалтаар 10 га, нийт 130 га газар эзэмших эрхийг “Эрх” ХХК-иас шилжүүлэн авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон маргаан бүхий актын нэг үндэслэл болсон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашигласан эсэх асуудлаар хэрэгт авагдсан баримтуудаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчээс “2013 оны 7, 8 дугаар сар болон 2015 оны 7 дугаар сард тус тус 10 га газарт уринш хийн, газраа хагалж, зэрлэгийн хор цацсан” гэж маргасан байхад шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг шалгаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий газарт үзлэг хийж, нэхэмжлэгч Ц.Сүхбаатарын эзэмшиж буй 130 га газрын байршил, хил хязгаар /үр тарианы зориулалтаар 100 га, төмс, хүнсний ногооны зориулалтаар 20 га, жимс, жимсгэний зориулалтаар 10 га/-ыг тодруулж, нэхэмжлэгчийн газраа ашигласантай холбоотой нийт эзэмшил талбайн хаана байрлах, ямар хэмжээ, зориулалттай газарт хэзээ уринш хийсэн, 130 га газрыг яаж ашигласан талаарх нотлох баримтыг цуглуулан, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулж, хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байхад шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа зөвхөн хариуцагчаас гаргаж өгсөн тариалалтын эцсийн мэдээ, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тариалалт, ургац хураалт хийгээгүй талаарх тодорхойлолт, тус сумын газрын даамал, Хөдөө аж ахуйн тасгийн дарга нарын мэдүүлгийг үндэслэн “нэхэмжлэгч 2012-2015 онд ямар нэг уринш тариалалт хийгээгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн фото зургууд, уринш хийсэн талаарх нотлох баримт гэх санхүүгийн тайлан, баримтууд, гэрч Р.Эрдэнэбатын мэдүүлэг зэргийг ямар үндэслэлээр үнэлээгүй болох нь тодорхойгүй байна.

Мөн Баруунбүрэн сумын Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/14 дүгээр захирамжаар иргэн Ц.Сүхбаатарт маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлсэн атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг “Газар Ай Пи инвест” ХХК-ийн нэр дээр олгосон байх тул үүнтэй холбоотой баримтыг цуглуулж, маргааны гол зүйл буюу уг газрыг эзэмшигч нь “Газар Ай Пи инвест” ХХК болон иргэн Ц.Сүхбаатар нарын хэн нь болох, хэн нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тодруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбартай холбогдуулан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА