Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 443

 

“Альянс-Тек” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа, хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ишжамц, Ч.Мөнхзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжинням, Д.Ариунболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны  өдрийн 668 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0684 дүгээр магадлалтай, “Альянс-Тех” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан "Альянс-тех" ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үнэлгээний хороо, Барилга, хот байгуулалтын яаманд холбогдуулан гаргасан “1/ Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” ХААГ-2016/ХБ-78 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Эй Жи Зэт” ХХК-ийг ялснаар шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, 2/ Захиалагчид гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1093 дугаартай зөвлөмж болон Барилга, хот байгуулалтын яам, “Эй Жи Зэт” ХХК-ийн хооронд 2016.7.29-ний өдөр байгуулсан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/” ажил гүйцэтгэх 53 тоот гэрээг тус тус хүчингүй болгуулах, 3/ Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/4881 дугаартай шийдвэрийг биелүүлж тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0684 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Альянс- Тех” ХХК-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ны 34 дүгээр зүйлд зааснаар харьцуулагдаж хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерийг 35 дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчийн гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэхийг дахин магадлахын тулд ТОӨЗ-ны 5.3-т заасан чадварын шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох бөгөөд ингэхдээ ТОӨЗ-ны 18.2-т болон тендерийн үнэлгээнд харгалзах чадварын шалгуур үзүүлэлтэд заагаагүй бусад шалгуур үзүүлэлтийг тендерийг хянан үзэх, тендерт оролцогчийн чадварыг тогтооход ашиглахгүй байхаар 35.2 дахь заалтад тогтоосон байна. Өөрөөр хэлбэл дахин магадлахад ТОӨЗ-ны 18.2 ба 5.3-р зүйл, түүний 5.3(е) хэсэг болон Тендер шалгаруулалтын өгөдлийн хүснэгт (ТШӨХ)-ээр 5.3.(а), 5.3(б), 5.3(в), 5.3(г), 5.3(д) заалтуудад оруулсан өөрчлөлтүүдийг харгалзахаар, бусад шалгуур үзүүлэлтүүдийг харгалзахгүйгээр тогтоосон. Худалдан авах ажиллагааны газраас оролцогчдод хүргүүлсэн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ нь 18.2 дахь заалтгүй ирсэн учраас энэ заалттай холбоотой харгалзах шалгуур байхгүй гэсэн үг юм.

“Альянс-Тех” ХХК-ийн санал болгосон тендерийг шалгаруулаагүй талаар ус хангамж, ариутгах татуургын инженер Б.Пүрэвдорж нь тухайн “Толбот хайрхан” ХХК-д сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байтал ТОӨЗ-ны 5.3“г”-д: “тухайн байгууллагад сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх ба нийгмийн даатгалын НД8 маягтыг ирүүлнэ” гэсэн шалгуурыг хангаагүй гэж үзсэн Үнэлгээний хорооны 2 тоот дүгнэлт нь ТШӨХ-ийн 5.3(г) заалттай зөрчилдсөөр байтал анхан шатны шүүхээс үндэслэлтэй” гэсэн зөв дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 27.1.1, 16.1.1-д: “тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадварыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж заасан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн хууль хэрэглээний алдаа болсон байна.

Нэхэмжлэгч давуу эрх эдлэх хүсэлт гаргасан боловч орон нутгаас ажиллах хүч авах талаар нотлох баримт болон гэрээгээ ирүүлээгүй нь Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан аргачлалд зааснаар дотоодын давуу эрх тооцох шаардлагыг хангаагүй нь тогтоогдож байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг “ажил” гэж үзэх бөгөөд бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг "барааны гэрээ” гэж тооцохоор заасан байна. Нэхэмжлэгчийн санал болгосон тендерийн саналд материалын үнэ тээвэрлэх зардалтайгаа 3.4 тэрбум төгрөг болж байгаа нь уг хуулийн дээрх заалтын дагуу барааны гэрээнд тооцогдохоор байна. Тендерт шалгарсан “Эй Жи Зэт” ХХК-ийн саналд 3.0 тэрбумын материалын зардлаас 8%-ийн хөнгөлтийг хасаад 2.5 тэрбумыг материалд зарцуулахаар байгаа нь ч нийт 4.9 тэрбумын төсөвт эзлэх хувь хэмжээгээрээ бараа нийлүүлэлтийн гэрээнд тооцогдохоор байгаа юм. Гэтэл Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан аргачлалд ажил гүйцэтгэх гэрээний талаар заасан орон нутгаас ажилтан авах талаарх нотлох баримтыг гаргаагүй тул давуу эрх тооцох шаардлагагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй талаар нэхэмжлэгчийн зүгээс маргасаар байтал давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглэсэнгүй.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолоор эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор мөн өдрөөс өмнө гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлыг батлагдсан төсөвт багтаан санүүжүүлэх, мөн өдрөөс хойш бараа ажил үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруулалт зарлахгүй, гэрээ байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн нөхцөлийг харгалзан үзэж шийдвэрээ гаргасан гэж үзсэн нь цаг хугацааны хувьд хязгаарлагдмал хугацаанд хэрэгжихээр батлагдсан хууль зүйн актыг үндэслэн шийдвэр гаргасан талаар нь үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 668 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний 221/МА2016/0684 дугаартай магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”..., 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”,  27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заажээ.

Худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зарласан “Хорооллын гадна шугам сүлжээний өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/ ХААГ-2016/ХБ-78 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийн баримт бичгийн “Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3(г)-д “Голлох инженер, техникийн ажилтнуудын сургууль төгссөн диплом, цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Дараахь хүснэгтэд үзүүлсэн удирдах болон инженер техникийн ажилтныг ажиллуулах бөгөөд тухайн байгууллагад сүүлийн 6 сар нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж ажилласан байх ба нийгмийн даатгалын НД8 маягтыг ирүүлнэ. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийг тушаалаар томилсон байна. Сертификаттай байна. /PDF хэлбэрт шилжүүлнэ/,...Ус хангамж ариутгах татуургын инженер ...”

            Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3-т “Тендерт оролцогчид ТОӨЗ-ны 1.1-д заасан ажиллагааг гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна” ...(г)-д гэрээнд заасан ажилтай, төрөл дүнгээрээ дүйцэх ажил дээр ТШӨХ-д зааснаас доошгүй хугацаанд нь гэрээг хариуцаж ажилласан туршлага бүхий инженертэй байх, 5.5-д Тендерт оролцогч чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг тодорхойлоход түүний туслан гүйцэтгэгчийн ажлын туршлага, санхүүгийн нөөц бололцоог хангаж үзэхгүй. Харин туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх ажилд тусгай зөвшөөрөл шаардагдах бол туслан гүйцэтгэгч уг шаардлагыг хангасан байвал зохино” гэж тусгасан байна.

            Тухайн тендерт оролцсон нэхэмжлэгч “Альяанс-Тех” ХХК-аас тендерт ирүүлсэн баримт бичиг нь тендерийн баримт бичигт заасан дээрх шаардлагыг хангаагүйгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангах шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч тендерээс татгалзсан нь мөн хуулийн 27.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

            Тодруулбал, “Альяанс-Тех” ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох “Толбот хайрхан” ХХК-ийн инженер Б.Пүрэвдоржийн мэдээлэл нь нэхэмжлэгчийн ажлын туршлагыг тодорхойлох, голлох инженер, техникийн ажилтнуудтай байх талаарх тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хангаагүй болохыг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дүгнэжээ.

            Дээрх байдлаар “Альяанс-Тех” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичиг нь шаардлагад нийцээгүй үндэслэлээр захиалагч татгалзсан байхад нэхэмжлэгч нь тендерт ялагч болж, гэрээ байгуулах эрх авсан “Эй Жи Зэт” ХХК-ийн үнэлгээний талаар маргаж байгаа нь үндэслэлгүй.

Үүнээс гадна “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 30.1-д “Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө дараах шаардлагыг хангаж буй эсэхийг нягтална”, 34.1-д “Захиалагч зөвхөн ТОӨЗ-ны 30 дугаар зүйлийн дагуу хянан үзээд шаардлагад нийцсэн гэж тогтоосон тендерүүдийг үнэлж, харьцуулна”, 35.1-д захиалагч шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэхийг дахин магадлаж болно” гэх заалтууд нь зөвхөн шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхэд хамааралтай заалтууд байх тул нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдлоо эдгээр зүйлүүдэд үндэслэж байгааг хүлээн авах боломжгүй юм.    

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарал бүхий Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрийг дахин хэлэлцүүлэх тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 668 дугаар  шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2016/0684 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

    ШҮҮГЧ                                                                                Л.АТАРЦЭЦЭГ