| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00458/И |
| Дугаар | 454 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 454
2017 оны 08 сарын 02 өдөр Дугаар 156/ШШ2017/00454 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00458/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 30-275а тоотод оршин суух, Боржигон овогт Амгасэдийн Энхчимэг /РД:СЮ62083063/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сайн-Учрал, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Энхчимэг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сайн-Учрал нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А.Энхчимэг нь 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс Хэнтий аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн үйлдвэрлэх цехийн машинистаар ажилд орсон. Уг үйлдвэрт тасралтгүй 1998 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд ажилласан Хэнтий аймгийн Гурил тэжээлийн үйлдвэр нь 1991 оны 12 дугаар сарын 06 өдрөөс Өндөрхааны Цацал ХК болж өөрчлөгдөж, 1996 оны 04 дүгээр сарын 30 өдөр “Буудайн цацал” ХК болж тус тус өөрчлөгдсөн юм. А.Энхчимэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болоход ажлаас халагдсан тушаал байхгүй байх тул Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Иймд А.Энхчимэгийн 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү /хх1/” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5-6, 7, 9-11, 12-13, 19, 21, 22, 24/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Энхчимэг нь 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн үйлдвэрлэх цехийн машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох
тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор А.Энхчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хүсэлт гаргагч А.Энхчимэг нь 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 06 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн үйлдвэрлэх цехэд, 1991 оны 12 дугаар сарын 06 өдрөөс 1995 оны 10 дүгээр сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Өндөрхаан Цацал ХК-д машинистаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Оюуны өмчийн улсын бүртгэлийн ерөнхий газар Хэнтий аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 37 дугаартай тодорхойлолт /хх 3/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/, Хэнтий аймаг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний гурил тэжээлийн “Буудайн цацал” хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 40 дугаартай тушаал, хавсралт /хх 9-11/, Хэнтий аймгийн архивын тасгийн 204 дугаартай цалингийн түүвэр /хх 12-13/, 1979 оноос 2012 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан гэрч Л.Чимгээгийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 19, 21/, 1985 оноос 1997 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн гурил тэжээлийн үйлдвэрт пүүлэгчээр ажиллаж байсан гэрч Д.Бадамхандын мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 22, 24/ зэрэг болно.
А.Энхчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 06 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн үйлдвэрлэх цехэд, 1991 оны 12 дугаар сарын 06 өдрөөс 1995 оны 10 дүгээр сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Өндөрхаан Цацал ХК-д машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Амгасэдийн Энхчимэг /РД:СЮ62083063/ нь 1981 оны 07 дугаар сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 06 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн үйлдвэрлэх цехэд, 1991 оны 12 дугаар сарын 06 өдрөөс 1995 оны 10 дүгээр сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Өндөрхаан Цацал ХК-д машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Энхчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА