Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Л.Д*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхүндэвийн Д***********т холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:(яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Д*********** нь согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.О***********ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д*********** нь согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.О***********ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Д***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Тухайн өдөр би сумын төвөөс эхнэрээ авахаар орсон. Манай эхнэр манай хөрш айлын эхнэртэй машинаар явсан. Би араас нь мотоциклоор явсан юм. ...Баасандалайгийнд очоод би сумын төвөөс дэлгүүр явж 0,5 литрийн архийг авч Баасандалайтай хувааж уугаад өглөө үүрээр гэрлүүгээ мотоциклоор явсан. Тэгээд Баасандалайгийхаас дөнгөж гараад мотоциклийн тоормос эвдрээд мотоцикл уруу руу өнхрөөд онхолдсон. Тэгээд би ухаан алдаад сумын эмнэлэгт сэрсэн. ...би нэг шил архийг Баасандалайтай хувааж уусан. Өөрийгөө хянах чадвартай байсан. ... би жолоодох эрхийн үнэмлэхтэй.  ...”  гэх мэдүүлэг (хх-58-59х),

  Хохирогч Х.О***********ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр Л.Д*********** намайг сумын төвөөс авахаар хөдөө гэрээсээ орж ирсэн. Би хамт нэг дор өвөлждөг Баасандалайгийн эхнэр Пүрэвцэнгэлтэй машинаар хөдөө Баасандалайгийн гэрт очсон. Харин манай нөхөр өөрөө ганцаараа мотоциклоороо араас Баасандалайгийнд ирсэн. Манай нөхөр ирэхдээ нэг шил архи авч ирсэн. Тэр авч ирсэн архийг Баасандалай манай нөхөр хоёр хувааж уугаад өглөө үүрээр манай нөхөр бид хоёр гэр лүгээ явахаар мотоциклоороо явсан. Манай нөхөр мотоциклоо унаад явж байхад мотоциклийнх нь тоормос хугараад гуу руу унасан. Би ухаан алдаад нэг сэртэл эмнэлэгт сэрсэн. ... миний биеийн байдал гайгүй. Одоо Улаанбаатар хот руу манай нөхөр бид хоёр явж хагалгаанд орох гэж байгаа. Миний биеийн байдал зүгээр харин манай нөхөр нүүрний хагалгаанд орохоор болсон. ...надад ямар нэгэн санал гомдол байхгүй. “... гэх мэдүүлэг (хх-13-14х),

  Гэрч Т.Баасандалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөө үүрийн 04 цаг өнгөрч байх үед миний эхнэр Пүрэвцэнгэлтэй хамт Д***********ын эхнэр О***********н ирсэн. Эхнэр маань сургуулийнхаа хүүхдийг сумын төв дээр оруулчхаад хөдөөгийн гэр лүүгээ буцаж ирсэн юм. Тэр хоёрыг ирээд удаагүй байж байхад Д*********** манай гэрт Мотоциклтойгоо халамцуу, энгэртээ 1 шил архи өвөртөлсөн ирсэн. Уг архийг Д*********** манай гэрт надтай хамт хувааж уусан. Архи уугаад дууссаны дараа Д*********** эхнэртэйгээ хамт гэр лүүгээ харилаа гээд явахаар болсон. Би тухайн үед Д***********ыг хүргээд өгөх үү гэхэд зүгээрээ би өөрөө явчихна гэж хэлсэн. ...эхнэр маань Д***********, О***********н хоёрын явж байгаа байдлыг байшингийнхаа цонхоор харж байснаа жалга руу ороод мотоциклийнх нь гэрэл гарахаа больчихлоо гэж хэлээд араас нь ганцаараа явсан. Удалгүй эхнэр маань буцаж ирснээ нөгөө хоёр чинь жалганд мотоциклоосоо унасан байна гэж надад хэлсэн. Тэгээд би машинаа асаагаад тэр хоёрын байгаа газар очсон. Намайг очиход О***********н ёолоод орилж байсан. харин Д***********аас дуу гарахгүй хэвтэж байсан. “... гэх мэдүүлэг (хх-16х),

 Гэрч Ц.Пүрэвцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... тэр архийг манай нөхөр Баасандалай, Д*********** тэр хоёр хувааж уусан. Тэгээд өглөө 06 цаг болж байхад Д***********, О***********н хоёр гэр лүүгээ явахаар болсон. Тэдний гэр манайхаас холгүй ойрхон байдаг юм. Би тэгээд чи явж чадах юм уу, би машинаар хүргэж өгөх үү гэхэд өөрөө явж чадна гээд явсан. Би тэр хоёрыг гэрээс гаргаж өгөөд араас нь харахад тэр хоёрын явж байгаа гэрэл нь харагдаж байсан. тэгээд нойл орчхоод буцаад гарч ирээд харсан чинь гэрэл нь байхгүй болсон байсан. тэгээд би ийм хурдан гэртээ очно гэж байхгүйдээ гэж бодоод араас нь машинаараа явж үзтэл гэрийн урд жалга руу унасан байхаар би буцаж гэртээ ирээд нөхрөө, хадам аавтай аваад тэр хоёрыг машиндаа өргөж оруулаад сумын төв рүү явсан. ...”  гэх (хх-22-23х) мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (4-7х),

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-8),

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-9х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай:

  1. Х.О***********ны биед дух, баруун ухархайн дээд хана, суурь яс, хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. Х.О***********ны биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна. 

  Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн: “...1. Л.Д***********ын биеэс авсан гэх цусанд спирт 0,6 промилли спирт илрэв. 2. 0,6 промилли гэдэг хөнгөн зэргийн согтолтод хамаарна.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадалгаа (хх-34-35х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

   Мянгад овогт Лхүндэвийн Д***********ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-46х), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47х), жолоочийн лавлагаа (хх-48х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-49х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ***********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Л.Д*********** нь согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.О***********ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Д***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Х.О***********ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-13-14х),

Гэрч Т.Баасандалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-16х),

 Гэрч Ц.Пүрэвцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-22-23х),

Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (4-7х),

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-8),

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хх-9х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-26х),

  Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-31х),

Хөвсгөл аймгийн Цагдаагийн Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн магадалгаа (хх-34-35х) мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Д***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

        Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Л.Д*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Л.Д*********** нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, авто тээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

  Шүүгдэгч Л.Д*********** нь согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Д***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Л.Д*********** нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-90х)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д*********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

        Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч Л.Д*********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Д***********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн ***********дугаар хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “Мянгад” овогт Лхүндэвийн Д***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Лхүндэвийн Д***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Д***********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Д***********т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д*********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Д***********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.

          7. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Д***********аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн ***********дугаар хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д***********т шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН