Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 456

 

2017 оны 08 сарын 02 өдөр Дугаар 156/ШШ2017/00456 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00457/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 17-351а тоотод оршин суух, Боржигон овогт Рэнцэнгийн Цэцэгбаатар /РД:СЮ62050375/ -ын хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сайн-Учрал, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Цэцэгбаатар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сайн-Учрал нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Р.Цэцэгбаатар нь Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрт 1986 оны 09 дүгээр сарын 15 өдрөөс засварчнаар ажилд орсон. 1994 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Р.Цэцэгбаатар нь одоо тэтгэвэрт гарах болоход Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрээс ажлаас халагдсан тушаал байхгүй тул тэтгэвэрт гарах боломжгүй болсон. Ингээд Нийгмийн даатгалын байцаагч нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. 

Иймд Р.Цэцэгбаатарын 1986 оны 09 дүгээр сарын 15 өдрөөс 1994 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв. 

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16, 18-19, 21, 22-23/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Цэцэгбаатар нь 1986 оны 09 дүгээр сарын 15 өдрөөс 1994 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Р.Цэцэгбаатар нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. 

 

Хүсэлт гаргагч Р.Цэцэгбаатар нь 1986 оны 09 дүгээр сарын 15 өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт /хх 4/, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 4908 дугаартай тодорхойлолт /хх 5/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 6, 7, 8, 9/,  Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн түүвэр /хх 10/, гэрч Г.Норовсүрэнгийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 16, 18-19/, гэрч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 21, 22-23/ зэрэг болно.

Р.Цэцэгбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1986 оны 09 дүгээр сарын 15 өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Хүсэлт гаргагч Р.Цэцэгбаатар нь 1992 оны 10 дугаар сарын 31 өдрөөс 1994 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг нотлох баримтууд шүүхэд ирүүлээгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Рэнцэнгийн Цэцэгбаатар /РД:СЮ62050375/ нь             1986 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн эрчим хүчний үйлдвэрт засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 10 дугаар сарын 31 өдрөөс 1994 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн   60.1, 56 дугаар  зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Цэцэгбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчид мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Э.АРИУНАА