Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч С.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт СунХийн Жд холбогдох эрүүгийн 2035001430116 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум 9 дүгээр багт амьдардаг, 2017 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х ургийн овогт Сийн Ж, регистрийн дугаар: ОЭ65041166.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Ж нь Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан сургуулийн заавал унших зохиолын ноймын санг баяжуулах, сургалтын хэрэглэгдэхүүн авах, багш хөгжлийн төвийг тохижуулах тендерийг зарлаж, “Бууч-Арвижих” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13,881,000 төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, тус компанийн дансанд орсон тендерийн 13,881,000 төгрөгөөс 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,147,000 төгрөгийг сургуулийн бичиг хэргийн ажилтан Т.Аийн ХААН банкны 5806143981 тоот дансанд шилжүүлэн авсан, улмаар Т.Аөөр өөрийнхөө ХААН банкны 5026152685 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 1,323,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 160,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-нд сургуулийн номын санч М.Бгийн охин Б.Өлзийтэгшийн ХААН банкны 5026506840 тоот дансанд 1,062,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-нд багш Г.Жийн ХААН банкны 5811092428 тоот дансанд 280,000 төгрөг, багш Д.Тын ХААН банкны 5811055645 тоот дансанд 1,092,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-нд багш М.Эийн ХААН банкны 5811099922 тоот дансанд 630,000 төгрөг, багш Т.Агийн ХААН банкны 5811055533 тоот дансанд 600,000 төгрөг тус тус шилжүүлэн олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 13,881,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр 2035001430116 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас:

Улсын яллагч А.Анхбаяр: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/, иргэний хариуцагч М.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/, иргэний хариуцагч Г.Жийн мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/, иргэний хариуцагч Ц.Нын мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/, гэрч Д.Сгийн мэдүүлэг /1-р хх-ийн 44-45-р хуудас/, гэрч Т.Аийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47, 49-р хуудас/, гэрч Х.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 59, 60-61-р хуудас/, гэрч Г.Жийн мэдүүлэг /1-р хх-ийн 62, 63-64-р хуудас/, гэрч С.С-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/, гэрч Ц.Уранчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70-р хуудас/, гэрч М.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76, 78-79-р хуудас/, гэрч Д.Нийн мэдүүлэг /1-р хх-ийн 93-р хуудас/, гэрч Ц.Нын мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р хуудас/, гэрч М.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-р хуудас/, гэрч Д.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 102-103, 105-р хуудас/, гэрч Ц.Агийн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/, гэрч П.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас/, гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127-р хуудас/, гэрч А.О-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 129-р хуудас/, Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын баталсан Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийн хуулбар /1-р хх-ийн 134-137-р хуудас, “Бугатын дуулга” ХХК-ийн тендерт оролцох материал /1-р хх-ийн 138-140-р хуудас, “Бууч-Арвижих” ХХК-ийн тендерт оролцох материал болон Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн тендер зохион байгуулсан, тендер сонгон шалгаруулсан талаарх материал, дансны хуулга, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл, захиалгын гэрээ, үнийн жагсаалт, орлого, зарлагын баримтын хуулбарууд /1-р хх-ийн 141-193-р хуудас/, эд зүйл /ном/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 200-217-р хуудас/, эд зүйл /документ камер/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 218-222-р хуудас/, эд зүйл /акустик хавтангаар хийсэн мэдээллийн самбарууд, цом өргөмжлөлийн тавиур/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 223-235-р хуудас/, эд зүйл /“Бууч-Арвижих” ХХК-ийн тендерийн дагуу худалдаж сургуульд өгсөн бараа, материалууд/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 236-241-р хуудас/, эд зүйл /багш Д.Т /1,092,000 төгрөг/, М.Э /630,000 төгрөг, Ц.А /600,000 төгрөг/ нараас мөнгө хүлээлгэн өгсөн/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 242-250, 2-р хх-ийн 01-06-р хуудас/, ХААН банкны дансны хуулга /2-р хх-ийн 11-52-р хуудас/, үнэлгээ хийсэн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /2-р хх-ийн 79-93-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 165-171-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл: Гэрч Ц.Б-ын мэдүүлэг /1-р хх-ийн 117-118-р хуудас/, гэрч Д.Нийн мэдүүлэг /2-р хх-ийн 146-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 150-р хуудас/, шүүгдэгч С.Жгаас Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн /Төрийн сан/ 100151115401 тоот дансанд 800,000+683,000=1,483,000 төгрөгийг тушаасан банкны баримтууд /2-р хх-ийн 154-155-р хуудас/, прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 166-171-р хуудас/, шүүхэд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн дипломын хуулбар, авсан шагнал зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би шүүхэд хандаж мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн хуулийн мэдлэг дутуу дульмаг байдал, сургуулийн хүүхдүүдийн суралцах орчинг сайжруулчих гэсэн хүслээсээ болж алдсан, хууль бус үйлдэл гаргасан байна гэдгээ одоо л ухаарч байна. Гэм буруугийн талаар маргахгүй” гэж мэдүүлжээ.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Ж нь Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/11 тоот тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн “Заавал унших зохиол”-ын номын санг баяжуулах, сургалтын хэрэглэгдэхүүн авах, “Багш хөгжлийн төв”-ийг тохижуулах аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчдийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, тендер зарлахдаа:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасан “Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна” гэснийг, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасныг тус тус зөрчжээ. Энэ нь Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/11 тоот тушаал, уг тушаалын хавсралт /1-р хх-ийн 145-146-р хуудас/, гэрч Ц.Уранчимэгийн “Тухайн тендер сонгон шалгаруулалтын зарлалыг ганцхан сумын мэдээллийн самбарт 1 удаа цаасан хэлбэрээр байршуулсан. Худалдан авах ажиллагааны цахим /tender.gov.mn/ хаягаар зарлаагүй, мөн үндэсний өдөр тутмын сонин болон орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлал явуулсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73-р хуудас/, бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, тендерт “Бууч-Арвижих” ХХК-ийг сонгон шалгаруулсан, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг “Бууч-Арвижих” ХХК-тай байгуулахдаа:

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-т “үнийн санал ирүүлэх урилгыг энэ хуулийн 52.1.12, 53.5.4-т заасан худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, үр дүнг тухай бүрд мэдээлэх”, мөн хуулийн 33.3-т “Энэ хуулийн 33.2.1-д заасан үнийн санал ирүүлэх хугацааг урилга зарласан өдрөөс хойш ажлын 5-аас доошгүй хоногоор тогтооно”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг тус тус зөрчиж үнэлгээний хороог байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор буюу 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тендерийг сонгон шалгаруулж, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжил төв, заавал унших зохиолын сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан болох нь Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал, тендерт ирүүлсэн материалууд, үнэлгээний хорооны гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдлүүд /1-р хх-ийн 151-189-р хуудас/, гэрч Х.Бын ...тухайн үеийн сургуулийн захирал С.Ж тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зарласан. Тендерийн үнэлгээний хороонд намайг гишүүнээр ажиллуулахаар тушаал гарсан. Тэр үеэр би хувийн шалтгааны улмаас тухайн тендер шалгаруулах үйл ажиллагаанд огт оролцоогүй. Харин сүүлд сонсоход “Бууч-Арвижих” ХХК шалгарсан гэж байсан. Миний бие 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тушаал гарч сургуулийн захирлаар томилогдсон. “Бууч-Арвижих” ХХК-иас хэд хэдэн төрлийн бараа тоног төхөөрөмж авч ирсэн. Гэхдээ тухайн бараа тоног төхөөрөмжийг манай байгууллага хүлээж аваагүй байгаа. Би ажил авсны дараа хэд хэдэн багш нарт тендерийн мөнгөнөөс мөнгө тараагдсан талаар мэдсэн. Багш нарыг өөрсдөө шаардлагатай зүйлээ ав гэж захирлаар ажиллаж байсан С.Ж гэгч нь тараасан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59, 60-61-р хуудас/, гэрч Г.Жийн “...Тухайн үеийн сургуулийн захирал С.Ж тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг зарласан. Тендерийн үнэлгээний хороонд намайг нарийн бичгээр оруулсан байсан. Тухайн тендерт “Бууч-Арвижих” ХХК, “Бугатын дуулга” ХХК гэх хоёр компани оролцсон. Тендерийн үнэлгээний хороо хуралдаад “Бууч-Арвижих” ХХК-ийг шалгаруулсан. Би 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод ажлаар явж байтал сургуулийн нарийн бичиг Амартөр холбогдоод “документ камер авахад бэлэн болсон байна чи очоод авчих” гээд миний эзэмшлийн данс руу 280,000 төгрөг шилжүүлэхээр нь тухайн мөнгөөр камер худалдаж авсан. Тухайн тендер сонгон шалгаруулалтын зарлалыг худалдан авах ажиллагааны цахим /tender.gov.mn/ хаягаар зарлаагүй мөн үндэсний өдөр тутмын сонин болон орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлал явуулсан удаа байхгүй. Намайг 1 удаа л дуудсан ба тэр үед тендер сонгон шалгаруулалтын нарийн бичгээр томилсон гэж хэлсэн. Тэр өдөр “Бууч-Арвижих” ХХК-ийг сонгон шалгаруулсан. Надад А-3 сертификат байхгүй. Би тэр талаар ямар нэгэн сургалтад сууж байгаагүй. Манай үнэлгээний хорооны гишүүд бүгд Өндөрхангай сумын сургуулийн ажилчид. Үнэлгээний хороонд иргэдийн төлөөлөл оруулах байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би дээрх 2 компанитай ямар нэгэн нэгдмэл ашиг сонирхолгүй. Би 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн С.Ж захирлын өрөөнд болсон тендерийг сонгон шалгаруулсан хуралд суусан. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хуралд сууж тендерийн баримт бичиг боловсруулж, зарлал, урилга хүргүүлсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64-р хуудас/, гэрч С.С-ийн “...Үнэлгээний хороонд орсноос хойш 1 удаагийн хуралд суусан. ...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ж захирлын өрөөнд болсон тендерийг сонгон шалгаруулах хуралдаан болсон. “Бууч-Арвижих” ХХК-ийг сонгон шалгаруулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-68-р хуудас/, гэрч Ц.У-ийн “...Би тухайн тендерт үнэлгээний хорооны ахлагчаар оролцсон. Тендерт “Бууч-Арвижих” ХХК, “Бугатын дуулга” ХХК оролцсон. Тухайн үед харьцуулалтын аргаар “Бууч-Арвижих” ХХК үзүүлэлтийг хангасан гэж шалгаруулсан. Тухайн үеийн захирал С.Ж нь энэ тендерийг яаралтай зарлахгүй бол санхүүжилтийг нь буцааж татах гээд байна гэсэн. Тэгээд тендерийн хороог байгуулсан бөгөөд тендерийн хорооны гишүүд нь цахимаар зарлахад 14 хоног болно гэхэд хоног хүлээж болохгүй мөнгө нь татагдана гэхээр нь тухайн үед урилгыг хэвлээд сумын төвд байрлах мэдээллийн самбаруудад наасан. Тухайн тендер сонгон шалгаруулалтын зарлалыг /урилга/ ганцхан сумын мэдээллийн самбарт 1 удаа цаасан хэлбэрээр байршуулсан. Худалдан авах ажиллагааны цахим /tender.gov.mn/ хаягаар зарлаагүй мөн үндэсний өдөр тутмын сонин болон орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлал явуулсан удаа байхгүй. Тухайн үед цахимаар зарлах гэхээр олон хоног зарлагдах болчхоод байсан ба тэр талаар захирал С.Жд хэлэхэд мөнгө нь татагдах гээд байна хугацаа тулсан учир хурдан явуул гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-73-р хуудас/, гэрч М.Бгийн  “...2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тендер сонгон шалгаруулалтад оролцохоор үнийн санал, материал ирүүлсэн компаниудаас сонгон шалгаруулах хурлыг захирал Жгийн өрөөнд явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-79-р хуудас/, гэрч Б.А-ийн: “...Тухайн байгуулагдсан үнэлгээний хороонд төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс хоёроос доошгүй хүн оролцуулах ёстой. Хэрэв захирамж дээрх 7 хүн бүгд төрийн албан хаагчид юм бол үнэлгээний хороог хуулийн дагуу байгуулаагүй гэж үзнэ. Энэ үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 4-т заасан байдаг. Дээрх үйлдлээс харахад тендерийг зарласан баримт бичиг хуулийн дагуу хөтлөгдөх ёстой. Тухайн тендерийг тендер сонгон шалгаруулалтын онцгой журам буюу харьцуулалтын аргаар ажлын 5-аас доошгүй хоногоор зарлах ёстой байсан. Хэрэв цахимаар харьцуулалтын аргаар 5 хоног зарлаж болно. Мөн захиалагч тал нь зөвлөмж гарсан өдрийн маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулах нь дээрх хуулийг зөрчсөн байна. Учир нь хуулийн 29.2 дугаар зүйлд 6-аас доошгүй хоногийн хугацаанд тендерийг хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулна гэсэн байдаг. Тухайн 6 хоногт оролцогч талаас гомдол гаргаж болох тул 6 хоногийг өнгөрсний дараа гэрээ байгуулах ёстой байдаг. Уламжлалт тендер сонгон шалгаруулалтыг 2017 онд хассан. Түүнээс хойш тендерийг заавал цахимаар зарлах шаардлагатай болсон. Зарлан мэдээлэх хэлбэрийг хуулиар заасан байгаа юм чинь хуулийн дагуу зарлах ёстой. 10,000,001 төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй тендер сонгон шалгаруулалт бүрд цахим хаягаар тендерийг зарлах ёстой. Цахимаар зарласнаар уг тендерийг сонирхсон хүн бүрд мэдээлэл хүргэх боломжийг олгодог...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127-р хуудас/ болон гэрч М.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 98-99-р хуудас/, гэрч Г.Батцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/-үүдээр давхар нотлогдож байна.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч С.Ж нь тус тендерт шалгарсан “Бууч-Арвижих” ХХК-тай “Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжил төв, заавал унших зохиолын сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г байгуулж 13,881,000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлсэн атлаа 5,147,000 төгрөгийг сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Аийн дансаар буцаан өөртөө болон бусад багш нарын данс руу хувааж хийлгэж авсан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед сургуулийн зарим багш, ажилчид дээрх тендерээс өөртөө мөнгө гаргуулан авч, өөрт хэрэгтэй зүйлээ худалдаж авна гэсэн яриа гарсан байсан. Би тэр үед А, Т, Жигжид, Э, Ж захирал нартай уулзахад тендерт шалгарсан “Бууч-Арвижих” ХХК нь багш нарт хэрэгтэй мэргэжлийн багаж хэрэгслүүдийг авч чадахгүй байж магадгүй гэсэн тайлбар хэлж байсан. С.Ж захирал би өөрт авсан мөнгөөрөө багш, хөгжлийн төвд цом тавих тавиур, өлгүүр хийсэн гэх мэт зүйл ярьж байсан. Мөн тендерт орж шалгарсан “Бууч-Арвижих” ХХК нь шаардлага хангахгүй үнэтэй бараа материалыг дутуу авч ирээд хүлээлгэж өгөх гээд яваад байгаа юм шиг байна лээ. Дээрх 13,881,000 төгрөг нь 2020 оны сургуулийн багаж техник, тавилгын зардалд тусгагдсан төсөв байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/,

2. Иргэний хариуцагч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн үед 1,062,000 төгрөгийг өөрийн сайн дураар сургуулийн номын санд ном авч ирсэн удаа байхгүй. Тухайн үед С.Ж захирал “өөрийн чинь дансанд 1,062,000 төгрөг орно, тэр мөнгөөр сурагчдын заавал унших зохиолыг авч ир” гэж хэлсэн тул мөнгө шилжиж орж ирсний дараа Улаанбаатар хотоос сургуулийн номын санд ном авч ирж байсан удаатай. Тухайн үед С.Ж захирал “Бууч-Арвижих” ХХК-иас таны дансанд 1.062.000 төгрөг орно. Та уг мөнгөөр Улаанбаатар хотоос сурагчдын заавал унших номыг өөрөө мэдэж авч ирж, сургуулийн номын санг баяжуулмаар байна гэхээр нь ном авч ирсэн. Уг номыг сургууль хүлээж аваагүй байгаа. Тэгэхдээ миний оронд ажилд орсон номын санч Т.Баярчимэгт хүлээлгэж өгсөн байгаа. Сургуулийн удирдлага болон нягтлангаас уг 1,062,000 төгрөгийг өг гэсэн цагт нь хэлсэн дансанд шилжүүлж сургуулийг хохиролгүй болгоно” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/,

3. Иргэний хариуцагч Г.Жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би тухайн үед 280,000 төгрөгийг өөрийн сайн дураар авч, сургууль болон хичээлд хэрэглэх документ камерыг авч ирсэн удаа байхгүй. Тухайн үед С.Ж захирал “өөрийн чинь дансанд 280,000 төгрөг орно, тэр мөнгөөр документ камерыг ав” гэж хэлсэн. Би тэр үед Улаанбаатар хотод эмчилгээнд яваад буцаад сум руу явах гэж байсан тул мөнгө шилжиж орж ирсний дараа Улаанбаатар хотоос документ камерыг авч ирж байсан удаатай. Шалгах ажиллагаа явуулаад хууль дүрмийн дагуу тухайн 280,000 төгрөг төлж сургуулийг хохиролгүй болгох шийдвэр гарах бол би уг 280,000 төгрөгийг сургуулийн хэлсэн дансанд нь тушааж сургуулийг хохиролгүй болгоно. Тэр документ камерыг сургууль авахгүй бол буцааж зарна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-р хуудас/,

4. Иргэний хариуцагч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бууч-Арвижих” ХХК манай нөхөр Д.Нийн нэр дээр байдаг боловч уг компанийн үйл ажиллагааг миний бие удирдан явуулдаг юм. Миний нөхөр Д.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тал цус харвасан юм. Түүнээс хойш байнгын хэвтэрт байгаа. Би нөхрийнхөө эмчилгээ болон гэр бүлийнхээ амьдралыг авч явахын тулд нөхрийнхөө нэрээр, түүний компаниар аливаа тендерт оролцдог. ...Би тухайн үед дээрх тендерт материал бүрдүүлэн өгч оролцсон. Тухайн тендерт шалгарснаар 13,881,000 төгрөгийн эд зүйл, бараа материал нийлүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулж байхад С.Ж захирал “зарим мэргэжлийн багш нарт мөнгийг өөрсдөд нь шилжүүлж шаардлагатай зүйлийг нь авхуулмаар байна” гэж надад хэлсэн. Би тухайн үед нь “за, за” гэж хэлээд зөвшөөрсөн. Түүний дараа тендерийн мөнгө орж ирэхээр нь би өөрийнхөө данснаас 5,147,000 төгрөгийг С.Ж захирлын хэлсний дагуу тус сургуулийн бичиг хэргийн ажилтан С.Ад шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 8,734,000 төгрөгөөр бараа материал авч ирэх гэж байтал тухайн үед цар тахлын хөл хорионы шийдвэр гарч Улаанбаатар хот руу явж чадаагүй. Түүний дараа хөл хорио сулрах үеэр Улаанбаатар хот болон Увс аймгаас бараа материалыг авч ирсэн. Би авч ирэх бараа материалиас модон тавиурыг андуурч төмөр тавиур шүүгээ авч ирсэн байгаа. Мөн 50,000 төгрөгийн үнэтэй хөшиг өгөх дутуу байгаа. Зарим барааны үнийг санаж байна. Би дээрх тендерт оролцоод 1,000,000 гаруй төгрөгийн ашиг олсон. Тэгэхдээ тухайн тендерт шал дэмий оролцсон гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/,

5. Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Ж “багш хөгжлийн төвийг тохижуулах шаардлагатай” гээд 2020 оны 3 дугаар сард тавилга тоног, төхөөрөмж нийлүүлэх тендер зарласан. Тухайн тендерт тус сумын “Бууч-Арвижих” ХХК шалгарсан. Тэгтэл тендер шалгарсаны дараагаар “би багш нартай ярьсан байгаа, “Бууч-Арвижих” ХХК-иас орж ирсэн мөнгийг багш нарт өгөөрэй” гэж захирал С.Ж надад хэлсэн. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Бууч-Арвижих” ХХК-ийн захирал Нийн эхнэр Н гэх хүний ХААН банк дахь 5811040286 тоот данснаас миний эзэмшлийн 5806143981 тоот данс руу 5,147,000 төгрөг Н гэх утгатай орж ирсэн. Тэгээд тухайн мөнгөн дүнг С.Ж захирлын хэлсний дагуу нэр бүхий багш нарын данс руу хувааж шилжүүлсэн. Эдгээрт 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр захирал С.Жгийн 5026152685 тоот данс руу 1,323,000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр номын санч Баясгалангийн 5026506840 дугаарын данс руу 1,062,000 төгрөг, Англи хэлний багч Д.Тын 5811092428 тоот данс руу 1,092,000 төгрөг, Биологийн багш Г.Жийн 5811092428 тоот данс руу 280,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр захирал С.Жгийн данс руу 160,000 төгрөг, Химийн багш М.Эийн 5811099922 тоот данс руу 630,000 төгрөгийг, Математикийн багш Т.Агийн 5811055533 тоот данс руу 600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-49-р хуудас/,

 

6. Гэрч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ангидаа электрон жин, багажны тавиур хэрэгтэй гэж үзээд бичээд С.Ж захиралд өгсөн. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр С.Ж захирал над руу яриад бичиг хэргийн ажилтан Т.Аөөс шаардлагатай хэрэглэгдэхүүнийхээ мөнгийг аваарай багш нар өөрсдөө авахаар болсон шүү, “Бууч-Арвижих” ХХК нь яг та нарын хэрэгтэй зүйлийг олж ирж чадахгүй учраас та нар өөрсдөө аваарай гэж надад хэлсэн. Т.А надтай холбогдоод миний ХААН банкны 5811099922 дугаарын данс руу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 630,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа шинэ нягтлан Д.С над руу залгаад тендер асуудалтай болсон, мөнгөө үрэлгүй хадгалж бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-р хуудас/,

 

7. Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн бичиг хэргийн ажилтан Т.А над руу залгаад “та дансаа өгөөч, танай ангийн паркетны үнийг шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь өөрийнхөө ХААН банкны 5811055645 дугаарын дансаа өгсөн. Удалгүй миний дансанд 1,092,000 төгрөг шилжүүлэгдсэн. 4 дүгээр сард манай сургуулийн нягтлан солигдоод Соёлмаа гэх эмэгтэй над руу яриад тань руу Т.Аөөс шилжүүлэгдсэн мөнгө таны дансанд орох мөнгө биш байна, та наад мөнгөө буцаагаад шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгэхээр би яг ямар данс руу хэрхэн шилжүүлэхийг мэдэхгүй байж байтал Ж захирал солигдоод Б захирал томилогдохоор нь тухайн мөнгөө яах талаар асуухад мөнгөтэй холбоотой тендер асуудалтай, та мөнгөө үрэлгүй дансандаа байлгаж байгаарай, хэзээ нэгэн цагт буцааж шилжүүлнэ шүү гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-105-р хуудас/,

 

8. Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Ж захирлын үед багш нарын хурлаар багш хөгжүүлэх төвийг тохижуулах тендер зарлагдах гэж байгаа гэж хэлсэн. Тэгтэл үүний дагуу манай сургуулийн хэд хэдэн багш нар шаардлагатай хэрэглэгдэхүүнээ бичиж өгсөн байхыг хараад би математикийн танхимд хэрэгтэй гэж үзсэн зүйлээ бичээд захирал С.Жд өгсөн. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр С.Ж над руу яриад бичиг хэргийн ажилтан Амартөрөөс шаардлагатай хэрэглэгдэхүүнийхээ мөнгөө аваарай, багш нар өөрсдөө авахаар болсон шүү гэж надад хэлсэн. Т.А надтай холбогдоод миний ХААН банкны 5811055533 дугаарын данс руу 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ЕБС утгаар 600,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би төмөр шкабаас эхлээд хэрэгтэй зүйлээ Улаанбаатар хотоос захиалах гэж байтал сургуулийн шинэ нягтлан Д.С над руу яриад тендер асуудалтай болсон, мөнгө буцаагдсан шүү гэж надад хэлэхээр нь би тухайн мөнгийг үрэлгүй өөртөө хадгалж байгаа. С.Ж захирал шаардлагатай зүйлсээ өөрсдөө авчих гэж хэлсэн. Тэрнээс биш багш нар санаачилга гаргасан зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/,

 

9. Гэрч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компани сумын цэцэрлэг, сургууль, эмнэлгийн байгууллагаас зарласан хүнсний бүтээгдэхүүний төрлийн тендер сонгон шалгаруулалтад жил болгон ордог ба анх удаа тоног төхөөрөмж нийлүүлэх тухай сургуулиас зарласан тендерт оролцож уг ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарсан юм. Тухайн ажлын төсөв нь 13,8 сая төгрөг байсан. Уг ажлын санхүүжилтийн мөнгө манай компанийн ХААН банкны 5811087688 тоот дансанд 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 100 хувь орсон. Тухайн үед сургуулийн захирал С.Ж надтай уулзсан ба тэр надад багш нарт шаардлагатай цахилгаан тоног төхөөрөмж болон хичээлийн хэрэгцээнд шаардагдах зүйлийг багш нар өөрөө авна гэж санал гаргаж байна гэж хэлэхээр нь би тэр саналыг дэмжсэн. Учир нь багш нарын хичээлд ашиглах зүйлүүд байсан, би мэдэхгүй буруу юм аваад ирвэл хариу буцаагаад цаад байгууллага нь авахгүй байж магадгүй гэж бодоод түүний саналыг дэмжсэн. С.Ж захирал багш нарт бэлэн мөнгийг нь өгчих, өөрсдөө мэдээд авах байх гэхээр нь би танай нярав байгаа юу гэж асуухад түүнийг байхгүй гэхээр нь хэн нэгэн хүний дансанд тооцож байгаад нэг шилжүүлнэ гэж хэлсэн ба тухайн үед танай нарийн бичгийн дансанд хийж болох юм уу гэж асуусан чинь би асууна гэж хэлээд явсан. Тэр над руу удалгүй утсаар яриад сургуулийн нарийн бичгийн ажилтан Т.Аийн дансанд хийчих гэж хэлсэн. Түүний дараа би Т.Атэй ярьж байгаад С.Жгийн надад хэлсэн мөнгөн дүн болох 5,147,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг хэрхэн яаж тооцож шилжүүлсэн бэ гэхээр нь С.Ж цаасан дээр авах зүйлүүдийг зөвлөсөн ирсэн ба би сая багш нартай уулзаад багш нарын авах зүйлийг гаргасан гэж хэлээд 5,147,000 төгрөгийг өгөх шаардлагатай талаар хэлсэн. Үлдсэн 8,000,000 гаруй төгрөгөөр манай компани сургуульд авч өгөх үлдэгдэл бараа материалыг авсан. Сургууль миний авч ирсэн бараа материалыг албан ёсоор хүлээж аваагүй байгаа ба сургуулийн нэг өрөөнд авч үлдэж өөрсдөө хамгаалж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р хуудас/,

 

10. Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2020 оны батлагдсан төсвийн хуваарь, “Бугатын дуулга” ХХК болон “Бууч-Арвижих” ХХК-ийн тендерт оролцох материал, тендер сонгон шалгаруулалт явуулсан материал, сургуулийн санхүүгийн тайлангийн материалаас 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулга, 54 дугаартай төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 133-193-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч С.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед дэлхий нийтээр тархаад байсан цар тахал манай улсад бүртгэгдэж хөл хорио тогтоогдож эхэлсэн тэр үед сургуулийн хичээл орохгүй байсан ба ажилчид ажиллаж байсан. Мөн телевиз болон мэдээллийн хэрэгслээр төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг буцааж татаж магадгүй яриа, нөхцөл байдал үүсэхээр харагдаж байсан. Би арай гэж шийдвэрлүүлж авсан зардлаа буцаагаад татуулж магадгүй гэж бодоод 13,881,000 төгрөгийн төсөвтэй тендер сонгон шалгаруулалтыг яаралтай явуулж шалгаруулахаар болж дээрх үнэлгээний хороог байгуулсан. Тухайн үед би үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Сарангэрэл болон бусад гишүүдэд одоо нэрийн санахгүй байна нэг бус удаа “наад тендер сонгон шалгаруулалтыг хурдан явуулаад нэг компанийг шалгаруул” гэж үнэлгээний хороонд нөлөөлж байгаад үнэлгээний хороогоор хурдан шуурхай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, шалгарсан “Бууч-Арвижих” ХХК-тай гэрээ байгуулсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138-140-р хуудас/ гаргасан боловч энэ нь гэрч А.О-ийн “...Дэлхий нийтээр тархаж байгаа цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад 2020 оны 4 дүгээр сараас хойш тэвчиж болох зардал буюу /тавилга, багаж, хэрэгсэл, мэдээлэл, сурталчилгаа, томилолт/ гэсэн зардлуудыг хэрэглэх эрхийг олгохгүйгээр 2020 оны 12 дугаар сар хүртэл явсан. 2020 оны 12 дугаар сараас хойш тэвчиж болох зардлуудыг олгож эхэлсэн. Ямар нэгэн байдлаар Сангийн яам болон аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс тэвчиж болох зардал болох багаж хэрэгсэл, тавилгын зардлыг татаж авсан удаа байхгүй. Харин сургууль ажиллахгүй байх хугацааны хоолны зардлыг Сангийн яамнаас татаж авч байсан удаатай. Тухайн үед Сангийн яамнаас албан бичиг мэдээлэл ирээгүй ба сангийн яам хяналт тавьж зохицуулалт хийх эрхийнхээ дагуу татаж авч байсан. Тухайн үед энэ талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байсан ба Сангийн яамнаас ч гэсэн албан бичиг ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-р хуудас/-ээр няцаагдаж байна.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байхаар,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...” гэж тус тус хуульчилжээ.

Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч С.Жг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч С.Ж нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендерийг зохих хууль, журмын дагуу явуулаагүй, тендерт шалгарсан “Бууч-Арвижих” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж 13,881,000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн атлаа сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Аийн дансаар 5,147,000 төгрөгийг буцаан авч өөрийн болон бусад багш нарын данс руу хийлгэж өөртөө давуу байдал бий болгосон байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч С.Жг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулж, тендерт шалгарсан “Бууч-Арвижих” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж 13,881,000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн атлаа сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Аийн дансаар 5,147,000 төгрөгийг буцаан авч өөрийн болон бусад багш нарын данс руу хийлгэж өөртөө давуу байдал бий болгосон байх тул түүний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч С.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд 13,881,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн “...Өнөөдрийн байдлаар дээрх 13.881,000 төгрөг манай сургуулийн 2020 оны жил эцсийн тайлангаар “Бууч-Арвижих” ХХК-иас авлагаар явж байгаа. “Бууч-Арвижих” ХХК болон өөрийн хичээлд хэрэгтэй эд зүйл, багаж авна гэсэн багш, ажилчдаас гаргуулан авч, сургуулийн төсөвт нэгтгэн авах саналтай байна. Шүүхээс энэ асуудлыг шийдвэрлэж өгсөн цагт нь сургуулийн үндсэн болон түр дансны аль нэг дансанд оруулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч С.Ж нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэрч Т.Аөөр өөрийн 5026152685 тоот данс руу шилжүүлж авсан 1,323,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр  авсан 160,000 төгрөг, нийт 1,483,000 төгрөгийг, иргэний хариуцагч, номын санч М.Б нь 1,062,000 төгрөгийг, иргэний хариуцагч, биологийн багш Г.Ж нь 280,000 төгрөгийг тус тус Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэмэлт санхүүжилтийн 100151115401 тоот дансанд шилжүүлж хохирлыг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн “...Манай сургуулийн нэмэлт санхүүжилтийн 100151115401 тоот дансанд Биологийн багш Г.Ж 280,000 төгрөгийг, номын санчаар ажиллаж байсан М.Б 1,062,000 төгрөгийг, захирлаар ажиллаж байсан С.Ж 1,483,000 төгрөгийг тус тус хийсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 144-р хуудас/, мөнгө тушаасан баримтын хуулбар /2-р хх-ийн 154-155, 163-164-р хуудас/-аар, иргэний хариуцагч, Англи хэлний багш Д.Т 1,092,000 төгрөг, иргэний хариуцагч, химийн багш М.Э 630,000 төгрөг, иргэний хариуцагч, математикийн багш Т.А 600,000 төгрөгийг тус тус мөрдөгчид хураалгасан болох нь Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 242-250, 2-р хх-ийн 2-8-р хуудас/-ээр тус тус нотлогдоно.

 

Улсын яллагчаас хохирлын талаар гаргасан саналдаа: “Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт учирсан нийт 13,881,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч С.Ж, иргэний хариуцагч Г.Ж, М.Б, Д.Т, М.Э, Т.А нар нийт 5,147,000 төгрөгийг төлсөн, иргэний хариуцагч Ц.Н нь 8,734,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Тиймээс иргэний хариуцагч Ц.Наас 8,734,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох саналтай. Харин эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн байгаа 5,053,342 төгрөгийн үнэлгээ бүхий 13 нэр төрөл бүхий эд материалыг иргэний хариуцагчид буцаан олгох саналтай байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, сургуулийн захирал Я.Г шүүхийн хуралдаанд гаргасан саналдаа “...Захирлаар ажиллаж байсан С.Ж нь “Багш хөгжлийн төв”-ийг засаж, тохижуулах зорилгоор тухайн тендерийг зарласан гэж бодож байгаа. “Бууч-Арвижих” ХХК нь тодорхой нэр төрлийн тавилга, эд материалыг сургуульд өгсөн. Үүнийг битүүмжилсэн байгаа. Манай сургуулийн хувьд тухайн бараа материалыг сургуульдаа авч хэрэглэх саналтай байна. Мөн номын санд М.Бгийн авчирсан номнуудыг хүлээн аваагүй байгаа. Энэ номнуудыг номын сангийн фондод хүлээн авмаар байна” гэв.

 

Хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Бууч-Арвижих” ХХК-ийн ажилтан Ц.Н нь нийт 13 нэр төрлийн бараа, материалыг сургуульд хүлээлгэн өгсөн гэх боловч хохирогч Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулиас тухайн бараа, материалыг албан ёсоор хүлээн авч, өмч хөрөнгөдөө бүртгээгүй байна.

 

Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тухай прокурорын 31 дугаартай тогтоол /2-р хх-ийн 1166-168-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 236-241/, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт /2-р ххийн 79-93-р хуудас/, мөрдөгчийн хохирлын үнэлгээ гаргасан тооцоо /2-р хх-ийн 94-99-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ. Шинжээчийн үнэлгээ болон мөрдөгчийн гаргасан эд зүйлийн үнэлгээний тооцоог дараах байдлаар гаргасан. Үүнд:

 

  1. SAST нэртэй HEVD төхөөрөмж- 102,034х5ш=510,170 төгрөг,
  2. СН-35 загварын 35 литрийн багтаамжтай ус буцалгагч- 122,500х2ш=245,000 төгрөг,
  3. Бор өнгийн савхин материалтай, эргэдэг хөлтэй сандал- 323,400х2ш=646,800 төгрөг,
  4. Босоо суурьтай цахилгаан уртасгагч залгуур- 25,480х4ш=101,920 төгрөг,
  5. LG брэндийн 2000W хүчин чадалтай тоос сорогч- 382,190х1ш=382,190 төгрөг,
  6. Rotenzo нэртэй 49 инчийн HD LED зурагт- 783,902х1ш=783,902 төгрөг,
  7. Шилэн болон төмөр хаалга бүхий 90 см-ийн өргөн, 185 см-ийн урт, 38 см-ийн зузаантай төмөр материалтай, албан өрөөний бичиг хэрэг хийх зориулалт бүхий тавилга /шкаф/-343,000х2ш=686,000 төгрөг,
  8.  Шилэн болон төмөр хаалга бүхий 97 см-ийн өргөн, 185 см-ийн урт, 45 см-ийн зузаантай төмөр материалтай, албан өрөөний бичиг хэрэг хийх зориулалт бүхий тавилга /шкаф/-343,000х1ш=343,000 төгрөг,
  9. Шилэн болон төмөр хаалга бүхий 120 см-ийн өргөн, 185 см-ийн урт, 45 см-ийн зузаантай төмөр материалтай, албан өрөөний бичиг хэрэг хийх зориулалт бүхий тавилга /шкаф/-372,400х1ш=372,400 төгрөг,
  10. 180 см-ийн өргөн, 200 см-ийн урт, цэнхэр өнгийн, эргүүлдэг дамартай цонхны хөшиг- 39,200х2ш=78,400 төгрөг,
  11. 140 см-ийн урт, 70 см-ийн өргөн, модон материалтай багш ширээ- 343,000х1ш=343,000 төгрөг,
  12. 120 см-ийн урт, 60 см-ийн өргөн, модон материалтай багш ширээ- 291,060х1ш=291,060 төгрөг,
  13. 240 см-ийн урт, 120 см-ийн өргөн багш самбар-269,500х1ш=269,500 төгрөг, нийт 5,053,342 төгрөгийн эд материалууд байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч С.Жгийн гэм буруутай үйлдлийн улмаас Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт хохирол учирсан байна. Харин иргэний хариуцагчаар татагдсан Ц.Н нь тухайн хохирлыг нөхөн төлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Учир нь “Бууч-Арвижих” ХХК-ийн ажилтан Ц.Н нь Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарлагдсан тендерийг хууль зөрчсөн гэдгийг мэдээгүй, сонгон шалгаруулалтаар сонгогдож хууль ёсоор бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, тендерийн материалын дагуу бараа, материалыг худалдан авч нийлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний хариуцагч Ц.Нын “Бууч-Арвижих” ХХК манай нөхөр Д.Нийн нэр дээр байдаг боловч уг компанийн үйл ажиллагааг миний бие удирдан явуулдаг юм. Миний нөхөр Д.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тал цус харвасан юм. Түүнээс хойш байнгын хэвтэрт байгаа. Би нөхрийнхөө эмчилгээ болон гэр бүлийнхээ амьдралыг авч явахын тулд нөхрийнхөө нэрээр, түүний компаниар аливаа тендерт оролцдог. ...Би тухайн үед дээрх тендерт материал бүрдүүлэн өгч оролцсон. Тухайн тендерт шалгарснаар 13,881,000 төгрөгийн эд зүйл, бараа материал нийлүүлэх гэрээг байгуулсан. ...Тухайн үед цар тахлын хөл хорионы шийдвэр гарч Улаанбаатар хот руу явж чадаагүй. Түүний дараа хөл хорио сулрах үеэр Улаанбаатар хот болон Увс аймгаас бараа материалыг авч ирсэн. Би авч ирэх бараа материалиас модон тавиурыг андуурч төмөр тавиур шүүгээ авч ирсэн байгаа. Мөн 50,000 төгрөгийн үнэтэй хөшиг өгөх дутуу байгаа. Зарим барааны үнийг санаж байна. Би дээрх тендерт оролцоод 1,000,000 гаруй төгрөгийн ашиг олсон. Тэгэхдээ тухайн тендерт шал дэмий оролцсон гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р хуудас/, үнэлгээний хороонд ирүүлсэн материалууд /1-р хх-ийн 164-189-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Аливаа тендерт оролцогч нь тухайн байгууллагаас зарласан тендерт ялалт байгуулж, зохих хэмжээний ашиг, орлого олох зорилготой оролцдог бөгөөд “Бууч-Арвижих” ХХК мөн энэ зорилгын хүрээнд сургуулиас зарласан тендерт оролцжээ.

Тиймээс улсын яллагчийн зүгээс иргэний хариуцагч Ц.Наас хохирогчид учирсан 8,734,000 төгрөгийг гаргуулах санал нь үндэслэлгүй байх тул гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, иргэний хариуцагч Ц.Наас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, сургуулийн захирал Я.Г нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийг сургуулийн “Багш хөгжлийн төв”-д авах, үнийн дүнгийн зөрүүг зохих этгээдээс гаргуулан сургуулийн төсөвт авах саналыг тус тус гаргасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогчид төлөгдөөгүй байгаа 8,734,000 төгрөгийн хохирлоос 13 нэр төрлийн 5,053,342 төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалын зөрүү 3,680,658 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч С.Жгаас гаргуулж хохирогч Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хариуцагч Таас 1,092,000 төгрөгийг, Эээс 630,000 төгрөгийг, Агаас 600,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид /Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургууль/-ийн дансанд оруулахаар,

Иргэний хариуцагч Г.Ж нь 280,000 төгрөгөөр “Документ” камерыг худалдан авч, одоогийн байдлаар сургуульд хэрэглэгдэж байгаа боловч 280,000 төгрөгийг бэлнээр сургуулийн 100151115401 тоот дансанд тушаасан, иргэний хариуцагч М.Б нь 1,062,000 төгрөгөөр ном худалдан авч, сургуулийн номын санд түр хүлээлгэн өгсөн боловч 1,062,000 төгрөгийг бэлнээр сургуулийн 100151115401 тоот дансанд тушаасан байх тул иргэний хариуцагч Г.Ж, М.Б нар нь өөрт учирсан хохирол, хор уршгийг гэм буруутай этгээд, бусад этгээд /хохирогч байгууллага/-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Жг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Жгийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд: гэрч Д.Нийн “Би С.Жтай 1989 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Миний эхнэр Ж нь насаараа боловсролын байгууллагад ажиллаж 2020 оны 5 дугаар сард тэтгэвэрт гарсан. С.Ж нь ажилд чин шударгаар ханддаг, заах арга барил сайн багш, сурган хүмүүжүүлэгч хүн юм. С.Ж нь эелдэг зөөлөн, шударга, ажилч, хичээнгүй, ямар нэгэн зан харилцааны доголдолгүй, хорт зуршилгүй хүн юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 146-р хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 499 тоот тодорхойлолт /2-р хх-ийн 147-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 150-р хуудас/, шүүхэд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн дипломын хуулбар, авсан шагнал зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэртээ гарсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум 9 дүгээр багт амьдардаг, 2017 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай хүн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлыг нөхөн төлөх хугацааны хувьд богино байна. Ар гэрт нь хөдөлмөрийн чадвараа алдсан нөхөр нь байдаг, байнгийн эмчилгээтэй байдаг тул ажлын 5 хоногт багтааж хохирлыг нөхөн төлөх боломжгүй, гэхдээ ойрын хугацаанд нөхөн төлж чадна” гэх мэдүүлгийг гаргажээ.

 

Шүүгдэгч С.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн бөгөөд шүүгдэгч С.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэв.

 

Бусад хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Жд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Жд тайлбарлаж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 13 нэр төрлийн 5,053,342 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд олгож, Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлсэнтэй холбогдуулан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х ургийн овогт Сийн Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жгийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Ж тэнсэгдсэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ж нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Жгаас гэмт хэргийн улмаас учирсан 3,680,658 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд олгосугай.

7. Иргэний хариуцагч Таас 1,092,000 төгрөгийг, Эээс 630,000 төгрөгийг, Агаас 600,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсныг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид /Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургууль/-ийн дансанд оруулсугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн 13 нэр төрлийн 5,053,342 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд олгосугай.

9. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд шилжүүлсэнтэй холбогдуулан “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Иргэний хариуцагч Ц.Наас энэ хэрэгт гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

11. Шүүгдэгч С.Ж нь 3,680,658 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, иргэний хариуцагч М.Бгаас 1,062,000 төгрөг, Жигжидээс 280,000 төгрөг, шүүгдэгч С.Жгаас 1,483,000 төгрөгийг Увс аймгийн Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100151115401 тоот дансанд тушаасан, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            12. Иргэний хариуцагч нар өөрт учирсан хохирол, хор уршгийг гэм буруутай этгээд, бусад этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН