| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2017/00156/И |
| Дугаар | 134/ШШ2017/00147 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 134/ШШ2017/00147
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Хонхорын 1, 2 дугаар байрны урд өөрийн байранд байрлах ОСО констракшн ХХК /РД:4612248, утас:95954551, 70543358/-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цог-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ОСО констракшн ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ОСО констракшн ХХК нь Д.Цог-Эрдэнэтэй 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийт төлбөр тооцоог барагдуулахаар гэрээ байгуулсан.
Манай компанийн зүгээс Д.Цог-Эрдэнийн ажлын байранд дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах Хэрлэн захад хуванцар хаалт 7ш /1 683 000 төгрөг/, 00-ын өрөөний хавтангаар хийсэн хаалт 2ш /350 000 төгрөг/-ийн ажил тус тус хийсэн. Дээрх хийж гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүн 2 033 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 1 016 000 төгрөг, нийт 3 049 500 төгрөг болсон. Бид дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ тухай бүр захиалагч талтай зөвшилцөж хийж гүйцэтгэсэн. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрээний дагуу захиалагчид захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгч, суурилуулалт хийн хүлээлгэн өгсөн.
Д.Цог-Эрдэнэ нь одоогоор ажлын хөлсний үнийн дүнгээс огт төлбөр хийгээгүй. Бид Д.Цог-Эрдэнэтэй тухай бүр утсаар холбогдож гэрээний хугацаа дуусах болж байгааг анхааруулж, гэрээний хугацаа дууссаныг мэдэгдэж алданги тооцогдож байгааг мэдэгдсэн боловч, тэр үедээ Хэрлэн захад өөрчлөлт хийн баар ажиллуулах гэж байгаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн тун удахгүй зөвшөөрөл гарахаар үйл ажиллагаа явуулан төлбөр тооцоог барагдуулна гэсэн хариу өгсөн боловч хугацаа өнгөрч төлбөр тооцоог хийгээгүй болно.
2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажлын байранд ирж хийлгэсэн ажлын нэхэмжлэх зарлагын баримтыг авч Хэрлэн захын эзэн болох Д.Дашзэгвээс гаргуулж өгөх гэж байгаа гээд явсан. Үүнээс хойш удалгүй сураггүй алга болсон. Одоог болтол Д.Цог-Эрдэнийн байгаа газар холбоо барих ямар ч сураг гаргаж чадаагүй байгаа болно. Д.Цог-Эрдэнэ нь хуучин ажиллаж байсан ажлын газрын хүмүүстэйгээ огт холбоо барьдаггүй мэдэх хүнгүй. Эхнэр нь салсан, хуучин амьдарч байсан байранд нь удаа дараа очсон байхгүй, тогтсон хаяг байхгүй байна.
Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цог-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ОСО констракшн ХХК нь ажил гүйцэтгэсний хөлс 3 049 500 төгрөг гаргуулах хүсэлттэй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Дагвын Цог-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэжээ.
Иргэн Д.Цог-Эрдэнэ нь ОСО констракшн ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийт төлбөр тооцоог хийж дуусгахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.
Гэвч Д.Цог-Эрдэнэ нь гэрээний үүргээ зөрчиж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ОСО констракшн ХХК болон Д.Цог-Эрдэнэ нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, нийт хийгдсэн ажилбаруудын зураг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1639 дугаартай тодорхойлолт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 549 дугаартай Д.Цог-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сартуул овогт Дагвын Цог-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Д.Цог-Эрдэнэ нь 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ВЭ86081318 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2 дугаар гудамж, 2 тоотод оршин суух үндсэн хаягтай, холбоо барих утасны дугаар 96603603 гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч ОСО констракшн ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Дагвын Цог-Эрдэнийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Цог-Эрдэнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Д.Цог-Эрдэнэ нь 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ВЭ86081318 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2 дугаар гудамж, 2 тоотод оршин суух үндсэн хаягтай, холбоо барих утасны дугаар 96603603 болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА