| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2017/00155/И |
| Дугаар | 134/ШШ2017/00148 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 134/ШШ2017/00148
Зохигч талуудын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 1, 2 дугаар байрны урд өөрийн байранд байрлах “ОСО констракшн” ХХК /РД:4612248, Улсын бүртгэлийн дугаар: 3211321029/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, өөрийн байранд байрлах, “Балдан засаг” ХХК /РД:2144506, утас: 99078412/-д холбогдох,
Гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3 477 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ОСО констракшн” ХХК нь “Балдан засаг” ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нийт төлбөр тооцоог барагдуулахаар гэрээ байгуулсан болно.
Манай компанийн зүгээс “Балдан засаг” ХХК ажлын байранд дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар багт байрлах “Балдан засаг” ХХК-д хуванцар хаалт 18 ширхэг, хуванцар хаалга 20 ширхэг, партешн хаалга 1 ширхэг, нэмэлтээр шил, ажил гүйцэтгэсэн ажлын хөлс гэх мэт ажлуудыг тус тус хийсэн болно. Дээрх хийж гүйцэтгэсэн ажлын нийт үнийн дүн 9 764 548 төгрөгийн тооцооноос 2016 оны 01-03 дугаар сард 6 287 362 төгрөгийг төлсөн, үүнээс хойш огт төлбөр тооцоо хийгээгүй үлдэгдэл төлбөр нийт 3 477 186 төгрөг болно. Бид дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ тухай бүр захиалагч талтай зөвшилцөж хийж гүйцэтгэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гэрээний дагуу захиалагчид захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгч, суурилуулалт хийн хүлээлгэн өгсөн.
“Балдан засаг” ХХК нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл үнийн дүнгээс 2016 оны 03 дугаар сараас хойш огт төлбөр хийгээгүй болно. Бид “Балдан засаг” ХХК-ийн захиралтай тухай бүр утсаар холбогдож тооцоогоо барагдуулахыг мэдэгдсэн боловч тэр үедээ банкаас зээл хөөцөлдөж байгаа гэх шалтгаан хэлсэн. Дараа нь амарсан тул бид нэг хэсэг үлдэгдэл тооцоогоо түүний дүү болох 99851646 утастай хүн рүү залгаж удаа дараа мэдэгдсэн.
Манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл болох 3 477 186 төгрөгийг “Балдан засаг” ХХК-иас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндолгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Балдан засаг” ХХК нь “ОСО констракшн” ХХК-иас хуванцар хаалт, хаалга зэргийг 2015 оны 12 дугаар сард захиалан хийж гүйцэтгүүлсэн үнэн болно. Одоогийн байдлаар үлдэгдэл болох 3 477 186 төгрөгийн өглөгтэй байгаа. Энэ үлдэгдэл тооцоог манай байгууллага нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 977 186 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндолгор нар нь харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3 477 186 төгрөгийг хугацаа тохирч төлье гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндолгор нь гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3 477 186 төгрөгийн 500 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 977 186 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон ба одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ОСО констркшн” ХХК нь “Балдан засаг” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3 477 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндолгор нь шүүхэд гаргасан тайлбартаа “3 477 186 төгрөгийн 500 000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 977 186 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр тус тус төлж барагдуулна” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранчимэг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 585 төгрөгийн тавин хувь болох 35 292 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35 292 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Балдан засаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35 292 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК нь “Балдан засаг” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 3 477 186 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндолгор нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 1 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 977 186 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 585 төгрөгийн тавин хувь болох 35 292 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35 292 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч “Балдан засаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35 292 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ОСО констракшн” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА