Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 134/ШШ2017/00150

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар багт байрлах, Хас банк ХХК /РД:2578697, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, утас:, 70543018/-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Гантулга, Ж.Одонтуяа нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Хүсэлт гаргагч Хас банк ХХК шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.Гантулга, Ж.Одонтуяа нар нь манай банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1120011892 дугаар данс бүхий 10 000 000 төгрөгийн цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан. Зээлээ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш төлөөгүй хугацаа хэтэрч зээлийг нь төлүүлэхээр шаардах гэтэл уулзах болон утсаар ярих боломжгүй байгаа. Зээлдэгчийн амьдарч байсан Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 14-5 тоотод удаа дараа очсон боловч тус орон сууцанд Шивээ-Овоо ХК-ийн засварын хэсэгт гагнуурчин ажилтай Ж.Баттулгынх амьдрах болсон байсан. Мөн түүний ээж Эрдэнэчулуунтэй Шивээговь сумын урд гэр байранд байрлах гэрт нь удаа дараа очиж уулзан Б.Гантулга, Ж.Одонтуяа нартай холбогдох утас, хаягийг асуудаг боловч холбоо барихгүй байгаа тул би мэдэхгүй байна гэсэн хариу өгдөг.

Мөн түүний дүүтэй 88031711 утсаар холбогдож хаяг, утасыг лавлахад нэг удаа Хятадад байна гэж хүний утаснаас залгаж байна гэж ярьсан өөр мэдээлэл байхгүй гэсэн хариу өгч олж уулзахад боломжгүй байна.

Иймд, зээлдэгч Б.Гантулга, Ж.Одонтуяа нарыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Хүсэлт гаргагч Хас банк ХХК нь 1120011892 тоот зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Батжаргалын Гантулга, Жалир овогт Жавзандоржийн Одонтуяа нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэжээ.

Иргэн Б.Гантулга, Ж.Одонтуяа нар нь Хас банк ХХК-иас 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлж, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан ньИргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

Гэвч Б.Гантулга, Ж.Одонтуяа нар нь гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь харилцагчийн анкет, хэрэглээний зээлийн өргөдөл, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1120011892 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1120011892 дугаартай барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Гантулга, Ж.Одонтуяа нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчийн хяналтын хуудас, Б.Гантулгын зээлийн дансны хуулга, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 547 дугаартай Б.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 548 дугаартай Ж.Одонтуягийн иргэний үнэмлэхний лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Батжаргалын Гантулга, Жалиар овогт Жавзандоржийн Одонтуяа нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Б.Гантулга нь 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ЗБ83021014 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүлийн 2-ын 9 тоотод оршин суух албан ёсны хаягтай, холбоо барих утасны дугаар 99908676, Замын-Үүдэд байж болзошгүй, түүний ээж Эрдэнэчулуун нь 86522713, дүү нь 88031711 дугаарын утастай гэсэн болно.

Ж.Одонтуяа нь 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, МБ87060800 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүлийн 2-ын 9 тоотод оршин суух албан ёсны хаягтай, холбоо барих утасны дугаар 95020204, Замын-Үүдэд байж болзошгүй, түүний хадам ээж Эрдэнэчулуун нь 86522713 дугаарын утастай гэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч Хас банк ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Батжаргалын Гантулга, Жалир овогт Жавзандоржийн Одонтуяа нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Гантулга, Ж.Одонтуяа нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Б.Гантулга нь 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ЗБ83021014 регистрийн дугаартай, Замын-Үүдэд байж болзошгүй, түүний ээж Эрдэнэчулуун нь 86522713, дүү нь 88031711 дугаарын утастай,

Ж.Одонтуяа нь 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, МБ87060800 регистрийн дугаартай, Замын-Үүдэд байж болзошгүй, түүний хадам ээж Эрдэнэчулуун нь 86522713 дугаарын утастай гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА