| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0728/З |
| Дугаар | 635 |
| Огноо | 2019-10-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 635
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Б Б
Хариуцагч: БЗД ЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “БЗД ЗД-ын “иргэн Б.Б миний 9 дүгээр сарын 01-ний өдөр хийх жагсаал цуглаан”-ыг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон БЗД ЗД-ын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2/1715 тоот албан бичгийг хүчингүй болгож, жагсаал цуглаан бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Б.Б миний бие ам бүл 6-уулаа одоогоор сургуулийн насны 3 хүүхэдтэй ба тус хороонд байгаа улсын 133-р сургуулийн хүүхдийн тоо багтаамж хэтэрсэн шалтгаанаар 2 охиноо хувийн сургуульд сургаж байгаа. Мөн бага 2013 онд төрсөн, одоо сургуульд орж байгаа билээ.
Монгол улсын 2015-2017 оны төсвийн хөрөнгө оруулалтаар БСШУЯ-ны захиалгаар манай хороонд 640 хүүхдийн суудалтай барилгыг барьж, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ашиглалтад орсон боловч 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/196 дугаар тушаалаар Монгол тэмүүлэл сургуульд эзэмшүүлж, 133 дугаар сургуулийг 1, 2-р давхарт 4 ээлжээр хичээллүүлж байгаа нь хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна.
... Тухайн сургуулийн байр 4 давхар бөгөөд 133 дугаар сургууль 1-2 давхарт 1540 хүүхэд, Монгол тэмүүлэл сургууль 3,4 давхарт 160 хүүхэд хичээллэж байгаа нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж байна.
Эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийн төлөө жагсаал цуглааныг 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд болон 26 дугаар орооны эцэг эхчүүдийн хамт хийхээр болсон тул БЗД ЗД-ад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу бүртгүүлэхээр хандахад 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жагсаал цуглаан хийхийг үндэслэлгүйгээр татгалзсан.
Иймд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, БЗД ЗД-ын жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, жагсаал цуглаан бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр жагсаал цуглаан бүртгүүлэх тухай мэдэгдэл ирүүлсэн.
Мэдэгдлийг хянаж үзээд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэл тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 02/1715 дугаар албан бичгээр хариу хүргүүлэхдээ Б.Бийн 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах жагсаал, цуглааныг зохион байгуулах боломжгүй болохыг мэдэгдсэн.
Учир нь 9 дүгээр сарын 01-ний өдөр нийт сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд олон нийтийн хөл хөдөлгөөн, замын хөдөлгөөний ачаалал бусад өдрүүдтэй харьцуулахад эрс нэмэгдэх, багш сурагчид эцэг эхчүүдийн аюулгүй, тайван байдалд хүндрэл үүсэх зэрэг нөхцөл байдлууд бий болно гэж үзэж Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.2-т заасан “... үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох” зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглоно гэж заасан бөгөөд иргэн Б.Бийн жагсаал цуглааны шаардлага нь Монгол тэмүүлэл сургууль болон 133 дугаар сургуулийн хоорондын маргаантай холбоотой байсан.
Иймд дүүргийн Засаг даргаас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жагсаал, цуглаан хийх боломжгүйг мэдэгдсэн.
Мөн тухайн үйл явдал нь нэгэнт өнгөрсөн тул нэхэмжлэгчийн гаргасан жагсаал цуглаан бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгүүлэхээр БЗД ЗД-ад хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг дарга 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хийх Жагсаал, цуглааныг бүртгэж, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийх жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзсан тухайгаа Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 02/1715 дугаар албан бичгээр мэдэгджээ.
Б.Б БЗД ЗД-ын жагсаал, цуглааныг бүртгээгүйг эс зөвшөөрч “БЗД ЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 01-нд жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, жагсаал цуглааныг бүртгэхийг хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэл гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж,
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно:
1/ нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;
2/ цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар;
3/ радио телевизийн нэвтрүүлэг явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх төв холбооны газар;
4/ олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах;
5/ эмнэлгийн байгууллага;
6/Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайн Төрийн ордны нутаг дэвсгэрт хамаарах хэсэгт.”,
8 дугаар зүйлийн 1-д “Дараахь зорилгоор жагсаал, цуглаан хийхийг хориглоно:
1/ дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах;
2/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох.” гэж заасныг тус тус зөрчөөгүй тохиолдолд жагсаал, цуглааныг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.”,
10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ:
1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол;
2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол;
3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол.” гэж тус тус зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Бийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийх жагсаал цуглааныг бүртгүүлэх хүсэлтэд жагсаал, цуглааны зорилго, шаардлага, жагсаал, цуглаан хийх маршрут зэргийг тодорхой дурдсан байгаа нь хуульд заасан нөхцөл журмыг зөрчөөгүй, жагсаал, цуглаан хийх хүсэлтийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэтэл БЗД ЗД нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-д заасныг баримтлан жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан нь Жагсаал, цуглааны тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгч Б.Бийн Үндсэн хуулиар баталгаажсан үндсэн эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.
Иймд нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан БЗД ЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, жагсаал цуглааныг бүртгэхийг БЗД ЗД-ад даалгаж шийдвэрлэв.
БЗД ЗД-ын 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосноор жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсаныг мэдэгдсэн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2/1715 албан бичиг эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар 1, 8 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан БЗД ЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, жагсаал цуглааныг бүртгэхийг БЗД ЗД-ад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН