Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 0034

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд

улсын яллагч Н.Бадам,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201618010082 дугаар нэг хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 7 дугаар хороо, Баруун Дэнжийн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистерийн ОМ8- дугаартай, Шаавай овгийн *******.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

******* нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт Дарханаас Эрдэнэт чиглэлийн төв хатуу хучилттай авто засмал замын 64-65-р километрт Тоёото ист маркийн 40-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Ц.Есөн-Эрдэнийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлгөч М.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-22/,
  2. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-24/,
  3. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-23-24/
  4. Гэрч П.Дулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-32/,
  5. Гэрч Р.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-33/,
  6. Хэргийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/,
  7. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал,  ослын газрын бүдүүвч зураг /хх-9-10/,
  8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-15/,
  9.  “Ашид билгүүн” ХХК-ний автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-25/,
  10.  Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Зам цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Наранбаатарын шинжээчийн дүгнэлт /хх-61/,
  11.  Насанд хүрээгүй хохирогч Ц.Есөн-Эрдэнийн биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №395 тоот акт /хх-45/,
  12.  Насанд хүрээгүй хохирогч Ц.Нандин-Учралын биед шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №390 тоот акт /хх-58/,
  13.  Шүүгдэгч Г.Цэдэндамбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-36-37, 39/,
  14.  Шүүгдэгч Г.Цэдэндамбын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Засаг даргын тодорхойлолт /хх-68-70 /,
  15.  Иргэний нэхэмжлэгч *******д хохирол төлсөн баримт, иргэний нэхэмжлэгч *******ын Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн тасагт гаргасан хүсэлтүүд /хх-74-76/,
  16.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанзул, иргэний нэхэмжлэгч ******* нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд /хх-98-99/,
  17.  Шүүгдэгч Г.Цэдэндамбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,
  18.  Эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн №620019 дугаартай үнэмлэхэд үзлэг хийж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг, Дарханаас Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто засмал замын 64-65-р километрт Тоёото ист маркийн, 40-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замаас гарч онхолдсон зам тээврийн осол гаргаж, тухайн автомашинаар зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Ц.Есөн-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны хугарал, тархины эдийн 2-р зэргийн няцрал, духанд зулгаралт бүхий хүнд гэмтлийг учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн аав болох хүний бие муу байдаг юм. Тэгээд бид нар Улаанбаатар хотоос Орхон аймаг орох гэж 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед манай нөхрийн нагац ах болох Гомбожавын машинаар манай нөхөр машиныг бариад гарсан юм. Тэгээд 22 товчоо орох гээд явж байсан чинь манай аав бурхан болчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед жаахан хямраад зогссон. Бид нар тэндээ нэг их удаагүй, шууд Орхон аймаг руу гарсан. Тухайн үед манай нөхөр жолоо бариад явж байсан болохоор би нөхрийгөө машин барьж явж байгаа болохоор тайвшируулаад бид нар хэвийн хэмжээнд явж байсан. Тэгээд бид нар Сэлэнгэ аймгийн Хөтөл өнгөрөөд явж байгаад нэг тойрог зам дээр онхолдчихсон юм. Би юунаас болж онхолдсоныг мэдэхгүй. Зам дээр гарч ирээд хүмүүс тусламж гуйгаад цагдаа болон эмнэлэг дуудуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “…Би өөрийн эзэмшлийн 40-17 ОРХ улсын дугаартай “Тоёото ист” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн нагац дүү *******ар бариулаад Улаанбаатар хотоос 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Орхон аймаг руу явахаар хөдөлсөн. Ингэж яваад Сэлэнгэ аймгийн Хөтөл сум өнгөрөөд “Баясаагийн бригад”-ын тэнд байдаг тойрог дээр явж байхад машин дайвилзаад эсрэг талд дугуйн дээрээ буусан байсан. Би машиныхаа үнэлгээг гаргуулаагүй байгаа. Манай дүүгийн хүүхэд учраас машинтай холбоотой ямар нэгэн мөнгө эд хөрөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-24/,

гэрч П.Дулмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шөнийн ээлжтэй байсан ба 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00:40 цагийн орчим манай ажил дээр нэг залуу өөрийн 2 хүүхэд, эхнэр бас нэг настай байрын хүнтэй орж ирсэн. Тэр хүнийгээ ах нь гээд байсан. Тэр хүмүүсийг замын машинаар хүргэгдэж ирлээ гэхэд 30 орчим насны залуу тэд нарыг дагаж орж ирээд “намайг явж байхад замд аваар хийгээд надаас түргэний дугаар асуухаар нь би мэдэхгүй болохоор наашаа хүргээд ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд бага хүүхдийн бие тааруу байсан болохоор бага хүүхэд болох Ц.Есөн-Эрдэнэ гэх хүүхдэд тусламж үзүүлж байх хооронд хүргэж өгсөн залуу явсан байсан. Зам тээврийн осолд холбогдсон хүмүүс байж байсан. Тэгээд хүүхдэд нь эмчилгээ анхны тусламж үзүүлж байгаад цагдаад мэдэгдсэн. Би ар гэрийн хүмүүсийг нь эхлээд цагдаад мэдэгдсэн гэж бодоод цагдаад эхлээд мэдэгдээгүй. ******* гэх залуу цагдаад мэдэгдээгүй, мэдэгдээд өгөөч гар утас байхгүй гэж хэлсэн болохоор нь би цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-32/,

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-гийн 359 дугаартай автомашины техникийн хохирлын үнэлгээнд: “Тоёото ист маркийн 40-17 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 3.485.000 төгрөгийн эвдрэлийн үнэтэй” гэжээ /хх-25/,

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны №395 дугаартай “1.Ц.Есөн-Эрдэнийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын дух ясны хугарал, тархины эдийн 2-р зэргийн няцрал, духанд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-45/,

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны №390 дугаартай “1.Ц.Нандин Учралын биед түнх орчмын зөөлөн эдийн гэмтэл, хамрын нуруунд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд болон гоо сайханд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-58/,

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Л.Наранбаатарын №52 дугаартай “1. *******д холбогдох хэрэг нь Зам тээврийн осол мөн/ зам тээврийн осол гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. 2. ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт зөрчсөн. 3. ******* нь осолд орохоос өмнө хэдэн км цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй. 4. 3 дугаар хариултанд хариулагдсан. 5. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурьдаагүй техникийн үзлэгээр илэрсэн зүйл ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан/” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-61/, 

шүүгдэгч Г.Цэдэндамбын мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай хадам аавын бие муудлаа та нар Орхон аймаг руу хүрч ирэх үү гэж эхнэрт хэлсэн байсан. Бид нар Улаанбаатар хотоос 19 цагийн орчим “22-ны товчоо” гэх газар явж байхад манай эхнэр утсаар ярьж байгаад уйлаад “аав нас барчихлаа гэж байна” гээд уйлаад байсан. Бид нар тэндээ хэсэг зогсож эхнэрээ тайвшируулж байгаад тэндээ Орхон аймаг руу хөдөлсөн. Би 40-17 ОРХ улсын дугаартай тоёото ист маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд манай эхнэр бага охин Ц.Есөн-Эрдэнийг тэврээд арын суудал буюу жолоочийн арын суудалд ******* суугаад хажуу талын суудалд манай том охин Ц.Нандин-Учрал суугаад явж байсан. Бид нар Хөтөл буюу Сайхан сум өнгөрөөд хүмүүсийн хэлдэгээр “Баясаагийн тойрог” гэх газар төв асфальтан замаар явж байхад миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун урд буюу жолооч талын урд дугуй хагараад машин даавилзаад үрүүл жолоодлогогүй болж өөрийн зорчиж явсан хэсгийн эсрэг урсгалыг даваад замын урагшаа унаад машинтайгаа бүтэн нэг эргээд машин маань 4 дугуйгаараа зогссон ба Дархан-Уул аймаг руу харсан байдалтай байсан. Би машинаас буухад манай эхнэр  хүүхэд байхгүй байна гээд орилсон. Би машинаас буугаад машины арын хэсгээр тойроод машины зүүн тал руу явж байхад машины зүүн талын урд хаалганы дэргэд манай бага охин Ц.Есөн-Эрдэнэ уначихсан дух хэсэг нь цус болсон байдалтай байсан. Манай том охин, эхнэр, ах ******* нар нь машинаас бууцгааж ирсэн ба ил харагдах шарх сорви байгаагүй. Бид нар зам дээр гараад замын унаанд суугаад Сайхан сумын эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тухайн үед цаг 2016 оны 05 дугаар сарын 20-ны 01 цаг өнгөрч байсан байх…” гэсэн мэдүүлэг /хх-36-37, 39/,

 

шүүгдэгч Г.Цэдэндамбын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал хадам ах аавын бие муу байна гээд Эрдэнэтээс ярьсан. Тэгээд бид нар манай нагац ах Гомбожавын машинаар орой 19.00 цагийн үед Улаанбаатараас гарсан. Гараад 22-н товчооны орчим явж байхад манай хадам аав өнгөрлөө гэж хүн хэлсэн. Эхнэр маань уйлаад бие нь эвгүйцээд байхаар нь 30 минут орчим зогсож тайвшруулсан. Шөнө 12 цагийн үед Хөтөл өнгөрөөд явж байхад урд дугуй буудаад жолоодлогогүй болж осол болсон. Ингээд  замын машинаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын эмнэлэгт хүүхдээ авчирсан. Эмнэлэг нь цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч *******д холбогдох гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Г.Цэдэндамбыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанзул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгч *******т гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3500000 төгрөгийг төлж барагдуулсанаар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх үзэв. /хх-98-99/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна. /хх-68/

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 55.1.10-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Г.Цэдэндамбын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтоож, цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт хураагдсан В, С ангилалын 620019 дугаар жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчинтэй болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 201618010082 дугаар хэрэгт шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтанзул, иргэний нэхэмжлэгч ******* нар  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                               

 ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Шаавай овогт Ганжуурын Цэдэндамбыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Г.Цэдэндамбыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

         5. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

                  6. Шүүгдэгч ******* нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №620019  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.МӨНХБАЯР