Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

2022         02            11                                    2022/ШЦТ/48

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,

улсын яллагч Г.Э,

шүүгдэгч Л.П, өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.П-д холбогдох эрүүгийн 2125000000375 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Л.П

         

          Шүүгдэгч Л.П нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 23-3 тоот гэртээ эхнэр Д.Э-ын толгой, нуруу, цээжинд цохих, өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Л.П мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Э-ын “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой хүүхдийнхээ хамт байж байхад нөхөр Л.П нь найз Магнай, Мөөгий хоёрын хамт 20 цаг 20 минут болж байхад гэртээ ирсэн. Тэд нар ирэхдээ 0.75гр “Хараа” архи авч ирсэн, Пүрэвсүрэн, Магнай, Мөөгий гурав архиа хувааж уусан, архиа ууж дуусаад нөгөө гурав гарч яваад дахин нэг шил 0.75гр архи, 2.5л пиво оруулж ирээд архийг нь нөгөө гурав, би пиво уусан. 23 цаг өнгөрч байхад ууж байсан архи нь дууссан, миний ууж байсан пиво талдаа орж байсан бөгөөд барахгүй болохоор нь энэ гуравт пивоноосоо өгсөн. Гэтэл манай нөхөр “шагийн архи зардаг хүмүүсээс архи авч ууна” гэхээр нь би нөхөртөө “архиар яах юм бэ” гэсэн чинь “чи муу гичий юу гээд байгаа юм, янхан минь” гэж доромжлоод намайг гэрийн зүүн талын орон дээр сууж байхад үснээс татаж газарт унагаад дээрээс толгой дээр дарж байгаад зодсон...толгой, нуруу, цээж рүү цохиод өшиглөөд байсан. Миний зүүн талын 7 дугаар хавирга хугарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

гэрч Э.Б-н “...хөдөөнөөс машиндаа ойр зуурын засвар хийхээр орж ирээд найз Пүрэвсүрэнгийн гэрт очоод түүнийг өөрийг нь болон гэрийнх нь ойролцоо амьдардаг Мөнхөө гэж залууг “машин засахад туслаад өгөөч” гэж гуйж дагуулж яваад Рашаант багт хашаандаа очиж машинаа зассан. Орой 19-20 цагийн хооронд ажлаа дуусгаад Пүрэвсүрэнг гэрт нь хүргэж өгөхөөр явж байхдаа дэлгүүрээс 0.75гр хоёр шил “Хараа" архи, 2.5л нэг сав “Сэнгүр” пиво аваад очсон. Пүрэвсүрэнгийн гэрт эхнэр нь хүүхэдтэйгээ байсан, хоол унд идээд авч очсон архиа Пүрэвсүрэн, Мөнхөө бид гурав хувааж уусан. Пүрэвсүрэнгийн эхнэр нь бид нарын авч очсон пиво уусан. Архи, пиво уугаад дууссан чинь Пүрэвсүрэн “шагийн архи зардаг хүмүүсээс архи авч ууна” гэж хэлсэн, тэгсэн эхнэр нь “одоо яах юм бэ, боль” гэсэн чинь Пүрэвсүрэн “чи муу гичий юу гээд байгаа юм” гээд гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан эхнэрийгээ татаж газар унагаад толгой, цээж, нуруу руу нь гараараа хэд, хэдэн удаа цохисон. Энэ үйлдэл маш хурдан болсон, Мөнхөө бид хоёр шууд очоод салгасан, тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

гэрч Б.М-н “...Өчигдөр өглөө гэртээ байсан чинь хөдөөнөөс найз Баярмагнай машинаа засуулах гэж байгаа гэж ирээд Пүрэвсүрэн бид хоёрыг “машин засалцаад өгөөч” гэхээр нь Пүрэвсүрэн бид хоёр Баярмагнайн хашаанд очиж машиныг нь засаж байгаад орой 19 цаг өнгөрөөд 20 цаг болох гэж байхад ажлаа дуусаад Пүрэвсүрэнгийн гэр лүү явсан, “ойрд уулзаагүй” гээд бид гурав хоёр шил 0.75гр “Хараа” архи, 2.5л “Сэнгүр” пиво нэг савыг аваад очсон. Пүрэвсүрэнгийн гэрт очоод Баярмагнай бид гурав авч очсон архиа адил тэнцүү хувааж уусан, Пүрэвсүрэнгийн эхнэр Энхжаргал пиво уусан. ...Пүрэвсүрэн сууж байгаад босох шиг болоод гэрийн зүүн талын орон дээр сууж байсан эхнэрийгээ өшиглөх шиг болоод газарт унагасан, дээрээс нь нуруу, цээж рүү нь цохисон. Тэр үед Баярмагнай бид хоёр ухас хийгээд Пүрэвсүрэнг салгасан.Энхжаргал дуу нь гарч чадахгүй, сонин болоод орныхоо урд хэсэгт хэвтэж байгаад босоод гэрээсээ гарсан, түүнийг гарсан чинь Пүрэвсүрэн “унтлаа” гээд ор луугаа орсон, Энхжаргал гэрээс гараад цагдаа дуудсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

яллагдагч Л.П-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мөөгий, Баярмагнай нарын хамт Баярмагнайгийн машиныг зассан, орой ажлаа дуусгаад 19 цаг өнгөрч байхад 0.75гр хоёр шил архи, 2.5л нэг сав пиво авч манай гэрт очоод уусан. Сүүлийн архийг ууж байснаа санаж байгаа юм,...манай эхнэр “одоо архи ууж яах юм бэ” гэхээр нь маргалдаад зодсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 669 дугаартай “...1.Д.Эын биед зүүн 8-р хавирганы суганы арын шугамаар далд хугарал, тархи доргилт, нуруу, хүзүү, баруун мөр, баруун гарын сарвуу, хуйханд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Босоо, суугаа, хэвтээ байрлалд байхад үүсч болно. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Нэг хавирганы хугарал, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохын журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

иргэн Д.Э-ын “...миний нөхөр Л.П намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, түүний Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Л.П-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд /хавтаст хэргийн 61-99 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Пд оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 304 хоногийн буюу 10 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон тухай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай шүүгчийн захирамж зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс сэжигтэн, яллагдагчаар болон гэрч нараас, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар;

Шүүгдэгч Л.П нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 23-3 тоот гэртээ эхнэр Д.Эын толгой, нуруу, цээжинд цохих, өшиглөх, зэргээр зодож, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх хохирогч Д.Эын “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой...манай нөхөр “шагийн архи зардаг хүмүүсээс архи авч ууна” гэхээр нь би нөхөртөө “архиар яах юм бэ” гэсэн чинь “чи муу гичий юу гээд байгаа юм, янхан минь” гэж доромжлоод намайг гэрийн зүүн талын орон дээр сууж байхад үснээс татаж газарт унагаад дээрээс толгой дээр дарж байгаад зодсон... толгой, нуруу, цээж рүү цохиод өшиглөөд байсан. Миний зүүн талын 7 дугаар хавирга хугарсан.” гэх,

гэрч Э.Б-н “...Архи, пивоо уугаад дууссан чинь Пүрэвсүрэн “шагийн архи зардаг хүмүүсээс архи авч ууна” гэж хэлсэн, тэгсэн эхнэр нь “одоо яах юм бэ, боль” гэсэн чинь Пүрэвсүрэн “чи муу гичий юу гээд байгаа юм” гээд гэрийнхээ зүүн талын орон дээр сууж байсан эхнэрийгээ татаж газар унагаад толгой, цээж, нуруу руу нь гараараа хэд, хэдэн удаа цохисон.” гэх,

гэрч Б.М-н “...Пүрэвсүрэнгийн гэрт очоод Баярмагнай бид гурав авч очсон архиа адил тэнцүү хувааж уусан, Пүрэвсүрэнгийн эхнэр Энхжаргал пиво уусан. ...Пүрэвсүрэн сууж байгаад босох шиг болоод гэрийн зүүн талын орон дээр сууж байсан эхнэрийгээ өшиглөх шиг болоод газарт унагасан, дээрээс нь нуруу, цээж рүү нь цохисон. Тэр үед Баярмагнай бид хоёр ухас хийгээд Пүрэвсүрэнг салгасан. Энхжаргал дуу нь гарч чадахгүй, сонин болоод орныхоо урд хэсэгт хэвтэж байгаад босоод гэрээсээ гарсан, түүнийг гарсан чинь Пүрэвсүрэн “унтлаа” гээд ор луугаа орсон, Энхжаргал гэрээс гараад цагдаа дуудсан байсан.” гэх,

Л.П-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Сүүлийн архийг ууж байснаа санаж байгаа юм, манай эхнэр “одоо архи ууж яах юм бэ” гэхээр нь маргалдаад зодсон байсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 669 дугаартай “...Д.Эын биед зүүн 8-р хавирганы суганы арын шугамаар далд хугарал, тархи доргилт, нуруу, хүзүү, баруун мөр, баруун гарын сарвуу, хуйханд зөөлөн эдэд 9 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Нэг хавирганы хугарал, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохын журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана,” гэсэн дүгнэлт,

хохирогч Д.Э-ын гаргасан “...миний нөхөр Л.П намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Л.П-гийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Э-ын эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, орон дээр сууж байхад нь үснээс татаж газарт унагааж толгой, нуруу, цээжинд нь цохих, өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Пгийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар;

Шүүх шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.П-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Л.П урьд хоёр удаа ял шийтгүүлсэн бөгөөд сүүлд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байхад нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль” батлагджээ.  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн дагуу шүүгдэгч Л.П-д шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Л.П-д холбогдох эрүүгийн 2125000000375 дугаартай хэргийг тус шүүхэд шилжүүлснийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч,

хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 14.00 цагт товлон зарлахад шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан болно.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд шүүгдэгч Л.П-г 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд албадан авч ирсэн боловч тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурлын зэрэг нь 3.67 хувьтай байсан тул шүүх хуралдааныг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 14.00 цагт эхлүүлэхээр дахин нэг удаа хойшлуулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн хугацаанд шүүгдэгч Л.Пг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй үндэслэлээр 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ХМШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 304 хоног буюу 10 сар 1 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид дөрвөн зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг жар хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нийт 1 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох” гэсэн,   

шүүгдэгч Л.П-гийн өмгөөлөгч Р.Бямбажаваас “...хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар тооцож, өмнөх эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэхэд татгалзахгүй” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Л.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 669 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гурван зуун жар цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцож 45 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 45 хоногийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 304 хоногийн буюу 10 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

Хохирогч Д.Э-ын “...одоо миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-гийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Л.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-г 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан, шүүгдэгч Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун жаран цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар буюу 45 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.П-д энэ тогтоолоор оногдуулсан 45 хоногийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ХМШЗ/12 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 304 хоногийн буюу 10 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-д оногдуулсан 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П-гийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ